| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0609/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/603 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,
Улсын яллагч С.Эрдэнэбаяр,
Хохирогч М.Н ,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э т холбогдох эрүүгийн 2409010800612 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Asus” маркийн зөөврийн компьютерыг “...” нэртэй ломбардад 3,000,000 төгрөгөөр барьцаанд тавьж, улмаар зээлээ төлж эд зүйлээ авч чадахгүйн улмаас зөөврийн компьютерыг авах зорилгоор хохирогч М.Н аар ломбардын 3,200,000 төгрөгийг төлүүлж эд зүйлээ буцаан авсны дараа түүнд мөнгөө өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Н аас зөөврийн компьютерыг авч яван бусдад 3,200,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд “...шүүгдэгч Г.Э нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Asus” маркийн зөөврийн компьютерыг “...” нэртэй ломбардад 3,000,000 төгрөгөөр барьцаанд тавьж, улмаар зээлээ төлж эд зүйлээ авч чадахгүйн улмаас зөөврийн компьютерыг авах зорилгоор хохирогч М.Н аар ломбардын 3,200,000 төгрөгийг төлүүлж эд зүйлээ буцаан авсны дараа түүнд мөнгөө өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Н аас зөөврийн компьютерыг авч яван бусдад 3,200,000 төгрөгийн хохирол учруулж залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч М.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ломбарднаас эд зүйл чөлөөлдөг ажил хийдэг ба 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ... гэх дугаартай Э гэх хүний нөүтбүүк Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбарданд байна, чөлөөлөөд өг гэсэн. Тэгээд би тухайн ломбарднаас Э гэх хүний нөүтбүүкийг 3,200,000 төгрөгөөр зээл чөлөөлж авсан ба өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Э гэгч нь над руу залгаад өнөөдөр наад нөүтбүүкийг чинь хүн худалдаж авна, би зараад таны мөнгийг өгнө гэсэн. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны хажууд 22 цагийн үед уулзсан ба эндээс хүн гарч ирнэ, хүлээж байгаарай гэсэн бөгөөд бид 22 цаг өнгөртөл хүлээсэн. Тэгээд машинаас буугаад нөгөө хүнтэйгээ утсаар ярьж байгаад 00 цагийн үед нөүтбүүкээ аваад ертөнцийн зүгээр баруун хойшоо гүйгээд зугтсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан. Надад нийт 3,200,000 төгрөгийн хохирол учраад байна. Би зээл чөлөөлөх ажил хийдэг ба тухайн Э гэх залуу нь надтай холбогдож ломбардаас нөүтбүүк чөлөөлөөд өг гэсэн тул би чөлөөлж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр компьютероо авхуулсан. Орой 22 цагт хүнд зарна гэсэн тохироогоор авсан. Ломбард 18 цагаас хаах байсан учир тэрнээс өмнө компьютероо авсан. Авах байсан хүн нь ирж аваагүй. 3 хоногийн дараа намайг дуудсан. 10 цагийн үед ирж уулзсан. 12 цаг хүртэл хүлээсэн. Хүн ирж авна гэж итгэл байхгүй болсон. Утсаар ярьж байгаад нэг харсан алга болсон байсан. Утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. “Маргааш мөнгийг чинь өгнө. Боломжтой айлын хүүхэд учир асуудалгүй өгнө. Та цагдаад хэлэх юм бол мөдгүй” гэж хэлж байсан. Тэгээд би итгээгүй учир цагдаад дуудлага өгсөн. 3,200,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Нөүтбүүкийг 2,000,000 төгрөгөөр ... компьютер нэртэй ломбардад зээлийн барьцаанд тавьсан баримт /хх-ийн 23 дугаар тал/,
Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Найз охины хамт түрээсийн байранд амьдардаг. 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хятад улс руу яваад шөрмөсөө тасалсан учир эрүүл мэндийн байдал муудаж хагалгаанд орсон. Хэвтрийн байдал сахиж 4 сар болж би асарч халамжилж байсан. Ажлаасаа хүртэл гарсан. Өмнө нь М.Н ахаас зээл авч, солилцож өгч байсан. М.Н ахыг ойлгох байх гэж бодож буруу үйлдэл хийсэн...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Asus” маркийн зөөврийн компьютерыг “...” нэртэй ломбардад 3,000,000 төгрөгөөр барьцаанд тавьж, улмаар зээлээ төлж эд зүйлээ авч чадахгүйн улмаас зөөврийн компьютерыг авах зорилгоор хохирогч М.Н аар ломбардын 3,200,000 төгрөгийг төлүүлж эд зүйлээ буцаан авсны дараа түүнд мөнгөө өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Н аас зөөврийн компьютерыг авч яван бусдад 3,200,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Г.Э т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал шүүгдэгч Г.Э ын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Э ыг “Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Н т 3,200,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Э нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Г.Э аас 3,200,000 төгрөг гаргуулж хохирогч М.Н т олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Г.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна…” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Э аас “...ажилд орсон учир өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 28 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э аас 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Н т олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН