Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 42

 

Хас банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00416 дугаар шийдвэртэй, Хас банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-07 тоотод оршин суух, ПП75121028 тоот регистрийн дугаартай, Цоохормууд овогт Аюушжавын Отгонбаяр, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 01-11 тоотод оршин суух, ПЮ77100373 регистрийн дугаартай, Санзаа овогт Мягмаржавын Батцоож нарт холбогдох

иргэний хэргийг хариуцагч А.Отгонбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 77,575,757.58 төгрөг, хүүгийн төлбөр 21,494,413.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 863,666.26 төгрөг, нийт 99,933,837.72 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: “Хас банкны Ховд салбараас иргэн А.Отгонбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1240023986 тоот зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийн зээлийг бараа татах бизнесээ өргөжүүлэх зориулалттай 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан. Уг зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сумын 8 дугаар баг Наран багийн 25-07 тоот Д-000094344, Г-1617002377 дугаартай 1346 м.кв бүхий өмчлөх эрхтэй газар, Хойд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-07 тоот Д-000182115, Ү-1617002498 дугаартай 45 мкв бүхий авто граж, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-07 тоот Д-000150245, Ү-1617003472 дугаартай 52,4 м.кв бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-19, 20 тоот Д-000387582, 8414910082 дугаартай 1420 м.кв бүхий эзэмших эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-19 тоот, Д-000161612, Ү-1617001798 дугаартай 56 мкв бүхий хувийн сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-19 тоот, Д-000161612, Ү-1617000397 дугаартай 56 мкв бүхий хувийн сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-22 тоот, Д-000094667, Г-1617004716 дугаартай 500 м.кв бүхий эзэмших эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-22 тоот Д-000027207, Ү-1617002587 дугаартай 48 м.кв бүхий амины орон сууц барьцаалсан.

            Дээрх зээлийн үлдэгдлийг гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөлтөө гүйцэд хийлгүй хугацаа хэтрээд байна. Үүнийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тооцсон. А.Отгонбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрт 2,424,242.42 төгрөг, зээлийн хүү 5,889,847.71 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,874.87 төгрөг төлсөн байна.

            Одоо 1240023988 тоот зээлийн үлдэгдэл үндсэн зээл 77,575,757.58 төгрөг, зээлийн хүү 21,494,413.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 863,666.26 төгрөг, нийт 99,933,837.72 төгрөг байгаа.

            Өмнө нь энэ талаар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие шүүх хурлаас 10 минут хожигдож очсон тул нэхэмжлэлийг буцаасан байсан. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тооцож төлүүлэхэд татгалзахгүй.

            Иймд иргэн А.Отгонбаяр, М.Батцоож нараас нийт 99,933,837.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хас банкны Ховд салбараас зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг бизнесээ өргөжүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан. Миний бие 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрт 2,424,242.42 төгрөг, зээлийн хүү 5,889,847.71 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,874.87 төгрөг төлсөн.

            Ховд аймаг дахь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Мөн нэхэмжлэгч Хас банк 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гээд буцаасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй, удаа дараа шүүхэд өгсөн атал зээлийн хүү зогсохгүйгээр нэмж 3,613,648.83 төгрөг болсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй байж дахин нэхэмжлэл гаргахдаа хүүг нэмсэнд гомдолтой байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00416 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Отгонбаяр, М.Батцоож нараас үндсэн зээлийн төлбөр 77,575,757.58 төгрөг, зээлийн хүү 17,515,733.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577,698.64 төгрөг, нийт 96,320,188.89 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Ховд салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,613,649 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Отгонбаяр, М.Батцоож нараас улсын тэмдэгтийн хураамжид 639,550.94 төгрөгийг гаргуулан Хас банкны Ховд салбарт олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ. 

 

   Хариуцагч А.Отгонбаярын давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тайлбарлаж дүгнэлт өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талын санаачилгаар 2018 оны 02 дугаар сарын05-ны өдөр гэрээ цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах нь үндэслэлгүй бөгөөд харин хариуцагчийн буруутай үйл ажиллаагаанаас шалтгаалан гэрээ цуцлагдсанаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааг хуульчилсан боловч энэ маргааны тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журмаар харилцаа нь зохицуулагдах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн хүү 17.515.733.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577.698.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч “Хас банк”-ны Ховд салбар нь хариуцагч  А.Отгонбаяр, М.Батцоож нарт холбогдуулан үндсэн зээл 77.575.757.58 төгрөг, зээлийн хүү 21.494413.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 863.666.26 төгрөг нийт 99.933.837.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч  нар  нь үндсэн зээл 77.575.757.58 төгрөг төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

             Хариуцагч А.Отгонбаяр,нэхэмжлэгч “Хас банк”-ны Ховд салбарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн 1240023986 тоот гэрээ байгуулан  80.000.000 төгрөгийг 365 хоногт 24.12 хувийн хүүтэй, 36 сарын    хугацаатай, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцож зээлсэн байх бөгөөд хариуцагч М.Батцоож нь уг гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар зээлийн гэрээний харилцаанд оролцсон байна.

            Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах зорилгоор зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сум 8-р баг Наран баг 25-07 тоот Д-0000943444 Г-1617002377  дугаартай 1346м.кв бүхий өмчлөх эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сум 8-р баг Наран баг 25-07 тоот Д-000182115 Ү-1617002498 дугаартай 45м.кв бүхий граж, Ховд аймгийн Жаргалант сум 8-р баг Наран баг 25-07 тоот Д-000150245 Ү-1617003472 дугаартай 52,4м.кв бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй амины орон сууц, Ховд аймгийн Жаргалант сум 8-р баг Наран баг 26-19,20  тоот Д-000387582,8414910082 дугаартай 1420м.кв бүхий эзэмших эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сум 8-р баг Наран баг 26-19 тоот Д-000161612, Ү-1617001798 дугаартай 56м.кв бүхий хувийн орон сууц, Ховд аймгийн Жаргалант сум 8-р баг Наран баг 26-19 тоот Д-000161612, Ү-1617000397 дугаартай 56м.кв бүхий хувийн орон сууц, Ховд аймгийн Жаргалант сум 8-р баг Наран баг 26-22 тоот Д-000094667, Г-1617004716 дугаартай 500м.кв бүхий эзэмших эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сум 8-р баг Наран баг 26-22 тоот Д-00027207, Ү-1617002587 дугаартай 48м.кв бүхий хувийн орон сууц зэргийг   барьцаалсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.  /хх 10-19 дүгээр тал/

             Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Хариуцагч нар  дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,424,242,42 төгрөг, хүү 5,889,847,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,874,87 төгрөгийг тус тус төлсөн талаар маргаагүй байна.

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний үүргийн дагуу авсан зээлээс төлсөн дүн, зээлийн үлдэгдэл,мөн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн болохыг зөвшөөрдөг, харин эдийн засгийн хүнд нөхцөлөөс шалтгаалан зээл төлөх боломжгүй болсноо мэдэгдсээр байхад хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн гэж марган,  хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй зөвхөн үндсэн зээлээ төлөхийг хүсчээ.

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний 3.2.8 дахь  заалтаар зээлийг ашигласны хариу төлбөр болох хүү,гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг  гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах  хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээжээ./хх-ийн 8 дугаар тал/

            Хариуцагч нар нь бид зээл төлөх боломжгүй болсноо мэдэгдэж гэрээнээсээ татгалзсан тул  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж тайлбарлан  энэ үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байх тул шүүхээс түүнийг эс зөвшөөрч маргаж байгаа зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүүг хасч тооцох боломжгүй байна.

            Мөн хариуцагч нар нь гэрээний 1.9-д зааснаар зээл эргэн төлөх хуваарийг тохиролцсон боловч үүнийгээ зөрчсөн болох нь тэдгээрийн тайлбар, “Хас банк”-ны Ховд салбарын мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсон тул А.Отгонбаяр,М.Батцоож нарын гэрээний үүргийн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 22.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй юм./хх-ийн 7 дугаар тал/

            Иймээс хариуцагч нарыг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзаж,гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу буцаан шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2. дахь заасан үүргийн  дагуу хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой,үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж,  нэхэмжлэгч “Хас банк”-ны Ховд салбарын шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг гэрээнээс татгалзсан өдөр гэж үзэн үндсэн зээл 77.575.757.58 төгрөг, зээлийн хүү 17.515.733.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577.698.64 төгрөг нийт 96320.188.89 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад нийцэж байна./хх-ийн 40-42 дугаар тал/

            Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч М.Батцоожийн нэрийг М.Батцогт гэж бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

            Хуульд зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950,40 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/416 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч талын  давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7  7.1.2.-т зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950.40 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.НЯМБАЯР

          

                                           ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                  

                                                                                               Н.ТУЯА