Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 118/ШШ2018/0012

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би иргэн Э.*******гийн нэхэмжлэлтэй тус аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар захирамж, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагаанхайрхан сумын ИТХ-ын дарга Л.******* нь 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 17 тоот захирамжаар 2 сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож сахилгын шийтгэлийг 11, 12 дугаар сарын цалингаас тооцож сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. ИТХ-ын даргын 2018 оны 02 сарын 15-ны өдрийн 02 тоот захирамжаар 3 сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцон 2, 3, 4 дүгээр саруудын цалингаас хасч тооцохоор шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ИТХ-ын дарга Л.*******гийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 17 тоот захирамж, 2018 оны 02 сарын 15-ны өдрийн 02 тоот захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү. 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 17 тоот захирамжийг аймгийн төрийн албаны зөвлөлд шийдвэрлүүлэхээр өгсөн боловч одоог хүртэл хариу ирээгүй юм гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 тоот захирамжаар Э.*******д сахилгын шийтгэл ногдуулсныг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 17 дугаар албан бичгээр хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот захирамжаар хүчингүй болгох шийдвэр гаргасан. 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот захирамжийг алдаа дутагдалтай байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр хүргүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар захирамж, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь маргаан бүхий 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлаас халах тухай 17 дугаартай захирамжийг 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаар захирамжаар хүчингүй болгож, мөн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах 02 дугаартай захирамжийг алдаатай гаргаснаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлаас халах тухай 17 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг биелүүлж, 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаар захирамжаар дээрх маргаан бүхий 17 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг нь хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулж гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар захирамж, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 35100 төгрөг гаргуулж Э.*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА