| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01463/И |
| Дугаар | 102/ШШ2021/02366 |
| Огноо | 2021-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/02366
|
|
|
|
2021 оны 09 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/02366 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, хороо, хороолол, байр, тоотод байрлах, Э ХХК-ийн /РД:/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, хороо, Д гудамж 1, М ХХК-ийн байр, давхарт байрлах, У ХХК-д /РД:5/ холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 82,740,750 /наян хоёр сая долоон зуун дөчин мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э ХХК нь хариуцагчтай 2019.03.27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хавсралтад заасан тос, тослох материалыг бичиг баримтын хамт худалдан авагч талд шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу манайх нийт 11,210 литрийн хэмжээтэй, 67,160,500 төгрөгийн үнэтэй э тосыг шилжүүлсэн. Тосны үнийг гэрээний 4.3-т заасны дагуу 2019.04.20-ны өдрөөс 2019.07.30-ныг хүртэл хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон ч У ХХК 2019.05.14-ний өдөр 12,0 сая төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөлгүй хохироож байна. Гэрээний 7.1-д Талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол үүссэн хохирлыг буруутай тал нь хариуцаж барагдуулна гэж заасны дагуу үндсэн төлбөрөөс 55,160,500 төгрөг, үүний алданги 27,580,250 төгрөг, нийт 82,740,750 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Иймд Иргэний хуулийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үурэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу тос, тослох материалын үндсэн төлбөр 55,160,500 төгрөг, алданги 27,580,250 төгрөг, нийт 82,740,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Э ХХК нь У ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үндсэн төлбөрт 55,160,500 төгрөг, алдангид 27,580,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.
Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
Зохигч 2019.03.27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Э ХХК нь тос, тослох материалыг бичиг баримтын хамт худалдан авагч У ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь нийт 11,210 литрийн хэмжээтэй, 67,160,500 төгрөгийн э тосыг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь төлбөрийг гэрээний 4.3-т заасны дагуу 2019.04.20-ны өдрөөс 2019.07.30-ны өдрийг хүртэл төлөх үүргийг хүлээсэн ч 2019.05.14-ний өдөр 12,000,000 төгрөгийг төлж, харин үлдэгдэл төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай байх тул нэхэмжлэгч 55,160,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч 2021.03.17-ны өдөр 01/80 тоот албан бичгээр 6 сарын хугацаанд төлөхөө мэдэгджээ.
Зохигч гэрээний 2.11 дэх заалтаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.1%-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байх тул алданги тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагч нь 2019.04.20-ны өдөр нийлүүлсэн тосны төлөх төлбөр 13,432,100 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг 2019.05.14-ний өдөр төлсөн, 2019.05.20-ны өдрийн тосны төлбөр 13,432,100 төгрөг дээр өмнөх үлдэгдэл 1,432,100, нийт 14,864,200 төгрөгийн 0,1 хувийн алданги нь хоногт 14,864 төгрөгийг 30 хоногоор тооцоход 445,926 төгрөг, 2019.06.20-ны өдрөөс өмнөх үлдэгдэл 14,864,200 төгрөг дээр төлөх 26,864,200 төгрөгийг нэмэхэд 41,728,400 төгрөг болох ба 30 хоногийн алданги 1,251,852 төгрөг, 2019.07.30-ны өдрөөс үлдэгдэл 41,728,400 төгрөг дээр төлөх 13,432,100 төгрөгийг нэмж, 55,160,500 төгрөгөөс 0,1 хувийн алдангийг тооцоход хоногт 55,161 төгрөг болох ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 648 хоногт тооцоход 35,744,328 төгрөг болж байна.
Дээрх хугацаанд /445,926+1,251,852+35,744,328/ алданги нь 37,442,106 төгрөгөөр тооцогдож байгааг гүйцэтгээгүй үүрэг болох 55,160,500 төгрөгийн 50 хувь 27,580,250 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлсэн байх тул хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М-д түүний шүүхэд мэдүүлсэн 99197413 дугаарт зурвасаар, У ХХК-д шуудангаар тус тус энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2021.09.08-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 571,654 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 571,654 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан У ХХК-иас /РД:/ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 82,740,750 /наян хоёр сая долоон зуун дөчин мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан, Э ХХК-д /РД:6113427/ олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 571,654 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 571,654 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ