Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******  аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймаг ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: ******* Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын *-р багт оршин суух, ******* овогт /РД:**********/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* сумын *-р баг, ** дүгээр байрны зогсоол дээр байрлуулсан **-** *** улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, шилний рам, копуд, арын гэрлийг модоор цохиж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С. нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн өдөр, сарыг мэдэхгүй байна. 14 дүгээр байрны тэнд машин янз бүр болгочихлоо гээд цагдаагийн байгууллагаас над руу ярьсан...” гэв.

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 05-18 дугаар хуудас/,

2. Хохирогч өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 14 дүгээр байрны урд зогсоол байрлуулаад гэртээ орсон. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө ажилдаа явах гээд 07:50 цагийн орчимд машиндаа суутал урд салхины шил хагарсан байсан. Тэгээд буугаад хартал миний машины урд салхины шил, шилний, рам, копуд, арын гэрлийн хажуу талыг сийчсэн юм шиг юмаар зурсан байсан. Тэгээд тухайн нөхцөл байдлын зургийг дарж цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Тэгээд СӨХ-ны камерыг шүүхэд 01 цаг 34 минутаас хойших бичлэгт нэг эмэгтэй том модоор миний машиныг цохиж байгаа бичлэг хадгалагдсан байсан ямар шалтгаанаар ийм зүйл хийсэн талаар мэдэхгүй байна. Би өөрөө ******* суманд 3 жил орчим болж байна. Би хүнтэй муудаж хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Хүнтэй маш эвтэй байдаг. Чимээ сонссон зүйл байхгүй. Манай гэрийн цонх зогсоолын эсрэг тал руу харсан байсан. Би тээврийн хэрэгслээ худалдаж аваад 1 жил орчим болж байна. Урд салхины шил хагарсан. Хутгаар зүссэн юм шиг сийчсэн байгаа Шилний рам нь модоор цохисон хэсгээрээ хонхойж ороод будаг нь халцарсан байдалтай байгаа. Би тухайн эмэгтэйн үйлдлийг харахад санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Тэр олон машин зогсож байхад ганцхан миний машиныг ийм байдалтай болгосонд гомдолтой байна. Миний гомдлыг яаралтай барагдуулж өгнө үү. Бас тухайн эмэгтэй яагаад ийм үйлдэл хийсэн талаар шалтгааныг нь олмоор байна. Эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй сэтгэл санаагаар бас хохирч байна. Амгалан тайван амьдрах орчин байхгүй юм шиг харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,

3. Хохирогч дахин өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтээр машины эвдрэл 3,700,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 230,000 төгрөг, аймаг явж үнэлгээ хийлгэсэн шатахууны зардал 50,000 төгрөг, салхины шил үнэлгээгээр 750,000 төгрөг гэсэн боловч өөрөө худалдан авч тавихад 900,000 төгрөгөөр авч тавьсан тухайн шилний зөрүү мөнгө 150,000 төгрөг нийт 4,130,000 төгрөгийн хохирол учирсан. Би үнэлгээний дагуу будуулж засварлах гэхээр бүтэн будагтай машин гээд үнэ нь уначих гээд байгаа тул засвар хийж чадахгүй хэцүү байна. Би зүгээр байж байгаад машин тэргээ эвдүүлж, эд хөрөнгөөрөө хохирсон тул гомдолтой байна. Өөрт учирсан 4,130,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг гарах үед машины цонх хагалсан хүн ганцаараа биш байж байгаад хүмүүс яваад үлдээд машины цонх хагалсан байсан. Тухайн үед камерын бичлэг шүүж үзэхэд тийм байдалтай байсан. Тэгээд сүүлд камерын бичлэг дахин шүүгээд нэг сар болоод устчихсан байсан ямар хүмүүстэй явсан болон ямар зорилгоор машины цонх хагалсан талаар шалгуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

4. Гэрч : “... бид 2023 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчим хотоос ******* суманд ирээд * дүгээр байрны урд машинаа тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гарч ирэхэд машины цонх хагалж, урд хамар, урд хойд гупер зурсан, шилний рам 2, 3 газар хонхойлгож будаг нь хууларсан байсан. Би тухайн өдөр СӨХ-ны камер шүүж үзэхэд нэг эмэгтэй том мод барьчихсан манай машиныг цохиж байгаа бичлэг хадгалагдсан байсан. Тухайн үед 14-р байрны давхраас нэг залуу бичлэг хийсэн байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 12 дүгээр хуудас/,

5. Гэрч : “...2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчим хороололд байдаг гэдэг таньдаг эгчийндээ очсон. Би гэрт нь унтаад эгч хоол цай хийгээд байж байтал 23 цагийн орчимд подвалд ус алдаад байна гэнэ хоёулаа очиж цэвэрлэчхээд ирье гээд хорооллоос уруудаад ирж байхад ТҮЦ-ний тэндээс гэх эмэгтэй орилоод хашхираад гараад ирсэн. Тэгээд сайн уу эгчээ, эгчээ гэхээр нь би чи юу яриад байна аа надаас эгч байж гээд хэлсэн чинь бид хоёрын хойноос орилоод хөөгөөд эхэлсэн. Бид хоёр зугтаагаад **дүгээр байрны подвал ороод хаалгаа түгжтэл араас орж ирээд хаалга өшиглөөд байсан. Тэгээд эгч битгий онгойлгоорой гээд бид хоёр цэвэрлэгээ хийж байхад 1 давхрын шатыг цохиод орилоод уйлаад байсан. Бид хоёр цэвэрлэгээ хийж дуусаад гарах гэснээ айгаад хэсэг хүлээж сууж байгаад за ер нь гарья гээд гартал орц дотор мод барьчихсан уйлаад нэг хүний нэр хэлээд шатны төмөр нүдээд орилоод байсан. Тэгээд бид хоёр хоорондоо энэ одоо солиорчихсон юм биш үү энэнд хэн архи өгчхөв гээд яриад гараад явж байгаад би дүү нь харьж амарлаа гэсэн чинь эгч нь айгаад байна аа чи эгчийгээ хүргэж өгөөд манайд очоод хоночих гээд бид хоёр цуг явж гэрт нь хоносон. Тэгээд маргааш өглөө нь эгчийнхээс гараад явсан. Эхлээд тааралдахдаа уйлаад орилчихсон байдалтай явж байсан. Тухайн өдөр хэр согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан үс нь сэгсийчихсэн уйлсан байдалтай явж байсан. Ер нь бол согтуугийн хувьд согтуу байсан. Уйлаад орилоод байхыг бодоход нэлээн согтолттой байсан байхаа. Би тухайн өдөр эгчтэй бараг өдөржин шахуу хамт байж байгаа, гэрт нь очиж хоносон. Надад хүний машин тэрэг цохих ямар нэг шалтгаан байхгүй. Хүний үнэтэй цайтай зүйлийг юу боллоо гэж цохиж гэмтээх вэ дээ. Би машин цохиж байхыг хараагүй. Орцноос гарахад шат цохиод орилоод уйлаад хүний нэр дуудаад уйлаад үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

6. Гэрч Ж.гийн: “...Тухайн өдөр манайд өдөр ирсэн би цагийн нь сайн санахгүй байна. Би гал түлчихсэн хоол хийж байхад орж ирсэн Тэгээд эгчээ би жаахан унтаадахъя гээд унтаад өгсөн. Би цуйван хийгээд миний дүү хоол идчих гээд босгож ирээд хоол өгсөн. Тэгээд манайхаас яваагүй тэр өдөр надтай хамт өнжсөн. Орой 23 цагийн орчимд подвалд ус алдлаа гээд бид хоёр хамт хорооллоос алхаж ирээд подвалоо цэвэрлэж дуусаад хамт манай гэр луу явж хоносон. дэлгүүрийн урд таарсан. Тухайн үед бид хоёрыг сайн уу эгч нараа гэсэн чинь би хэзээнээс чамаас эгч болчихсон юм гээл явахад бид хоёрын араас гүйгээд ирэхээр нь бид хоёр зугтаагаад подвал руу ортол араас орцонд орж ирүүт подвалын хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөөгүй. Нэлээн согтолттой байсан. Араас орж ирээд хаалга нүдээд хэл ам нь ойлгогдохгүй орилоод байсан. Тэгээд орцонд шатны төмөр нүдээд орилоод байсан, усаа шавхаж дуусаад гарах гэтэл буюу гэх эмэгтэй орилоод байхаар нь айгаад гарч чадахгүй хэсэг юм яриад суусан. 00 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. Тэгээд гарахад 1 давхраас 2 давхар луу гардаг хайсан шатны төмөр нүдээд орилоод байсан, Би тэрийг хараагүй ямар ч байсан шатны төмөр гараараа тэгж нүднэ гэж байхгүй байх. Нэлээн хүчтэй нүдэж байсан юмаар цохиод байгаа бололтой байсан Тухайн өдөр манай хүү бид 3 манай гэрт өдөржин хамт байсан Орой подвал цэвэрлээд ороод ирэхэд нөхөр хөдөөнөөс ирчихсэн байсан. манайд ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд унтаж босоод хоол идээд зүгээр болчихсон байсан. Бид хоёр архи уусан зүйл байхгүй. тийм зүйл хийгээгүй. Өдөр манай гэрт орж ирснээс хойш бид хоёр хамт байсан. Подвалоос гараад гэртээ харилаа гэхээр нь би айгаад чи эгчийгээ хүргэж өгөөд манайд очоод хоночих гээд бид хоёр гэрт ирээд хоносон Харин бичлэг дээр мод барьчихсан машин цохиж байгаа хүн буюу мөн байсан. Би баттай хэлж чадна. Камерын бичлэг дээр байгаа хүн мөн байна. тухайн өдөр надаас салаагүй. Бид хоёр өдөржин манай гэрт байж байгаад орой хамт буцаж ирээд манайд хоносон. Ягаан өнгийн бүсэлхий давсан богино куртиктэй явж байсан. Малгай өмсөөгүй толгой нүцгэн явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

7. Гэрч : “...Миний ээж нь байнга уур уцаартай байдаг. Үргэлж уурлаж байдаг. Миний ээж сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Архи согтууруулах ундааны зүйлийг мөнгөтэй болсон дээрээ уудаг. Уусан үедээ өөрийн биеийг удирдах чадваргүй болдог. Уусан үедээ ч гэсэн маш их ууртай байгаад байдаг. Би юунаас болж яагаад байнга ууртай байгаад байдаг талаар нь мэдэхгүй байна. Би өөрийн ээж мөн гэдгийг баттай хэлж мэдэхгүй байна. Камерын бичлэг нь сайн тод биш болохоор эргэлзээтэй байна. Нэг бол мөн ч юм шиг харагдаад нэг бол биш ч юм шиг харагдаад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

8. Гэрч : “...2023 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө би гэртээ зурагт үзээд хэвтэж байсан. Тэгтэл орцон дотор эмэгтэй хүн юм нүдээд орилоод байсан. Тухайн үед манай хаалга хүртэл чичиргээнд нь савлаад байсан. Тэгээд хэсэг чимээгүй болж байснаа гадаа нүдээд эхэлсэн. Тухайн үед манай гэрийн цонх онгорхой гадаа болж байгаа үйл явдал тод сонсогдож байсан. Тэгээд цонхоор хартал согтуу эмэгтэй мод барьчихсан хар өнгөтэй маркийн машиныг цохиод байсан. Тэгээд дараа нь наана нь зогсож байсан маркийн машиныг гартаа барьсан модоороо олон удаа цохиод байсан. Тэгээд би утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Бичлэг хийж дуусаад болкон дээрээ гараад болиоч ээ гээд орилтол модоо газар хаячхаад орцны урд байсан хогийн савнаас дотор нь байсан хогуудыг ийш тийш нь гаргаж цацчихаад яваад өгсөн. Тухайн үед би бичлэг хийхээс 2 минутын өмнө цагдаагийн байгууллага дуудлага өгсөн байсан. Цагдаа нар дуудлагын дагуу ирэхэд нөгөө эмэгтэй явсан байсан. Нэлээн согтолттой байсан. Тэр эгч юу хийж байгаагаа мэдэхгүй эмэгтэйг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

9. Гэрч дахин өгсөн: “...Тухайн эмэгтэйг биеийн байгаа байдал царайны ерөнхий төрх зэргээр нь таньсан. Тухайн эмэгтэй мөн байсан урьд нь харж байгаагүй танихгүй. Мэдүүлэг өгсний дараа таарахад бас л согтуу байсан тухайн хогийн сав манай орцны баруун урд байдаг бөгөөд манай болконы харалдаа доор байдаг хогийн сав юм. Би 3 давхрын болкон дээрээс харсан юм. Тэндээс хүний зүс царай тод харагдаж байсан. Тэр хоёрын хооронд 9-10 метр зайтай л байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

10. Гэрч өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөс 24 цаг үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед 2023 оны 11 дүгээр сарын 06 ний шөнө 02 цагийн үед цагдаагийн шуурхай удирдлагын жижүүрийн утсанд 14 дүгээр байны гадна авто зогсоол дээр эмэгтэй хүн мод барьсан зогсоол дээр байгаа машиныг цохиод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу хүнийг хайгаад олоогүй гэх мэдүүлэг...” /хх-ийн 59 дүгээр хуудас/,

11. Гэрч өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 06 ний өглөөний 10 цагийн үед гэх эмэгтэй машин гэмтээсэн талаар бичгээр өргөдлөөр хандсан. Тухайн болсон асуудлыг тодруулж асуухад гэх эмэгтэй өглөө ажилдаа явах гээд гарахад тээврийн хэрэгсэл эвдэрсэн байна гэж тайлбарласан. Тэгээд өргөдлийг миний нэр дээр цохолт хийсэн байсан учраас би тухайн хүний гомдол мэдээллийг хүлээж аваад шалгасан. Тэгээд тухайн үйл явдлын талаар өмнөх шөнө нь дуудлага мэдээлэл ирээд 2 алба хаагч дуудлагын дагуу очсон байсан. Тэгээд тухайн 2 алба хаагчаас тодруулж асуухад тухайн дуудлага мэдээллийн дагуу очиход ямар нэгэн хүн байгаагүй, ойр хавьд нь цохисон байж болзошгүй гэх зүйл харагдаагүй гэж тайлбарласан. Тухайн зөрчлийн хохирогч ас гаргаж өгсөн бичлэг дээр тээврийн хэрэгслийг модоор цохиж байсан тул тухайн зөрчил үйлдэгдсэн гэх газарт очиж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модыг хурааж авахаар очиход тухайн мод байгаагүй, тээврийн хэрэгсэл тухайн газраас хөдөлсөн байсан учраас үзлэг хийх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

12.Хэрэгт таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/, 

13.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 18-19/,

14.Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 415 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-109/,

15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/,

16.Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-ийн 74-85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

            Мөрдөн шалгах байгууллагаас шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч ******* нь ******* Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүнийг өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл, энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоосон болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* сумын *-р баг, **дүгээр байрны зогсоол дээр байрлуулсан ** улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, шилний рам, копуд, арын гэрлийг модоор цохиж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.

 

            Хохирогч М. шинжээчийн дүгнэлтээр машины эвдрэл 3,700,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 230,000 төгрөг, аймаг явж үнэлгээ хийлгэсэн шатахууны зардал 50,000 төгрөг, салхины шил үнэлгээгээр 750,000 төгрөг гэсэн боловч өөрөө худалдан авч тавихад 900,000 төгрөгөөр авч тавьсан тухайн шилний зөрүү мөнгө 150,000 төгрөг нийт 4,130,000 төгрөгийн хохирол учирсан. Нийт 4,130,000 төгрөг нэхэмжилж байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,000,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна. /хх-ийн 120/

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

             Хохирогч М. шатахууны зардал 50,000 төгрөг, салхины шил 750,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч 900,000 төгрөгөөр худалдан авсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иймд шүүгдэгч *******гээс 1,930,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын тосгоны нутаг дэвсгэрээс 1 сарын хугацаагаар гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус заажээ.  

 

Шүүгдэгч нь 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, халамжийн тэтгэврээс өөр орлогогүй тул түүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй  зэргийг харгалзан зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтыг ******* аймгийн ******* сумаар тогтоож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

 

Бусад:

 

Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч *******д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох ******* аймгийн ******* сумаар тогтоож, ******* аймгийн ******* сумын нутгаас гадагш явахыг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 1,930,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

7.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэл тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА