| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0495/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/532 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,
улсын яллагч Б.Билгүүн,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Д-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405008450732 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 16-нд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, Н овогт Д-ийн Б.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа.” гэв.
Гурав: Эрүүгийн 2405008450732 дугаартай хэргээс
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Н-ийн өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Модны хоёрт зүс таних дүү Б-той хамт нэрийг нь мэдэхгүй зочид буудалд орсон юм. Тус буудалд Б-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд би тухайн өдөр хамт архи ууж байгаад гэр рүүгээ явсан ба маргааш нь дахин тус буудалд дүү Б дээр ирж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Би өмнөх өдөр нь гэр рүүгээ явахдаа түүний виза картыг авч явсан юм. Тухайн картаас 30.000 төгрөг аваад таксидаад гэртээ харьсан. Өглөө нь дүүд тухайн виза картыг авч явсан талаар хэлсэн. Би Б-той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Б нь согтоод надад агсам тавьж улмаар миний биед халдсан. Би Б-той 2021 онд Б-той самарт явж байгаад танилцсан юм. Түүнээс ямар нэгэн дотно харилцаагүй. Миний чих, дух хэсэгт цохиж гэмтээсэн. Би Б-ын биед халдсан үйлдэл байхгүй. Би тухайн маргаан ямар шалтгаанаас болж үүссэн талаар мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)
2. Хүний биед хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-28 дахь тал)
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2040 дугаартай “Ж.Н-ийн биед зүүн хөмсөг, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Д.Б-ын өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсан. Тус тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал)
5. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 38 дахь тал)
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зочид буудалд хохирогч Ж.Н-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал,баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Ж.Н-ийн өгсөн: “...Би Б-той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Б нь согтоод надад агсам тавьж улмаар миний биед халдсан...Миний чих, дух хэсэгт цохиж гэмтээсэн. Би Б-ын биед халдсан үйлдэл байхгүй. Би тухайн маргаан ямар шалтгаанаас болж үүссэн талаар мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүний биед хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-28 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2040 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), яллагдагчаар Д.Б-ын өгсөн: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй өөр нэмж ярих юм байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч Ж.Н-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ж.Н-тай маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ж.Н-ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хэрэгт хохирогчоос “Med Trauma” эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэсэн 150.000 төгрөгийн, гэмтлийн зэрэг тогтоох үзлэг шинжилгээний нийт 8.586 төгрөгийн, тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамрын шинжилгээ оношилгоо хийгдсэн 150.000 төгрөгийн Дуб ХХК-ийн баримт нийт 308.586 төгрөгийн хохиролтой холбоотой баримтууд нь энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-оос 308.586 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Н-д олгохоор шийдвэрлэв.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Долоо: Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б-ыг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н овогт Д-ийн Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-оос 308.586 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Н-д олгосугай.
6. Хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ