Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00115

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, улсын яллагч Б.Жавхлантуяа, хохирогч Г.Ууганбаяр, шүүгдэгч С.Үнэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сүх-Очирын Үнэнбатад холбогдох эрүүгийн 201714000156 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 16-нд Дархан хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж  баг баруун дэнжийн 4б-7 тоотод оршин суух, Очир төв  ХХК-д бетон арматурчин ажилтай, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Уртыхан овгийн Сүх-Очирын Үнэнбат.  /ТА85061617/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Үнэнбат нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 25-2А тоотод Г.Ууганбаяртай маргалдаж, улмаар ар нуруун хэсэгт нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

   Шүүгдэгч С.Үнэнбат нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 25-2А тоотод Г.Ууганбаяртай маргалдаж, улмаар ар нуруун хэсэгт нь хутгалж Г.Ууганбаярын бие махбодид бүсэлхийд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

      1.  Шүүгдэгч С.Үнэнбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Болсон явдал бүгд үнэн. Улсын яллагчийн уншиж сонсгосон сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсан зүйл үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

2. Хохирогч Г.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт:  ...2017 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03-04 цагийн үед гэртээ унтаж байхад С.Үнэнбат согтуу орж ирээд гадаа байсан машиныг авч явна гээд байхаар нь би машинаа өгөөгүй юм.  Түүнийг дүү Туулынд унтуулах гэхэд унтаж өгөхгүй байхаар нь гараараа зүүн хацар дээр нь алагдсан. Гэтэл С.Үнэнбат миний араас тэврээд авсан. Миний нурууны араас хүйтэн оргиод байхаар нь Үнэнбатыг цааш түлхэхэд баруун гартаа шар эрээн иштэй том хутга барьсан байсан. Би хутгыг булааж аваад С.Үнэнбатыг түлхээд гэрээс гарах гэж яваад үүдэн дээр ухаан алдаж унасан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

      3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 231 дугаартай: Г.Ууганбаярын биед бүсэлхийд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн, 1 удаагийн хатгах, зүсэх хүчний  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 27 тал/,

        4. Гэрч Ж.Батхүүгийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 03-ны үүрээр эхнэр, хүүхдийн хамтаар унтаж байхад гаднаас Үнэнбат, Ууганбаяр нар орж ирсэн. Удаагүй байтал Ууганбаяр ах Үнэнбат намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид 2 босоод том өрөөнд ороход Ууганбаяр ах газар хэвтэж байсан. Тэгээд манай эхнэр Энхтуул түргэн дуудсан гэх мэдүүлэг  /хх-ийн 24 тал/,

 

        5. Гэрч С.Энхтуулын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 03-ны үүрээр манай нөхөр Батхүү, Үнэнбат 2 гаднаас орж  ирсэн. Би нөхрийгөө унт гээд унтуулсан. Үнэнбат гарч яваад удалгүй эргэж орж ирсэн. Гэтэл хутгалчихлаа гэсэн дуу гарсан, тэгэхээр нь нөхөр бид 2 босоод очиход том өрөөний шалан дээр Ууганбаяр ах хэвтээд Үнэнбат намайг хутгалчихлаа гэж дахин дахин хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

 

       6. Гэрч Ж.Наранцэцэгийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:  2017 оны 03 дугаар сарын 03-ны үүрээр 05 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай нөхөр таксинд яваад ирсэн. Гэтэл Үнэнбат гаднаас нилээн согтуу орж ирээд Ууганаа ахаа машинаа өгөөч би таксинд явж байгаад ирье гэж хэлсэн. Батхүүгийнд ороод унт гэж хэлсэн чинь Үнэнбат эсэргүүцээд байхаар нь үгэнд орохгүй юм гээд хацар дээр нь нэг удаа алгадсан. Ууганбаяр Үнэнбатыг дагуулаад гарсан нилээн байж байгаад хүн шуугилдаад байхаар нь Батхүүгийнд орсон чинь үүдэн дээр Ууганбаяр ухаангүй дээшээ хараад доогуур нь нил цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч С.Үнэнбатын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

 

       Хохирогч Г.Ууганбаяр нь бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, гэжээ.

 

      Харин  шүүгдэгч С.Үнэнбат нь урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар өршөөлийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

 

     Иймд шүүгдэгч С.Үнэнбат нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Г.Ууганбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, саарал өнгийн фодволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

             1. Шүүгдэгч Уртыхан овгийн Сүх-Очирын Үнэнбатыг  /ТА85061617/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан С.Үнэнбатад холбогдох эрүүгийн 201714000156 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, саарал өнгийн фодволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.