| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0108/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/102 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/102
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Д.Ө*******, Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ө*******, Х.А нарт холбогдох эрүүгийн 2315001580110 дугаартай, 163/2024/01/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б******* овогтой Д******* Ө*******, Булган аймгийн ******* суманд ******* оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, ам бүл 6, ээж, аав, дүү нарын хамт Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* ******* тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Монгол улсын иргэн, ******* овогтой Х А, ******* аймгийн суманд оны дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, ам бүл 3 ээж, аавын хамт ******* аймаг, сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:МН992317,
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Ө*******, Х.А нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Андууд худалдааны төвийн хашаанаас иргэн Ц.Д******* “Лайка” үүлдрийн 2 настай эм, 9 сартай эр нохойг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 4,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ө*******, Х.А нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Андууд” худалдааны төвийн хашаанаас иргэн Ц.Д******* “Лайка” үүлдрийн 2 настай эм, 9 сартай эр нохойг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 4,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь хохирогч Ц.Д******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/, гэрч Ц.А өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/, гэрч О.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-91 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ө*******, Х.А нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрсдөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд шүүгдэгч нь дээд боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.
1.3.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Ө*******, Х.А нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, хууль бус болох нь илэрхий атал түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга, халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Ө*******, Х.А нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай дүгнэлтээр хулгайлагдсан эд зүйл болох цэвэр цусны “Лайка” үүлдрийн 2 настай нохойны үнэлгээг 2.500.000 төгрөг, цэвэр цусны “Лайка” үүлдрийн 9 сартай нохойны үнэлгээг 1.800.000 төгрөгөөр тус тус тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 4.300.000 төгрөгөөр тогтоосон болно.
Иймд шүүгдэгч Д.Ө*******, Х.А нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Ө*******, Х.А нарын нарыг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Д.Ө*******, Х.А нар нь хохирогч Ц.Д 4.3000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.Даваадорж нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Ө*******, Х.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Д.Ө*******, Х.А нарын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр Д.Ө*******, Х.А нарыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ тус бүр хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Хэрэв шүүгдэгч Д.Ө*******, Х.А нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг тусгайлан сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Ө*******, Х.А нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогтой Д******* Ө*******, ******* овогтой Х А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр Д.Ө*******, Х.А нарыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ө*******, Х.А нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус бүр хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Ө*******, Х.А нарт сануулсугай.
5.Шүүгдэгч Д.Ө*******, Х.А нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө*******, Х.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ