Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02295

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2021/02295 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, хороо,  хороолол,  байр, өрөө, М Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг,  хороо,  хороолол,  байр,  тоотод оршин суух, Х овогтой Ц.Б-д /РД:УМ90011573/ холбогдох,

нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн зардалд 555,820 /таван зуун тавин таван мянга найман зуун хорь/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.А, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б СӨХ-ны хөлсөө 4 жилээр төлөхгүй нийт суугчид, СӨХ болон жижүүр, үйлчлэгч нарыг хохироосон ба Иргэний хуулийн 142.2, 147, 148-р зүйл болон СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчиж байгаа тул 2018 оны 12 сарын 20,280 төгрөг, 2019 оны 243,950, 2020 оны 250,440 төгрөг, 2021 оны 1, 2 сарын 41,150 төгрөг, нийт 555,820 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оноос хойш буюу сүүлийн 5 жилийн хугацаанд амьдарч байгаа, эхний 3 жилийн хугацаанд СӨХ-ны төлбөрийг төлж ирсэн. Тус М СӨХ-ы төлбөрийг төлөөгүй шалтгаан нь орц нь гэрэлтүүлэг маш муу хөгшин хүн бүдэрч унахаар, жоохон хүүхэд сүнс зайлмаар, СӨХ-ны хяналтын хороо гэж байхгүй, орц өнгө үзэмжгүй, 1980 онд баригдсанаас хойш өөрчлөгдөж шинэчилсэн зүйлгүй, подвольд ариутгал хийгээгүйгээс айлуудад жоом, хулгана гүйдэг болсон, орцонд байнга архичид хонодог, баадаг, шээдэг, архи уудаг, орцны жижүүр тогтворгүй байнга сольдог цалинг нь тавьдаггүй, лифт нь хагас дутуу ажилладаг, ачааны лифт ажилллуулдаггүй, тоглоомын талбай жижиг, хүүхэд тоглох орчингүй, СӨХ-ы дарга харилцааны соёлгүй, оршин суугчдын дийлэнх хувь нь СӨХ-ны үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа бөгөөд хурал хийж ажлын хэсэг байгуулж СӨХ солих арга хэмжээ авахаар ажиллаж байна. СӨХ-г сольвол төлбөр барагдуулна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

М СӨХ нь Ц.Б-д холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засварын зардалд 555,820 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зардал төлөх үүргээ биелүүлээгүйгээс оршин суугч, ажилчид хохирч байна гэж, хариуцагч нь үйл ажиллагааны улмаас төлөөгүй, СӨХ-ны хяналтын хороогүй гэж маргалаа.

 

Орон сууц өмчлөгч Ц.Б нь хуульд зааснаар тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэжээ.

 

Аливаа эрх зүйн маргаанд нотлох үүргийн дарааллыг тодорхойлох бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засварын зардал гаргуулах тухай шаардлага гаргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нотлох үүрэгтэй юм.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс жижүүр үйлчлэгчийн цалинг нэмэхтэй холбоотойгоор оршин суугчдаас төлөх төлбөр нэмэгдсэн гэж тайлбарлан шүүхэд гаргаж өгсөн баримтад тухайн СӨХ-ны гишүүд гарын үсэг зурсан байгаа боловч энэ нь сар бүр оршин суугчдаас төлөх зардлыг тогтоосон хэмжээ гэж үзэхээргүй байна.

 

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж, 8 дугаар зүйлийн 8.4-т бүх гишүүдийн хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргаж, хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж, 9 дүгээр зүйлийн 9.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэжээ.

 

Тус Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүд хуралдаж зардал хуваарилах асуудлыг хэлэлцэж, хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд Ц.Б-с нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засварын зардалд 555,820 төгрөг гаргуулах тухай М СӨХ-ны нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 24,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар /РД:/ Х овогтой Ц.Б-с нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн зардалд 555,820 /таван зуун тавин таван мянга найман зуун хорь/ төгрөг гаргуулахыг хүссэн М Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 24,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ