| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0179/э |
| Дугаар | 2024/ШЦТ/185 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2421001440214 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цагаан *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдаж байсан,
мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 30 хоногийн хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, хороолол тоотод маргалдан улмаар нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “...зулайн хуйх, баруун нүдний доод зовхи, доод уруулын доод хэсгийн язарсан шарх, эрүүний цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, тоотод согтуугаар хохирогч маргалдан улмаар нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, түүний биед зулайн хуйх, баруун нүдний доод зовхи, доод уруулын доод хэсгийн язарсан шарх, эрүүний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...22 цагийн орчимд ахын хувьд хувцсыг нь тайлаад байсан учир би ахад хандан “та болиоч” гэж хэлсэн чинь надад хандаж “чамд хамаагүй” гэхээр нь би уурлаж түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Намайг цохисны дараа ахын хамраас цус гоожоод байсан бөгөөд хамт байсан хүмүүсийн нэг нь эмнэлэг рүү дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Би 2024 оны 03 дугаар сарын 19-ний орой гэртээ буюу Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, тоотод хуурай дүү , , бид дөрөв байж байтал орой 19 цагийн орчим ******* ирсэн бөгөөд нэг шил архи авах шиг болсон. Бид нар архи уугаад байж байхад орой 22 цагийн орчим ******* миний нүүр хэсэгт ууж байсан архины шилээрээ нэг удаа цохисон. Тухайн цохилт нь миний эрүүний баруун доод хэсэгт туссан. Би *******ыг яагаад намайг цохисон талаар мэдэхгүй байна, ямартай ч бид нар архи ууж дуусаад хэвтэх гэж байсан бөгөөд миний хувьд гэрийнхээ хойд орон дээр хэвтэж байсан. Миний хажууд хэвтэж байсан. , хоёр манай гэрийн зүүн орон дээр хэвтэж байсан. ******* нь гэнэт босож ирээд ууж дуусгасан архины шилээр миний эрүүний баруун доод хэсэгт цохисон. Би түүний өөдөөс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Дараа нь ******* гартаа барьж байсан архины шилээрээ дахин нэг удаа цохисон бөгөөд тухайн шил нь хагарч уг шилний хагархай үсэрч миний баруун нүдний хажуу чамархай хэсэгт зүссэн. ******* архины шил нь хагарсан учир дахин миний биед халдаагүй. ...Надад энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй. Учир нь намайг цохисон ******* гэх залуу надтай ирж уулзаад уучлалт гуйж бид хоёр хоорондоо учир зүйгээ олсон учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хувьд эмчилгээндээ зарцуулсан мөнгө төгрөг байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. ...Надад сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-15/,
гэрч Б. “...Бид дөрвийг архи уугаад сууж байхад гаднаас ******* орж ирсэн бөгөөд бидэнтэй хамт архи уусан. Ингээд архиа ууж дуусаад бид нар бүгдээрээ амрах гээд хэвтсэн бөгөөд хойд орон дээр нь би, ах, ******* бид 3 хэвтэж зүүн талын орон дээр , нар хэвтсэн. Хэвтэж байхад ах миний хувцсыг тайлах гэж оролдоод байсан бөгөөд энэ үед ******* намайг өмөөрч ахыг “боль” гэж хэлэхэд чамд хамаагүй гээд загнаад байсан. ******* уурлаж ахыг цохисон бөгөөд би түүнийг юугаар цохиж байгааг нь хараагүй ямартай ч гэгчийн уруул болон баруун нүдний дээд хэсэгт хавдаж цус гарч байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж , ******* нарыг авч явсан бөгөөд хаашаа авч явсан талаар би мэдэхгүй байна. Миний хувьд ахын гэрт нь унтаж амраад өглөө нь гэрийг нь онгорхой орхиод тэдний гэрээс явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 178 тоот “... биед зулайн хуйх, баруун нүдний доод зовхи, доод уруулын доод хэсгийн язарсан шарх, эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шарх тус бүртээ болон бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА