| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00432/И |
| Дугаар | 130/ШШ2021/00640 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2021/00640
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, М овогт Х.М-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ш газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Шуудан үйлчилгээний газрын дарга Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Алтангүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: БШҮГ-ын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б\03 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан БШҮГ-ын үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оноос хойш МШхувьцаат компани БШҮГ-ын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд хариуцсан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ажиллаж ирсэн. Гэтэл хариуцагч ямар ч үндэслэлгүйгээр Х банкны харилцагчийн карт болон кредит картыг хүлээн авч хүргэж, гаргуулах, үйл ажиллагаанд мөрдөх технологийн горимыг ноцтой зөрчсөн гэж намайг ажлаасаа халсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие хариуцагчийн уг шийдвэр үндэслэлгүй болохыг хэлж тайлбарласан боловч ажил олгогч БШҮГ-ын дарга Ш.А нь удирдлагын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, зүй бусаар харилцсан гэж миний үгийг мушгиж тушаалдаа нэмэлт оруулсан байна. Миний бие хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй тул ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд БШҮГ-ын2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б\03 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан БШҮГ-ын үйлчилгээний ажилтнаар эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч БШҮГ-ын дарга Ш.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Х.М-ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Х банкнаас харилцагчдын захиалсан виза картыг шуудангаар хүргэх үйлчилгээг “Монгол Шуудан” ХК 2017 оноос эхлээд хэрэгжүүлж байна. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр МШХК-ний Шуудангийн технологийн газрын захирал Б.Содончимэг баталсан “Х банкны харилцагчийн карт болон кредит картыг хүлээн авч, хүргэж гардуулах үйл ажиллагаанд мөрдөх технологийн горим”-ыг гаргаж тус горимыг ажилтнууд танилцаж мөрдөж ажиллаж байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Шуудангийн технологийн мөрдөлтийг сайжруулах тухай албан тоотод “Банкны картыг заавал Хаягт эзний гарт нь иргэний үнэмлэх, гэрчлэх баримтуудыг үндэслэн гардуулж ажиллахыг хатуу анхааруулж мөн зөрчил гаргасан буруутай ажилтантай арга хэмжээ тооцон ажиллахыг мэдэгдсэн” юм. Уг албан тоот, шаардлагыг ажилтнуудад танилцуулсан юм. Х.М нь 5ш Х банкны виза картыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр СК ХК-д орхиж, хүргэлтийн дэвтэр дээр регистр бичээд, хуурамч нэр, гарын үсэг зурж, хуурамч гардуулалт хийснийг илрүүлж, тогтоосон. Шуудангийн ажил нь хувь хүн болон албан байгууллагын бичиг захидал, илгээмжийн нууцын зэрэглэлтэй мөн төрөг санхүүтэй холбоотой маш хариуцлагатай ажил юм. Иймээс Шуудангийн ажил маш нарийн технологи стандартыг шаарддаг юм. Х.М нь Шуудангийн технологи стандартыг удаа дараа зөрчиж, ажилдаа хайнга хандаж ирсэн ба тухай бүрд нь амаар болон бичгээр сануулж зарим зөрчил дээр сахилгын арга хэмжээ авч байсан. Х.Мд Х банкны виза картыг эзэнд нь гардуулаарай гэж шаардлага тавьж байгаа боловч удирдлагын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, Х банкны виза картын талаар тодруулга авах гэсэн боловч намайг үл тоож тайлбар өгөхөөс татгалзсан. Х.М нь гаргасан алдаа, дутагдал зөрчлөө хэзээ ч хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагүй, тайлбар их тавьдаг, өөрийнхөө буруу үйлдлийг ухамсарладаггүй, хэрүүл маргаан гаргадаг удирдлага, хамт олноо хүндэлдэггүй гэх зэрэг олог алдаа дутагдал гаргадаг. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Шуудан үйлчилгээний газрын 6 хүний бүрэлдэхүүнтэй төвийн ажилчдын технологийн ажлыг сайжруулах тухай хурал хийсэн. Эхлээд гаргасан зөрчлийн талаар Х.М-аас тодруулга хийх гэж байсан боловч өөрийн үүрэгт ажлыг зөрчсөн зөрчлөө ухамсарлахгүй бусдад буруугаа чихсэн байдалтай байсан. Х.М урьд нь удаа дараа зөрчил гаргаж байгаа бөгөөд 3 удаа сахилгын шийтгэл хүлээлгэж, тушаал бүрд харилцааны соёлоо дээшлүүлэх талаар, мөн цаашдаа ажилдаа хариуцлагатай хандаж дахин давтан зөрчил гаргахгүй байх талаар анхааруул мэдэгдэж байсан. Х.М-д зөрчил дутагдлаа арилгаж, холбогдох дүрэм журам, стандартыг чанд мөрдөж ажиллах талаар үүрэг өгч байхад давтан зөрчил гаргаж үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн билээ. Шуудангийн аливаа илгээмжийг тэр дундаа маш онцгой нөхцөлөөр зөвхөн хаягт эзэнд нь гардуулж өгөх ёстой Х банкны виза картыг эзэнд нь гардуулаагүй ба бүр хүргэлтийн дэвтэрт тухайн хүлээн авагчийн регистр, гарын үсгийн хуурамчаар зурж, гардуулсан гэж мэдээ оруулсан нь тогтоогдож байдаг. Энэ худал хуурамч үйлдэл нь МШХК-ний дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан холбогдох заалтууд, “Х банкны харилцагчийн карт болон кредит картыг хүлээн авч, хүргэж гардуулах үйл ажиллагаанд мөрдөх технологийн горим” зэрэг журмуудыг ноцтой зөрчсөн. Иймээс урьд нь 3 удаагийн сахилгын шийтгэл хүлээж, удаа дараа давтан зөрчил гаргасныг үндэслэн хурал дээр шууд Х.Мыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Учир нь, хөдөлмөрийн гэрээний 11.2.21-д ажлын байрны тодорхойлолт болон шууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тусгагдсан билээ. Иймд үйлчилгээний ажилтан Х.М-аас Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, МШ ХК-ний Хөдөлмөрийн дотоод журам, бусад журам дүрэм, технологийн горимын дагуу мөн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын холбогдох заалтуудын дагуу чөлөөлсөн юм. Иймд Х.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч БШҮГ-ын дарга Ш.А шүүхэд бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажилчид ажиллахгүй байсан бөгөөд тэр өдөр ганцаараа өглөө ажилдаа ирсэн билээ. Тухайн өдөр ажилчдад ажиллахгүй гэж хэлсэн боловч Засаг даргын захирамжид шуудан ажиллах чиглэл ирсэн. Тухайн өдөр Х.М-ы ажиллах ээлж байсан бөгөөд ажилтан Х.М руу залгасан хэдий ч тэр утсаа аваагүй учир миний бие манай ажлын өрөөний зэргэлдээ байрлах СКд орж, тус СК ХК-ний ажилтан А.Асылбекээс Маржанд залгаад өгөөч гэж залгуулж байх үед тус компани захирал Д.А-ийн ширээнд дээр Х банкны 5 виза карт байсныг анзаарсан. Би тухайн үед гайхаж энэ Х банкны виза карт яахаараа танаа ширээн дээр байгаа вэ гэж тодруулж асуухад Д.А нэг нь манай ажилтан болон түүний нөхрийн Х банкны виза карт гэсэн, тэр жирэмсний амралтаа авсан байгаа надад авчих гэхээр нь авчихсан бусад нь манай харилцагчийн карт, Х.М-аас авсан талаар амаар тайлбар өгсөн. Тэгээд би Д.А-т 5 виза картыг энд байх ёстой зүйл биш гэж хэлээд авсан. Тус Х банкны 5 ширхэг виза картыг гардуулсан эсэхийг шалгаж үзэхэд шуудан хүргэлтийн дэвтэрт зарим газарт нь нэр, зарим картын эзэмшигчийн ард гарын үсгийг зурж, хуурамчаар гардуулалт хийгдсэн байсан. Уг зөрчлийн талаар Х.М-д хэлэхэд урьдаас доромжилж үл тоосон шинжтэй байсан. Би зөрчил, алдаа дутагдлыг хэлэхээр байнга намайг буруутгаж, үл тоодог. Х.М хэд хэдэн удаа зөрчил гаргахад сануулах арга хэмжээ авсан байсан хэдий ч өөрийн алдаа, зөрчлийг ухамсарладаггүй өдий хүрсэн. Иймээс тэр өдөр хэрүүл гаргахгүйгээр би яваад өгсөн. Тус ноцтой зөрчлийг тогтоосны дараагаар нь Х банкны 5ш виза картыг эзэнд нь гардуулж өгсөн бөгөөд зарим Х банкны 5ш картыг эзэмшигч нараас нь тайлбар бичүүлж авсан билээ. Х.М нь хөдөлмөрийн гэрээ болон түүний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг зөрчиж, эзнийхээ гарт нь өгөх ёстой зүйлийг гарт нь гардуулж өгөөгүй хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байх тул халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Х.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие ШҮГ-ын үйлчилгээний ажилтнаар 11 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Ш.А даргын өмнө 3 ч даргатай хамтран ажиллаад болж л байсан. Хариуцагч тайлбартаа ажлын шаардлагыг хүлээж авахгүй гэж дурдсан байна. Би ажлын шаардлага тавихад нь татгалзаж байсан удаа байхгүй. Х банкны 5 ширхэг картын тухай яригдаж байгаа. Тухайн картуудын хувьд би гарын үсэг зураагүй тэмдэглэгээ л хийсэн. Манайх өдөртөө заримдаа 200-300-аад карт хүлээж авдаг. Тэр олон хүнээс би өдөрт зуугаад хүн рүү утсаар ярьдаг.Тухайн хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, регистрийн дугаараа хэлээд хадгалаад байлгачих, тийм хүнд өгчих гэх мэтээр хүсэлт хэлдэг. Манайх карт гардуулж эхэлснээс хойш ингэж гардуулж л байсан. Тухайн картуудыг алга болгосон, гээгдүүлсэн, битүүмжлэл алдагдуулсан, эсхүл харилцагч нараас гомдол ирүүлсэн асуудал гараагүй. Хүний гарын үсгийг зурсан гэж байна. Миний тэмдэглэгээ хийсэн хэсэг нь хүний гарын үсэг зурдаг хэсэг биш. Гарын үсэг зурдаг хэсэг нь бүртгэлийн дэвтэрт тусдаа байдаг. Бид нар даргаас “энэ хүн байхгүй гэж байна, утас нь холбогдохгүй байна, гэр нь эзгүй байгаа юм байна яах уу” гэж асуудаг. Тэгэхэд дарга “Регистрийг аваад авсанд тооцчих. Тэгэхгүй бол гүйцэтгэлийн тайлан дүгнэх үеэр муу дүгнүүлчих гээд байдаг юм” гэж хэлдэг. 2021 оны 3 дугаар сарын сүүлээр байсан байх Ковид-19 өвчин гарсан мөн карт ихэссэн үе байсан тул үйлчилгээний ажилтан бид хоёрыг нэг өдөр карт гардуулах, нэг өдөр касст ажиллах хуваарь гаргасан. Тухайн өдөр 18 цаг хүртэл 30 ширхэг карт гардуулах ёстой байсан ба 20 хэдэн ширхэг карт гардуулаад 18 цаг 10 минут гэж ажилдаа ирэхэд кассын өрөө хаалттай байсан тул 3 ширхэг картыг СК ХХК-ийн захирал болох А-т үлдээгээд явсан. 5 ширхэг карт гэж яригдаж байгаа тэрний 2 нь СК ХХК-ийн ажилтны өөрийнх нь болон эхнэрийнх нь карт байсан. Хэрэв би тухайн 3 картыг өөрөө аваад явсан бол битүүмжлэл алдагдах байсан бөгөөд картыг аваад явсан гэх үндэслэлээр хариуцлага тооцох байсан. Тэгээд тухайн өдөр дарга “чи маргааш ирэхгүй нөгөө өдөр ажилд ирнэ шүү” гэж хэлсэн. Тухайн өдөрт нь ажилдаа ирэх гэсэн боловч аймагт “0” зогсолт хийсэн байсан. Тэрний урд өдөр нь даргаас “маргааш манайх ажиллах юм уу” гэж асуухад “ажиллахгүй” гэсэн. Тэгэхээр нь би утасныхаа дууг нь хаагаад ажилдаа ирээгүй. Гэтэл тухайн өдөр манайх ажиллах ёстой байсан байна. Дарга маань тухайн өдөр над руу залгаад би хариу өгөөгүй байсан тул СК ХХК руу орж 3 картыг Айбект байсныг нь хараад авах гэтэл нь Айбек “Би Маржанд л өгнө. Маржан надад захиж үлдээсэн” гэхэд нь “Би наад картуудыг авах ёстой. Маржаныг ажлаас нь халах гол шалтгаан болно. Би өө хайж байгаа” гэж хэлээд Айбекээс авсан байсан. Тухайн үед 3 картыг авсан талаар надад хэлсэн гэж байгаа боловч надад авсан талаар хэлээгүй. Дараа нь тухайн 3 хэрэглэгчийг өрөөндөө дуудаж аваад миний нэр дээр гомдол бичихийг шаардсан байсан. Ямар учиртай тэнд үлдээсэн талаар надаас асуугаагүй. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хурал хийгээд надад тайлбар өгөхийг шаардсан. Хариуцагч тайлбартаа намайг тайлбар өгөхөөс татгалзсан гэсэн байна. Би тухайн үед асуусан асуулт болгонд нь хариулт өгч тайлбараа өгсөн байсан. Хамгийн гол нь тухайн картуудаас болж хохирсон, битүүмжлэл алдсан зүйл байхгүй. Шуудан технологийн газрын дарга Содчимэгийн журамтай нь танилцаад үзэхэд карттай холбогдолтой ямар нэгэн зөрчил гарах юм бол сануулах арга хэмжээ авах талаар заасан байна. Ажлаас халах тухай заагаагүй байна. Мөн хариуцагч намайг байнга хэл амаар доромжилдог гэж бичсэн байна. Надад энэ хүнтэй маргалдах шалтгаан байхгүй.Шударга шулуухан зантай болохоор даргадаа таалагдахгүй байгаа юм биш байна.Үүнийг би ноцтой зөрчил гэж үзэхгүй байна. Өөрийнхөө төлөө ажиллаж байгаа тул хариуцлага алдахгүй. Надаас өө хайсан гэж үзэж байна. Тиймээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шуудан үйлчилгээний газрын үүрэгт ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч БШҮГ-ын дарга Ш.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х банкны харилцагчдын захиалсан виза картыг шуудангаар хүргэж өгөхийг МШтехнологийн газар нь 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Анх эхэлснээс өнөөдрийг хүртэл МШтехнологийн газрын дарга Б.Содчимэгийн баталсан “Х банкны харилцагчдын карт болон кредит картыг хүлээн авч хүргэж, гардуулах үйл ажиллагаанд мөрдөх технологийн горим”-ыг дагаж мөрддөг бөгөөд үүнийг ажилтнуудад танилцуулж байсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны МШтехнологийн газрын дарга Б.Содчимэг “технологийн мөрдөлтийг сайжруулах тухай” албан тоотод банкны картыг эзний гарт нь иргэний үнэмлэх, гэрчлэх баримтуудыг нь үндэслэн олгох талаар үүрэг болгосон. Үүнийг мөн ажилтнуудад танилцуулж байсан. Миний бие энэ оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Х банкны 5 ширхэг картыг СК ХХК-ийн захирлаас олж авсан. Яагаад тэнд байгаа талаар асуухад танай ажилтан болох Х.М үлдээсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгөтэй холбоотой тул виза картыг авлаа шүү гэж хурааж авсан. Тэгээд Х.М-аас тодруулга авах гэтэл намайг доромжилж байсан. Х.М-д эзэнд нь гардуулаарай гэж байнга шаардлага тавьсан боловч удирдлагын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Х.М гаргасан алдаа дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Тайлбар их тавьдаг. Өөрийн буруугаа ухамсарлахгүй хэрүүл маргаан гаргадаг. Хамт олон болон удирдлагыг хүндэлдэггүй. Урьд нь 3 удаа сахилгын шийтгэл хүлээж байсан. Хариуцлага тооцох бүрдээ харилцааны соёлоо дээшлүүл, ажилдаа хариуцлагагүй хандаж, давтан зөрчил гаргахгүй байх талаар хэлж байсан. Мөн дүрэм, журам стандартыг чандлан баримтлах талаар анхааруулж байсан. Шуудангийн ажлын хувьд хувь хүн болон албан байгууллагын бичиг, захидал, илгээмжийн нууцын зэрэглэлтэй, мөнгө, санхүүтэй холбоотой маш хариуцлагатай ажил юм. Иймээс шуудангийн ажил нь маш нарийн стандарт технологи шаарддаг. Х банкны виза картыг эзэнд нь гардуулж өгөх ёстой байсан боловч хүлээн авагчийн гарын үсгийг хуурамчаар зурж, гардуулсан хэмээн мэдээ оруулсан байсан. МШХК-ийн дотоод журам болон “Х банкны харилцагчдын карт болон кредит картыг хүлээн авч хүргэж, гардуулах үйл ажиллагаанд мөрдөх технологийн горим”-ыг ноцтой зөрчсөн. Урьд нь 3 удаа сахилгын шийтгэл авагдаж байсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул хөдөлмөрийн гэрэг дуусгавар болох үндэслэл болж байгаа. Иймээс Х.М-ийг ажлаас нь халсан юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.М БШГазарт үйлчилгээний ажилтнаар ажилладаг болох нь хариуцагч БШҮГ-ын дарга Ш.А, нэхэмжлэгч Х.М нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №01 тоот “Хөдөлмөрийн гэрээ” болон 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №4 тоот “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ”-ээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч БШҮГ-ын даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б\03 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, МШ ХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.7.7, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “н”, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.2, 11 дүгээр зүйлийн 11.2.21, 11.2.15, 11.2.31. 11.3, Ажлын байрны тодорхойлолтын 1.3, 1.16, 2.12 заалтуудыг тус тус үндэслэн Х банкны харилцагчийн карт болон кредит картыг хүлээн авч хүргэж, гардуулах үйл ажиллагаанд мөрдөх технологийн горимыг ноцтой зөрчсөн, КВ017635616МN, КВ017428772МN, КВ017428715МN, КВ017785965МN, КВ017606179МN дугаартай 3 дугаар сарын 26-аас 4 дүгээр сарын 01-ний хооронд гардуулсан гэх Х банкны виза картыг хаягт эзэнд нь гардуулаагүй, хуурамч гарын үсэг зурсан, POST.NET программ дээр хуурамч мэдээлэл оруулсан удирдлагын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, зүй бусаар харилцсан, ажлын байранд хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг доромжилсон технологийн горим болон хөдөлмөрийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчиж, технологийн ноцтой, давтан зөрчил гаргасан тул үйлчилгээний ажилтан Х.М-ыг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд доорх байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:
1) Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан ба хариуцагчийн тушаалд чухам аль үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байна.
Нэхэмжлэгч Х.М нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг холбогдох нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн бүрдүүлж өгсөн БШҮГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №Б/27 дугаартай “Х.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Х.М-д амаар сануулах арга хэмжээ авсан, мөн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/01 дугаартай “Х.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Х.М-д сануулах арга хэмжээ авсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрсөн байх тул нэхэмжлэгч Х.М нь сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байна.
Мөн БШҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Х.М-ы үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан боловч энэ тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Х.М шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00234 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байна.
Улмаар нэхэмжлэгч Х.М энэ шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2021/00029 дугаартай магадлалаар БШҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосон ба хариуцагч эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч Х.М-ы үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагч БШҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэхэмжлэгч Х.М давтан гаргасан гэсэн үндэслэл нь хууль бус байна.
2) Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Хурлын тэмдэглэл”-ээр “Х.М-ы ёс зүйн тухай” хэлэлцсэн боловч хурлаас ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн шийдэл тэмдэглэлд тусгагдаагүй байна.
Энэхүү БШҮГ-ын дарга Ш.А, ня-бо Т.Н, ажилчид Х.Б, Б.Ү, И.Тг, Х.П нар оролцсон 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Х.М-ы ёс зүйн тухай” асуудлын хэлэлцсэн “Хурлын тэмдэглэл”-д тусгаснаар... дарга Ш.А хурлыг нээж хэлсэн үгэндээ...Х.М бид хоёр ажлын явцдаа таарахаа байлаа. Би ажлын шугамаар шаардлага тавихад намайг байнга доромжилдог. Би Х.М-д хэд хэдэн удаа сахилгын шийтгэл авсан ба авах бүрд, авсны дараа компани руу ямар ч нотлох баримтгүйгээр миний ажилд холбогдуулан өргөдөл гаргасан байгаа. Компанийн хүний нөөцийн газраас Х.М-ы ёс зүйтэй холбоотой хамт олны саналыг ав гэсэн. Одоо Х.М-ы талаар санаа бодлоо үнэн зөв яриарай...гэсэн байна.
Энэ үйл баримттай холбоотой нэхэмжлэгч Х.М МШ ХК-нд өргөдөл гаргасан гэснийг, мөн Компанийн хүний нөөцийн газраас Х.М-ы ёс зүйтэй холбоотой хамт олны саналыг ав гэсэн үүрэг даалгавар өгсөн гэснийг хариуцагч БШҮГ-ын дарга Ш.А нь шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй ба нэхэмжлэгч Х.М нь хэзээ удирдлагын зүгээс тавьсан ямар алба шаардлагыг эсэргүүцсэн нь тодорхойгүй албажуулсан эрхийн акт байхгүй байна.
Энэ хурлын тэмдэглэлд тусгаснаар хариуцагч Ш.А:...сүүлийн үед Х.М-д очдоггүй, харьцдаггүй болсон маргаанаас зайлсхийхийн төлөө...гэсэн, мөн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Т.Н, Х.Б, Б.Ү, И.Тунгалаг, Х.П нарын мэдүүлэгт...нэхэмжлэгч Х.М, хариуцагч БШҮГ-ын дарга Ш.А нар нь хоорондоо таарамж муутай болоод удаж байгаа...гэх боловч нэхэмжлэгчийн зөрчил тус бүрийг тухайн цаг хугацаанд шалган тогтоосон нотлох баримт байхгүй байна.
Удирдлагын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, зүй бусаар харилцсан, ажлын байранд хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг доромжилсон гэх боловч зөрчил тус бүрийг зөрчлийг хэлэлцэж хуулийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар сахилгын арга хэмжээ авч байсан эсэх талаарх нотлох баримтаа хариуцагч шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгч Х.М МШ-ХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7.7-д “хэт чанга ярих, дуу чимээ гаргах, хэрүүл хийх”, мөн 11 дүгээр зүйлийн 11.4-д “ажилтан нь хөдөлмөрийн тухай хууль, компанийн ёс зүйн дүрэм, бусад холбогдох нийтлэг хууль тогтоомж, энэхүү дотоод журмыг мөрдөн, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлж ажиллана”, мөн 11.5-д ”ажилтан нь удирдлагаас өгсөн даалгавар, төлөвлөгөөт ажлыг ханган биелүүлж... ажиллана” гэж заасныг тус тус зөрчсөн гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
3) МШ ХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13.2.1-д “хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчилд дараах хэлбэрийн зөрчлүүдийг хамааруулна. Зөрчлийг тогтоохдоо Захиргааны хүний нөөцийн газар болон Санхүүгийн газар Шуудангийн технологийн газар, Дотоод хяналтын албаны гаргасан акт, дүгнэлтийг үндэслэн хамт олны хурлын тэмдэглэлийг харгалзан Гүйцэтгэх захирлаар шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.М-ы ажил байдалтай холбоотойгоор гаргасан алдаа зөрчлийг тогтоосон акт, дүгнэлт байхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан шуудангийн үйл ажиллагаанд мөрдөх технологийн журам дүрмийн хүрээнд үйлчилгээний ажилтан Х.М,....нарын үйл ажиллагаанд шалгалт хийсэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Шуудангийн технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комиссын дүгнэлт”-д ...хоёр төрлийн ноцтой зөрчил гаргасан гэх боловч хуулийн хугацаанд сахилгын арга хэмжээ аваагүй буюу Хөдөлмөрийн тухай 131 дугаар зүйлийн 131.1.2-д “Сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шитгэл оногдуулна” заасан хуулийн хугацаа өнгөрсөн байна.
МШ ХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13 дугаар зүйлийн 13.2.1-д “хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн...” гэснийг хууль ёсны нотлох баримтаар хариуцагч нотолж чадаагүй болно.
4)“Х банкны харилцагчдын карт болон кредит картыг хүлээн авч, хүргэж гардуулах үйл ажиллагаанд мөрдөх технологийн горим”-ыг ноцтой зөрчсөн гэх асуудлын талаар:
“Х банкны харилцагчдын карт болон кредит картыг хүлээн авч, хүргэж гардуулах үйл ажиллагаанд мөрдөх технологийн горим”-ын 6.1-т “Банкны карт хүргэлтийн үйлчилгээнд хариуцлагатай хандаж хүлээн авсан өдөртөө зөвхөн хаягт эзний “ГАРТ НЬ” иргэний үнэмлэх, гэрчлэх баримтыг үндэслэн гадуулна” гэж заасан.
БШҮГ-ын дарга Ш.А, ня-бо Т.Н, ажилчид Х.Б, И.Тунгалаг, Х.М, Б.Ү нар оролцсон 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Технологийн зөрчлийг сайжруулах тухай” асуудлын хэлэлцсэн “Хурлын тэмдэглэл”-д тусгаснаар нэхэмжлэгч Х.М нь “...Х банкны виза карт эзэмшигчид болох СК компанийн ажилтан Т.Бахытжаны гуйлтаар Т.Бахытжан болон түүний нөхөр Т.Нуртуган нарын виза картыг СК компанийн захирал Д.Айбект гардуулсан...” гэсэн байна.
Мөн СК ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Д.Айбек шүүхэд гэрчээр оролцоход: ...2021 оны 3 дугаар сард Наурыз баярын дараа байх өдрийг сайн санахгүй байна. Т.Бахытжан гэдэг манай байгууллагад үйлчилгээний ажилтан хийдэг хүн над руу утсаар залгаж, шуудангийн ажилтан Х.М-аас миний, миний нөхрийн виза картыг авч үлдээрэй гэж хэлсэн. Х.М надад 2 ширхэг карт авч ирж өгсөн ба үүнийг би аваад шүүгээнд тавьсан байсан. ...Энэ үйл явдлын дараа Х.М манай ажлын газар хаасан байна гэж 17.00 цаг өнгөрсөн байна маргааш авна гээд 3ш Х банкны виза картыг үлдээж, уг нь эзэд нь хэлсэн ирэх юм бол бичиг баримтыг шалгаж өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр картын эзэд нь ирээгүй учраас ширээний булангийн дээд хэсэгт далд газар тавьсан байсан. Маргааш өдөр нь Ш газрын дарга Ш.А орж ирээд картуудыг аваад явсан...” гэж мэдүүлсэн байна.
Дээрх байдлаас үзэхэд, банкны виза карт эзэмшигчдийн картыг Х.М бусдаар дамжуулан гардуулж, Х банкны харилцагчдын карт болон кредит картыг хүлээн авч хүргэж, гардуулах үйл ажиллагаанд мөрдөх технологийн горим, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гарын баримтууд болон Шуудангийн бүртгэлийн дэвтрээр 2ш Х банкны виза картыг эзэд болох Т.Бахытжан, Т.Нуртуган нарын хүсэлтээр СК компанийн салбарын захирал Д.Айбект гардуулж өгч гарын үсэг зуруулсан нь, мөн үлдсэн 3ш Х банкны виза картыг түр хадгалуулсан болох нь гэрч Д.А, гэрч А.А, гэрч Т.Б, гэрч Т.Н нарын мэдүүлэг нотлогдож байна.
Хариуцагчийн Х банкны виза картыг хаягт эзэнд нь гардуулаагүй, хуурамч гарын үсэг зурсан гэдэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн POST.NET программ дээр хуурамч мэдээлэл оруулсан гэдгийг нотлон тогтоосон нотлох баримт байхгүй байна.
БШҮГ-ын үйлчилгээний ажилтны “Ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээнд:
1.3-д “Үйлчлүүлэгчдээс хүлээн авч байгаа шуудангийн бүх төрлийн илгээмжийг хүлээн авах, дамжуулах, явуулах ажиллагааг шуудангийн хууль, дүрэм журам, стандарт технологийн дагуу холбогдох АШБ маягтыг бүрэн хөтөлж, шуудангийн илгээмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж ажиллана”,
1.16-д “Шуудангийн бүх төрлийн илгээмжийг /Х банкны visa карт, мобикомын захидал зэрэг/ хүргэлтийн дэвтэрт бичсэнтэй нэг бүрчлэн тулган авч гардуулахдаа зөвхөн хаягт эзэнд нь /итгэмжлэгдсэн хүнд/ биеийн байцаалтыг нь шалгаж олгож, хүлээн авсан хүнээр шуудан хүлээн авсан сар, өдөр, цаг, минутыг бичүүлж, гарын үсгийг зуруулж хүлээлгэн өгнө. Гардуулсан бол хүргэх оролдлого хийсэн тухай мэдээллийг Postnet-ийн сүлжээнд тогтмол цаг хугацаанд нь оруулна” гэснийг нэхэмжлэгч зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.
Мөн БШҮГ-ын үйлчилгээний ажилтны “Ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээний 2.12-д “Илгээмжийн нууцлалт, хадгалалт, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахина” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэсэн нь тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-д “Энэхүү гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дах заалтуудыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн эрх ашигт нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох бөгөөд дээрх зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан ба нэхэмжлэгч ажил олгогчийн эрх ашигт нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болсон асуудал байхгүй байна.
Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй тул БШҮГ-ын даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б\03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.М-ыг урьд эрхэлж байсан БШҮГ-ын үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Шуудан үйлчилгээний газраас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан БШҮГ-ын даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б\03 дугаар тушаалыг хүчингүй болгож, М овогт Х.М-ыг БШҮГ-ын үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч БШҮ газраас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК