Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/609

 

 

 

 

 

 

 

    2024         06          13                                  2024/ШЦТ/609

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Н.Энхтулга,

шинжээч Ц.Бадрал /цахимаар/,

гэрч Ш.А, Х.Г, Б.Э,

хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч З.П , түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт З-ийн П т холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч З.П  нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дипломат төвийн урд зам дээр барилгын ажил хийлгэхгүй гэх шалтгаанаар хохирогч Д.Уыг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй цагаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээр мөргөж баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний их бие, арын эврийн урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх хүүхэд Хөгжлийн төв барих гээд 2023 оны 05 дугаар сард барилгын ажил эхлээд цутгалт хийж байсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож барилгын ажлаа үргэлжлүүлсэн. Тухайн үед ард гэнэт чимээ гарахаар нь эргээд харсан чинь намайг ирээд мөргөсөн. Машин доогуур нь би шиднэ гэж байхгүй. Тэр гурвалжин тэмдгийг дайраад шалчийлгасан нь гэрэл зургаар хэрэгт авагдсан байсан. Мөргүүлснийхээ дараа би босож чадахгүй байсан ба түргэний машин иртэл босож чадаагүй. Гэрч гээд ирсэн байгаа залуус ч гэсэн намайг ирж зодож байсан. Өөр олон хүмүүсийг ч гэсэн гэмтээх магадлалтай байсан. Номергүй цагаан өнгийн машин бас байсан. Миний хөл эвгүй байна гэж хэлээд цагдаа нар ирэхэд шүүгдэгч цагдаа нарт шалгуулахгүй, бичлэг хийгээд л байсан. Цагдаа нар машиных нь цонхыг нүдэж байж онгойлгуулсан. Би одоо мэс засал хийлгэж, 1 жил орчим физик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Өвдөг дээрээ ч сууж чадахгүй байгаа. Намайг гэмтсэний дараа нэг ч удаа асууж залгаагүй. А гэх гэрчид наад газраа манайд зарчих гэж хэлсэн байсан. Өөрийнхөө биед учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ.” гэв.

Шүүгдэгч З.П  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надтай холбогдоод байгаа хэрэг бол би зүгээр зам дээгүүр явж байгаад хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал биш. Урантуяа гэх хүн бол зөвшөөрөлгүй орц гарц хааж барилга барьдаг. Тэгээд Нийслэлийн Засаг даргын захирамж хүртэл гарсан. Хулгайгаар шөнийн цагаар барилга барьж байхад нь бид нар очсон. Хэрэг гэхээсээ илүү өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж л зөвшөөрөлгүй барилгыг зогсоох гэж очсон. Заавал шөнийн цагаар зөвшөөрөлгүй нэгдүгээр эгнээнд машин тавьж болдог юм уу? Тухайн үед зам тээврийн осол гарсан бол анхнаасаа 3 өөр мөрдөгч солигдсон. Хэн нэгэн хүнийг заавал яллах ёстой байдаг юм уу? Хохирогч бол манай байрны хүмүүстэй барилга барихын тулд хүүхэд хөгшидгүй л хэрэлдэж зодож цохьдог байсан. Эсрэгээрээ би хохироод байна. Шүүх хурал маш олон удаа хойшилсон. Барилга барих зайгүй байхад л байраа барих гээд дайраад байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримт дээр түүмбийг дайрсан гэж хэлээд байгаа. Анх байсан байрлалаас нь өөр газар тавьж байгаад л зургийг нь авчихсан байсан. Нөхөн үзлэг гээд байгаа тэр нь ч гэсэн худлаа байсан. Яг намайг мөргөсөн гээд байгаа асуудлаар хангалттай тогтоогоогүй. Намайг ирээд зогссоны дараа хохирогч гээд байгаа Д.У чи яагаад наанаа зогсож байгаа юм бэ гэж ирээд миний машин руу халдсан. Би очоод мөргөсөн бол цагдаагаас арга хэмжээ авахгүй яасан юм. Надад бол маш харамсалтай байна. Гадаад, дотоод руу ч явж чадахгүй. Хамаг амьтны амгалан тайван байдал алдагдуулчихаад дараа нь ингэж хүн рүү асуудлаа нялзаах шаардлагагүй гэж хэлмээр байна. Миний өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт дээр дурдсанчлан Урантуяа гэх хүн дандаа оршин суугчдыг шүүхэд нэхэмжлэл гаргаж хохироодог. Би анхнаасаа л бүх асуудлаа хэлсэн. Би мөргөж гэмтээсэн асуудал байхгүй. Оршин суугчдийнхаа амгалаг тайван байдлын төлөө хийсэн үйлдэлдээ шүүгдэгч болоод зогсож байгаа минь харамсалтай байна.” гэв.

Гэрч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед л хамт ажиллаж байсан. Захиалагч талаас барилгын ажил дээр ирдэг байсан. Барилгын цутгалт авах гээд юмаа бэлдэж байсан чинь оршин суугчдаас цутгалт хийлгэхгүй гээд эсэргүүцээд байсан. Тэгээд Д.У миний хажууд зогсож байсан чинь араас машин орж ирээд Д.Уыг хөл рүү нь мөргөсөн. Аюулгүйн тэмдэглэгээний улаан гурвалжинг машин дотроос хэн гаргасныг мэдэхгүй байна. Цагаан өнгийн приус-30 маркийн машин байсан. Жолооч нь З.П  байсан. Тухайн үед өөр хүнтэй зодолдсон эсэхийг мэдэхгүй. Өөр нэг машин байсан. Барилга бариулахгүй л гэж ийм зүйл хийсэн байх. Би мөргөсөн                                                                                                                                                                      машиныг санаатай ирж мөргөсөн гэж бодож байна. Д.У нь машин ирээд мөргөсний дараа хөл мөргөчихлөө л гээд байсан. Хохирогчийг мөргөсний дараа шүүгдэгч машинаасаа гарч ирэхгүй л байсан. Тухайн үед техник рүүгээ хараад зогсож байсан, би баруун талд зогсож байсан. Бид хоорондоо юм яриад, миний зүүн хойно зогсож байсан. Араас мөргөсөн. Мөргөсний дараа З.П  машинаасаа бууж ирэхгүй байсан.” гэв.

Гэрч Ш.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 05 дугар сарыйн 19-ний өдөр газрын албанаас ирээд барилга барих эрхийг цуцалсан тухай хэлсэн. Тэгээд тухайн өдөр ажлаа тараад ирэхэд гүүрэн дээр хүмүүс бужигнаж байсан. Тэгээд очиход У машины урд зогсож байгаад зам дээр тавьдаг конусыг түлхэж байсан. Тэнд байсан хүмүүстэй хэрэлдэж асуудал үүссэн. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Хөлөө хийсэн конус гээд зүйлийг түлхээд байхаар нь авч холдуулсан. Бичлэг дээр ч тэр хөл нь зүгээр байгаа. Би өөрөө ч гэсэн хөлөө гэмтээж байсан учир сайн мэдэж байна. З.П ын машины урд тавьчихаад хөлөөр тулаад зогсож байсан. Машины доороос авахад эвдрээгүй зүгээр байсан. Конус одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Оршин суугчдааас зүс таних хэдхэн хүн байсан. Урантуяа, Эрдэнэбаатар нар барилга барих гэж маш олон удаа үзэж байгаа. З.П ыг тэр үеээс л таньдаг болсон. Тухайн үед эрх ашгаа хамгаалахын тулд л очсон. Би машинтай очоогүй. Хохирогчийг шүүгдэгчийн машин руу өшиглөж байгааг баруун талаас нь харсан. Тухайн газар очиход машинаараа хүн мөргөсөн талаар яриагүй. Би мөргөснийг нь хараагүй. Конус хэлбэр дүрсээ алдсан юм байгаагүй. Д.Уыг би өмнө нь харж байгаагүй. Бид нар барилга бариулахгүйн тулд л нэгдсэн. Барилга бариулахаар миний эрх ашиг хөндөгдөнө. Шүүгдэгч хохирогчийг машинаар мөргөж байгааг хараагүй.” гэв.

Гэрч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн асуудал зөвшөөрөлгүй барилга барих асуудлаас л үүссэн. Барилгын цутгалт авах гэж байхад нь бид нар очсон. Тэгээд цутгалтын машиныг нь хааж зогсож байхад Д.У ирээд заамдаж авсан. Машин явж байхад урд нь өөрөө тээглэж өвдөгөөрөө хаагаад байсан. Тэрнээс биш очиж мөргөсөн асуудал байгаагүй. Өөрөө машиныг өвдгөөрөө тулаад байсан байж мөргөчихлөө л гээд байсан. Миний харж байгаагаар хохирсондоо ч биш барилгыг нь зогсоосон учир л ийм зүйл яриад байгаа байх. Би нүдээрээ харж байсан учир тухайн үед мөргөөгүй.” гэв.

Шинжээч Ц.Бадрал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дүгнэлттэй холбоотой байрлалын хувьд баруун өвдөгний хойд талд байрлаж байгаа. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр л үүсэх боломжтой гэмтэл. Зам тээврийн хэргийн хохирогч нарт ийм гэмтэл түгээмэл учирдаг. Машинаар мөргөх үед үүсэх боломжтой гэмтэл. Үений эсрэг хүч үйлчилсний улмаас ийм гэмтэл үүсдэг. Хохирогчид учирсан гэмтэл тухайн үед үүссэн гэмтэл мөн. Хохирогчид учирсан гэмтэл нь машинаар мөргүүлэхэд үүссэн байх боломж өндөр. Мөгөөрсөн болон үений өөрчлөлттэй. Чагтан холбоос урагдсан зовиур ихтэй л байдаг. Урагдлын хэмжээнээс шалтгаална. Спортоор хичээллэх үед энэ гэмтэл учирах боломжтой. Хүн хатуу биетийг өшиглөхөд энэ гэмтэл үүсэх боломжтой. Тасралт, урагдал хоёр зовиураар илэрнэ. Хатуу биетээс үүсэх боломжтой. Энэ гэмтлийг Монгол Улсад эмчилнэ.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн *************дугаартай хэргээс:

Улсын яллагч хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-47-р хуудас/, гэрч Г.Агаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-69-р хуудас/, хохирогч Д.Уаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73-р хуудас/, хохирогч Д.Уын мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, гэрч Б.Эий мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Г.Агийн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6844 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-23-р хуудас/, шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Намжилцогт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрүүл мэндийн бүртгэлийн маягт /1хх-ийн 6-р хуудас/, гэрч Б.Эгийн мэдүүлэг /1хх-ийн  17-18-р хуудас/, гэрч Г.Агийн мэдүүлэг /1хх-ийн 20-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6844 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 21-22-р хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт /хх-ийн 36-р хуудас/, “Их сангийн далай” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /1хх-ийн 180-р хуудас/, З.П ын учруулсан хохирлын нэгдсэн тооцоо /1хх-ийн 183-р хуудас/, “Их сангийн далай” ХХК-ийн тодорхойлолт /1хх-ийн 184-р хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1хх-ийн 190-194-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хохирогч Д.Уын мэдүүлэг /1хх-ийн 10-11-р хуудас/,  З.П ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 14-15-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 30-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 132-134 дүгээр хуудас/, гэрч Х.Гийн мэдүүлэг /1хх-ийн 57-63-р хуудас/, хохирогч Д.Уын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан гомдол /1хх-ийн 218-219-р хуудас/, хохирогч Д.Уын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 215-р хуудас/, хохирогч Д.Уын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 179-р хуудас/, зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-ийн 153-172-р хуудас/, “Их сангийн далай” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 180-р хуудас/, З.П ын учруулсан хохирлын нэгдсэн тооцоо /хх-ийн 183-р хуудас/, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт /хх-ийн 192-р хуудас/, баримтын мэдээлэл /хх-ийн 195-199-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Хохирогч Д.У нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгч З.П  нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч З.П т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч З.П  нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дипломат төвийн урд зам дээр барилгын ажил хийлгэхгүй гэх шалтгаанаар хохирогч Д.Уыг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй цагаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээр мөргөж баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний их бие, арын эврийн урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-47-р хуудас/,

- Гэрч Г.Агаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-69-р хуудас/,

- Хохирогч Д.Уаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73-р хуудас/,

- Хохирогч Д.Уын: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Дипломат төвийн урд зам дээр 2023 оны 05 дугаар сарын 21-ний орой 22:00 цагийн орчим барилгын суурийн цутгалт авах ажил хийгдэж байтал улсын дугааргүй цагаан өнгийн приус маркийн авто машины жолооч намайг мөргөсөн. Тээврийн цагдаагийн албанд дуудлага өгсөн ба тухайн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс шалгана гэж хэлсэн...тэр тээврийн хэрэгслийн жолооч нь барилгын ажил хийлгэхгүй гэх шалтгаанаар намайг машинаараа санаатай ирж мөргөсөн... Хүүхэд хөгжлийн төв барих зөвшөөрлийн дагуу барилгын цутгалтын ажил хийгээд аюулгүй байдлаа хангаад байж байхад хар саарал приус, намайг мөргөдөг цагаан өнгийн приус маркийн автомашин болон цагаан өнгийн коровно маркийн автомашинууд тухайн үед байсан ажилчид руу давхиж ирээд зогссон, тэр дундаас цагаан өнгийн приус маркийн автомашины жолооч аюулгүй түүмбийг хага мөргөж хагалсан тэгээд давхар намайг мөргөсөн тэгээд цонхоороо толгойгоо гаргаад надад хандаж “дайраад ална шуу гэж хэлсэн” тэгэхээр чи яаж байгаа юм бэ намайг мөргөчихлөө гэхэд хохино дайраад ална шүү гэж дахин хэлсэн. Тэр 3 тээврийн хэрэгсэлтэй залуучууд гэнэт гарч ирсэн. Тэрнээс өөр ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан үүсээгүй ба тэр цагаан приус маркийн автомашин жолооч мөргөх үед нь би дуудлага өгсөн. Тэр залуу цагдаа нарыг ирэх үед нь машинаасаа бууж ирсэн... Миний баруун хөлийн өвдөг хэсэг рүү мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

- Гэрч Б.Эгийн: “...помбоны ар талд машин оруулахгүй гээд замын гурвалжин тэмдэг тавьсан байхад улсын дугааргүй приус 30 маркийн авто машин хориглосон тэмдгийн хажууд зогсож байсан тухайн баримлыг хариуцаж байсан Уыг хөлийг нь замын хориглосон тэмдэгтэй хамт мөргөсөн тухайн үед зогс гээд зөндөө хэлж анхааруулсан боловч огт тоогоогүй дайрсан эмнэлэг цагдаа гээд бүгд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- Гэрч Г.Агийн: “... цутгалт авах гээд помбо байрлуулж байхад замын пумба байрлуулж хөдөлгөөн хязгаарлагчийг дайраад саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл манай барилгын даамал Уыг замын пумбатай нь хамт мөргөөд ороод ирсэн. Тухайн үед хүн мөргүүлсэн гээд дуудлага өгсөн тэгсэн замынхан ирээд хэмжилт хийсэн 103 ирж үзэж хараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6844 дугаартай: “...Д.Уын биед баруун өвдөгний гадна гадна жийргэвч мөгөөрсний их бие, арын эврийн урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 21-23-р хуудас/,

- Шинжээч эмч Ц.Бадралын “...6844 дугаартай дүгнэлтээр Уын тогтоогдсон гэмтэл нь өөрөө өшиглөхөд үүсэх боломжгүй, тухайн хэсэгт мөргөгдөх, цохигдож үүсэх боломжтой...нэг түвшинд байрлаж байгаа, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх нэг гэмтэл...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн буюу гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байдгаараа хоорондоо ялгагдана.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.П  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бус харин өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хүүхэд хөгжлийн төвийн барилга”-ын ажлыг эсэргүүцэж, улмаар захиалагч компани болон оршин суугчид нарын хооронд үл ойлголцол маргаан болж, тухайн барилгын ажлын даамалаар ажиллаж байсан иргэн Д.Уыг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, өөрийн үйлдэлд санаатай хэлбэрээр хандсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс З.П т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон ба хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хохирогч Д.Уын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

Мөн гэрч Ш.А, Х.Г нар нь шүүгдэгч З.П ыг машинаа хэрхэн жолоодож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дипломат төвийн урд зам дээр ирсэн болох, хохирогч Д.Уыг машинаараа мөргөсөн эсэхийг хараагүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ дурдсан тул дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий талаас нь үнэлээгүй болно.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Б.Э, Г.А, шинжээч эмч Ц.Бадрал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6844 дугаартай шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг, Нийслэлийн түргэх тусламжийн төвийн хуудас, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хуудас зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамараалтай, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг хангалттай нотолсон гэж үнэлсэн болно.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, З.П  нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дипломат төвийн урд зам дээр барилгын ажил хийлгэхгүй гэх шалтгаанаар хохирогч Д.Уыг улсын дугааргүй цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгслээр мөргөж баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний их бие, арын эврийн урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.П ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учиржээ.

 Мөрдөн ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.У нь эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн цалин хөлс, барилгын ажилд учирсан хохирол зэрэг нийт 59,959,050 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.У нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн цалин хөлс, гэм хорын хохиролтой холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Уаас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтаар гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд 1,036,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.П аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”  гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос “Нийгмээс тусгаарлах эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу хорих ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнээс “Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалд орохгүй. Энэ хэрэгт хохирогчийн хууль бус, буруутай үйл ажиллагаа байсан. Миний үйлчлүүлэгч эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч З.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх хэдий ч хохирогч Д.Уын гэмт хэргийн улмаас учирсан 1,036,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх, мөн цаашид гарах эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авах зардлыг нөхөн төлөх зэрэг хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөхөд санаачлагатай хандаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Иймд шүүгдэгч З.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн дүрс оношилгооны мэдээлэл бүхий СиДи - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.П т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт З-ийн П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.П ыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.П т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч З.П ын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.П аас 1,036,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ут олгож, мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн дүрс оношилгооны мэдээлэл бүхий СиДи - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.П т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ