Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 118/ШШ2018/0011

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, Ажилгүй байсан үеийн нөхөн олговор олгуулах, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн эрх бүхий албан тушаалтны хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл гаргуулах, Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн хорооны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, тус газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/82 дугаар сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Ч.Цолмонтуяагийн нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.13, 13.1.4, 13.1.5, 13.1.7, 15 дугаар зүйлийн 15.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, 26.7, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.4, 5.3.1, 5.4.4, Байгууллагын ёс зүйн хорооны 2018 оны 01 тоот дүгнэлт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.10, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаврын 1.1 дэх заалтуудыг баримтлан намайг ажлаас халсан Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 тоот тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энд заагдсан зөрчил дутагдлыг би гаргаагүй, ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлаар буруутгасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь би ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй байхад ийм арга хэмжээ авсан. Мөн Засгийн газрын албан даалгаврыг үндэслэж төрийн албанаас халах үндэслэл байхгүй. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь ажлаас халахдаа урьдчилж мэдэгдээгүй, Ажлаас халах үед би жирэмсэн байсан. Урьдчилан шийдвэрлүүлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. 99041520 дугаараас лавласан боловч газар дээр нь шалгасан танилцуулга бичиж байна гэсэн хариу мэдэгдсэн гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч.Цолмонтуяа нь танай шүүхэд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэтэл Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь намайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гарч 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилд эгүүлэн томилсон. Иймд би Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Цолмонтуяа нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын даргын 2018 оны Б/02 дугаар тушаалын улмаас өөрийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан хүсэлтйг шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан иргэн Ч.Цолмонтуяагийн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, Ажилгүй байсан үеийн нөхөн олговор олгуулах, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн эрх бүхий албан тушаалтны хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл гаргуулах, Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн хорооны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, тус газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/82 дугаар сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цолмонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР