Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 16

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Б

Хариуцагч Д.Б

“Гэм хорын хохирол 980000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 350000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-н гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч,Л.Нямдорж шүүгчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Д.Б-с манайх руу ус алдсан. Тухайн өдөр 6 цагийн  үед ус тасарсан байсан. Тэгээд 9 цагийн үед ус ирээд бид хоол хийж идээд унтсан. Гэтэл шөнө манай нөхөр ус гоожоод байна гээд сэрэхэд гал тогооны өрөө, том өрөө, угаалгын өрөө, коридорт ус орсон байсан. Манай том өрөө, гал тогооны өрөө цуг байдаг учраас нийтдээ ус болсон байсан.

Тэгээд манай дээд талын айл болох Д.Б-н хаалгыг нүдсэн чинь онгойлгож өгөөгүй. Ингээд Онцой байдлын газар руу залгахад Онги ус сувгийн утасны дугаарыг өгсөн. Харин Онги ус сувгийн утас руу залгаж дуудлага өгөхөд шөнө 02 цаг 30 минутын үед ирж усыг хаасан.

Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад Д.Б-н дүү Г, хүү А, Онги-Ус сувгийн ажилтан Б.Ч нар манайд орж ирээд уучлаарай, бүх хохирлыг чинь барагдуулна гэж хэлэхээр нь намайг төрөхөөс өмнө засуулаад өгөөрэй гэхэд хотоос засварчин авчрах гэж байгаа, тэгээд засаад өгнө гэсэн.

Гэтэл Д.Б хөдөөнөөс ирээд манайд орж ирэхгүй байхаар нь утсаар ярихад хүүхэд харж байна гэсэн. Дараа нь манайд нэг удаа орж ирээд та нар яасан сүртэй юм гээд намайг юм ярих боломж олгоогүй. Ингээд бид нар өвөлжингөө хүйтэн орчинд байсан.

Иймд байрны засвар 980,000 төгрөг, шинжээчийн зардал 350,000 төгрөгийг тус тус Д.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б гэр лүү манайх ус алдуулсан нь үнэн. 2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай гэрт засвар хийж байсан хүмүүс шалны цутгалт хийж байгаад ус тасарсан үгүйг нь мэдэхгүй явсан байсан. Тухайн үед би хөдөө явсан байсан.

Энэ байранд би арван жил амьдарч байна. Манай байрны хойшоо харсан айлууд маш хүйтэн байдаг. Заримдаа би өвөл дүүгийндээ амьдардаг байсан. Гэтэл манайхаас болж цанаталт үүсэж, хүйтэн болсон гэж худлаа ярьж байгаад нь гомдолтой байна.

Би хүүтэйгээ тооцож үзэхэд Ц.Б 500,000 төгрөгөөр хангалттай засвар хийхээр байгаа тул 980,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг л төлнө. Харин үлдсэн 480,000 төгрөг, шинжээчийн зардал 350,000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Б-с 500,000 төгрөг гаргуулан Ц.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 830,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,220 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөг гаргуулж Ц.Б олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А миний бие Д.Б-д холбогдох иргэний 145/шш2018/00425 дугаартай хэргийг Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

Хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А миний бие шүүхэд шинжээч томилуулахаар хүсэлт гаргасны дагуу шүүх захирамж гаргаж "Лэндс" ХХК-ийг томилсон. Анхан шатны шүүх нь шинжээч томилчоод гаргасан шийдвэрээ яагаад үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. "Лэндс" ХХК-ийн шинжээч үнэлгээ хийх эрхгүй юм бол гэм хорын хохирлууд яагаад бүгд хэрэгсэхгүй болоогүй юм. Хэрвээ үнэлгээ хийх эрхгүй бол бусад үнэлгээ хийгдсэн гэм хорын хохирлуудад шүүх буруу шийдвэр гаргаж байсан гэж харагдаж байна. Манай хохирлын хэмжээг би өөрийн санаачлагаар үнэлгээний компани сонгож үнэлгээ гаргуулаагүй Шүүх өөрөө үнэлгээний эрхтэй компани сонгож томилчоод шийдвэрээ гаргахдаа яагаад эрхгүй гэсэн дүгнэлтийг шүүх өөрийн санаачлагаар гаргаад байгаа юм бэ? Хуулиараа бол бүхэлдээ хэрэгсэхгүй болно. Шүүх хуулийн ямар үндэслэлээр ямар нотлох баримтыг үндэслэн хохирлын хэмжээг бууруулж байгаа юм. Мөн хариуцагчийн хүсэлтээр Шүүх, Мэргэжлийн хяналтын газраас дахин шинжээч томилуулсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсоор байхад Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэрээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг хариуцагч Д.Б-н хэлсэнээр бууруулж 500,000 төгрөг төлөхөд болно гэснээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн тайлбарт хөтлөгдсөн илт нэг тал руу чиглэсэн шийдвэр гаргасан үлдсэн 480,000 төгрөг, шинжээчийн төлбөр 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулсан шалтгаан нь хангалттай бус хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхээс хэрэгсэхгүй болгосон 480,000 төгрөг, шинжээчийн төлбөр 350,000 төгрөгийг хариуцагч Д.Б нь байрандаа засвар хийж байхдаа паараа шинэчлэн халаалт салгаж халаалтгүй байлгах явцдаа тень залгасан цахилгааны мөнгийг төлнө гэж тохиролцсон учир цахилгааны мөнгө 60,000 төгрөг нийт 890,000 төгрөг нэг бүгд манайд учирсан бодит хохирлыг хуулийн дагуу Д.Б-с нөхөн төлүүлнэ. 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө бүтэн 6-7 цаг нойлын бочикины даралттай ус гоожоод халиад 2 зэрэг шавхаж цэвэрлээд байхад 4 давхараас 1 давхар хүртэл нэвтэрч ороод өглөө 10 цагт хүртэл нойл, кордорын усаа хэзээ мөдгүй төрөх дөхсөн жирэмсэн хүн цэвэрлээд дийлэхгүй байхад хальт орж ирж харчаад дахиж яаж байна гэж ганц удаа ч орж ирээгүй идэр 9-ийн хүйтэнд битүү цана, чийг үнэртээд хана мөөгөнцөрдөж, ногоороод обой хуулараад байхад Д.Б гуайн хананы дотуур хийсэн нэмэлт паарнаас ус гоожоод байхаар нь удаа дараа утсаар хэлэхэд урдаас ээлжилж загнаад байхад нь та ороод хараадах гээд гэрт нь орж гуйгаад байхад орж харах бүү хэл хөөж гаргачаад хэдийдээ 500,000 төгрөгний үнэлгээ гаргасан байх вэ? Д.Б нь энэ олон cap болж байхад явцын дунд манай гэрт нэг ч удаа орж ирж, бодит нөхцөл байдалтай танилцаагүй/ Иймд шүүх ИХШХШТ хуулийг ноцтой зөрчиж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг нь хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 980000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Б-с өөрт учирсан хохирлоо тогтоолгохын тулд шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ шүүх хүсэлтийг хангаж Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.”аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг”, 3.1.2.-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг” хэлнэ гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.” гэж заасан байдаг. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл шинжээчээр томилох гэж байгаа этгээд нь эрх бүхий буюу тусгай зөвшөөрөлтөй эсэхийг шүүх тодруулах үүрэгтэй байна. Гэтэл шүүх энэ үүргээ биелүүлээгүй атал дүгнэлт гаргасан шинжээч нарын заримыг нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэн шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэжээ.  

Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан боловч хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг нь тодруулах үүргээ биелүүлээгүй тул хуульд заасан журмын дагуу хүсэлтийг хангасан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг шүүх хангаагүй, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг  хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг шийдвэрт  өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.     

Нэхэмжлэгчийн гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24470 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны  өдрийн 145/ШШ2018/00425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24470 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.