| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0533/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/561 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч Н.Н /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Н-ийн Н-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405000000710 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод “архи нэхлээ” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.У-ыг гараараа нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь хамтран амьдрагч Г.У-тай 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүнийг “архи нэхлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унагаан эрүүл мэндэд нь хамар ясны хугарал нүүр, баруун мөр, баруун ташаа, хоёр өгзөг, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.У-н “...2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо *** тоотод нөхөр Н-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд архи ууж байх явцад би нөхрөөсөө дахиад архи нэхсэн бөгөөд манай нөхөр надад архи өгөхгүй гээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод унагаасан. Тэгэхэд би цементэн шалан дээр нүүрээрээ унасан бөгөөд босоод ирэхэд дахиад намайг нэг удаа хүчтэй цохиод унагаасан би унахдаа дахиад цементэн шал нүүрээрээ мөргөөд газарт унасан. Тэрнээс хойш юу болсон юм мэдэхгүй санахгүй байна нэг сэрэхэд өглөө нүүр ам аймаар болчихсон сэрсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
Гэрч Н.Г-ийн “...2023 онд манай охиныг 3 удаа зодож байсан, охин зодуулчхаад над руу гүйгээд ирдэг байсан. Тухайн асуудлаа бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. 2024 онд бол сүүлийнхтэй нийлээд 3 удаа зодож байна. Би он сар өдрийг нь яг тэдэнд гээд хэлж чадахгүй байна. Тэгээд гол нь манай охиныг зодох болгондоо дандаа хүн харахын эцэсгүй болгож нүүр амыг нь юу ч үгүй хөх няц болтол зодоод байдаг юм. Тэр өдөр над руу У залгаад ээжээ та хүрээд ирээч би үхэх гээд байна нүүр ам аймаар болчхоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н-ын гэрт яваад очтол У Н нар хоёулхнаа байсан бөгөөд миний охины нүүр ам аймаар болчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгтөл Н ээжээ уучлаарай гэж хэлчихээд зугтаагаад яваад өгсөн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4932 дугаартай шинжээчийн “Г.У-н биед хамар ясны хугарал нүүр, баруун мөр, баруун ташаа, хоёр өгзөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 69 дэх тал)
Яллагдагч Н.Н-ын “...2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод эхнэр У-ын хамт архи согтууруулах ундааны зүйл /2 шил 0.75л архи/ хэрэглэсэн. Тэгээд архиа ууж дуусгаад байж байтал манай эхнэр надаас дахиад архи нэхээд эхэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ хандан одоо тайвшраад унтчих гэтэл юм авч шидээд агсраад байсан. Тэр үед миний уур хүрээд нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод унагаасан. У унахдаа цементэн шалан дээр нүүрээрээ унасан бөгөөд босоод ирэхээр нь би дахиад нүүрэн тус газарт нь гараараа гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохиод дахин газарт унагаасан. У дахин унах үедээ дахиад цементэн шалан дээр нүүрээрээ унасан. Тэгээд би У-ыг босгож ирээд аргадаж байгаад унтуулсан. У өөрөө архи нэхээд байхаар нь уур хүрээд цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи нэхлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Г.У-н нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унагаасны улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан хамар ясны хугарал нүүр, баруун мөр, баруун ташаа, хоёр өгзөг, гуянд цус хуралт гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоо тогтоогджээ.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.У-н нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унагаан биед нь хамар ясны хугарал нүүр, баруун мөр, баруун ташаа, хоёр өгзөг, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүх шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.У-д учирсан хөнгөн хохиролд хохирогчоос “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), мөн хохирогчоос “...өөрийн нөхөр Н-аас нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 74 дэх тал)
Мөн шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгч Н.Н-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгч Н.Н-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Н-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт шүүгдэгч Н.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ