| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/00802/И |
| Дугаар | 102/ШШ2021/02017 |
| Огноо | 2021-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/02017
2021 оны 08 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2021/02017 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, С гудамж-13, М төв, А блок, давхар, Х зохицуулах хорооны /РД:/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, хороо, байр, тоот, А ХХК-д /РД:/ холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,160,000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Т.Э, нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хороо нь хариуцагчийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 25.2.10-т заасныг үндэслэн 2014.11.03-ны өдөр 2 жилийн хугацаатай эрхийн бичиг олгож, Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ-г байгуулсан. Гэрээнд зааснаар А ХХК нь 2014-2016 оны 2 жилийн эрхийн бичгийн төлбөр 1,160,000.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөрийн нэхэмжлэлийг эх хувиар нь хүргэж, холбоо тогтоохоор 2020.09.25-ны өдөр 88116789 дугаартай утсаар холбогдоход төлөх үндэслэлгүй гэв. Иймд А ХХК-иас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь 2014, 2015 оны төлбөр 445,000 төгрөгийг дансанд нь тушаасан, 2016 онд томилогдсон дарга нь журам гаргаж төлбөрөө нэхэмжилсэн байна. Төлбөрөө төлсөн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Х зохицуулах хороо нь А ХХК-д холбогдуулан Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь эрхийн бичгээ авахын тулд төлбөрийг төлсөн гэж маргалаа.
Х зохицуулах хороо нь хариуцагчтай Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг байгуулан, 58410 дугаар эрхийн бичиг олгожээ.
Гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулсан байна.
Дээрх гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь давтамжийн зурвасыг дотоод хэрэгцээнд харилцааны станцын зориулалтаар ашиглуулах, хариуцагч нь ашиглалт, үйлчилгээний төлбөрт жил бүр 190,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, 445,000 төгрөгийг гэрээ байгуулсан хугацаанд төлжээ.
Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу 1,160,000 төгрөгийг шаардах болсон үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх 2016.11.03-ны өдрөөс үүссэн, 2021.02.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шаардах эрх үүссэн өдрөөс хойш эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр А ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,160,000 төгрөг гаргуулах тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан А ХХК-д /РД:5316405/ холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,160,000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай Х зохицуулах хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ