| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0190/э |
| Дугаар | 2024/ШЦТ/184 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрлүүд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001560209 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын ******* тасагт ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүрлүүд овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд иргэн *******ыг өөрийн эзэмшлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад нь тус аймгийн ******* сумын 8 дугаар баг, тоот хашааны гадна буюу өөрийн гэрийн хашааны гадна эхнэртэйгээ хардан зодож иргэн *******ын биед тархи доргилт, баруун чамархай, хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал, хэлний баруун хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн хохирогч *******ын биед халдах явцдаа түүний эзэмшлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн хаалга, гупер зэргийг өшиглөх, толь цохих, борооны хамгаалалтыг хугалах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч *******од 890,700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Хүрлүүд овогт ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, тоотод орших гэрийнхээ гадна хохирогч *******ыг эхнэртэйгээ хардан зодож, түүний биед тархи доргилт, баруун чамархай, хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал, хэлний баруун хажуу хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
мөн түүний улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн хаалга, буфер, толь, борооны усны хаалт зэргийг өшиглөх, цохих, хугалах зэргээр устгаж гэмтээсний улмаас хохирогч *******од 890,700 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч ...... шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...намайг гүйж гарахад эхнэр машинаас буухаар нь жолооч руу нь очоод хардсандаа толгой, мөр рүү нь цохиод хавирга, гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн. Мөн машиных нь эд анги руу цохиж өшиглөсөн. Үүнийгээ бүдэг санаад байгаа юм. Гэхдээ тухайн үед надаас өөр хүн байгаагүй тул миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад орой 20 цагийн орчимд ******* сумын 6 дугаар баг, 25 дугаар байрны баруун талын такси зогсоол дээрээс нэг эмэгтэй суусан. Ингээд ******* сумын 8 дугаар баг, тоотод хүргүүлнэ гэж хэлсэн. Тус тоотод ирээд зогсоход тухайн эмэгтэй 9000 төгрөг шилжүүлээд буусан. ...Эргэхэд нэг залуу байж байгаарай гэхээр нь зогссон. Тэгсэн жолоочийн хаалгыг татаж онгойлгоод “чи манай эхнэртэй явалддаг хэн бэ” гээд шууд нүүр рүү цохиод эхэлсэн. Мөн бөөр рүү өшиглөсөн. ...миний машиныг тойрч өшиглөж цохиод байсан. Ингээд цагдаа ирээд тус залууг аваад явсан. ...Надад шүүгдэгч ******* хохиролд 10,000,000 төгрөг өгсөн, би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гэж нэхэмжлэхгүй. Мөн би шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. ...Би цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24/,
гэрч “...Гэрийн гадаа очиход нөхөр согтуу архи уусан байдалтай гарч ирснээ “чи яагаад утсаа авахгүй байгаа юм” гэснээ жолоочийн хаалга онгойлгоод “чи миний эхнэртэй ямар холбоотой хүн бэ” гэж хэлээд шууд нүүр рүү нь цохиод, мөн өшиглөсөн. Тэгснээ хаалганых нь салхивчийг хугалсан, мөн жолоочийн хаалгыг цохиод түлхээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 209 тоот “...*******ын биед тархи доргилт, баруун чамархай, хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал, хэлний баруун хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42/, гэрч мэдүүлэг /хх-ийн 31-32/, “БанХас” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36/, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 890,700 төгрөгийн хохирол тус тус учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хуулийн шаардлагад нийцсэн байхаас байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 890,700 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол, хор уршигт 10,000,000 төгрөгийг төлсөн байна. Шүүх хуралдаанд хохирогч ******* нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх боловч цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлтийг гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* нь хохирогч *******од 10,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүрлүүд овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 890,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******од гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 10,000,000 /арван сая/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА