| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0441/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/457 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Х.Гантулга,
хохирогч Ц.С,
иргэний нэхэмжлэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Н-ийн М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2403001600267 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 15-нд Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа барилгын гадна тохижилтын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, Г овогт Н-ийн М.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.М нь 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Ард Аюуш өргөн чөлөө Говь сауны хойд замд “Toyota akua” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явсан зорчигч Э.Э, Ц.С нарыг мөргөж, Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ “Би 2017 оноос хойш машин барьж байгаа. Тухайн осол болдог өдөр 2 дугаар эгнээгээр хүн гарцаар гарч байгааг хараагүй. Хамгийн эхлээд 1 сая гаруй төгрөгөөр шинжилгээ өгсөн. Үүнээс гадна 5.870.000 төгрөг нэхэмжилж байгаагаас би баримтаар 4 сая гаруй төгрөг нөхөн төлсөн. Хохирогчдоос уучлалт хүсэж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Х мэдүүлэхдээ “Одоогоор манай хүүхдийн биеийн байдал хэцүү байгаа. Шүүгдэгч нь холбоо барихгүй алга болсон. Баримтаар нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Манай хүүхдийн сувилалд хэвтсэн зардлыг төлсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.С мэдүүлэхдээ “Би эмчлүүлсэн мөнгөө авмаар байна. Өмнө нь гарсан зардлын баримтуудаа бүрдүүлж өгсөн. Сүүлийн баримтуудаа өгөөгүй байгаа. Би 2 сая төгрөгөөр сувилалд хэвтсэн, надтай хамт осолд орсон Э сувилалд хамт хэвтсэн. Эмч нар намайг 6 сар хэвтэрт бай гэсэн боловч би бариа заслын эмчилгээ хийлгэж байгаа учраас хөдөлдөг болсон. Одоогоор шүүгдэгч нь 4.000.000 төгрөг надад нөхөн төлсөн. Эмчилгээний 1.870.000 төгрөг төлөөгүй дутуу байгаа. Сэтгэцэд учирсан хохилоо нэхэмжилж байна. Хоолны зардалд 189.005 төгрөг нэхэмжлэхгүй.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2403001600267 дугаартай хэсгээс.
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 06-07 дахь тал)
3. Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 08-11 дэх тал)
4. Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.С-ийн өгсөн: “Тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Зурагтын *** дугаар сургуулиас төрсөн дүүгийн хүүхэд Э-ийг 12 цагийн үед аваад гэр рүүгээ харих гээд автобусанд суугаад хорооллын эцсийн И март дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад урагшаа алхаад Говь сауны харалдаа явган хүний гарцаар нэг танихгүй залуугийн хамтаар бид гурав хойноос урд зүг рүү зам хөндлөн гарах гээд баруунаас зүүн чиглэлийн замыг бараг дуусгаад нэгдүгээр эгнээнд ирэх үед бид нарын баруун гар талаас нэг машин ирээд явган хүний гарцан дээр мөргөсөн. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан балартсан байдалтай байсан юу болсныг санахгүй байна тэгээд босох гэхэд баруун талын бие өвдөөд босож чадахгүй байсан. Э бас уйлаад босож чадахгүй байх шиг байсан тэгэхэд жолооч залуу өргөөд машиндаа суулгаж байсан. Машины жолооч түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Э бид хоёртой цуг зам хөндлөн гарч байсан залуу тухайн үед бултчихсан юм байна лээ бие нь гэмтээгүй бололтой нэг мэдэхэд алга болчихсон байсан тэр залууг бол би танихгүй. Тэгээд түргэний машин ирээд эмч нь үзээд Э бид хоёрыг ГССҮТ-д хүргэнэ гээд аваад явсан. Тэгээд ГССҮТ-д үзүүлэхэд миний баруун талын шилбэ хэсэгтээ 3 хэсэг газар цуурсан байна гэж хэлсэн. Эийг үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл аваагүй байх шиг байна ажиглаж байгаад өвдөх юм бол ирж үзүүлээрэй гэж хэлж байсан...Би гомдолтой байна эмчилгээний зардлуудаа гаргуулмаар байна цаашид гарах эмчилгээний зардлуудаа нэхэмжилж шаардлагатай шинжилгээнүүдээ өгмөөр байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Н.Х-ын өгсөн: “ Би зам тээврийн ослын талаар бол мэдэхгүй байна. Би тухайн үед цуг яваагүй. Анх манай эгч С над руу залгаад Э бид хоёр Говь сауны гарцан дээр машинд мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь би мэдээд ослын газар ирсэн юм. Ослын улмаас миний охинд Э-д ямар нэгэн гэмтэл учраагүй одоогоор мэдэгдсэн зүйл бол алга. Нарийн шинжилгээ өгч зургуудаа авхуулаагүй байгаа. Миний хувьд гомдолтой байна. Хүүхдээ цаашид үзүүлж шинжилгээнд хамруулмаар байна бас хүүхдийнхээ сэтгэл зүйг үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3770 дугаартай “Э.Э-ийн биед тархи доргилт, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун тохойны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 396 дугаартай “Ц.С-ийн биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)
9. Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1140168751 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-50 дахь тал)
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр ( Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн) С.С-ийн өгсөн: “Баянгол дүүргийн 8 дугаар хороо Ард Аюуш өргөн чөлөө Говь сауны хойд замд 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Тоуоta akua” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Э.Э, Ц.С нарыг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 458.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.М-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
11. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Явган зорчигчийг явган хүний гарцаар гарч байхад нь 2, 3 дугаар эгнээний тээврийн хэрэгслүүд зогсож зам тавьж өгч байгаа нь харагдаж байна. Явган зорчигчийг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл ирж байгаа нь харагдаж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд явган зорчигчийг мөргөж байгаа нь харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад явган зорчигч нар мөргүүлээд унаж байгаа нь харагдаж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-69 дэх тал)
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.М-ын өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоуоta akua” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яармагаас хорооллын эцэс орох гээд 12 цаг өнгөрч байх үед би Говь сауны хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэн замын хоёрдугаар эгнээгээр явж байтал миний урд талын тээврийн хэрэгсэл хурдаа хассан тэгэхээр нь би нэгдүгээр эгнээ рүү шилжээд орох үед миний урд талд 3 хүн гарч ирж таарсан. Би тоормосоо гишгэхэд машины тоормосны АВS систем ажиллаад шууд зогсоогүй тэгээд хурд саарах хооронд тэр хүмүүсийг машиныхаа жолооч талын урд хэсгээр мөргөхөд нэг эмэгтэй хүүхэд нэг эмээ газарт унасан, нэг залуу үсрээд гарчихсан юм. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад очиход нэг эмээ босчихсон нэг охин газарт уйлаад хэвтэж байсан. Тэгээд би охиныг өргөж аваад машиндаа суулгаад түргэн тусламж дуудчихаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хүлээгээд байж байх хооронд тэр охины ээж нь ирсэн. Тэгээд тэр охины ээж нь уурлаад намайг өшиглөөд алгадаад чи хэнтэй орооцолдсоноо мэднээ гэж намайг заналхийлж байсан. Тэгээд байж байтал цагдаа түргэн ирцгээсэн. Түргэний эмч үзээд тэр эмээ болон охиныг аваад эмнэлэг рүү явсан дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийж үзлэг хийгээд машин ачуулаад явсан дараа нь би ГССҮТ-рүү мөргөсөн хүмүүсийн ардаас очоод эмнэлэгт шинжилгээ болон зураг авхуулсан, зураг авах, эмийн төлбөр болон суга таягны тооцоо зэрэг нийт 2.000.000 орчим төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал)
13. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 105-117 дахь тал)
14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 97 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Н.М нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо Ард Аюуш өргөн чөлөө Говь сауны хойд замд 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Toyota akua” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 10 нас 17 хоногтой Э.Э, Ц.С нарыг мөргөж унагасан хэргийн үйл баримт тогтоогджээ.
Энэ зам тээврийн ослын улмаас 10 нас 17 хоногтой Э.Э-ийн бие махбодид хөнгөн гэмтэл, хохирогч Ц.С-ийн бие махбодид баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 06-07 дахь тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 08-11 дэх тал), хохирогч Ц.С-ийн өгсөн: “...Говь сауны харалдаа явган хүний гарцаар нэг танихгүй залуугийн хамтаар бид гурав хойноос урд зүг рүү зам хөндлөн гарах гээд баруунаас зүүн чиглэлийн замыг бараг дуусгаад нэгдүгээр эгнээнд ирэх үед бид нарын баруун гар талаас нэг машин ирээд явган хүний гарц дээр мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 396 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3770 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-69 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Н.М-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...би нэгдүгээр эгнээ рүү шилжээд орох үед миний урд талд 3 хүн гарч ирж таарсан. Би тоормосоо гишгэхэд машины тоормосны АВS систем ажиллаад шууд зогсоогүй тэгээд хурд саарах хооронд тэр хүмүүсийг машиныхаа жолооч талын урд хэсгээр мөргөхөд нэг эмэгтэй хүүхэд нэг эмээ газарт унасан нэг залуу үсрээд гарчихсан юм...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 85 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Н.М нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Дээрхи зам тээврийн ослын улмаас 10 нас 17 хоногтой Э.Э-ийн биед тархи доргилт, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун тохойны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцогдохгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт Э.Э-ийн эх Н.Х-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч Ц.С-ийн биед учирсан хүнд гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос“...Одоогоор шүүгдэгч нь 4.000.000 төгрөг нөхөн төлсөн, одоогоор эмчилгээний зардалд 1.870.000 төгрөг төлөөгүй дутуу байгаа. Сэтгэцэд учирсан хохиролоо нэхэмжилж байна..” гэж, иргэний нэхэмжлэгчээс “...баримтаар нэхэмжлэх зүйлгүй...” гэж тус тус мэдүүллээ.
Шүүгдэгч Н.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ц.С, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бага насны хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Э.Э нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хавтаст хэргийн 105-117 дахь талд авагдсан эмчилгээ болон эм тарианы зардал, мөн хохирогчийг тээвэрлэж эмчилгээ сувилгаа хийлгэсэн автомашины бензиний зардал нийт 6.050.000 төгрөгийн баримт, хоол хүнсний 189.005 төгрөгийн баримтууд тус тус авагджээ.
Хохирогч Ц.С нь зам тээврийн ослоос өөрт учирсан баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зорилгоор автомашинаар зорчсон бензиний төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нийт 6.050.000 төгрөгийн нэхэмжлэл нь энэ хэрэгт хамааралтай гэж үзнэ. Харин хоол хүнсний 189.005 төгрөгийн нэхэмжлэлээс хохирогч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт татгалзсан тул хохиролд хамааралгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.С, бага насны Э.Э /иргэний нэхэмжлэгч/ нарын эмчилгээ, сувилалд хэвтсэний зардалд нийт 4.000.000 төгрөг нөхөн төлсөн болох нь түүний дансны хуулгаар нотлогдон тогтоогдсон. Харин төлөгдөөгүй үлдсэн 2.050.000 төгрөгийг шүүгдэгч Н.Маас гаргуулж хохирогч Ц.С-д олгохоор шийдвэрлэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Н.М нь хохирогч Ц.С-д төлөх 2.050.000 төгрөгийн хохиролыг хохирогчийн төрсөн дүү Н.Х-ын данс руу шилжүүлж төлсөн болохыг дурдаж байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчид тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Н.М-аас гаргуулж хохирогч Ц.С-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.М Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар 458.000 төгрөг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлсөн болохыг дурдаж байна.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчаас гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Н.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүгдэгч Н.М нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо баримтын хүрээнд нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн зааснаар шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг нийт 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Долоо: Бусад асуудлын талаар.
Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М-т оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-аас 8.580.000 төгрөг гаруулж хохирогч Ц.С-д олгосугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ