Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2021/00543

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын Засаг дарга Х.Е-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, Б овогт М-ийн Б-д  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:  М.Б Монгол А-н С-ийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хууль бус эрх бүхий байгууллагын шийдвэргүй дур мэдэн барьсан хувийн модон байшин, хашаа хороо малын пүнзийг албадан нүүлгэх тухай

Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Н сумын 8 дугаар багын нутаг дэвсгэрт орших Улсын Их Хурлын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийн Улсын тусгай хамгаалалтад авах тухай 29 дүгээр тогтоолын 4 дэх хэсэг, Байгаль орчны сайдын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хилийн заагийг батлах тухай” 261 дүгээр тушаалын хавсралтын 3 дахь хэсэгт зааснаар Монгол Алтайн Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа “Б” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хариуцагч М.Б нь 2020 оны 5,6 дугаар саруудад эрх бүхий байгууллагын шийдвэргүй холбогдох газруудад газар ашиглах гэрээ байгуулалгүй дур мэдэн хувийн модон байшин малын хашаа хороо пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж хууль бус ашиглаж байгаа болох нь тогтоогдсон юм. М.Б-д сумын засаг захиргааны улсын байцаагчийн зүгээс зохих арга хэмжээ тооцож зөрчлийг арилгаж, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар шаардлага тавьж ажилласан боловч, удаа дараа маргаан үүсгэж албадан нүүлгэх шаардлагыг биелүүлэхгүй байна. Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Байгалийн цогцолборт” газрын хязгаарлалтын бүсээс газар ашиглуулах тухай шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны яамнаас гаргах бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчны яамны шийдвэрийг үндэслэн сум дүүргийн засаг дарга, хамгаалалтын захиргаа болон газар ашиглах иргэнтэй “газар ашиглах тухай” гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн иргэний газар ашиглах эрх нээгдэх юм. Гэтэл М.Б нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, Монгол Алтайн Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Байгалийн цогцолборт” газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэр газар хувийн модон байшин, хашаа хороо пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж тухайн газрыг хууль бусаар ашиглаж байгаа болох нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2021/00 дугаартай шийдвэр, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалттай захиргааны байцаагчийн зөрчил арилгуулах шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Энэхүү зөрчлийг арилгаж, Н сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагдах Монгол Алтайн Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт зохих зөвшөөрөлгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, дур мэдэн барьсан М.Б-ын байшин, хашаа хороо пүнзийг албадан нүүлгэх нэхэмжлэлийг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шүүхэд шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ногооннуур сумын 8 дугаар багийн нутаг, Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хууль бус барьж ашиглаж байгаа М.Б-ын модон байшин, хашаа хороо малын пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэж тухайн газрыг М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга Х.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Иргэн М.Б нь Алтайн Сийлхэмийн нурууны Б бүсэд хамаарах Б гэх газарт захиргааны зөвшөөрөлгүйгээр хашаа байшин, малын пүнз барьсан. Иймд шүүхээс М.Б-ын зөвшөөрөлгүй барьсан хашаа байшинг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Б миний бие Н сумын Засаг дарга Х.Е-ын тус шүүхэд хуулийг ягштал биелүүлэх дүр эсгэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад түүнийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Засаг дарга Х.Е нь тус газрын асуудлаар маргаан гаргаж байсан Х овогтой Ө-ийн төрсөн ах буюу түүний шүүхэд төлөөлөн оролцож байсан Х.Н-ийн төрсөн хадам ах бөгөөд Захиргааны хэргийн шүүхээс ялагдал хүлээсэнд хонзогнон өширхөж энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. Тус Засаг дарга нь өөрөө хууль зөрчиж, тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Х.Өмиргүлд 5000 м.кв газрыг ашиглуулахаар илт хууль бус захирамж гаргаж байсан нь Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон болно. Харин тус аймаг дахь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа гомдол нэхэмжлэл гааргаагүй байхад Засаг дарга Х.Е нь гэнэт зангаа хувиргаж хуулиа хэрэгжүүлэх дүр эсгэж шударга зантай болсонд малчин би мэл гайхаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болохоор зөвшөөрөгдсөн ба миний бие хаваржааны зориулалтаар малын хашаа байршуулан амьдарч байна. Уламжлалт арга  нь мал нь хашаа хороонд малчин амьдрах байшинтай байх нь гарцаагүй байна. Урьд нь энэхүү маргаантай асуудлаас болж надад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авах боломж олдоогүй бөгөөд 2021 оны 03 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын нэр дээр хүсэлт гаргаж тус газарт мал аж ахуй эрхлэхээр 500 м.кв газар ашиглах зөвшөөрөл олгохыг хүсэж бичгээр хандсан ба одоо болтол хариу ирээгүй байна. М.Б миний бие уг газарт 2010 оноос хойш нь урьд нь оторлож эсгий гэртэй мал маллаж амьдарч байсан бөгөөд хилийн застав болон орон нутгийн засаг захиргаатай гурвалсан гэрээ байгуулан хил орчмыг хамгаалан ажиллаж байсан болно. Иймд нэхэмжлэгч Х.Е-ын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ногооннуур сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Учир нь М.Б нь малын хашаа, пүнз байшингаа Н сумын нутаг дэвсгэрт байрлах Сийлхэмийн нурууны хязгаарлалтын бүсэд барьсан. Үүнийг нэхэмжлэгч бас хүлээн зөвшөөрч байх тул энэ талаар маргаангүй гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар уламжлалт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрдөг. М.Б нь уг газрыг өөрийн өвөг эцэг Ж, эцэг М нараас уламжилж өвлөж авч мал аж ахуй эрхэлж байна. Маргаан бүхий газарт аргагүйн эрхэнд 2020 оны 4 дүгээр сард малын пүнз, хашаа, байшин барьснаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн газар нутгаас 500 метр квадрат газарт уламжлалт мал аж ахуй эрхлэх зөвшөөрөл авахаар хандахдаа Байгал орчны Яамнаас тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон сумын Засаг даргаас уламжилсны дагуу зөвшөөрөл олгоно гэсэн хариу өгснийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Сумын Засаг дарга амаар хариу өгөхдөө хязгаарлалтын бүсэд уламжлалт мал аж ахуй эрхлэх боломжгүй гэсэн хариу өгсөн гэж сая тайлбарласан. Засаг дарга тухайн орон нутгийн малчин иргэдэд уламжлалт мал аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. М.Б нь хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхлэх зорилгогүй, зөвхөн уламжлалт мал аж ахуй эрхлэх зорилготой. Өмнө иргэн Д.Ө-д 500 метр квадрат биш 5000 метр квадрат газар эзэмшүүлж байсныг үндэслээд сумын Засаг даргын зүгээс иргэдэд шударга бусаар хандаж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Анхны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч М.Б-д эвлэрэх санал тавьж, өөр газраас хаваржааны зориулалттай газар зааж өгье гэж байсан. Хариуцагч М.Б нь үүний дараагийн шүүх хуралдаанд биечлэн ирсэн боловч нэхэмжлэгч Ногооннуур сумын Засаг дарга хүрэлцэн иргээгүй учраас түүнтэй уулзаж, эвлэрэх санал гаргаж чадаагүй. М.Б хол газар амьдардаг тул дахин дахин аймгийн төв ирж шүүх хуралдаанд ирж чадахгүй. Тусгай хамгаалалттай, цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт мал аж ахуй эрхэхийг хуулиар зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга Х.Е нь хариуцагч М.Б-ын Монгол Алтайн Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хууль бус эрх бүхий байгууллагын шийдвэргүй дур мэдэн барьсан хувийн модон байшин, хашаа хороо малын пүнзийг албадан нүүлгэхийг хүсжээ.

Хариуцагч М.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хариуцагч М.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина гэж, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн талаар зохицуулсан ба 29 дүгээр зүйлийн 29.1.3. в-д хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах гэж тус тус заасан Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хавтаст хэрэг авагдсан Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2021/0011 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б аймгийн Н сумын 8 дугаар багийн оршин суугчид М.Б, М.Б нарын нэхэмжлэлтэй Н сумын Засаг даргад холбогдох Н сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаар захирамж илт хууль бус акт болохыг тогтоож, Н сумын Засаг даргын А/185 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь заалт, 35 дугаар зүйлийн 1,2 дах заалтууд, 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б, М.Б нараас Н сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Н сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болох”-ыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “Н сумын Засаг даргын А/185 дугаартай захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар “Байгалийн цогцолборт” газрын хязгаарлалтын бүсээс газар ашиглуулах тухай шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны яамнаас гаргах бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д  зааснаар Байгаль орчны яамны шийдвэрийг үндэслэн сум дүүргийн засаг дарга, хамгаалалтын захиргаа болон газар ашиглах иргэнтэй “газар ашиглах тухай” гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн иргэний газар ашиглах эрх нээгдэх юм. Гэтэл М.Б нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус зөрчиж, Монгол Алтайн Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Байгалийн цогцолборт” газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хувийн модон байшин, хашаа хороо пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж тухайн газрыг хууль бусаар ашиглаж байгаа болох нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2021/0011 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байна.

Б аймаг Н сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 12-ний өдрийн А/89 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар тус сумын өмнөх Засаг даргын “Газар ашиглуулах тухай” 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/185 дугаар захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт” гэж шүүх үзсэн тул уг захирамжийг хүчингүй болсонд тооцсугай, ... захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг газрын даамал /Т.М/-т даалгасан эрхийн актыг гаргасан байна.    

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2021 оны 03 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын нэр дээр хүсэлт гаргаж тус газарт мал аж ахуй эрхлэхээр 500 м.кв газар ашиглах зөвшөөрөл олгохыг хүсэж бичгээр хандсан ба одоо болтол хариу ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д зааснаар шүүхээс хариу авахыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авч нэг удаа шүүх хуралдаан хойшлуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 09/2270 дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичигт ... иргэн М.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэр дээр ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр газар ашиглах эрх авах тухай хүсэлт ирүүлсэн байна. Тухайн хүсэлтэд материалын бүрдэл дутуу байсан тул  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09/2263 тоот албан бичгээр хариу өгсөн. Хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09/2263 тоот албан бичгийн хуулбарыг хүргүүлэв гэсэн байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09/2263 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” иргэн М.Б танаа гэсэн байх ба уг албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэр дээр ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлттэй танилцлаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан холбогдох хамгаалалтын захиргаанаас санал дүгнэлт гаргуулан ирүүлэх шаардлагатай тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Хариуцагч С.Б нь Н сумын Т гэдэг газарт өвөлжөөний хашаа хороотой болох нь Н сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н сумын Засаг дарга Х.Е нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай албан бичгийг Хилийн цэргийн 0285-р ангийн захирагч, хурандаа В.Б танаа гэж хүргүүлж байсан байна. 

Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09/8376 дугаартай Монгол Алтай Нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.М танаа “Асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичигт  ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан байтал сумын Засаг дарга нар хууль зөрчин захирамж гарган газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгож байгаа нь Үндэсний аюулгүй байдалд харшлах хүчин зүйл болжээ. Уг хууль бус гарсан захирамжийг баталгаажуулан МА-н нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа гарын үсэг зурсан үйлдэл нь  Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдах нөхцөл бүрдсэн байх тул гэрээг хүчингүй болгох арга хэмжээг авч ажиллан энэ мэт сумын Засаг даргын хэдэн удаагийн захирамжаар хэдэн иргэнд хууль бус газар ашиглуулсан талаарх мэдээллийг гаргаж /хэдэн гэрээ байгуулсан/ сумын Засаг дарга нарт албан шаардлага хүргүүлж хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайлан мэдээ, холбогдох судалгаа зэргийг гарган 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү. Энэ асуудалтай холбогдуулан тухайн иргэнд албан ёсны тайлбарыг гаргаж өгөх нь зүйтэй. Хувийг иргэн М.Б танаа гэжээ.  

Хариуцагч М.Б нь МА-н Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газраас газар ашиглахыг хүсэж байгаа бол тухайн газрыг хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргуулан ашиглах эрхтэй байна. Гэхдээ хариуцагч М.Б нь хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж, төрийн захиргааны төв байгууллагаас улсын тусгай хамгаалалттай газраас газар ашиглах  шийдвэр гараагүй байхад улсын тусгай хамгаалалттай газарт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр дур мэдэн хувийн модон байшин, малын хашаа хороо, пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж хууль бус ашиглаж байгаа нь үндэслэлгүй болсон байна.

Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Хот айлын хамгаалалтад шилжүүлсэн ХХТХГ, иргэдтэй байгуулах гурвалсан гэрээ 2017 он гэх сар өдөргүй, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэх хоёр гэрээ буюу 6 хуудас нотлох баримт нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дүгээр зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар М-н Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хууль бус эрх бүхий байгууллагын шийдвэргүй дур мэдэн барьсан хариуцагч М.Б-ын хувийн модон байшин, хашаа хороо малын пүнзийг албадан нүүлгэсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Б аймгийн Н сумын Засаг даргын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Б-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б