Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лоолгойн Нямдорж |
Хэргийн индекс | 204/2018/00017/и |
Дугаар | 17 |
Огноо | 2018-07-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 17
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 469 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Т.М-н нэхэмжлэлтэй
Хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий Боловсролын сургуульд холбогдох
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: Миний бие Т.М нь сурагчдын 2 дугаар улиралын амралтыг тохиолдуулан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу Пүрэв гарагт хувийн шалтгаанаар яаралтай Архангай аймаг руу явах ажил гараад явсан. Тухайн үед амралтын өдөр тохиолдуулж яваад Даваа гарагт амжиж ирнэ гэж бодож явсан. Би 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгаас буцаад Өвөрхангай аймгийн Төгрөг сумруу явж байтал шөнө цаг агаарын байдал эрс муудаж онцгой хүйтэрсэн. Үүнээс болж миний сууж явсан Солонгос улсад үйлдвэрлэсэн Бонго Пронтор маркын автомашин нь зүгээр явж байгаад түлш нь зарцаад унтараад асаагүй учир замын машинаар чирүүлж буцаад Хархорин суманд очсон. Ингээд 01 дүгээр сарын 21-ний өглөө буюу Даваа гарагт эхнэр Ч.Ж-д болсон явдлын талаар хэлээд дараа нь сургуулийн захирал руу утсаар залгаж хэлтэл сургуулийн захирал уурлаад утсаа тасласан. Тэгээд 01 дүгээр сарын 22-ны өглөө буюу Мягмар гарагт Төгрөг сумандаа ирсэн. Тухайн өдөртөө 2 шөнө нойргүй явсан учраас ядраад гэртээ амраад Лхавга гаргын өглөө ажилдаа очсон. Гэтэл сургуулийн бичиг хэргийн ажилтан Л.Х надад мэдэгдэл өгсөн. Би тухайн үед амралтын 2 өдөрт багтааж ирнэ гэж явсан. Гэвч гэнэт хүйтэрсэнээс болж машин саатсан учир 2 хоног алдсан. Би тухайн үеийн нөхцөл байдлаа хэлээд ажлын хариуцлага алдахгүйн тулд захирлаас Даваа, Мягмар гараг буюу 2 өдрийн чөлөө гуйсан. Үүнийг надтай хамт явсан Л.А гэрчлэхээс гадна, намайг утсаар ярих үед хамт байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан өдрийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ЕБС-ийн захирал Г.Б би дизайн технологийн багш Т.М-г 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6/04 тоот тушаалаар чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндиин хувьд гуйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэсэн заалтыг баримталсан үндэслэлийг тодруулбал: дизайн технологийн багш Т.М нь мэргэжлийн бус буюу биеийн тамирын багш мэргэшилтэй байсан нь түүний анкет болон хувийн хэрэгт байгаа материалуудаар тогтоогдсон. Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 "багш нь багшлах эрхтэй байна" гэсэн заалтыг хангаагүй буюу БСШУ яамнаас шалгуур хангасан нөхцөлд олгодог "Багшлах эрхийн үнэмлэх"-гүй болох нь илэрсэн. /эрхийн үнэмлэх нь 2010 онд дууссан байсан/. Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 " бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх" Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.3 "онолын мэдлэг. заах арга, ур чадвараа дээшлүүлэх" гэсэн заалтуудыг тус тус удирдлага болгосон нь дизайн технологийн багш Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 11-12 ний өдрүүдэд аймгийн БСУГ-аас МУБИС-ийн хөтөлбөрийн багтай хамтран Дизайн технологийн багшийн мэргэжлийн үйл ажиллагаагтай холбоотой кредиттэй сургалтанд хамруулах тухай БСУГ-аас Төгрөг сумын ЕБС-д цахим шуудангаар ирүүлсэн бичигт захирал тус мэргэжлийн багш нарыг сургалтанд хамруулахаар цохолт хийж үүрэг өгсөн атал үүргийг биелүүлээгүй, сургалтанд хамрагдаагүй байна.
Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан багшийн ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт дурьдсан тавигдах шаардлагын 1.1-д тусгагдсан Ерөнхий шаардлагын мэргэшлийн шаардлагад "дизайн, технологийн багш байх" гэсэн, 1.2-т тусгагдсан тусгай шаардлагын "багшлах эрхийн үнэмлэхтэй байна" гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй байна.
2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сургуулийн захирал А.Н байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсгийн 5.2.7-д заасан "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш өдөр ажил тасалсан" гэсэн заалтуудыг тус тус үндэслэн багш Т.М-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь холбогдох хууль болон гэрээний заалтанд харшлаагүй хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М багшид 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч хүүхдийн амралтаа амардаг гэсэн ойлголт авсан юм шиг байна. Гэхдээ төрийн албан хаагчид эдгээр өдрүүдэд ажлын 8 цагаар ажилладаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 дэх өдөр хувийн шалтгаанаар гэж бичсэн. Өөрийн хувийн шалтгааныг хамгийн түрүүнд тавьсан. 4, 5 дахь өдөр ажлын өдөр байсан. Мөн 1, 2 өдөр, 3 дахь өдрийн 1 цаг гээд бүтэн 4 өдөр ажил тасалсан. Нэхэмжлэлийнхээ утга дээр сар өдрийг буруу бичсэн байна лээ. Хамт явсан А нь Хаан банкны эрхлэгч хийдэг. Энэ хүн 2 дахь өдрийн өглөө ажил дээрээ байсан. Гэтэл нэхэмжлэгч өглөө ирсэн гэж өөрийгөө өмгөөлж буруу тайлбар гаргаж байна. 2 дахь өдөр ажилдаа ирэх боломж байсан. Хүүхдийн эрх ашиг биш, өөрийн хувийн эрх ашигийг нэгдүгээрт тавьсан. Багшлах эрхийн үнэмлэхгүй, мэргэжлийн бус гэдэг ямар ч хүний нүдэн дээр илт байгаа. Дизайн технологийн хичээл нь хүүхдэд хамгийн ойр хичээл байдаг учраас мэргэжлийн багш байх ёстой. Энэ хичээл нь амьдрах ухаанд сургах хичээл байдаг. Би өөрөө дизайн технологийн багш мэргэжилтэй учраас мэргэжлийн багш орох ётсой гэдгийг хамгийн түрүүнд чухалчилж байгаа. Боловсрол соёл урлагын газрын Пүрэвсүрэн даргын дизайн технологийн эмэгтэй, эрэгтэй багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруул гэсэн тушаал ирсэн. Энэ тушаалыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Би энэ тушаалын дугаарт 2 хоногийн албан тушаалыг бичиж өгч мэргэжил дээшлүүлэх сургалтанд заавал явах ёстой гэсэн боловч яваагүй байгаа. Үүнээс харахад хувийн шалтгаанаа нэгдүүрт тавьж, удирдах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлснээр 3 хоногийн чөлөөг, Дотоод журмаа зөрчиж 4 өдөр ажил тасалж ирсэн байгаа. Явах өдрөө буюу 4 дэх өдөр явах талаараа надтай уулзаж хэлсэн бол өөр байх байсан. 1 дэх өдрийн үдээш хойш хичээлдээ ирээгүй байсан. CD-нд бидний яриа тодорхой байгаа. 15 цаг хэдэн минутанд над руу залгаж машин болохгүй байна гэхэд нь би маргааш ирж уулз гээд утсаа салгасан. Дотоод журмын заалтууд нь тусдаа өөр заалтууд байгаа. Түлээ нүүрс бэлдэх чөлөөгөө авсан байгаа. Энэ нь 12 дугаар сарын ирцийн бүртгэлд байгаа гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.М-г Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хөдөлмөрийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын сургуулиас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 145/ШШ2018/00469 дүгээр шийдвэрийн зарим заалтыг гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх гомдол гаргагч Т.М-н шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Т.М нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдсан. Түүнээс хойш шүүх хуралдаан болсон өөр хүртэл буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болтол 3 сар 2 хоног ажилгүй байсан. Т.М нь сард 535.286 төгрөгийн цалинтай байсан. Энэ 3 сарын хугацааны цалин 1.605.858 төгрөг болж байхад, нэхэмжлэлийн шаардлага тодорхой гэсэн дүгнэлт хийж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь ИХШХШТ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж байна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 469 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагч Т.М-д ажилгүй байсан хугацааны цалин 1.605.858 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдолдоо: Иргэн Т.М-н нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацасны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 145/ШШ2018/00469 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч иргэний хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсайхан бид гомдол гаргав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зуйлийн 40.1.2 дахь "ажилтан мэргэжил ур чадвар. эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил. апбан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэсэн заалтыг баримталсан үндэслэлийг тодруулбал:дизайн технологийн багш Т.М нь мэргэжлийн бус буюу биеийн тамирын багш мэргэшилтэй байсан нь түүний анкет болон хувийн хэрэгт байгаа материалуудаар тогтоогдсон.
Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 " багш нь багшлах эрхтэй байна" гэсэн заалтыг хангаагүй буюу БСШУ яамнаас шалгуур хангасан нөхцөлд олгодог "Багшлах эрхийн үнэмлэх"-гүй болох нь илэрсэн. /эрхийн үнэмлэх нь 2010 онд дууссан байсан/
Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 "бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх”, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.3 "онолын мэдлэг, заах арга ур чадвараа дээшлүүлэх" гэсэн заалтуудыг тус тус удирдлага болгосон нь дизайн технологийн багш Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 11-12 ний өдрүүдэд аймгийн БСУГ-аас МУБИС-ийн хөтөлбөрийн багтай хамтран Дизайн төхнологийн багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой кредиттэй сургалтанд хамруулах тухай БСУГ-аас Төгрөг сумын ЕБС-д цахим шуудангаар ирүүлсэн бичигт захирал тус мэргэжлийн багш нарыг сургалтанд хамруулахаар цохолт хийж үүрэг өгсөн атал үүргийг биелүүлээгүй, сургалтанд хамрагдаагүй байна.
Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан багшийн ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт дурьдсан тавигдах шаардлагын 1.1 -д тусгагдсан Ерөнхий шаардлагын мэргэшлийн шаардлагад "дизайн, технологийн багш байх" гэсэн, 1.2-т тусгагдсан тусгай шаардлагын "багшлах эрхийн үнэмлэхтэй байна" гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй байна.
2017 оны 08 д/гаар сарын 22-ны өдөр ЕББДСургуулийн захирал А.Н-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсгийн 5.2.7-д заасан "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш өдөр ажил тасалсан" гэсэн заалтуудыг тус тус үндэслэн багш Т.М-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь холбогдох хууль болон гэрээний заалтанд харшлаагүй хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж шүүхэд тайлбар гаргаж холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн.
Нэхэмжлэгч М-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу пүрэв гаригт хувийн шалтгаанаар Архангай аймагруу явсан,... 01 дүгээр сарын 22-ны өглөө буюу мягмар гаригт Төгрөг сум буюу гэртээ ирсэн тухай өдөр нойргүй ядарсан болохоор амраад лхагва гаригт ажилдаа очсон..." гэсэн тайлбар зэргээр Т.М нь сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заалтыг ноцтойгоор зөрчиж дөрөв 4 хоног ажил тасалсан нь тогтоогдсон, ажлын байрны үндсэн болон тусгай тавигдах шаардлага хангахгүй байсан, багшлах эрхийн үнэмлэхгүй сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу мэдлэг боловсрлоо дээшлүүлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь хангалттай нотлогдсон байтал иргэний хэргийн анхан шатны шүүх мөн өдрүүдэд нэхэмжлэгч ажил тасалсан болохыг хариуцагч нотлоогүй. Мөн сургалтын менежер Д-г Т.М-г 4 хоног ажил тасалсан болохыг нотлуулахаар тайлбар гаргуулахаар хүсэлт гарасан боловч гэрчийг асуухдаа энэ асуултыг тусгаагүй, шийдвэртээ хөдөлмөрийн багшийн орон тоонд ажиллуулахаар эгүүлэн тогтоосон нь БСШУЯ-ны сайдын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/220 тушаалын хавсралтад дурьдсан хичээл судлагдахуун гэсэн нэршилд "Хөдөлмөр" гэсэн нэршил байхгүй "дизайн технологи" гэсэн нэршилээр эрх зүйн актад дурьдсан байгаатай нь тохирохгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсангүй гэж үзэн гомдол гаргалаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг нь хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий Боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.М-с Л.Адьяахүү, ХААН банкны жолооч Э, Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн дарга болон Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Н, З нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргажээ /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/. Шүүх Л.А-г гэрчээр асуусан боловч ХААН банкны жолооч Э, Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн дарга болон Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Н, З нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлээгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, уг хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй тул хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй ба хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг шүүх хангаагүй, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Т.М нь хөдөлмөрийн багшийн ажил үүрэг гүйцэтгэхээр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ажлын байрны тодорхойлолтоос үзвэл дизайн технологийн багшийн ажил үүргийг гүйцэтгэж байжээ. Нэхэмжлэгч чухам ямар ажлын байранд эгүүлэн тогтоолгох гэж буй нь ойлгомжгүй, түүнчлэн ажлаас халагдах үедээ ямар ажил, албан тушаал дээр ажиллаж байсан нь тодорхойгүй байхад шүүх хөдөлмөрийн багш эсвэл дизайн технологийн багшаар ажиллаж байсан эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгчийг хөдөлмөрийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 145/ШШ2018/00469 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.