| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00385/И |
| Дугаар | 130/ШШ2021/00502 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2021/00502
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар баг, Ховд гол, 11-82 тоотод оршин суудаг, С.Ж-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багт оршин суудаг, Ш.С-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, хариуцагч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан бэлэн мөнгө 2000000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.С нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр надаас 2000000 төгрөг бэлнээр зээлдэж авсан болно. Уг мөнгийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс бүрэн барагдуулж өгөхөөр тохиролцсон боловч мөнгийг маань өгөхгүй байна. Иймд Ж.Саулетханаас 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. С.Ж-аас авсан 2 сая төгрөгтэй холбоотой тооцоог хэсэгчлэн хувааж төлж барагдуулсан тул түүнд төлөх ямар нэгэн тооцоогүй болно. Иймд С.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ш.С манай дэлгүүрт 2015 онд ажилд ороод, 2 жил гаруй ажиллаад сүүлд хөзөр тоглож, ажилдаа хайнга хандсан учир би ажлаас халсан. Надаас байнга мөнгө асууж зээлж авна дараа нь буцааж өгдөг байсан. Дараа нь би хариуцагчид хандан чамайг талбайд баригдаж байгаа барилга дууссаны дараа тэнд ажилд авъя хэмээн хэлж дараа нь ажилд авсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гарын үсгээ зурж надаас 2 сая төгрөг зээлж авсан. Тэр үед мөнгө зээлээч гэж 2-3 хоног гуйсан болохоор өгсөн. Дараа нь дахиад хөзөр тоглож ажилдаа хайнга хандсан тул ажлаас халсан. Мөнгө зээлж авсны дараа авсан мөнгийг асуухад шүүхийн журмаар хэдэн хүнээс мөнгө авах ёстой тэр орж ирэхэд өгнө, удахгүй өгнө гэж явсаар хэсэг хугацаа өнгөрсөн. Дараа нь ажиллуулж байсан дэлгүүр нь дампуурсан. Мөн 99999826 гэсэн утасны дугаарыг 5 сая-аар өгнө гэж санал болгоход үнэтэй байна гэж би аваагүй. Сүүлд Файсбүүкээс хашаа байшингаа зарна гэсэн зарыг олж уншаад, мөн гадуур хүмүүсээс сураглавал хил нээгдвэл Казахстан улс руу нүүж магадгүй гэсэн сураг сонсоод мөнгөө хэд хэдэн удаа асууж очоод, өгөхгүй бол би шүүхэд өгнө гэж анхааруулахад өнөө маргааш мөнгө өгч чадахгүй гэсэн. Мөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгатай холбоотой тайлбар хэлэхэд тэр миний С.Айболат гэх дүүгийн данс байна. Ш.С “Домбыра” нэртэй дэлгүүр ажиллуулж байхад С.Айболатаас бөөний үнээр бараа аваад мөнгөө дансаар шилжүүлсэн баримтууд байна. Иймд хариуцагч Ш.С-аас надаас авсан зээлийн мөнгө 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв
Хариуцагч Ш.С шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие С.Ж-аас 2019 онд гуйгаад 2 сая төгрөг аваад мөнгөтэй үедээ хэсэгчлэн хуваагаад төлж байсан. Мөнгө зээлдэж авч байгаа үед би танаас ямар дансанд хийх үү гэж асуухад та одоо мөнгө хийж байгаа данс руу хий гэж хэлсний дагуу С.Айболатын дансанд хийж байсан. Би 2 сая төгрөгийг бүрэн өгсөн гэж бодож явсан чинь 1900000 төгрөг өгсөн, 100000 төгрөг дутуу байна. 2015 онд дөрвөн замд супермаркет нээхэд анх ажилласан. Тухайн үед танай дэлгүүрийн бүх ажлыг өдөр шөнөгүй хийсэн, огт хөзөр тоглож байгаагүй. 2 жил ажилласны дараа 15 хоногийн амралт аваад “Домбыра” супермаркет гэх дэлгүүрийг түрээсэлж авсан. Амралтын хугацаанд дэлгүүрийн бүх ажлыг эхнэртээ зааж өгөөд, өөрөө танайд ажилдаа эргэн орно гэж бодсон. Тэр дэлгүүрийг ажиллуулсны дараа С.Ж залгаад надад хандаж “чи наад дэлгүүрээ буцаа, зөвхөн миний ажлыг хий” гэж ярьсан. Тэгээд би нэгэнт дэлгүүр ажиллуулж байсан учраас ажлаасаа гарсан. Тэр дүүд нь шилжүүлсэн барааны үнүүд нь дандаа бутархай мөнгөнүүд байгаа, харин С.Жад шилжүүлсэн мөнгөнүүд дандаа бүхэл мөнгө байна. Одоо С.Жад өгөх 100000 төгрөг л үлдсэн байна. Миний бие С.Ж-аас авсан 2 сая төгрөгөөс болж Казахстан улсад нүүх гэсэн ямар нэгэн зүйл байхгүй, эцэг, эх маань бүгд энд амьдардаг гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ хариуцагч Ш.С 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж өгнө гэж гарын баримт бичиж өгч 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бэлэн мөнгө 2000000 төгрөгийг зээлээр авсан боловч өнөөдрийг хүртэл төлж өгөөгүй тул 2000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.С нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бэлэн мөнгө 2000000 төгрөгийг нэхэмжлэгч С.Ж-аас зээлээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба энэхүү зээлж авсан мөнгөө хэсэгчлэн төлж барагдуулсан, одоо үлэгдэл 100000 төгрөгийг төлж өгнө гэж маргажээ.
Нэхэмжлэгч С.Ж хариуцагч Ш.Сд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бэлэн мөнгө 2000000 төгрөгийг зээлээр өгсөн болох нь, хариуцагч Ш.С зээлдэж авсан 2000000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч С.Жад төлж өгөхөөр харилцан тохиролцсон нь хариуцагч С.Жын бичсэн гарын баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч С.Ж, хариуцагч Ш.С нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Ш.С зээлдэж авсан 2000000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагч Ш.С зээлдэж авсан 2000000 төгрөгийг нэхэмжлэгч С.Жын Хаан банк дахь 519721361 тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1000000 төгрөг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300000 төгрөг, мөн 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөгийг тус тус хэсэгчлэн шилжүүлж нийтдээ 1900000 төгрөг төлсөн гэх боловч Хаан банк дахь 519721361 тоот данс нь нэхэмжлэгч С.Жын данс гэдгийг нотлох баримт байхгүй байна.
Мөн хариуцагчийн бичсэн гарын баримтад нэхэмжлэгч С.Жын дүү С.Айболатын Хаан банк дахь дансанд мөнгө шилжүүлэх тухай тусгаагүй ба нэхэмжлэгч С.Ж нь дүү С.Айболатын дансанд мөнгө шилжүүл гэсэн нь хөдлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч С.Ж хариуцагч Ш.Сы мөнгө шилжүүлсэн гэх Хаан банк дахь 519721361 тоот данс нь нэхэмжлэгчийн дүү С.Айболатын данс, хариуцагч Ш.С өөрийн “Домбыра” нэртэй ажиллуулж байсан дэлгүүрт бараа бөөндөж аваад мөнгийг С.Айболатын данс руу шилжүүлэн тооцоо хийдэг байсан гэж тайлбарласныг хариуцагч Ш.С үгүйсгээгүй болно.
Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ш.С-аас зээлээр авсан бэлэн мөнгө 2000000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Жолболтад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.С-аас 46950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч Найман харатай овогт Шаривын Саулетханаас зээлээр авсан бэлэн мөнгө 2000000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ж-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч С.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 (дөчин зургаан мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.С-аас 46950 (дөчин зургаан мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ж-ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК