Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч А.А /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А-ийн А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000411 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3 эцэг, эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, Б овогт А-ийн А. 

Шүүгдэгч А.А нь 2024 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Х” караокед үйлчлүүлж байсан А.С-тай караокены тооцооноос болж маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, шилэн хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

2024 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Х” караокед үйлчлүүлж байсан А.С нь тус караокены ажилтан Г.А-тай тооцооны асуудлаас болж маргалдах явцад  А.А нь хохирогчийн толгойн тус газарт цохисон үйл баримт авагджээ.

Улмаар А.А нь А.С-н  эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, шилэн хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хохирогч А.С-н “...2024 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 22 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “У” нэртэй буудлын замын эсрэг талын “Х” караокед орж үйлчлүүлсэн. Би тухайн караокед өөрийн найз болох Э-ын хамтаар ороод үйлчлүүлж дуусаад 23 цагийн орчим тухайн газраас гарахаар болсон. Тооцоогоо төлөхөөр болоод билл автал 182,000 төгрөгийн тооцоо гарсан байсан. Би тооцооны билл аваад гараад тамхи татаад буцаж ороод караокены өрөө рүү ороод сууж байгаад гарч ирээд тооцоогоо хийх гээд байж байтал над руу тус газрын тооцоо авах гэж байсан ажилтан тооцоогоо хий гэж зандарсан өнгө аястай надтай харьцсан. Үүнээс болж маргаан болж би тухайн ажилтантай маргалдаж эхэлсэн. Тухайн залуутай зодолдож байхад миний хойноос тус газрын өөр нэг ажилтан миний толгой хэсэг рүү хатуу биетээр цохисон. Миний толгой хагарч толгойноос цус гарч эхэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

Гэрч Г.А-ын “...Би Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Х” караокед ажлаа хийгээд байж байхад 23 цагийн үед Манай караокед үл таних хоёр эрэгтэй хоёр эмэгтэй хүн орж ирсэн тэгээд тухайн хүмүүс нь 6 номер өрөөнд байж байхдаа манай караоке дотроос Архи болон пиво авсан бөгөөд нийт тооцоо нь 182.000 төгрөг болж байсан. Тэгээд тухайн үл таних 2 эрэгтэй хамт явж байсан эмэгтэй хүмүүс нь түрүүлээд гараад явчихсан бөгөөд тухайн үл таних хоёр эрэгтэй нь тооцоогоо өгөхгүй гараад явсан байсан. Тэгэхэд манай эгч О бид хоёр тухайн үл таних эрэгтэй хүмүүсийн араас нь гараад тухайн үл таних 2 хүн нь тооцоогоо хийхгүй буцаад 6 номерын өрөө рүү яваад орсон. Тэгээд удалгүй тухайн үл таних 2 залуу нь 6 номерын өрөөнөөс гарч ирээд текэн дээр хүрч ирэхээр нь би тухайн хүнд тооцоо 182.000 төгрөг болсон гээд хэлэхэд Шар өнгийн куртиктэй эрэгтэй нь мэдэж байна пизда минь гээд байсан. Тэгээд тухайн үл таних хүн нь намайг хар ал минь гээд хэлсэн бөгөөд тухайн үед миний уур хүрээд үл таних шар куртиктэй эрэгтэйг заамдаад авсан бөгөөд үл таних эрэгтэй нь миний үснээс зулгааж байгаад миний толгойг доош нь болгочхоод намайг босгохгүй байсан. Тэгэхэд нь манай найз болох А нь намайг тухай үл таних эрэгтэйгээс салгах гэж оролдсон боловч тухайн үл таних эрэгтэй хүн нь намайг тавихгүй байсан болохоор нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон гэж байсан. Тэгээд тухайн үл таних хүн нь намайг тавьчихаар нь бид хоёр хоорондоо маргалдаж байхад цагдаа нар хүрээд ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

Гэрч Б.О-ы “...2024 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хороо “Х” караокед өөрийн нөхөр болох Т-ын хамт яваад ороход тухайн караокены 6 номер өрөөнд 2 эрэгтэй 2 эмэгтэй хүмүүс үйлчлүүлж байсан. Тухайн хүмүүсийн 2 эмэгтэй нь түрүүлээд гараад явсан бөгөөд удалгүй араас нь тухайн үл таних 2 эрэгтэй хүн нь гараад явахаар нь би А болон А нарын хамт тухайн үл таних эрэгтэй хүмүүсийг дагуулаад эргэж орж ирсэн. Тэгээд тухайн үл таних 2 залууд тооцоо чинь 182.000 төгрөг болсон байна гэж хэлсэн бөгөөд тухайн үл таних эрэгтэй хүмүүс нь хамт орж ирсэн эмэгтэй хүмүүсийг хаана байгаа талаар асуухад нь хамт явж байсан 2 эмэгтэй чинь түрүүлээд гараад явсан гээд тайлбарласан. Тэгэхэд тухайн үл таних 2 эрэгтэй хүн нь өөрсдийн үйлчлүүлж байсан 6 номер өрөө рүү эргэж орсон бөгөөд хэсэг байж байгаад эргэж гарч ирээд текны хэсэг дээр хүрч ирэхэд нь тооцоо 182.000 төгрөг болсон гээд тайлбарласан бөгөөд тухайн үл таних 2 эрэгтэй нь манай дүү болох А руу ал минь тооцоог чинь хийнэ гээд хараагаад байсан бөгөөд текны хэсэг дээр байсан модоор хийсэн цэсийг аваад А руу аваад шидсэн. Тэгэхэд нь А тухайн үл таних эрэгтэйтэй текны араас гарч ирээд заамдалцаад авсан бөгөөд тухайн үл таних эрэгтэй нь А-ыг үсэдчихээд тавихгүй байхаар нь А нь тухайн үл таних эрэгтэй нь толгой хэсэг рүү нь 1-2           удаа цохисон. Тэгэхэд нь манай нөхөр болох Т нь тухайн үл таних залууг А-аас салгасан бөгөөд цагдаад дуудлага өгчхөөд цагдаа хүрч ирээд учраа олсон.” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Гэрч Б.Т-ын “...2024 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” гэх нэртэй караокед өөрийн эхнэр болох О-ы хамт тухайн караоке руу орсон. Тухайн караокег манай дүү болох А нь манай хамаатны хүүхэд болох Х-ийн хамт түрээсэлж ажиллуулж байсан юм. Тэгээд эхнэр бид 2 ороход тухайн караокены 6 номер өрөөнд 2 эрэгтэй 2 эмэгтэй хүмүүс үйлчлүүлж байсан бөгөөд үйлчлүүлж байсан 2 эмэгтэй нь түрүүлээд гараад яваад өгсөн. Тэгээд үлдсэн 2 эрэгтэй нь өрөөндөө байж байгаад араас нь гараад яваад өгөхөөр нь манай эхнэр болох О, А, А нар нь тухайн үл таних 2 эрэгтэйг дагуулж орж ирсэн бөгөөд тухайн үл таних 2 эрэгтэй нь 6 номер өрөө рүүгээ эргээд яваад орсон бөгөөд удалгүй эргэж гарч ирээд тухайн үл таних 2 эрэгтэй нь А дээр хүрч ирээд хэрүүл маргаан үүсгээд байсан бөгөөд текны хэсэг дээр байсан menu-г аваад далайхад А нь текны араас гараад тухайн үл таних залуутай заамдалцаад авсан. Тэгээд тухайн үл таних залуу нь А-ыг үснээс нь барьж байгаад доош нь болгоод дээрээс нь дараад байсан бөгөөд А-ын найз нь гэх А гэх залуу нь салгах гэж оролдсон боловч чадахгүй байсан. тэгээд тухайн үед А нь тухайн үл таних залуу хэдэн удаа цохих шиг болсон бөгөөд тэгэхэд нь би очоод тухайн үл таних залууг А-аас салгаад цагдаад дуудлага өгөөд байж байхад хэсэг хугацааны дараа цагдаа нар хүрч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч А.С нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр биед халдаж гэмтэл учруулсан А.А-ыг 4 дугаартай залуу нь миний толгой руу цохисон залуу мөн байна, би царайг нь маш сайн санаж” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-36 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3515 дугаартай “А.С-н биед зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, шилэн хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

Яллагдагч А.А-ын “2024 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” гэх нэртэй караокед өөрийн найз болох Аын ажил дээр нь байж байхад үл таних 2 эмэгтэй болон 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд тухайн үл таних хүмүүс нь караокены 6 номер өрөө рүү орсон бөгөөд тухайн өрөөндөө байж байгаад үл таних 2 эмэгтэй нь түрүүлээд гараад яваад өгсөн. Тэгээд удалгүй араас нь үл таних 2 эрэгтэй хүн нь гараад явж байсан бөгөөд тэгэхэд нь би болон А, О гэх А-ын эгчийн хамт бид нар гараад тухайн үл таних эрэгтэй хүмүүсийг караоке руу дагуулж орж ирээд тооцоогоо хийчхээд явчих гээд хэлсэн. Тэгэхэд тухайн үл таних хүмүүс нь тооцоог чинь хийчихнэ гэж хэлээд бид нар авсан зүйл болон караокены цагаа дуусгачхаад гарна гэж хэлээд 6 номер өрөө рүү яваад орсон. Тухайн үед нь би 2 номер өрөө рүү орсон байсан бөгөөд намайг тухайн 2 номер өрөөнд байж байхад кродорт хүмүүс орилолдоод байсан бөгөөд би гараад юу болоод байгаа талаар харахад тухайн үл таних 2 эрэгтэй хүн нь манай найз болон О гэх хүмүүстэй текны хэсэг дээр маргалдаад байж байсан. Тэгээд тухайн үл таних эрэгтэй хүний нэг нь манай найз болох А-ыг пизда ал минь гээд хараагаад байсан бөгөөд тухайн үед манай найз болох А нь тухайн үл таних хүнтэй текны араас гарч ирээд заамдалцаад авсан. Тэгэхэд тухайн үл таних эрэгтэй хүн нь манай найз А-ын үснээс нь зулгааж байгаад доош нь дараад унагаасан бөгөөд тухайн үед би тухайн үл таних хүнийг өөрийн найз болох А-аас салгах гэж оролдоход тухайн үл таних хүн нь манай найз болох А-ын үснээс нь зулгаачхаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би тухайн шар куртиктэй эрэгтэй хүний толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон бөгөөд тэгэхэд тухайн үл таних хүн нь манай найзыг үсдэхээ болиод гараа тавьсан. Тэгээд тухайн үл таних хүмүүс нь бид нартай маргалдаж байгаад цагдаа нар хүрч ирсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хохирогч А.С нь караокены тооцооны асуудлаас болж Г.А-тай маргалдах явцад шүүгдэгч А.А нь хохирогчийн толгой хэсэгт цохисны улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, шилэн хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоо тогтоогджээ.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон А.А нь А.С-н толгойн хэсэгт цохиж  зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, шилэн хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч А.С нь “...гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохиролгүй...” гэсэн хүсэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 59 дэх тал)-д авагдсан байна.

Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч А.С нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 500.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн болно.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч А.А-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.А нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Б овогт А-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ