Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2020/0009

 

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдох Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Мэндбаярын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0054070 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхийБаянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Баянмөнхийн гаргасан зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Л.Мэндбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнхийн 2020 оны 4 сарын 01-ний өдрийн 12 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Тус дүгнэлтэд зааснаар Л.Мэндбаяр миний үйлдсэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0054070 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Номун-Эрдэнэд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн үндэслээр 30 нэгжээр торгох шийтгэл ногдуулахдаа шийтгэлийн хуудсанд торгуулийн мөнгөн дүнг 30 нэгж буюу 30.000 төгрөг гэж бичихийг 20 нэгж буюу 20.000 төгрөг гэж алдаатай бичсэн нь үнэн болно. Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Баянмөнх Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Мэндбаярын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0054070 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Мэндбаяр гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Мэндбаярын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0054070 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Баянмөнхийн гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийн оролцогч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН