Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энхтайван,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.З /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ы З-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000765 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 11-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, Б овогт Б-ы З. 

Шүүгдэгч Б.З нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Т баазын хашаанд иргэн Д.Б-ы биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөж, 3-4 удаа нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, уруулын салст, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Т” баазын хашаанд иргэн Д.Б-ы биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөж, 3-4 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисоны улмаас Б.З нь Д.Б-ы эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, шилэн хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хохирогч Д.Б-ы “...2024 оны 4 дүгээр сарын 17-ны оройн 21 цаг 30 минутад ажлаасаа буугаад автобусаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ний хашаанд байрлуулсан. Зүс таних З-ыг автобус байрлуулаад байхаар нь би З-ыг чи харуул юм уу гэж өдөж асуусан чинь З би харуул шиг харагдаад байна уу, пизда минь гэхээр нь би хэн мэдэж байдаг юм, чи харуул шиг харагдаад байна, чи загнах хүнээ загна гэж хэлсэн. ...Харин З чи гай болохоор яадаг юм гэж хэлээд намайг араас түлхсэн, би эргээд харсан чинь З миний нүүр толгойгоороо мөргөсөн, би доошоо тонгойсон чинь миний нүүр рүү З гараараа 3-4 удаа цохиж намайг зодсон, миний нүүрнээс цус гарсан, миний зүүн хөмсөг, уруул язарч цус гараад тогтохгүй байсан. Миний зүүн хөмсөг, уруул язарсан, цус их гарсан. З бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Надад эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 10 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5322 дугаартай “Д.Б-ы биед зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, уруулын салст, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Яллагдагч Б.З-ын “Би хүлээн зөвшөөрч байна. Тухайн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.З-тай маргалдаж улмаар шүүгдэгч Б.З нь хохирогчийн нүүр хэсэгт мөргөж, гараараа цохисны улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, уруулын салст, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоо тогтоогджээ.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Б.З нь Д.Б-ы нүүр хэсэгт мөргөж, гараараа цохиж зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, уруулын салст, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.З нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Б нь “...гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохиролгүй...” гэсэн хүсэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 47 дах тал)-д авагдсан байна.

Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч Д.Б нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэж мэдэгдсэн болно.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч Б.З-ыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.З нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Б овогт Б-ы З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ