Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/495

 

                                                           

 

 

 

 

 

 2024         06         25                                  2024/ШЦТ/495

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Г.Гармаа,

хохирогч Э.М /427-р хорих ангиас цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,

шүүгдэгч Х.Г , түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2311008010441” дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Х.Г  нь 2023 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 3 цаг 27 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” худалдааны төвийн 17 давхарт байдаг “......" нэртэй бааранд хохирогч Э.Мийг цохиж зодон түүний эрүүл мэндэд "цээж, зүүн бугалгад цус хуралт, зүүн төмсөг, хуухнагийн зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Х.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Нэмж ярих зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн..” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Х.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 03 дугаар сарын 24-25-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таур” худалдааны төвийн 17 давхарт байдаг ......нэртэй бааранд хамгаалагчийн ажлаа хийгээд байж байсан чинь Э.М гэдэг залуу согтуугаар агсам тавьж өлгүүрээс хувцас хунараа дураараа авч байсан. Тэгээд би түүнд шаардлага тавьж байсан чинь нэг залуу өөдөөс хэрүүл маргаан хийж байсан. Тэгээд хоёулаа маргалдаж байгаад би түүнийг цээжин тус газарт нь гараараа нэг удаа цохиж аваад дараагаар нь явахгүй байхаар нь би түүний араас нь хөлөөрөө нэг удаа бөгс рүү нь өшиглөж авсан. Тэгээд түүний төмсөг хэсэг рүү нь онож гэмтэл шарх учруулсан байна лээ. Ингээд би өөрөө нөгөө залуу болох Э.М гэгчийг зодож биед хөнгөн гэмтэл шарх учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг нь уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч ойлгож байгаа..” гэх мэдүүлэг /хх-71/,

 

Хохирогч Э.Мээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хэрэг гарсан өдрөөс хойш байцаагчид очиж мэдүүлэг өгсөн. Шүүх эмнэлэг нь түрүү булчирхайн гэмтэл үүссэн байна, нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн. Гранд мед эмнэлэгт шинжилгээ өгсөн. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Санхүүгийн хувьд тухайн үед хэвтэн эмчлүүлэх боломж байгаагүй. Шүүгдэгчид энэ тухайгаа хэлсэн. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Үргүй болох магадлалтай мөн миний төмсөг хавдсан бие засах үед шээс 2-3 удаа тасалдаад байна. “..Эмчилгээ хийлгүүлээд л өгчих, энэ байдлуудыг дээрдүүлээд өгчих гэсэн..” Одоогоор яг нэхэмжилсэн зүйлгүй байна. Тухайн үед энэ залууд хэлэхэд ямар ч хариу хэлээгүй. Харин ч 2-3 ах нар нь залгаж, ажилдээр ирж ална гэж дайрсан тохиолдол байгаа. Хорих ангид ял эдэлж ирснээс шээс дахиад тасалдаж эхэлсэн. Миний хувьд эмчлүүлэх хүсэлтэй байна. Эмчлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний бие тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороо хамгийн дээд давхарт байрлах S-13 тайчих урлагийн клубд өөрийн найзууд болох Д , Ц , Х гэх 3 найзын хамт орж үйлчлүүлсэн. Дотогш орохдоо үүдний хэсэгт байлах хувцасны өлгүүрийн хэсэгт өөрийн өмсөж явсан хүрмээ өлгүүлсэн ба хэсэг хугацаанд дотор найзуудын хамт бүжиглэж мөн 1 лааз пиво ууцгаасан, өөр өөр төрлийн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй буцаад гарахаар болцгоосон. Тэгээд хувцас өлгүүрийн хэсэгт очиж хувцасны өлгүүрийн дугаартай номерыг өгсөн ба хажуугаар нэг эмэгтэй дайрч орж ирсэн ба тухайн эмэгтэйн номертой хамт миний өлгүүрийн номерыг цуг авчихсан. Тухайн өлгүүр хамгаалагч нь цуг миний номерыг авчхаад миний хувцсыг авч өгөхгүй байхаар нь өөрөө орж хувцсаа автал надтай тухайн хамгаалагч нь маргалдсан. Тэгэхээр нь би тухайн хамгаалагчид номерын бичлэгээ шүүж үзэж болно би хүний хувцас авч гарахгүй гэж хэлтэл тухайн хамгаалагч гэх залуу нь намайг цээж хэсэгт 2 гараараа түлхэн араас нь төмсөг хэсэгт өшиглөсөн. Тэгээд тухайн хамгаалагч гэх залуутай яаж байгаа талаар маргалдаж байгаад өөрийн ажил дээр очиж байж байгаад Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 шарга захын эсрэг талын буудалд орж унтсан. Маргааш өдөр 11:00 цагийн үед сэрээд нойл орж бие зассан ба төмсөг хэсгээс давсаг хэсэг рүү хатгаж хөндүүрлэж улаан хүрэн өнгийн шээс гарсан. Тэгээд тус буудлаас гарч ажил дээр очтол төмсөг хэсгээр хатгаж явахад хүндрэлтэй байгаад байхаар нь өвчин намдаах эм уусан. Хэсэг хугацаанд ажиглаж байж байтал өвчин намдахгүй байсан. Тэгэхээр нь ГССҮТ дээр очиж үзүүлтэл 3-р эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч дээр цаг авч үзүүл гэсэн. Тэндээс гараад 3-р эмнэлгийн хүлээн авах дээр очин эмчид үзүүлтэл дахин нарийн мэргэжлийн эрэгтэйчүүдийн эмчид үзүүл гэсэн. Тэгээд тэндээс гарахад намайг цохисон, өшиглөсөн гэх хамгаалагч нь хүмүүсээр яриулж дарамтлуулаад байсан ба өөрийн танил болох хүнээс яах талаар асуутал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргачих гэсэн. Тэгээд цагдаагийн хэлтэст очин өргөдөл өгсөн. Хэдэн өдрийн дараагаар ШШҮХ-д үзүүлэх тогтоолыг авч шүүх эмнэлэгт үзүүлэхэд Гранд мед болон Интермед эмнэлэгт очин эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж бичгээ авч ирж өгөөрэй гэж хэлсэн ба үзүүлээд шүүх эмнэлгийн миний биед үзлэг хийсэн эмчид хүргэж өгсөн..” гэх мэдүүлэг /хх-16-22/,

 

Хохирогч Э.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “..Би эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна. Одоогоор миний биед бие засах үед зовуурилан гүйж харайхад төмсөг рүү хатгуулж өвдөж байна. Цаашид эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна. Тухайн үед эмчилгээ хийлгэж чадаагүй. Тухайн үед буруутай этгээдтэй холбоо барьж мэдэгдсэн боловч тоогоогүй. Харин эсрэгээр ах нараараа над руу утсаар залгаж доромжлуулсан. Эмчилгээний зардал мөнгө гаргуулж эмчлүүлэх хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг /хх-109-110/,

 

Гэрч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний хамтран амьдрагч Хишигхүү овогтой Г  нь надтай танилцаад нэг жил гаран хугацаа болж байна, энэ хугацаанд манай нөхөр ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, архи дарс уугаагүй бид нарын амьдралд ямар нэгэн хэрүүл маргаангүй тайван сайхан амьдарч байна манайх өөрсдөө би өөрийнхөө хоёр дагавар хүүхэдтэйгээ суусан байгаа манай хүүхдүүд ч гэсэн янз бүрийн муухай ааш араншин гаргаж байгаагүй манай амьдрал хэвийн тэгш сайхан байна. Тэгээд бас нөхөр маань ажил төрөлдөө сайн хүнд их тусархуу ямар нэгэн архи дарс хэрэглээд муухай ааш гаргадаггүй тамхи татахгүй янз бүрийн муу зуршил байхгүй мөрөөрөө урдах ажлаа хийгээд явдаг хүн байгаа юм. Манай нөхөр өөрөө урьд өмнө нь одоогоос нэг жилийн өмнө хамгаалалтын албанд ажлаа хийж байгаад согтуу хүнтэй хэрүүл маргаан болж тэр согтуу хүнийг хөлөөрөө өшиглөсөн чинь тэрнээс болоод цагдаагийн байгууллагад дуудагдаад байгаа гэж хэлээд байсан юм, тэгээд бас оны өмнө нь Чингэлтэй дүүргийн цагдаагаас нэг залуу манай нөхөртэй залгаж яриад байсан тэгж байгаад эргээд дуудна ирж уулзаарай гэж хэлээд утсаа салгаж байсан юм..” гэх мэдүүлэг /хх-53/,

 

Гэрч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тэр үедээ 2023 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан юм, би тэр үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... худалдааны төвийн 17 давхарт нь байрлах ......нэртэй стреп кпаб бааранд менежерийн ажил хийж байсан бөгөөд нэг ёсондоо зохион байгуулагчийн ажил хийж байсан юм. Би М гэгчтэй урьд нь өмнө хамтдаа ажиллаж байсан бааранд бүжиглэдэг эрэгтэй бүжигчин ажил хийдэг байсан тэр залуу өөрөө тайчих урлаг үзүүлдэг байсан юм, тэгээд бас миний тэр үед ажиллаж байсан .......ын 17 давхарт байрлах ......бааранд хэсэг бүжиглэж байсан удаагүй гарчихсан юм. Тэр өдөр харин М шөнийн 01:00 цагийн үед манай бааранд эмэгтэй хүнтэй ирж үйлчлүүлж байсан. Харин Х.Г ын хувьд тэр шөнө баарны хамгаалагчаар ажилд гарч байсан юм, нэг мэдсэн чинь тэр шөнө 2023 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө 03:27 минутын орчимд намайг зааланд байж байхад манай зөөгч ажилтай Бат-Ирээдүй гэдэг залуу дуудаад үүдэнд зодоон болоод байна гэж хэлэхээр нь би түүнийг дагаад үүд рүү хамгаалагчийн хэсэг рүү нь яваад очтол Мэ, Х.Г  нар нь хоорондоо барьцалдаад авчихсан хэрүүл маргаан хийгээд байсан юм би тэгэхээр нь тэр хоёрыг салгаад Мийг үүдний хэсэг рүү гаргасан байсан чинь тэр буцаж орж ирээд хамгаалаагч Х.Г той дахиад барьцалдаж аваад байсан тэгэхээр нь би дахиад салгаад Мийг гаргаж байсан юм, Би тэр шөнө хамгийн анх тэр хоёрыг маргалдаж муудалцаж байхад нь очоод салгасан чинь хамгаалагч Х.Г  нь Мийг араас нь өшиглөж байсан юм, би яг тэр үед нь Мийг салгаад цааш гаргах гэж байсан миний хажуугаар Х.Г ын хөл нь орж ирээд ардаас нь өшиглөж байсан. Би тэр хоёрыг салгаад Мийг үүдний хэсэг рүү гаргаж байхад тэр надад миний төмсөг рүү өшиглөчихлөө шдээ гэж хэлээд уурлаад байсан тэгж байгаад эргэж ирээд Х.Г  руу дайраад байсан. Тэгээд М болохоор гартаа нэг хуванцар усны сав барьчихсан байсан юм. Тэрнийгээ Х.Г  руу шидэж байсан. Тэгээд зууралдаад барьцалдаж авахаар нь би тэр хоёрыг дахин салгаад Мийг гаргаж явуулсан юм. Тухайн үедээ М нь надад танай хамгаалагч миний төмсөг рүү өшиглөчихлөө шдээ гэж хэлээд надад бие засах өрөөнд ороод надад төмсгөө гаргаж ирээд үзүүлж байсан төмсөг нь улайгаад хавдчихсан байсан юм. Тэр үедээ бид хоёр хоёулхнаа бие засах өрөөнд ороод тэр надад үзүүлж байсан. Тэр хоёрын аль алинд нь нүүр аманд нь ил харагдах гэмтэл шарх учирсан зүйл харагдаагүй байсан..” гэх мэдүүлэг /хх-55/,

 

Гэрч Э.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Эовогтой М гэгчийг одоогоос нэг жил гарангийн өмнөөс эхэлж таньдаг болсон юм. Тэр нь 2022 оны 10 дугаар сарын үеэр танилцаж байсан тэдний баараар үйлчлүүлж байгаад танилцаж байсан юм, тэр залуу өөрөө Э.М нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......ын 17 давхарт байрлах ......нэртэй стрэп клаб баар байсан тэр газарт Э.М нь бүжиглэдэг байсан тэгээд бид нар анх тэгж танилцаж байгаад бие биенийгээ мэддэг болсон юм. Бид нар тэр өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө хамгийн эхлээд Д , Х бид гурав орой 20:00 цагийн орчимд байхаа уулзаж байсан. Тэгээд гурвуулаа ярилцаж байгаад Э.Мийн ажил дээр нь очиж байсан тэр нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ........ худалдааны төвийн хажуудах эмэгтэй стрэп клаб байсан. Тэгээд тэр газарт нь очоод бид нар Мэтэй уулзаж байгаад декела нэртэй архинаас грамлаж нэг хоёр шот ууж байсан. Тэгээд тэр газраасаа гараад бид нар .......ын ......нэртэй эрэгтэй стрэп клаб бүжиглэдэг бааранд очоод шөнийн 01:00 цаг өнгөрч байхад очиж байсан санагдаж байна. Тэр газарт ороод коктель, ус, ууж байгаад тэр газартаа бүжиглэж байгаа хүмүүсийг харж байгаад шөнийн 03:00 өнгөрч байхад гарч ирсэн юм. Тэгээд бид нар явах гээд өлгүүрээс хувцсаа авахад М нь хамгаалагчтай хэрүүл маргаан үүсгэж байсан бид нар тэгээд цаашаа гараад явцгаасан юм тэр өөрөө үлдчихсэн, цаашаа юу болсныг нь мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-57/,

 

Гэрч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Эовогтой М гэгчийг танина одоогоос нэг жил гарангийн өмнөөс таньдаг болсон юм. Тэр нь 2022 оны 10 дугаар сарын дундуур танилцаж байсан, тэр өөрөө ........ы хажуудах Экзотик нэртэй стрэп кпаб бааранд менежер ажилтай байсан тэгээд тэдний баараар үйлчлүүлж байгаад танилцаж байсан юм. Бид нар тэр өдөр уулзсан нь үнэн хамгийн эхлээд тэр өдөр 2023 оны 003 дугаар сарын 24-ны оройн 21:00 цагийн үед эхлээд манай найзууд Ц , Х бид гурав анх уулзаж байсан тэгээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Экзотик гэдэг нэртэй эмэгтэй стрэп кпаб бааранд Мийн ажилладаг газарт нь очиж байсан тэгээд тэр газарт болохоор бид нар декела гэдэг архи бага багаар жижиг рунк болон шот гэж нэрлэх хундагаар хүний гурав гурав татаж байсан тэгээд тэр газраас бүгдээрээ шөнийн 00:00 цаг өнгөрч байхад гарч ирээд бид нар мөн л Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......ын 17 давхарт байдаг ......нэртэй эрэгтэй тайчих урлаг үзүүлдэг газарт орж байсан тэгээд бид нар тэр газартаа коктел пиво ууцгааж байсан харин миний хувьд бол тэр шөнө ямар нэгэн архи дарс хэрэглээгүй байсан бөгөөд би өөрөө машин унаж байсан тэгээд тэр газраас шөнийн 03:00 цаг өнгөрч байхад бид нар гарч ирцгээж байсан тэгсэн чинь Ц , М нар тэр газарт үлдсэн байсан удаж байгаад гарч ирсэн чинь Мийг хамгаалагчтай нь муудалцаад байна гэж хэлж байсан тэгээд Мөнх- Эрдэнийг тэр газарт нь орхиод бид гурав гэр гэртээ харьцгаасан юм..” гэх мэдүүлэг /хх-59/,

 

Гэрч М.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Бид нар тэр өдөр 2023 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө манай хэсэг найзууд уулзаж байсан. Ц , Д  нарын хамтаар эхлээд бид нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ........ гэдэг худалдааны тевийн урдах Экзотик гэдэг нэртэй тайчих урлаг үзүүлдэг бааранд орж байсан тэр газарт нь Ц , Д  нарын найз нь гэх гэх эрэгтэй хүн байсан. Тэгээд бид нар уулзаж байгаад тэр газартаа хүний хоёр хоёр шот дакела ууж байсан тэгээд тэр газартаа бид нар оройн 21:00 цагаас хойш орж байсан. Тэр газартаа хэсэг байж байгаад бид нар дараа нь тэр газраасаа гараад Пэйс, молл гэдэг нэртэй өндөр 17 давхар худалдааны төвийн хамгийн дээд давхарт нь гараад ......нэртэй бас нэг тайчих урлаг үзүүлдэг баар байсан тэгээд тэр газарт нь ороод бид нар пиво ууцгаасан. Тэр үед бид нарыг орж байхад шөнийн 01:00 цэг болж байсан байхаа одоо бараг нэг жил болоод зарим болсон асуудлаа мартаад санахгүй байна. Тэгж байгаад бид нар шөнийн 03:00 цагийн үед гарсан санагдаж байна ямар ч байсан манай найз Д  намайг гэрт хүргэж өгч байсан. Тэгээд би гэртээ ороод унтаж амарсан байсан юм. Би М гэх хүнийг тэр өдөртөө л харж байсан анх тэр ........ы хажуудах Экзотик нэртэй газарт ороод харж байсан тэгээд тэр хүнийг болохоор манай найзууд Хангэг гэж хэлээд дуудаад байсан. Би М гэж дуудаж байхыг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр шөнө болохоор тэр залуу бид нартай хамтдаа суугаад архи дарс ууж байгаагүй тусдаа байж байсан тэр хүнийг танихгүй болохоороо ямар архи дарс ууж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд дараагаар нь ......бааранд ирээд архи дарс уусан эсэхийг нь мэдэхгүй байна ямар ч байсан бид нарт үйлчлээд архи дарс зөөгөөд гүйгээд байсан түүнийг архи дарс ууж байхыг нь би хараагүй болохоор мэдэхгүй байна би өөрөө түрүүлээд өлгүүрээс хувцсаа аваад эхлээд доошоо буугаад гадагшаа гарч байсан юм. Би түрүүлээд гараад яваад өгсөн болохоор тэр залууг хэнтэй хэрүүл маргаан болсон эсэхийг нь мэдэхгүй байна түрүүлээд гарч байсан араас тэд нар Ц , Д  нар гарч ирээд бид гурав гэр гэртээ харьсан тэр залуу М нь тэр газартаа үлсэн ямар ч байсан бид нартай гарч ирээд яваагүй байсан. Тийм болохоор тэр залууг Мийг хэнтэй хэрүүл маргаан үүсгэсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Д  сүүлд нь надад хэд хоногийн өмнө нь хэлж байсан бид нартай хамтдаа байсан гэх М нь тэр шөнө хүнтэй маргалдаж муудалцсан байна тэгээд цагдаагаас дуудсан байгаа тул очоод мэдүүлэг өгөөрэй гэж хэлж байсан юм. Би болохоор Д той найз юм, харин Д  нь Ц той найз юм, нөгөө залуу болох М гээд байгаа хүн нь Ц гийн найз нь юм байна лээ, тэд нар өөр өөрсдөдөө болсон асуудлаа хэлж ярьдаг болов уу гэж би бодож байна. Миний хувьд тэр Ц , М нарыг угаасаа танихгүй юм..” гэх мэдүүлэг /хх-61/,

 

Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 4346 дугаартай дүгнэлтэд: “..Э.Мийн биед цээж, зүүн бугалгад цус хуралт, зүүн төмсөг, хуухнагийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-1/, шүүгдэгч Х.Г ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-75-87/, шүүгдэгч Х.Г ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Х.Г  болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “..Гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон” бөгөөд хохирогч Э.Мэд шүүгдэгч Х.Г ын үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Г  нь 2023 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 3 цаг 27 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таур” худалдааны төвийн 17 давхарт байдаг “......" нэртэй бааранд хохирогч Э.Мийг цохиж зодон түүний эрүүл мэндэд "цээж, зүүн бугалгад цус хуралт, зүүн төмсөг, хуухнагийн зөөлөн эдийн няцрал" бүхий гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Э.Мэд хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Г ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Г  нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялаас нь хасаж тооцон эдлэх ялыг 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Шүүгдэгч Х.Г од 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хохирогч Э.М нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, цаашид учрах хор уршгийн зардлыг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Э.М нь 427-р цагдан хорих ангид хорих ял эдэлж байгаа онцлогтой тул эмнэлгийн байгууллагад үзүүлж, нотлох баримт цуглуулахад хязгаарлагдмал байгаа тул хохирогчид учирсан гэмтлийн улмаас цаашид хор уршиг учирсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан тул хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.Г оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Г  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г ын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялыг 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хохирогч Э.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.Г оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч Х.Г  нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Г од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР