| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 155/2021/00383/И |
| Дугаар | 102/ШШ2021/02173 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2021/02173
|
|
|
|
2021 оны 09 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2021/02173 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х аймаг, М сум, баг, гудамж, тоотод оршин суух, Т дээлт овогтой Т.Б-ын /РД:/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, хороо, хороолол, Н плаза, давхарт байрлах, Н ХХК-д /РД:/ холбогдох,
Ижил нэр төрлийн бараагаар солиулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н ХХК-иас 2018.12.21-ний өдөр хөргөгч худалдаж авсан. Энэ бүтээгдэхүүн 2019 оны 4 сард эвдрэхээр нь засварт өгөхөд пиронгүй болсон байсан тул 2019 оны 5 сард засуулаад буцаж ирсэн. Дахиад 2020 оны 4 сард удирдлагын хавтан эвдэрч засварын хөлс 180.000 төгрөг болж, 90.000 төгрөгийг төлж бараа буцааж авсан. 2020 оны 12 сард дахин эвдэрсэн. Гэтэл Н ХХК нь хэвийн ажиллаж байна гээд буцаагаад явуулсан. Хэрвээ эвдрээгүй байсан бол засварт аваачиж өгөхгүй байсан. 2018 онд шинээр нь авснаас хойш 3 удаа эвдэрч байна. Хөргөгч хөлдөөхгүй, ажиллахгүй болохоор засварынх нь газарт өгсөн. 12 сараас хойш хөргөгчгүй байгаа. Хэрвээ шинэ хөргөгч байсан бол 5 сар болоод эвдрэхгүй байсан. Тэгээд сүүлд завсар үйлчилгээ хийхгүй, хэвийн ажиллаж байна гэж тайлбар гаргасан. Иймд Р брендийн 1.249.000 төгрөгийн үнэтэй хөргөгчөөр солиулах хүсэлттэй байна. Хөргөгчийг хэрэглэж байгаа хүн нь 2 том хүн, 1 хүүхэд байгаа. Зөөвөрлөөд, гамгүй эдэлж, байнга засварт явуулсан зүйл байхгүй, шинэ бүтээгдэхүүн 4 сарын дотор эвдэрнэ гэж байхгүй. Сүүлд хөргөгч хөлдөөхөө болихоор нь хандахад хэвийн ажиллаж байна гэж худлаа дүгнэлт гаргасан. Х аймгаас зөөвөрлөөд хотод авчирч засвараа хийдэг. Манайх эднийхээс өмнө нь яг ийм хөргөгч авсан, 5 жилийн турш ямар ч эвдрэл гараагүй. Манай аавын хөргөгч 3 жил дараалан эвдэрсэн. Хөргөгч хүний хэрэгцээг хангах үүрэгтэй. Иймээс хөргөгчөө солиулахаар хандахад сольж өгөөгүй. 2020.12.25-ны өдөр хөргөгчний хөргүүр нь эвдрээд хөлдөөхгүй болсон гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манайхаас R15MF295DIH хөргөгчийг 2018.12.21-ний өдөр худалдан авчээ. 2019.04.23-ны өдөр ажиллахгүй болсон гээд засуулахаар авчирсан. Гэхдээ пирон буюу хөлдөөгчийн ажиллуулдаг шингэн нь дууссан байсан. Энэ нь хөргөгчийг хэвтүүлэх болон зөөхдөө асгах магадлал өндөртэй байдаг. Тэрийг баталгааны хугацаанд нь сольж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн худалдан авсан хөргөгч нь 1.249.000 төгрөгийн үнэтэй, 1 жилийн баталгаат хугацаатай байдаг. 2020.04.01-ний өдөр дахин гэмтэл гарсан. Тухайн гэмтлийг 2020.05.07-ны өдөр засаж, буцааж өгсөн. Баталгаат хугацаа нь дууссан байхад үйлчлүүлэгч гомдол гаргасан. Тиймээс засварын төлбөрийг 50 хувиар хөнгөлсөн. Гэтэл 2020.12.25-ны өдөр дахин гэмтэл гарсан гээд өгсөн, инженерүүд ямар ч гэмтэл гараагүйг хэлсэн. Нэхэмжлэгчээс заавал солиулах гээд байгааг ойлгохгүй байна. Одоо хөргөгч нь Х аймгийн салбар дээр байгаа. Нэхэмжлэгчийг хөргөгчөө буцаагаад ав гэхээр авахгүй гэсэн. Тэгэхээр манайх сольж өгөх ямар ч боломжгүй гэдгээ хэлсэн. Сүүлд 2021.01.08-ны өдөр дахин инженерийн дүгнэлт гаргуулсан. Ямар ч эвдрэлгүй байна, үйлчлүүлэгчийнхээ хажууд ажиллуулаад, хүлээлгэж өг гэсэн. Х аймгийн салбарт засвар байхгүй, хотын Н плаза төвд засвар ажилладаг. Нэхэмжлэгчийн гомдлоос болж 2 удаа хөргөгчийг хотод авчирсан. Тээврийн зардлыг бид өөрсдөө гаргасан. Нэхэмжлэгч худалдан авсан хөргөгчөө буруу сонгосноос болж, солиулах гээд гэмтэл гарсан гэж тайлбарладаг байх. Баталгаа хуудас дээр нь 1 жил гэж бичсэн байгаа. 1 жилээс хойш засвар үйлчилгээ хийлгэж болно, гэхдээ төлбөртэй гэж хэлсэн. Нэхэмжлэгч 2020 оны 4 сард гомдол гаргасан учраас засварын төлбөрөөс 50 хувийн хасаж тооцсон, нүүрний палат шатсан байсан. Тухайн хөргөгчийг зассан талаар баримтыг гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Н ХХК-ийн бүрэлдэхүүнтэй гаргасан инженерийн дүгнэлт байгаа. Таны хөргөгчид ямар ч гэмтэл байхгүй байна, хөргөгчөө аваад яв гэхэд энэ хөргөгчийг өөр хөргөгчөөр солиулж авмаар байна гэсэн. Пирон бол үндсэн эвдрэл биш. Ямар ч бараа бүтээгдэхүүн хэрэглээний явцад гэмтэл үүсэж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн хөргөгч баталгаат хугацааны явцад пирон нь дууссан тул сольж өгсөн. Палат шатсан нь хэрэглэгчийн буруу хэрэглээг мэдэхгүй, тогтоох боломжгүй. Хэрэглээний явцад үүссэн гэмтлийг бүрэн төлж барагдуулах үндэслэлгүй. Нэхэмжлэгч барааг худалдан авах үед баталгааны хугацааг хэлж, тамга тэмдгийг нь дараад явуулсан. Инженерийн дүгнэлтийг тусгай мэргэжлийн хүмүүс гаргасан. Манай гол зарчим бол үйлчлүүлэгчийг хөргөгчтэй болгоход оршино. Баталгааны хуудсанд бичигдсэн 3 удаа эвдэрсэн бол сольж өгнөх заалтыг яриад байна, 1 удаа л эвдрэл гарсан байна. Пирон нь хөргөлтийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай шингэн, хаанаас аваад, хэнээр ч хийлгэх боломжтой. Палат нь эвдрэлдээ орно. Сүүлд эвдрэлгүй гэсэн дүгнэлт гарсан. Манайд хөргөгчийг сольж өгөх боломж байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Т.Б нь Н ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу хөргөгчийг ижил төрлийн бараагаар солиулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ худалдагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан, 2019 оны 4 сард пиронгүй болсон, 2020 оны 4 сард удирдлагын хавтан эвдэрсэн, 2020 оны 12 сард дахин эвдэрсэн гэж тайлбарлав.
Хариуцагч нь баталгааны хугацаанд хөргөгчийн шингэн нь дууссан байсан, хэвтүүлэх болон зөөхдөө асгах магадлал өндөртэй байдаг, энэ нь эвдрэл биш, баталгааны хугацаа дууссанаас хойш палат нь эвдэрснийг хөнгөлөлттэй засч өгсөн, сүүлд хөргөгчид гэмтэл гараагүй, хэвийн ажиллаж байсан, одоо хөргөгч нь салбар дээр байгаа боловч авахгүй гэсэн, хөргөгчийг солих үндэслэлгүй гэж маргалаа.
Т.Б нь Н ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбараас 2018.12.21-ний өдөр R15MF295DIH загварын Ротенза маркийн хөргөгчийг 1,249,900 төгрөгөөр худалдан авч, барааны Баталгааны хуудсыг олгосон байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Хэлцлээр талуудын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийн зохицуулалт үйлчлэх юм.
Баталгааны хуудаст хугацааг 12 сар гэж, 2018.12.21-ний өдрөөс хойш дээрх хугацаанд хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэмтлээ бусад гэмтлийг үнэ төлбөргүй засварлахаар уг хуудасны 1 дүгээрт тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан баталгаат хугацаанд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солих, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг гаргах эрхтэйг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заажээ.
Худалдан авагч нь хөргөгчийг хүлээн авснаас хойш 4 сарын дараа худалдагч талд баталгааны хугацаанд эд хөрөнгийн доголдлыг арилгуулах шаардлагыг гарган, худалдагч нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан үүргийн дагуу хөлдөөгч ажиллуулдаг шингэн дууссаныг сольсан, үүнээс хойш хөргөгч хэвийн ажилласан байна.
Нэхэмжлэгчийн худалдан авсан хөргөгч нь 2020 оны 4 дүгээр сард дахин ажиллахаа больсон, баталгаат хугацаа 2019.12.21-ний өдөр дууссанаар төлбөртэй засвар хийлгэсэн байна.
Баталгааны хуудасны 8 дугаарт барааг 3 удаа засварлагдсан бол буцаахгүйгээр ижил төрлийн бараагаар сольж өгнө гэжээ.
Эхний эвдрэлийг баталгаат хугацаанд засуулж, энэ хугацаанаас хойш дахин гарсан эвдрэлийг төлбөртэйгээр засуулсан байгаа боловч 2020 оны 12 дугаар сард хөргөгч дахин эвдэрсэн, ашиглах боломжгүй болсныг нэхэмжлэгч нь баримтаар нотлохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Харин хариуцагч нь хөргөгчид гэмтэл гараагүй, хэвийн ажиллаж байсан гэдгийг нотлохоор Н Засварын төвийн дүгнэлт ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэж хүсэлтийг гаргаагүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 34,548 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д заасныг баримтлан Н ХХК-д /РД:/ холбогдох, Ротензо маркийн хөргөгчийг ижил төрлийн бараагаар солиулах тухай Т дээлт овогтой Т.Б-ын /РД:/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 34,548 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ