Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

        

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч А.Дүүрэнбилэг   

                                 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун   

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000023 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1980 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Хатанбулаг сум Сулинхээр 4 дүгээр баг Сөөг гэх газар оршин суух, малчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, Бичигт овогт Оролмаагийн Баярмаа /РД: ЕЛ80031911/,

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1976 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Хатанбулаг сум Сулин хээр 4 дүгээр баг Бор цав гэх газар оршин суух, малчин ажилтай, урьд ял шийтгэлгүй Баян-Овоо овогт Борхүүгийн Батмөнх /РД: ЕЛ76122311/ нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлс‎эн эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

 

Шүүгдэгч Б.Батмөнх, О.Баярмаа нар нь бүлэглэн, мотоцикл ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Мөнгөнхөлөгийн эзэмшлийн соёолон, хязаалан насны 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 1 500 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

           

Шүүгдэгч О.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 05-ны өдөр Хатанбулаг сум руу цэргийн бүртгэл өгөх гэж явсан. Суман дээр очоод цэргийн бүртгэлээ өгчихөөд Сулинхээр гэдэг газар руу Эрдэнэ-Олдохтой уулзахаар явсан. Эрдэнэ-Олдох гэртээ алга байсан. Би Эрдэнэ-Олдоход түрүүнд нь үхэр өгөөч гэж уулзсан байсан. Эрдэнэ-Олдох надад үхэр өгнө гэж байсан. Тухайн үед Эрдэнэ-Олдохтой уулзах гэхэд алга байсан ба буцах замдаа үхрээс нь хоёр үхэр авсан. Үхэр авахдаа Эрдэнэ-Олдохтой уулзаагүй авсан. Үхрээ Батмөнхийн гадаа аваачиж янзлаад Ханги-Мандалын боомт дээр аваачиж зарсан гэв.   

 

Шүүгдэгч Б.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 05-ны өглөө О.Баярмаа бид хоёр цэргийн бүртгэлд явсан. Суман дээр очиж цэргийн бүртгэлээ өгчихөөд Эрдэнэ-Олдохтой уулзахаар урагшаа явсан. Эрдэнэ-Олдохын гэрт нь очиход хүн байгаагүй учраас гэрээс нь баруун тийш яваад үхэртэй нь таараад урьд нь Эрдэнэ-Олдохоос гуйж байсан гээд үхрээс нь хоёр үхэр авч яваад манай гадаа хүргүүлж, үхрээ манай гадаа янзалсан гэв.   

 

            Шүүгдэгч О.Баярмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 05-ны өдөр … Батмөнх бид хоёр миний өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Санни маркийн мотоциклтой Хатанбулаг сумын төв дээр очоод би цэргийн үүрэгтний үнэмлэхээ бүртгүүлчихээд шууд манай хөдөө гэрээс зүүн зүгт 40 орчим км зайд байдаг Эрдэнэ-Олдохтой уулзах санаатай гэрт нь очиход хүнгүй, хаалга цоожтой байсан. … Эрдэнэ-Олдохын гэрээс баруун зүгт 10 орчим км газарт байсан үхэрнүүдээс хязаалан насны, улаан зүсмийн 1 үхэр, мөн соёолон насны улаан зүсмийн хар үхрийг мотоциклоороо бид хоёр туугаад Батмөнхийн гэрийн гадаа аваачаад … 2017 оны 01 сарын 06-ны үдээс хойш Батмөнхийн гэрт очоод бид хоёр хулгайлсан хоёр үхрээ янзлаад, 2017 оны 01 сарын 07-ны өдөр би ганцаараа мотоциклтой Ханги-Мандалын боомт руу явсан. Тухайн өдрөө Ханги-Мандалын боомт дээр Батмөнх ганцаараа машинтай хулгайлсан хоёр үхрээ авчаад ирсэн. Бид хоёр Бямбажавт 1 кг үхрийн махыг 4500 төгрөгөөр бодож өгсөн. Хоёр үхэр нийлээд 250 кг, 1 125 000 төгрөг болсон гэсэн мэдүүлэг /хх 91-92/,

 

            Шүүгдэгч Б.Батмөнх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 01 сарын 05-ны өдөр О.Баярмаагийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклтой цэргийн үүрэгтний үнэмлэхээ бүртгүүлэх санаатай Хатанбулаг сумын төв ороод бүртгүүлчихээд Баярмаа Эрдэнэ-Олдохтой уулзана гээд хамтдаа Эрдэнэ-Олдохын гэрт очиход хүн байхгүй байсан. Гэрээс нь 10 орчим км зайд байсан Эрдэнэ-Олдохын үхэр дээр очоод хязаалан насны улаан зүсмийн 1 үхэр, соёолон насны улаан хүрэн зүсмийн үхэр нэгийг бид хоёр мотоциклоороо туугаад манай гэрийн гадаа аваачаад Баярмаа маргааш ирье, хамтдаа үхрээ янзалъя гээд яваад өгсөн. Баярмаа 2017 оны 01 сарын 06-ны орой манай гэрт ирээд хоёр тооны үхрээ янзалсан. Баярмаа үхрийн ширээ мотоцикл дээрээ ганзагалаад аваад явсан. Би 2017 оны 01 сарын 07-ны орой өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр тооны үхрийн махаа ачаад Ханги-Мандалын боомт дээр очиход Баярмаа түрүүлээд оччихсон байсан. Бямбажавт Баярмаа махаа худалдсан. Надад бензины мөнгө гээд 300 юань өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 101-102/,

 

            Хохирогч Ө.Мөнгөнхөлөг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манай мал миний төрсөн ах Ө.Эрдэнэбатын гэрт байдаг юм. 2017.01.06-ны өдөр манай мал бэлчээрээсээ ус уух гээд Орой ханан бууцны усанд ирсэн. Би малаа бүртгэхэд манай үхэрнээс соёолон насны улаан хүрэн өнгийн, буруу талын чихлээс үзүүрээсээ тайрмал имтэй 1 тооны үхэр, хязаалан насны улаан хүрэн өнгийн эвэргүй тоймог 1 тооны үхэр байхгүй байсан … Батмөнх надад бэлнээр 5000000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

 

            Гэрч Э.Гэрэлт-Од мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … 2017 оны 01 сарын 10-ны өдөр үхэр байсан Хатанбулаг сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урагш 40 км зайд байрлах газраас цааш 50-60 км газарт мөр мөгшиж Б.Батмөнхийн гэрээс 1 км орчмын цаана хүрээд мөр алдагдсан. Батмөнхийн гэрт ороод уулзахад Мөнгөнхөлөгийн 2 тооны үхрийг нядалж хулгайлан аваад махыг Ханги-Мандалын боомт дээр зарсан талаар хэлсэн. … Батмөнхийн эхнэр үхрийн толгой шийрийг шатааж утсгасан байсан бөгөөд хоёр үхрийн ширнүүд хаана байгаа талаар асуухад манай илүү гэрт байгаа гэсэн тул Баярмаагийн гэрт очсон. Баярмаагаар заалгадах их гэрийнхээ зүүн талд байх жижиг гэрт орж хоймор хэсгийг ухаж 40 см орчим гүнээс хоёр үхрийн ширнүүдийг гаргаж ирсэн … гэсэн мэдүүлэг /хх 36-37/,

 

            Гэрч Т.Эрдэнэчулуу мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.01.05-ны өглөө манай нөхөр сумын төв орж цэргийн бүртгэлд бүртгүүлнэ гээд өөрийн 19-26 ДГО улсын дугаартай, УАЗ-469 машинтай явсан юм. Баярмаатай хамт явна гээд машинаа гадаа нь үлдээгээд цаашаа мотоциклоор явна гээд явсан. Тэр шөнөдөө манай нөхөр суман дээрээс ирсэн. Намайг өглөө босоход гэрийн урд талын жалганд бараан зүстэй 2 үхэр байгаа бололтой байсан. … би нөхөрөөсөө юун үхэр юм бэ гэхэд Баярмаагийн үхэр байгаа юм гэж хэлсэн. Тэр өдөртөө … үдээс хойш байх Баярмаа манайд ирээд л манай нөхөртэй хамт тэр 2 үхрийг хийсэн. Маргааш нь манай нөхөр Баярмаагийн үхрийг махыг хүргэж өгнө гээд явсан … гэсэн мэдүүлэг /хх 39-40/,

 

            Гэрч Р.Төмөрболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 сарын ‎эхээр 08, 09-ний өдөр байх … найз Баярмаа залгаад Ханги-Мандалын боомт орж хоёр үхэр мөнгө болгох гэсэн юм, чи машиндаа ачаад хүргээд өгөөчээ гэж хэлэхэр нь би өөрийн эзэмшлийн шар өнгийн 84-38 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг унаад Баярмаагийн гадаа очиход гэрийн гаднаа хоёр үхэр нядалчихсан байсан. Хоёр үхрийн ширийг харахад улаан зүсмийн шүдлэн насны үхрүүд байсан. Тэгээд хоёр үхрийг ачаад Баярмаа бид хоёр Ханги-Мандалын боомт ороод нэг танихгүй ченжид махаа тушаагаад гэр рүүгээ харьсан гэсэн мэдүүлэг /хх 43-44/,

 

”Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-27/,

”Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-79/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 23/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73-74/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Батмөнх, О.Баярмаа нар нь бүлэглэн, мотоцикл ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Мөнгөнхөлөгийн эзэмшлийн соёолон, хязаалан насны 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 1 500 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч О.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Эрдэнэ-Олдохтой уулзах гэхэд алга байсан ба буцах замдаа үхрээс нь хоёр үхэр авсан. Үхэр авахдаа Эрдэнэ-Олдохтой уулзаагүй авсан. Үхрээ Батмөнхийн гадаа аваачиж янзлаад Ханги-Мандалын боомт дээр аваачиж зарсан ... гэв, шүүгдэгч Б.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Эрдэнэ-Олдохын гэрт нь очиход хүн байгаагүй учраас гэрээс нь баруун тийш яваад үхэртэй нь таараад ... үхрээс нь хоёр үхэр авч яваад манай гадаа хүргүүлж, үхрээ манай гадаа янзалсан гэв,  шүүгдэгч О.Баярмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Эрдэнэ-Олдохын гэрээс баруун зүгт 10 орчим км газарт байсан үхэрнүүдээс хязаалан насны, улаан зүсмийн 1 үхэр, мөн соёолон насны улаан зүсмийн хар үхрийг мотоциклоороо бид хоёр туугаад Батмөнхийн гэрийн гадаа аваачаад … 2017 оны 01 сарын 06-ны үдээс хойш Батмөнхийн гэрт очоод бид хоёр хулгайлсан хоёр үхрээ янзлаад, 2017 оны 01 сарын 07-ны өдөр би ганцаараа мотоциклтой Ханги-Мандалын боомт руу явсан. ... Бид хоёр Бямбажавт 1 кг үхрийн махыг 4500 төгрөгөөр бодож өгсөн. Хоёр үхэр нийлээд 250 кг, 1 125 000 төгрөг болсон гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Батмөнх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Эрдэнэ-Олдохын үхэр дээр очоод хязаалан насны улаан зүсмийн 1 үхэр, соёолон насны улаан хүрэн зүсмийн үхэр нэгийг бид хоёр мотоциклоороо туугаад манай гэрийн гадаа аваачаад ... Баярмаа 2017 оны 01 сарын 06-ны орой манай гэрт ирээд хоёр тооны үхрээ янзалсан. ... Би 2017 оны 01 сарын 07-ны орой өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр тооны үхрийн махаа ачаад Ханги-Мандалын боомт дээр Бямбажавт Баярмаа махаа худалдсан. Надад бензины мөнгө гээд 300 юань өгсөн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ө.Мөнгөнхөлөг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.01.06-ны өдөр ... малаа бүртгэхэд манай үхэрнээс соёолон насны улаан хүрэн өнгийн, буруу талын чихлээс үзүүрээсээ тайрмал имтэй 1 тооны үхэр, хязаалан насны улаан хүрэн өнгийн эвэргүй тоймог 1 тооны үхэр байхгүй байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Э.Гэрэлт-Од мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Батмөнхийн гэрт ороод уулзахад Мөнгөнхөлөгийн 2 тооны үхрийг нядалж хулгайлан аваад махыг Ханги-Мандалын боомт дээр зарсан талаар хэлсэн. … гэсэн мэдүүлэг, гэрч Т.Эрдэнэчулуу мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... гэрийн урд талын жалганд бараан зүстэй 2 үхэр байгаа бололтой байсан. … би нөхөрөөсөө юун үхэр юм бэ гэхэд Баярмаагийн үхэр байгаа юм гэж хэлсэн. Тэр өдөртөө … үдээс хойш байх Баярмаа манайд ирээд л манай нөхөртэй хамт тэр 2 үхрийг хийсэн. Маргааш нь манай нөхөр Баярмаагийн үхрийг махыг хүргэж өгнө гээд явсан … гэсэн мэдүүлэг, гэрч Р.Төмөрболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Баярмаагийн гадаа очиход гэрийн гаднаа хоёр үхэр нядалчихсан байсан. Хоёр үхрийн ширийг харахад улаан зүсмийн шүдлэн насны үхрүүд байсан. Тэгээд хоёр үхрийг ачаад Баярмаа бид хоёр Ханги-Мандалын боомт ороод нэг танихгүй ченжид махаа тушаагаад гэр рүүгээ харьсан гэсэн мэдүүлэг, ”Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Батмөнх нь энэ гэмт хэргийг О.Баярмаатай бүлэглэж үйлдээгүй ба сур болгох зорилгоор үхрийн ширийг нүхэнд булж, нохой тараагаад байсан учраас үхрийн шийр, толгойг шатаасан, мотоциклийн дугуй муудсан байсан учир сольсон бөгөөд Эрдэнэ-Олдохоос гуйсан үхрийг авсан гэж мэтгэлцэх боловч шүүгдэгч нар нь үхрүүдийг хулгайлсан өдрөө мотоциклийн дугуйг сольсон, үхрүүдийг авахдаа эзэнд нь хэлээгүй, ийм ч учраас Эрдэнэ-Олдох Баярмаад өгнө гэсэн байдлаар түүнийг сэжиглээгүй байдал, хулгайлагдсан үхрийн шир, мах, толгой, шийрийг устгах, нуун далдлах, зарж борлуулах зорилгоор үйлдсэн ба үхрийн махыг зарсан үнээс шүүгдэгч Б.Батмөнх нь мөнгө авсан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ.   

 

Иймд шүүгдэгч О.Баярмаа, Б.Батмөнх нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ө.Мөнгөнхөлөг нь мөрдөн байцаалтын шатанд хоёр үхрийн үнэ 4 400 000 төгрөг, үхрээ хайхад гарсан зардал 300 000 төгрөг, нийт 4 700 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Батмөнх нь 5 000 000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр мотоциклийн 2 ширхэг дугуйг хураасан гэх боловч хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоол болон тэмдэглэлээр уг дугуйг хураагаагүй, шүүхэд ирээгүй болно.

 

Хэрэгт ‎эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн 2 ширхэг үхрийн ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017.01.30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч О.Баярмаагийн эзэмшлийн 350000 төгрөгийн үнэ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэсэн, GUAGUN нэртэй банктай, Саняа маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 

           1. Шүүгдэгч Бичигт овогт Оролмаагийн Баярмаа, Баян-Овоо овогт Борхүүгийн Батмөнх нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баярмаад, Б.Батмөнх нарыг тус бүр эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баярмаа, Б.Батмөнх нарт оногдуулсан тус бүр 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баярмаагийн эзэмшлийн 350000 төгрөгийн үнэ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэсэн, GUAGUN нэртэй банктай, Саняа маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 д‎эх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн 2 ширхэг үхрийн ширийг устгасугай.  

 

            7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баярмаа, Б.Батмөнх нарт оногдуулсан тус бүр 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 2 жилийн хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Баярмаа, Б.Батмөнх нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                   Х.ГАНБОЛД