Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00136

 

Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00488 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00691 дүгээр магадлалтай,

Д-ын нэхэмжлэлтэй

М-д холбогдох,

45,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч З нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З, хариуцагчийн өмгөөлөгч Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д-аас хариуцагч М-д холбогдуулан 45,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00488 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.7, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Маас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 41,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дд олгож, үлдэх 4,560,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Маас 364,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, 88,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дт тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00691 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Маас 250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дт олгож, нэхэмжлэлээс 45,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Маас 8,150 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчөөс төлсөн 364,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч З нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хавтаст хэргийн 81-84-р талд байгаа 2023.11.10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд тус тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл, гэмтэл доголдол байгаа талаар дурдсан.

Үүнд: Зүүн хойд талын хэвтээ тэнцүүлэгчийн даравч байхгүй, зүүн баруун хойд хөндлөн татуургууд хугарч, гагнасан боолт суларсан, зүүн хойд татуурганы боолт зэвэрч суларсан, зүүн ба баруун урд гарны түлк резин үжирсэн, баруун хойд богино тэнцүүлэгч мултарсан, баруун ба зүүн хойд завин гарны түлкнүүд зэвэнд идэгдэж үжирч муудсан, тормозны аппаратууд доод хэсэг зэвэнд идэгдсэн, явах эд анги зэвэнд идэгдсэн гэх зэрэг маш олон тооны эвдрэл гэмтэлтэй талаар дүгнэлт гаргасан.

Маш чухал ач холбогдол бүхий дүгнэлт бол “Дээрх автомашин нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй” талаар гаргасан дүгнэлт байдаг. Автомашиныг унаж явах, замын хөдөлгөөнд оролцох зэргээр өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зориулалтаар ашиглана. Гэтэл зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа автомашины тухай дүгнэсэн байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Дд сонголт байх боломжгүй. Дээрх тээврийн хэрэгслийг унаж явах боломжгүй байхад заавал хүлээж авсан, шалгах ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль болоод шударга ёсонд үл нийцнэ.

Иргэний хуулийн дараах зохицуулалтын гол санаа бол биет байдлын тухайн доголдол нь ямар хэмжээтэй байхаас үл хамааран Иргэний хуулийн 251.2, 254.1-д заасан зохицуулалтыг баримтлах боломжтойгоор тусгасан. Энэ нь зөвхөн худалдан авагч талын давуу эрх буюу хязгааргүй эрх юм.

Иргэний хуулийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлын арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэх боломж нь Иргэний хуулийн 254.6-д заасан “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалтаар хязгаарлагдаж байна. Энд гагцхүү 6 сарын хугацаа гол зорилго байх ба доголдлыг илрүүлсэн байхыг шаардаж байна, энд өмнө нь доголдолтой доголдолгүй байсан эсэх нь хамаагүй гагцхүү манай тохиолдолд 6 сарын дотор автомашин маань хэвийн зориулалтын дагуу ашиглах боломжтой байх нь чухал. Нэхэмжлэгч Д нь 2023.06.25-нд автомашиныг хүлээж аваад 2023.07.09-ний өдөр автомашин нь эвдэрсэн буюу 14 хоногийн дотор машины доголдол илэрсэн үйл явдал болсон ба энэ үйл явдлын талаар хэн ч маргаагүй, нэхэмжлэгч нь ийнхүү 6 сарын дотор хариуцагч талд хандаж шүүхэд нэхэмжлэл болоод гомдлын шаардлагаа хүргүүлсэн байна.

Манай тохиолдолд 1. Эд хөрөнгө автомашин нь доголдолтой байна. 2. Гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаанд 6 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 3. Иргэний хуулийн 254.1-д зааснаар автомашин худалдах-худалдан авах гэрээг цуцлах, худалдагч тал Иргэний хуулийн 243.1-д заасан зохицуулалтад тусгасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан. Хариуцагч тал буюу худалдагч нь анхдагч үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч буюу худалдан авагч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна. Худалдаж авсан гэх 250,000 төгрөгийн үнэлгээтэй эд анги бол тухайн машины эвдрэлийн нэгээхэн хэсэг эд ангийн үнэлгээ болохоос автомашиныг хэвийн зориулалтын дагуу ашиглах боломжит үр дүнд хүргэх нийт зардал үнэ биш юм.

Дголдолтой явах боломжгүй машиныг буцааж байгаа учир 41,250,000 төгрөгийг хариуцагч Маас гаргуулж Дд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Автомашины эвдрэл, гэмтэлд тулгуурлан гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгасан эвдрэл гэмтлийг засварлах зардал үнийн талаар Д нь нэхэмжлээгүй маргаагүй, нийт зардал үнийн талаар нэхэмжлэл гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Аль ч шатны шүүх зөвхөн хуульд захирагдаж, баримтанд үндэслэн шийдвэр гаргадаг. Хариуцагч талаас өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл баримтаа шүүхэд огт ирүүлээгүй. Автомашиныг анхнаасаа худалдан авах үед доголдолгүй байсан талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй, нотлоогүй байхад баримтгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус юм, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч З нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.05.22-ны өдрийн 001/ШХТ2024/00652 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Д нь хариуцагч Мд холбогдуулан 45,810,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...нэхэмжлэгчээс 2023.06.25-ны өдөр Мицубиши Делика Д-5 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн баярт оролцохоор 2023.07.09-ны өдөр замд гараад, 2023.07.10-ны үүрээр  Солонготын даваа руу уруудаж явтал гэнэт машины хойд тэвш салж, хойд дугуй хөндөлдөж машин эвдэрсэн. ...Ингээд хээр 10 гаруй хонож, сумын төвөөс 3-4 хүн гуйж, хэдэн өдөр засах бүх арга хэмжээг авснаар 2023.07.27-ны өдөр хотод ирж, машин өгсөн хүнтэй ярьж, машинаа буцааж ав гэхэд засаад өгнө, буцааж авахгүй гэсэн. Тус автомашиныг оношлогоонд оруулахад замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ болох 41,000,000 төгрөг, зээлийн хүү, автомашинд авч тавьсан хойд тэвш, дугуй, обуд, засварын болон бусад зардалд гарсан 4,810,000 төгрөг, нийт 45,810,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж тайлбарласан,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...нэхэмжлэгч Д нь автомашиныг авахдаа хүүтэйгээ ирж, бүтэн 7 хоногийн турш үзэж, шалгаж авсан, тус тээврийн хэрэгсэл нь оношилгоонд орж тэнцсэн, нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авснаас хойш нэг сарын дараа буюу 3,000 км явсны дараа буцаах асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, ...“Автотээврийн үндэний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023.11.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр маргаж буй тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтэлтэй гэж дүгнэсэн, ...нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар зохигчийн хэн аль нь биет байдлын доголдлын талаар мэдэх, илрүүлэх боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхээс өмнө доод эд анги зэвэнд идэгдэж, хар өнгөөр будсаныг хариуцагч, нэхэмжлэгч нар мэдэх боломжгүй байсан. ...хуульд зааснаар зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй бөгөөд худалдан авагчид хөрөнгө шилжих үед уг доголдол байсан гэж үзлээ. Зохигч тээврийн хэрэгслийн хойд тэвшийг 250,000 төгрөгөөр сольсон тухай маргаагүй тул тэвшний үнэ 250,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлтэй, нэхэмжлэлийн бусад шаардлага нь нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж үнэлэхэд эргэлзээтэй, нотлох баримт бүрэн бус тул хангахаас татгалзах нь зүйтэй, ...иймд хариуцагч Маас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 41,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дд олгож, үлдэх 4,560,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа:  “...анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй  байна, ...Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээ байгуулах эсэхээ хэнээс ч хараат бусаар сонгох эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буюу гэрээнд заасан үүргийг давхар хүлээх учиртай. Шинжээчийн дүгнэлтэд заасан эвдрэл, гэмтлийг нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй боловч худалдан авагч нь эд зүйлийг шалгаж авах ерөнхий үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан, ...Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Д нь тээврийн хэрэгслийг шалган авах үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ болох 41,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

Хойд тэвшний үнэд 250,000 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар тогтоогдсоноос гадна хариуцагч М нь уг төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч Маас 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дт олгох нь зүйтэй.

Зээлийн хүү, дугуй, обуд, оношилгоо, шатахууны төлбөрт нийт 4,560,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй...” гэж дүгнэн, хариуцагчаас 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар зохигч 2023.06.25-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч буюу худалдан авагч Д нь хариуцагч Маас Мицубиши Делика Д-5 маркийн суудлын автомашиныг 41,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, гэрээний дагуу худалдан авагч төлбөрийг төлж, тээврийн хэрэгслийг хүлээн авсан, нэхэмжлэгч нь авто машиныг хүлээн авснаас хойш 15 хоногийн дараа хөдөө орон нутагт явж байхад эвдэрч, доголдол илэрсэн үйл баримт тогтоогджээ.  

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцсэн байна.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, зохигчийн нотлох үүргийг буруу хуваарилсан гэж үзлээ.

11.1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана.

Автомашиныг худалдах үед доголдлын талаар худалдан авагч төдийгүй худалдагч мэдэх боломжгүй байснаас үзэхэд дээрх доголдол нь далд доголдол байсан байна, орон нутгийн замд автомашин эвдэрч, доголдол илэрснээр худалдан авагч доголдлыг мэдсэн болох нь хэрэгт цугларсан баримт, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх тул нэхэмжлэгч нь доголдлыг мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээж авсан тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

11.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй  ба эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байгаа тохиолдолд худалдагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлснээ нотлох үүрэгтэй.

 Хэдийгээр хариуцагч нь автомашинд оношлогоо хийлгэж нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэж тайлбарлах боловч эд хөрөнгө худалдан авагчид шилжсний дараа баталгаат хугацаанд доголдол илэрсэн, улмаар уг доголдол худалдан авагчид эрсдэл шилжихээс өмнө байсан болох нь тогтоогдсон үйл баримтыг хариуцагч үгүйсгэх, доголдолгүй хөрөнгө шилжүүлснээ нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх худалдан авагч буюу нэхэмжлэгчийг эд хөрөнгийг шалгаж хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн нотлох үүргийг буруу хуваарилсан гэж үзнэ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангана.

12. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж,  хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаантай үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан ...гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илэрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасаг шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илэрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэжээ.

Худалдан авагч буюу нэхэмжлэгч эд хөрөнгийг 2023.06.25-ны өдөр хүлээн авч, доголдлыг 2023.07.09-ний өдөр илэрүүлсэн бөгөөд энэ талаар 2023.07.27-ны өдөр худалдагчид мэдэгдсэн байх тул хуульд заасан хугацаанд доголдлыг илрүүлсэн байна.

Улмаар 2023.08.09-ний өдрийн байдлаар тухайн автомашинд үзлэг хийхэд: “хойд тэвш зэвэнд идэгдэж тасарсан, зүүн ба баруун урд гарны тюлк резин үжирсэн, баруун ба зүүн хойд дагуу тюлктэй гарны тюлкны төмрүүд зэвэнд идэгдэж резин дээрээ тогтсон, баруун ба зүүн хойд завин гарны тюлкүүд зэвэнд идэгдэж тюлк рекинүүд нь үжирсэн, баруун ба зүүн урд тормосны доод аппарат зэвэнд идэгдсэн, баруун ба зүүн хойд тормосны доод аппарат зэвэнд идэгдсэн, баруун хойд ба зүүн хойд татуурганы тюлкнүүд үжирч урагдсан, урд 2 ш амартизатор тос хаясан, хойд 2 ш амартизатор ажиллагаа муудсан, хойд 2 амортизаторын кузовын дээд суурь хэсэг зэвэрсэн, хойд 2 амортизаторын пүршний дээд сууль зэвэрсэн, кузовын доод шалны хойд хэсэг зэвэнд идэгдсэн, урд хэсгийг хар өнгөөр будсан” байдалтай байсан нь Авто ундрал төвийн инженер Д.Доржпүрэвийн дүгнэлтээр тогтоогдсон, дээрх гэмтэл, эвдрэл шүүхээс тогтоосон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлтэд тусгагдаж, улмаар уг тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, техникийн үзлэгт тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарчээ.

13. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Худалдан авсан автомашин нэгэнт замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж  үзэх үндэслэлгүй, харин ч худалдан авагчид эрсдэл шилжиж үед уг доголдол байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч гэрээг цуцалсантай холбогдуулан өөрт учирсан хохирлыг автомашины үнэд төлсөн 41,000,000 төгрөг, бусад зардалд 4,810,000 төгрөг гэж тодорхойлон нийт 45,810,000 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдсон 41,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

14. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00691 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч З нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д-аас 2024.05.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД