| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0407/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/417 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч Я.Б,
хохирогч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Я-ийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000490 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 08-нд Говь Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Х” ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, Х овогт Я-ийн Б.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Я.Б нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н зочид буудалд хохирогч Д.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь гараараа нэг удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Я.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б мэдүүлэхдээ “Мөнгөний асуудлаас болж хохирогчтой маргалдаж биед нь халдсан. Хагалгаа болон өөр эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т мэдүүлэхдээ “Би халтуураар бүжиглэж явахдаа энэ хүнтэй танилцсан. Тэгээд бид хамтдаа зочид буудалд ороод пиво ууж байгаад хоёр найзынхаа хамтаар явлаа гээд би буудлын өрөөнөөс гараад коридорт явж байхад Б гэх энэ залуу миний нүүр рүү гараараа цохисноос миний хамрын яс хугарсан. Одоо миний хамар үнэртэж чадахгүй байгаа, байнга хамар битүүрч байгаа учраас хагалгааны зардлаа барагдуулвал өөр гомдол санал байхгүй. Хохиролтой холбоотой баримтаа эмнэлгээс авчирч ирж чадаагүй.” гэв.
Гурав: Эрүүгийн 2405000000490 дугаартай хэргээс
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Т-ийн өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчимд найз Э, Н нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дэлгүүрийн зүүн талын “CU” сүлжээ дэлгүүрийн хажууд архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэчихсэн байсан ба найз Э бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Гэтэл үл таних дөрвөн залуу ирээд танилцъя хамт жоохон сууя гэхээр нь зөвшөөрөөд найзуудын хамт модны хоёрын хойд талын автобусны ард байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудал руу гурван найз үл таних залуугийн хамт орсон. Тус буудалд 2 өрөө авсан ба нэг өрөөнд нь орж пиво ууж байсан байгаад хоёр найзынхаа хамт явахаар болоод явлаа гээд тус өрөөнөөс гараад буудлын коридорт явж байтал тухайн үл таних дөрвөн залуугийн нэг нь танай найз Э-ыг түлхчихсэн гэтэл Э газарт уначихаар нь босгох гээд оролдож байтал Б гэх залуу намайг нүүр рүү цохьчихсон ба миний хамраас цус гарсан бөгөөд шууд гэмтлийн эмнэлэг явсан тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч дуудаж чадалгүй байсаар эмнэлгээр явсан. Тухайн үл таних залуучуудад хандаж гэр рүүгээ явлаа гээд буудлаас гарч байхад уурлаад бид нарыг түлхэж Б нь миний хамар руу цохисон. Би урьд өмнө уулзаж байгаагүй танихгүй царайг нь харвал тухайн намайг цохисон залууг танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Э-ын өгсөн: “...Би Х ХХК-ны инженерээр 5 сар ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын ажилчдын хамт “И” плазад хоолонд орж караокед суусан тухайн газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2024 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 4 цагт Гранд плазагийн зүүн талд байрлах шөнийн цэнгээний стрип клубт найз А болон Б нарын хамт орсон бөгөөд тухайн газар дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад өглөөний 08 цагийн орчимд тус газраас гарсан хажууд байрлах “СU” сүлжээ дэлгүүр орчоод гарч ирэхэд тус клубт бүжиглэж байсан 3 эмэгтэй гарч ирээд хамт явахаар болж модны хоёрт байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудал руу бүжигчин гурван охины хамт орсон. Тухайн зочид буудалд 1 шил архи хувааж ууж байсан ба Б нь нэг эмэгтэйтэй нь ярилцаад суугаад байсан ба түүнд мөнгө шилжүүлсэн юм шиг байсан төд удалгүй гурван охины хоёр нь гараад явчихаар юу болов яасан талаар асуухад Б-тай хамт сууж байсан эмэгтэй араас гарч ирээд миний хажуугаар нэг зөрөхөд нь Б араас нь уурлаж гарч ирээд түүний биед халдсан. Тухайн маргаан нь мөнгө төгрөг нэхсэн бололтой түүнээс болж маргаан болсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.А-ын өгсөн: “Би Х ХХК-нд 3-4 сар ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын ажилчдын хамт “И” плазад хоолонд орж караокед суусан тухайн газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2024 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 4 цагт Гранд плазагийн зүүн талд байрлах шөнийн цэнгээний стриптиз клубт найз Г.Э болон Б нарын хамт орсон. Тухайн газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад өглөөний 08 цагийн орчимд тус газраас гарсан хажууд байрлах “CU” сүлжээ дэлгүүр ороод гарч ирэхэд тус стрип клубт бүжиглэж байсан гурван эмэгтэй гарч ирээд хамт явахаар болж модны хоёрт байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудал руу бүжигчин гурван охин бид гурвыг аваад явсан. Тухайн зочид буудалд 1 шил архи хувааж ууж байсан ба Б нь тухайн гурван охины нэгэнтэй нь маргалдаад эхлэхээр нь би салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
4. 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-34 дэх тал)
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4058 дугаартай “Д.Т-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр 4-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр Я.Б-ын өгсөн: “Би Х ХХК-д нярваар ажиллаад 3 жил болж байна. 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллага ажилчдаа хүлээн авч хоолонд орсон ажлынхаа хамт олонтой “И” плазад караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд түүнээс гараад баруун 4 замын ойролцоо Гранд плазагийн хажуу талд байрлах нарыг нь мэдэхгүй шөнийн цэнгээний стриптиз цэнгээний газарт үйлчлүүлж байгаад үүрийн 5 цагийн орчимд тухайн газраас гарсан. Тэгэхэд тэр баарны гурван охины хамт гарсан. Тухайн гурван охин буудлаа заагаад хамт явсан бөгөөд би найз Э, А нарын хамт явж байсан ба тухайн гурван охин модны хоёрт байрлах зочид буудал руу орсон ба тус буудалд би 2 өрөө авсан. Нэг өрөөнд нь тухайн гурван охин болон би хоёр найзын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тухайн гурван охины нэг нь таксины мөнгө өгчих гэхээр нь 100.000 төгрөг өгсөн ба дахин цагаар суудаг учраас цагийнхаа мөнгийг хийчих гэж хэлсэн. Тухайн үйлдлээс болж маргаан үүссэн ба тухайн гурван охин явлаа гэж хэлээд тус өрөөнөөс гараад явсан өрөөний хаалганы хажууд маргалдаж байгаад тухайн эмэгтэйн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тухайн эмэгтэйг цохичихсон чинь намайг найзууд татаад өрөө рүү аваад орчихсон. Би тухайн эмэгтэйн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Я.Б нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н зочид буудалд хохирогч Д.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь гараараа нэг удаа цохисны улмаас биед эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Д.Т-ийн өгсөн: “...Тухайн үл таних залуучуудад хандаж гэр рүүгээ явлаа гээд буудлаас гарч байхад уурлаад бид нарыг түлхэж Б нь миний хамар руу цохчихсон. Би урьд өмнө уулзаж байгаагүй танихгүй царайг нь харвал тухайн намайг цохисон залууг танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), гэрч Г.Э-ын өгсөн: “...Б нь нэг эмэгтэйтэй нь ярилцаад суугаад байсан ба түүнд мөнгө шилжүүлсэн юм шиг байсан төд удалгүй гурван охины хоёр нь гараад явчихаар юу болов яасан талаар асуухад Б-тай хамт сууж байсан эмэгтэй араас гарч ирээд миний хажуугаар нэг зөрөхөд нь Б араас нь уурлаж гарч ирээд түүний биед халдсан. Тухайн маргаан нь мөнгө төгрөг нэхсэн бололтой түүнээс болж маргаан болсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч Н.А-ын өгсөн: “...зочид буудал руу бүжигчин гурван охин бид гурвыг аваад явсан. Тухайн зочид буудалд 1 шил архи хувааж ууж байсан ба Б нь тухайн гурван охины нэгэнтэй нь маргалдаад эхлэхээр нь би салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4058 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), сэжигтнээр Я.Б-ын өгсөн: “...Тухайн гурван охины нэг нь таксины мөнгө өгчих гэхээр нь 100.000 төгрөг өгсөн ба дахин цагаар суудаг учраас цагийнхаа мөнгийг хийчих гэж хэлсэн. Тухайн үйлдлээс болж маргаан үүссэн ба тухайн гурван охин явлаа гэж хэлээд тус өрөөнөөс гараад явсан өрөөний хаалганы хажууд маргалдаж байгаад тухайн эмэгтэйн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тухайн эмэгтэйг цохчихсон чинь намайг найзууд татаад өрөө рүү аваад орчихсон. Би тухайн эмэгтэйн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Я.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч Д.Т-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Я.Б нь хохирогч Д.Т-тай маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Я.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.Т-ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хэрэгт хохирогчоос “Лазер мед” эмнэлэгт КТГ хийлгэсэн 130.000 төгрөг, “Монгол фарм” эмийн сангийн нийт 59.097 төгрөгийн баримтууд нийтдээ 189.097 төгрөгийн хохиролтой холбоотой баримтыг хавсаргуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т-ийн баримтаар нэхэмжилсэн 189.097 төгрөгийн хохирлыг шүүх хуралдааны явцад шүүгдэгч Я.Б нөхөн төлсөн болно.
Хохирогч шүүх хуралдаанд “...хамар үнэрлэх чадваргүй болсон учраас хамрын хагалгаанд орох шаардлагатай болсон, улсын эмнэлэгт төлбөр төлж хамраа татуулсан, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн. Энэхүү нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтгүйн учир шүүх хэлэлцэхгүй орхив.
Харин хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршиг болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Я.Б-аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Я.Б-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Долоо: Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Я-ийн Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Д.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, цаашид гарах хагалгааны зардал, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт шүүгдэгч Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ