Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч Н.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Н.Б*******ад холбогдох эрүүгийн 2415000090051 дугаартай, 163/2024/0099/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Н******* Б*******, А******* аймгийн Х******* суманд ******* оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 52 настай, ам бүл 7, эхнэр, хадам ах, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гэх газарт суух бүртгэлтэй, бага боловсролтой, малчин, урьд нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр биелүүлж дууссан, регистрийн дугаар:.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Б******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн гэртээ хохирогч /эхнэр/ Б.Ц хууль бус, нөхрөө доромжилсон үйлдлийн улмаас санаа сэтгэл нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч Б.Ц толгойн тус газарт цохиж, түүний биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн тархины эдийн цусан хураа, зүүн хажуугийн ховдлын арын эвэрт цус нэвчилт, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Б******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* сумын Шар тал 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ гаднаас орж ирэхэд нь түүний эхнэр Б.Ц  саахалт айлын танил С.Бтай бэлгийн харьцаанд орох гэж байсан зүй бус, гэр бүлээ гутаан доромжилсон үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч Б.Ц толгойн тус газарт 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд  “зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн тархины эдийн цусан хураа, зүүн хажуугийн ховдлын арын эвэрт цус нэвчилт, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

     1. Хохирогч Б.Ц: “...Б*******ын ярьж байгаа үнэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд би унтах гээд хэвтэж байх үед саахалт айлын малчин залуу Б нь бэлгийн харилцаанд орох санал тавиад улмаар зөвшөөрсөн. Тэгээд бэлгийн харилцаанд орох гээд миний дээр Б гараад суучихсан байх үед гаднаас нөхөр Б******* орж ирээд намайг Бтай эвгүй байдалтай байгааг хараад миний толгой хэсэгт нэг удаа гараараа цохисон. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөрт аль болох бага ял оноож өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

2. Иргэний нэхэмжлэгч Б.А “...манай байгууллагын зүгээс уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан гэмт хэрэг гарсны улмаас хохирогч Б.Ц нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.286.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3. Гэрч С.Бы: “...Тэгээд би Б******* ахын гэрт орж ирээд Ц эгчид хандан бэлгийн харилцаанд орох талаар хэлсэн. Ц эгч зөвшөөрч би дээр нь гарчихсан бэлгийн харилцааны асуудал эхэлж байх үед гаднаас Б******* ах орж ирээд намайг эхнэртэйгээ хардсан бөгөөд эхнэртээ уурлаж толгойн хэсэгт нь гараараа нэг удаа цохихлоор нь би салгаад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

4. Гэрч Б.А “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орой 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Б гэртээ орж ирээд унтлаа гээд унтсан.Би тухайн үед нь хаана хэнтэй хаагуур явсан талаар нь сайн мэдээгүй ер нь би хөл муутай болохоор гэрээс гардаггүй. 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдөр нөхөр бид хоёр Батнасангийн малчин Бы гэрийн гадна хамаатан Эрдэнэцогтын идшийг хийж өгсөн тэгэхэд би нөхрөөсөө Ц яасан юм бэ? гэж асуусан чинь манай нөхөр Б надад Ц толгой нь өвдөөд босож чадахгүй байна гэж хэлсэн. Би тухайн үедээ яасан талаар нь сайн асуугаагүй. Түүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ц над РУУ утсаар яриад та сумын эмнэлэг рүү түргэн дуудаад өгөөч миний толгой өвдөөд байна гэхээр нь би сумын эмнэлэг рүү утсаар дуудлага өгсөн чинь Баярмаа эмч ирээд үзээд явсан гэсэн би гэрт ороогүй эмч нартай нь ч уулзаагүй, утсаар л ярьсан. Тэгээд 3 хоногийн дараа намайг сумын төв рүү явна гэсэн чинь Ц эгч би хамт эмнэлэг орж үзүүлье гэсэн.Тэгээд би Цыг дагуулж ирээд сумын эмнэлэгт үзүүлсэн чинь хэвтэх шаардлагатай юм байна 4 дэх өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 тал/,

5. Гэрч О.Б “...Миний санаж байгаагаар 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хагас сайн өдөр намайг гэртээ амарч байтал Булган аймгийн ******* сумын Шар тал 2 дугаар багийн малчин Б.Ц гэх хүний бие нь өвдөөд босож чадахгүй байна босохоор толгой нь эргээд байна гэх дуудлага ирсэн.Тэгээд уг дуудлагаар би 13-14 цагийн үед очиж Б.Ц гэрт ороход Б.Ц нь гэрийнхээ зүүн талын орон дээр хөнжилдөө орчихсон хэвтэж байсан. Б.Ц нь өөрөө надад хэлэхдээ толгой өвдөж гүйлгэж бөөлжөөд байна гэсэн зовуурь хэлсэн. Би Б.Ц эгчийг 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр надад үзүүлснийхээ дараагаар манай эмнэлэгт хэд хоног хэвтээд Улаанбаатар хот руу Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү явсан талаар сонссон. Намайг анх очиж үзсэнээс хойш би Б.Ц эгчтэй уулзаж тааралдаагүй. Манай эмнэлэгт хэвтэхдээ ямар оноштой байсан талаар би мэдэхгүй байна. Б.Ц эгчийг манай эмнэлгийн эмч үзэж хэвтүүлж өвчний түүх нээсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 824 дугаартай:

1. Б.Ц биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн тархины эдийн цусан хураа, зүүн хажуугийн ховдлын арын эвэрт цус нэвчилт, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. 3.6.7 дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн зүүн зулайд цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Тухайн тухайн гэмтлийг авснаас хойш гавал тархины гэмтлийн хүндрэл үүсэх хүртлээ үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

 

7. Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 7 дугаартай “Б.Ц F07.2 тархины доргилтын дараах хам шинж өвчтэй байгаа тул цаашид СЭМҮТ-д ЭССШ болон IQ шинжилгээг хийлгэн улмаар 3-р шатлалд дүгнэлтийг гаргуулах шаардлагатай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

8. Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 8 дугаартай

1. Н.Б******* нь боловсролын түвшин доогуур боловч сэтгэцийн хувьд архины хараат байдал зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэг өвчтэй байна.

2. Н.Б*******ын 2023 оны 11 дүгээр сард архины хараат зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэг өвчтэй байсан байна. Н.Б*******ын архины хараат байдал өвчин нь 2-р үе шатандаа явагдаж байгаа олдмол эмгэг өвчтэй болно.

3. Н.Б******* нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Н.Б******* нь өөрийн хийж буй үйлдлийн буруу зөвийг өөрийн удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай байна.

5. Н.Б*******ад албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

          9. Хохирогч Б.Ц, яллагдагч Н.Б******* нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 105-107 дахь тал/

10. Хохирогч Б.Ц ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх /хавтаст хэргийн 166-176 дахь тал

11. Шүүгдэгч Н.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ... Би одоо он сар өдрөө сайн санахгүй байна. Манай гэрт манай эхнэр Ц, эхнэрийн төрсөн ах Б, төрсөн ах А, саахалт айлын залуу болох Б нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд Б нь болохоор манайд очоод байж бай гээд надад морио унуулаад явуулсан. Тэгээд би морь унаж явж байгаад ер нь яах гэж Бы гэр лүү очих гэж байгаа билээ гээд эргээд гэртээ ирээд улмаар гэрийнхээ хаалгыг таттал манай эхнэр гэрийн зүүн талын ор нь дээр эгц дээшээ харж хэвтсэн. Харин Б болохоор манай эхнэрийн дээр буюу дөрвөн хөллөсөн байдалтай байсан бөгөөд намайг хараад босож ирээд өмдөө татаад товчилсон. Тухайн үед Б нь дээлтэй байсан учир өмдөө доош нь тайлсан байсан эсэх нь харагдаагүй. Тэгэхээр нь миний уур хүрээд улмаар эхнэр Ц дээр очиход хөнжил нь бэлхүүснээс доош байдалтай байсан. Тэгээд. би Цыг энгэр хэсгээс нь татаж сэрээгээд толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Би бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулаагүй. Түүнээс гэмтэл учруулсан үйлдлээ бол хүлээн зөвшөөч байна. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б*******ын: “....Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна...” гэв.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б******* нь бага боловсролтой бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгч Б.Байгалмаагийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

 Эрүүгийн хуульд заасан “ойр дотны хүн” гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэр бүлийн гишүүн” хамаарах бөгөөд гэр бүлийн гишүүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т зааснаар “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгоно.

Н.Б******* нь Б.Цтай эхнэр нөхөр буюу гэр бүлийн гишүүд бөгөөд хохирогч Б.Ц нь С.Бтай бэлгийн харьцаанд орох гэж байгаа үйлдэл нь гэр бүлийн хүрээнд баримтлах ёс суртахуун, зан үйлийн хувьд зүй бус үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б******* нь хохирогч Б.Цыг С.Бтай бэлгийн харилцаанд орох гэж байсан зүй бус үйлдлийг харж сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн биед хүнд хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Н.Б*******ын нь хохирогч Б.Ц толгойн тус газарт 1 удаа цохисон үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн тархины эдийн цусан хураа, зүүн хажуугийн ховдлын арын эвэрт цус нэвчилт, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэлтэй буюу хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахгэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Б*******ыг Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, хохирогч Б.Ц эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт нэхэмжилсэн 2,286,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б******* шүүхийн шатанд буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

  Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Б*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон 1 жил, 6 сарын хугацааны тэнсэнгээс доош татаж бага хугацаагаар тэнсэж өгнө үү. Тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхэд татгалзах зүйл байхгүй байна”... гэв.

Шүүгдэгч Н.Б*******: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Н.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 114 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дахь тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Б*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Н.Б******* нь “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Н.Б******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Б*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б*******ад мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

2.3.Бусад асуудал

Шүүгдэгч Н.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Б*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Н******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б*******ад мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б*******ад сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ЁНДОНСАМБУУ