Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энхтайван хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт О-ийн М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000000560 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 25-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикийн инженер мэргэжилтэй, “Т” ХХК-д төлөвлөлтийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:***/, Д овогт О-ийн М. 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.М нь 2024 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны *** тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.А-ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч О.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ “Миний буруу хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405000000560 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.А-ийн өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр найзуудтайгаа уулзана гээд уухаар гарсан. Тэгээд шөнө 1, 2 цагийн үед ороод ирнэ гэж байгаад 3, 4 цагийн найзтайгаа уулзаж байна гэхээр нь би орхичихсон юм. Тэгэхэд 5 цагийн үед автобусны буудлаас ирээд авчих, би алхаж чадахгүй байна гэхээр нь би шууд гараад очиж авсан. Тэгээд явж чадахгүй болохоор нь түшээд гэр рүүгээ явж байхад М-ын гар утсанд мэдэгдэл ирээд, харсан чинь хуучин найз охинтойгоо чатлаад уулзсан байсан. Тэгэхээр нь би уурлаад түрүүлээд гэр рүүгээ алхсан чинь араас гүйцэж ирээд орцоор оруулахгүй хаалга таглаж зогсчхоод яагаад уулзаж болохгүй юм гээд байхаар нь би охин дээрээ оръё гээд орсон. Би гэр рүүгээ ороод өчигдөр ирж хоносон хадам ээждээ танай хүүхэд чинь хуучин найз охинтойгоо харьцаад байна аа, ингэж болох юм уу, арга хэмжээ авахгүй юм уу гэсэн чинь ээж нь яана аа тийм үү гээд Мыг гэртээ орж ирэхэд нь ээж нь нэг юм хэлээд байсан. Тэгэхэд М ээжийнхээ өөдөөс наад янхан чинь яаж явдаг гэж бодож байна, миний олж ирсэн мөнгийг зүгээр үрээд сууж байдаг, хуучин найз охин чат бичээл биз, яадаг юм чат бичсэн, тэгээд яадаг юм гэхээр нь би чи арай дэндэж байгаа юм биш үү гээд шүүгээ рүү түлхсэн. Тэгсэн чинь намайг чи яагаад түлхэж байгаа юм гээд нүүр рүү хэд хэд цохиод, үсдэж байгаад хана руу саваад хөл, гар, нуруу, хэвлий рүү өшиглөөд байсан. Тэгээд би цагдаа дуудахад хүүхдээ авч явна гэж сүрдүүлсэн, цагдаа дуудсан гэсэн чинь нэмж өшиглөсөн, хадам ээж болохоор миний хүү цагдаа ирэхээс өмнө гараад зугтаачих гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн алба хаагчтай уулзаад цагдаа дээр ирсэн. Миний биед нүүр хавдсан, үс их унаж байна, толгой маш их өвдөж байна, эрүү зуураад байна, баруун гар хөл бадайраад, хэвлийгээр өвдөөд байна. Би эрүүл мэндээрээ хохирч байна. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би маш их хохирч байна, тиймээс маш их гомдолтой байна, би дөнгөж 3 сартай хөхүүл байж зодуулсандаа гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал)

2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.А-ийн дахин өгсөн: “Надад гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан зүйл байхгүй. Манай охин 4 сартай учир харах хүн байхгүй учраас шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Д-ийн өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед өөрийн төрсөн хүү М-ын гэрт хонохоор очсон. Тэгээд хүүгийнхээ гэрт байж байхад манай хүү ажлынхаа газрын хүмүүстэй уулзчихаад ирье гээд орой гараад явсан. Тэгээд 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө үүрээр 05 цагийн үед байх манай хүү гаднаас гэртээ орж ирээд эхнэр А-тай маргалдаж байсан. Тэгээд манай бэр охин ёо ёо гээд хашхирахаар нь би сэрээд босоод харахад нүүрээ дараад газарт сууж байсан. Манай бэр охин А-ийн нүүр хэсэг нь хавдчихсан шалбарсан байсан. Тэгээд миний даралт ихсээд байсан учир би тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар асууж чадаагүй юм. Удалгүй цагдаа нар гаднаас орж ирж байсан. Тэгээд би хүүгийнхээ гэрээс цүнхтэй хувцсаа аваад гараад явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)

4. Хүний биед үзлэг хийсэн 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 08-10 дахь тал)

5. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 33 дахь тал)

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4441 дугаартай "М.А-ийн биед баруун хөмсөг, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээр зулгаралт, хамрын нуруу, баруун чихний дэлбээ, шанаа, хуйх, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.М-ын өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 29-ний шөнө 19 цагийн үед гэрээсээ ажлынхаа найзуудтай уулзах гээд гарсан. Тэгээд би найзуудтайгаа уулзаад пиво уугаад байж байхад миний сууж байсан газрын хажуу талын пабад хуучин надтай үерхэж байсан эмэгтэй байна гэхээр нь би мэнд мэдэх гээд уулзсан. Тэгээд бид хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад салаад би гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ ороод байж байхад манай эхнэр А миний утасны кодыг тайлаад чат харж маргаан эхэлсэн. Бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад би эхнэрээ цохиж бас гараараа түлхэж унагаасан. Хэдэн удаа яаж цохисныг би санахгүй байна. Тэгээд манай эхнэр гар утсаараа цагдаа дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал)

8. Шүүгдэгчийн хувийн байдагтай холбоотойгоор түүний иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч О.М нь 2024 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны *** тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.А-ийг гараараа нүүрэн тус газар нь цохих, үсдэж хана руу савах, хөл, гар нуруу, хэвлий хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч М.А-ийн өгсөн: “...нүүр рүү хэд хэд цохиод, үсдэж байгаад хана руу саваад хөл, гар, нуруу, хэвлий рүү өшиглөөд байсан. Тэгээд би цагдаа дуудахад хүүхдээ авч явна гэж сүрдүүлсэн, цагдаа дуудсан гэсэн чинь нэмж өшиглөсөн,...3 сартай хөхүүл байж зодуулсандаа гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 дахь тал), гэрч Г.Д-ийн өгсөн: “...хүү гаднаас гэртээ орж ирээд эхнэр А-тай маргалдаж байсан. Тэгээд манай бэр охин ёо ёо гээд хашхирахаар нь би сэрээд босоод харахад нүүрээ дараад газарт сууж байсан. Манай бэр охин А-ийн нүүр хэсэг нь хавдчихсан шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), Хүний биед үзлэг хийсэн 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 08-10 дахь тал), Хохирогч М.А-д 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр аюулын зэргийн үнэлгээ хийхэд “өндөр” зэргээр тогтоогдсон талаарх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 33 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4441 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.М-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад би эхнэрээ цохиж бас гараараа түлхэж унагаасан. Хэдэн удаа яаж цохисныг би санахгүй байна. Тэгээд манай эхнэр гар утсаараа цагдаа дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 48 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирогч М.А-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, үсдэж, хана руу савах, хөл, гар нуруу, хэвлий хэсэг рүү нь өшиглөх зэргээр гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөг, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээр зулгаралт, хамрын нуруу, баруун чихний дэлбээ, шанаа, хуйх, хоёр гуянд цус хуралт гэмтэл хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.М нь хамтран амьдрагч хохирогч М.А-тай маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос О.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан зүйл байхгүй. Манай охин 4 сартай учир харах хүн байхгүй учраас шүүх хуралд оролцохгүй.” гэж (хавтаст хэргийн 52 дахь тал)-д мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч О.М-ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдА нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. Д овогт О-ийн М-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэрэгт шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ