| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0498/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/522 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,
улсын яллагч Ц.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Б-ын Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405003870811 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эх, ах нарын хамт *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, Ж овогт Б-ын Т.
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд үйлчлүүлж байсан Д.Д-тэй нэг ширээнд сууж танилцан, итгэл төрүүлэн хуурч “гар утсаа өгч байгаач, гар утсаар чинь хүнтэй яриад өгье” гэж түүний “iPhone 14 pro max” загварын гар утсыг авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Б.Т нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд үйлчлүүлж байсан Д.Д-тэй нэг ширээнд сууж танилцан, итгэл төрүүлэн хуурч “гар утсаа өгч байгаач, гар утсаар чинь хүнтэй яриад өгье” гэж хэлж түүний “iPhone 14 pro max” загварын гар утсыг авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Хохирогч Д.Д-ийн “Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд 4 найзын хамт 22 цагийн орчимд үйлчлүүлсэн. Тухайн бааранд үйлчлүүлж байх үедээ 0.75 литрийн хэмжээтэй “Эдэн” гэх нэртэй архи найзуудын хамт хувааж ууж байх үед үл таних залуу ирж танилцаад нэг ширээнд хамт суухаар болсон. Нэлээд байж байгаад би бүжгийн талбай руу гарч бүжиглэж байгаад буцаад ширээн дээр ирэхэд тухайн үл таних залуу гар утсаа өгч байгаач, гар утсаар чинь хүнтэй яриад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгчхөөд тамхины өрөө рүү явсан. Тэгээд баар хаах болоод гарах гээд гар утсаа үзсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, хяналтын камерыг шүүж үзэхэд танилцахаар ирсэн үл таних залуу миний гар утсыг өгөлгүй шууд тухайн баарнаас гараад явсан байсан. Би тэр залууг дахин харвал сайн танина. Би алдагдсан “iPhone 14 pro max” маркийн гар утсаа 2023 оны 8 дугаар сард 5.999.000 төгрөгөөр “Сайн электроникс” дэлгүүрээс худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
“Ашид билгүүн” ХХК-ийн “iPhone 14 pro max” загварын гар утсыг 3.800.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-25 дахь тал)
Таньж олуулах ажиллагаа явуулсан “хохирогч Д.Д нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд танилцаж, миний “iPhone 14 pro max” маркийн гар утсыг авч явсан эрэгтэй хүний зураг 3 дугаарын хүн мөн байна. Би монхор хамар, нүдний хэлбэр зэргээр нь сайн таньж байна” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-35 дахь тал)
“Мобиком” ХХК-ийн хэрэглэгч Д.Д-ий *** дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт (хавтаст хэргийн 43-45 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...тухайн сэжигтэй этгээд нь алдагдсан гар утсыг аваад 03 цаг 10 минут 52 секундэд хохирогчийн гар утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 49-51 дэх тал)
Яллагдагчаар Б.Т-ийн “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.Д “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж, хохирогчийн эзэмшлийн “iPhone 14 pro max” загварын 3.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаар яриад буцааж өгөх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээр хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авчээ.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.Д нь шүүгдэгч Б.Т-ийн худал үгэнд хууртаж өөрийн эзэмшлийн гар утсаа сайн дураараа шилжүүлэн өгсөн, шүүгдэгч нь дээрх аргаар хохирогчийн эд зүйлийг өөрийн захиран зарцуулах боломжид хууль бус аргаар авсан нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Б.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Д-д 3.800.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “хохирлоо бүрэн барагдуулсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 81 дэх тал)-д авагдсан байх тул энэ хэрэгт шүүгдэгч Б.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгч Б.Т-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Т нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж овогт Б-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Хэрэгт Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ