Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 15

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2018/00399 дугаар шийдвэртэй,

С.Чимэддоржийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч С.Чимэддоржийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Надад тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу хийж тамга дараагүйгээс зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Боржгин овгийн С.Ч-г Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Боржгин овгийн С.Ч-г Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдан, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  Хүсэлт гаргагч С.Ч давж заалдах гомдолдоо: Миний бие тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргасан. Тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2018/00399 дугаартай шийдвэрээр миний ажиллаж байсан хугацаанаас 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй тухай шийдвэрийг гаргасан. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан хугацааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         С.Ч нь шүүхэд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэжээ.

        С.Ч  1983 оны 06 сард цэргийн албанаас халагдаж ирээд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Т, П.П, Д.Т нарын мэдүүлгээр  нотлогдож байна.

        Иймд нотлогдож байгаа хугацаагаар буюу 1984 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.      

          Хүсэлт гаргагч С.Ч-г хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.  

           Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

        1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 145/ШШ2018/00399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Боржгин овгийн С.Ч-г Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Боржгин овгийн С.Ч-г Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Боржгин овгийн С.Ч-г Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Боржгин овгийн С.Ч-г Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

       2. Хүсэлт гаргагч С.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

       3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

       4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.