| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0466/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/494 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энхтайван хөтлөн,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн А-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2403001700290 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, /РД:***/, Б овогт Б-ийн А.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах телевизийн замд “Toyota akua” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах телевизийн замд “Toyota akua” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т заасан замын тэмдэглэлийн 1.1-1.3. 1.15 а-1 15в тээврийн хэрэгслээр давахыг хориглоно 1.3. үргэлжилсэн хос шугам дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана гэж, мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 12 цаг 34 минут 24 секундэд зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.А-ын өгсөн: “Би автомашинд хэрхэн яаж мөргүүлснээ санахгүй байна. Тухайн өдөр айлд ажил хийж өгчхөөд эрт дуусаад харих гээд явж байснаа мэдэж байна. Би гудмаар үл таних хүмүүстэй архи ууснаа санаж байна. Тэгээд харих гээд явснаа мэдээд байгаа, өөр юм санахгүй байна. надад ажлын байр гэж байхгүй хаяа дуудлагаар айлын стенк тавилга хувиараа хийж өгдөг юм. Ослын улмаас миний толгойд гэмтэл учирсан байна, толгойны зүүн хэсэгт хонхорхойтой, бие их хүнд байна. Алхаад гишгээд явахад бэрхшээлтэй. Жолоочид гомдол гээд хэлээд байх зүйл байхгүй, хуулийн дагуу осол шийдвэрлэгдэнэ байх гэж бодож байна. Миний эрүүл мэндтэй холбоотой гарсан хохирол төлбөрийг жолооч төлсөн эсэхийг би мэдэхгүй байна, хэдэн төгрөгийн хохирол зардал гарсныг хүүхдүүд мэдэж байгаа тэр зардлыг нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэг нийт 02:57 секундийн бичлэг байв. Бичлэгийг эхлүүлэхэд асфальтан зорчих хэсгээр автомашинууд хөдөлгөөнд оролцон явж байх ба дэлгэцийн зүүн дээд буланд 2024-03-16 12:34:04 гэсэн огноо болон цагийг зааж байв. Явган хүний зам дээр хүрэн ягаан өнгийн гадуур хувцастай 50-55 орчим насны эмэгтэй хүн баруун гараа бага зэрэг өргөөд зогсож байв. Бичлэгийн 12:34:18 дахь секундэд зорчих хэсгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан цагаан өнгийн “Toyota Akua” маркийн автомашин зорчих хэсгийн үргэлжилсэн цагаан шугам даван буцаж эргэх үйлдэл хийж байх ба зорчих хэсгийн урдаас хойш явах чиглэлийн 1 дүгээр эгнээнд брожур хэсэгт тулж хөндөлдөн зогсох ба энэ үед зорчих хэсгийн баруун талаар явган хүний гарцгүй хэсгээр явган зорчигч баруунаас зүүн тийш чиглэлтэй хурдтай алхаж орж байв. Урдаас хойш явах зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд хөндлөн зогссон “Toyota Akua” маркийн автомашины бичлэгийн 12:34:24 дэх цагт ухрах хөдөлгөөн хийж буцаж урагш хөдөлгөөн эхлэх үедээ автомашины зүүн урд хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг түрэн, мөргөж бичлэгийн 12:34:28 дахь секундэд зогсож автомашины жолооч талын хаалганаас 35-40 орчим насны эрэгтэй хүн бууж машинд мөргүүлсэн хүн дээр очиж байгаа нь харагдав. Автомашины жолооч машинд мөргүүлсэн явган зорчигчийг өргөж байгаа нь харагдах бөгөөд өөр хүнээс тусламж хүсэн автомашинаа бичлэгийн 12:35:17 дахь секундэд бага зэрэг ухрааж байх ба машинд мөргүүлсэн хүнийг хөндлөнгийн хүний хамт замын зүүн талын брожур хэсэг рүү ойртуулж суулгаж байв. Бичлэгийн 12:36:47 дахь секундэд автомашины жолооч машиндаа сууж автомашиныг хөдөлгөөн замын зүүн тал руу гаргаж байрлуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-19 дэх тал)
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3949 дугаартай “Д.А-ын биед зулай, дух ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, дух, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал)
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 53-59 дэх тал)
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 558 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 62 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч С.С-ийн “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Телевизийн замд 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд “Toyota Aqua маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигч Д-ийн А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.А нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан болох нь lavlagaa.emongolia.mn системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх үйлчилгээний зардлыг яллагдагч Б.А-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)
Яллагдагч Б.А-ын “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан байгаа. Би хохирогчид нийт 1.750.000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.4, 10.1-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас Д.А-ыг мөргөж зулай, дух ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, дух, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А нь (хавтаст хэргийн 108 дахь тал)-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг өөрсдийн сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хэргийн хохирогч Д.А-ын биед учирсан хүнд гэмтэл бүхий эрүүл мэндийн хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хохирогч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний бие Б.А-оос 1.750.000 төгрөгийг гаргуулан авсан. Одоо гаргуулан авах гомдол санал байхгүй болно. Миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Тээврийн прокурорын газарт гаргажээ. (хавтаст хэргийн 107 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А “хохирогчийн хохиролд нийт 2.112.000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн болно.
Хохирогч Д.А нь зам тээврийн ослоос өөрт учирсан зулай, дух ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, дух, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийн улмаас Эрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь (хавтаст хэргийн 29 дэх тал)-д авагдсан баримтаар нотлогдсон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Б.А иргэний нэхэмжлэгч байгууллагад 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 113 дахь тал)-д авагдсан байх тул нийт төлбөрөөс 1.000.000 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй үлдсэн 5.800.000 төгрөгийг Б.А-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансан)-д олгох нь зүйтэй.
Харин хохирогч Д.А нь гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байх боловч гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн гэмтэл, хохирол хор уршиг зэргийг харгалзан цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 114-115 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүгдэгчид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.А-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.4.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ийн А-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.А-д мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-оос 5.800.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Хохирогч Д.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
9. Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ