Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******,

түүний өмгөөлөгч Р.Ц*******,

иргэний хариуцагч М.Б******* /цахимаар,

түүний өмгөөлөгч Н.Д*******,

шүүгдэгч Б.О*******,

түүний өмгөөлөгч Б.М*******,

шүүгдэгч Э.Б*******,

түүний өмгөөлөгч С.П*******, Г.Э******* нарыг оролцуулан,

аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О*******, Э.Б******* нарт холбогдох эрүүгийн 2215002310274 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э Б*******, аймгийн суманд оны 11 дүгээр сарын 28-ны төрсөн, эрэгтэй, 47 настай, ам бүл 7, эхнэрийн хүүхдийн хамт аймгийн сум 2 дугаар баг Э тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, уулын цахилгаан механик мэргэжилтэй, “ агуулах худалдаа ” салбарт ны мэргэжилтэй ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:.

 

Монгол Улсын иргэн, ц овогт Б О*******, Х аймгийн суманд оны 06 дугаар сарын 24-ний төрсөн, эрэгтэй, 40 настай, ам бүл 5, эхнэрийн хүүхдийн хамт аймаг сум 6 дугаар баг хотхон 2 дугаар байр 3 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, механик мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Б*******ыг аймгийн сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим загварын өрмийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байхдаа цуг ажиллаж байсан Д.С тус өрмийн машины ир янзалж байхад нь анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өрмийн машины ир байрлах хэсэгт ажиллаж байхад нь өрмийн машиныг асаасны улмаас өрмийн машины ир чангалж байсан чангалагч багаж болох газунд цохиулж улмаар цус алдалтад орж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүй хохироосон,

Яллагдагч Б.О*******ыг аймгийн сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э.Б*******, Д.С нарт загварын өрмийн завсар үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг өгч Э.Б******* нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчин, болгоомжгүй үйлдлийн улмаас цуг ажиллаж байсан Д.С тус өрмийн машины ир янзалж байхад нь анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өрмийн машиныг асаасны улмаас өрмийн машины ир чангалж байсан Д.С нь чангалагч багаж болох газунд цохиулж улмаар цус алдалтанд орж нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим аймгийн сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хайгуулын талбайд “” загварын өрмийн машинд хамт ажилладаг Д.Сын хамт засвар үйлчилгээ хийх явцдаа Д.С тус өрмийн машины ир байрлах хэсэгт ажиллаж байхад нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2029 оны А/231, А/368 дугаар тушаалаар батлагдсан журам зөрчин өрмийн машиныг ажиллуулсны улмаас Д.С нь өрмийн машины ир чангалж байсан чангалагч “газу” гэх багажид цохигдож биедээ “баруун хөлийн цавь хэсэгт булчинд нэвтэрч, гуяны хураагуур ба тараагуур судасны бүрэн тасарсан шарх” бүхий гэмтэл авч цочмог  цус алдалтад орж амь насаа алдсан буюу Э.Б******* нь хууль, холбогдох журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэх,

шүүгдэгч Б.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим аймгийн сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хайгуулын талбайд Э.Б*******, Д.С нарт “” загварын өрмийн машинд завсар үйлчилгээг хийх үүрэг чиглэл өгөхдөө Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2029 оны А/231, А/368 дугаар тушаалаар батлагдсан журамд заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, мөрдүүлж ажиллаагүйн улмаас Э.Б******* нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчин, хамт ажиллаж байсан Д.Сын амь насыг хохироосон гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

- М.О*******ийн хохирогчоор өгсөн  “...2022 оны 04 дүгээр сараас эхлээд тухайн ажилд явах талаараа ярьж байсан. Б*******, гэх хүн байгаа бас О******* гэж ярьж байсан бусдыг нь мэдэхгүй байна. Талийгаач 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа явахаар болоод гэрээсээ гарсан. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр аймгийн суманд ирсэн. ...Үр хүүхэд ар гэр нь өнчирч үлдэж байгаад гомдолтой байна. ...Ер нь бол аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйд гомдолтой байна. Хэдэн сар ажилгүй амарчхаад ирсэн хүмүүст ахиад шинээр заавар зөвлөгөө өгөх ёстой байсан байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

-М.О*******ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн  “...Би маш их гомдолтой байна. Би одоо 3 хүүхэдтэйгээ амьдарч байна. манай хүүхдүүд тэжээж, тэтгэх, хайрлаж халамжлах хүнээ алдсан учир тэтгэмжийн зөрүү нэхэмжилж байна. Тэрнээс гадна буяны ажилд нийт 15,000,000-16,000,000 төгрөг гарч байна. ...Миний амьдралын баталгаанд хэрэглэгдэх хуульд заасан нөхөн олговрыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

-Гэрч Д.Т “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай компанийн талбайд “ ” ХХК-ийн бригад нүүж ирсэн. Тэгээд өөрсдийн байрлах байрыг бэлдээд өнөөдөр 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өрөмдлөгийн ажлыг эхэлсэн. Өрмийн тест тавьж үзсэнээр манай компанитай гэрээ байгуулж албан ёсоор ажлаа эхлэх байсан. Тэгээд өрмийн хүмүүсийн нэг нь бэртчихлээ хөлөө авчихлаа эмнэлэг авч явж байна гэж надад тус компанийн өрмийн мастер гэх хүн хэлээд би цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед яг хажууд нь байгаагүй.

...Манай компани албан ёсны гэрээ хийгээгүй, мөн өрөмдлөгийн ажил эхлэх талаар мэдэгдээгүй учраас манайх аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулаагүй. Уг компани нь өрмийн тест тавиад дээж аваад өрөм гайгүй ажиллаж байна гэж үзээд гэрээ хийх байсан. Уг компани тест тавих ажлаа л эхэлж байсан.

...Тухайн хүмүүс нь үед нүүж ирээд 3 хонож байсан. Тэр үед манай захирал байхгүй наадмын амралт таарсан байсан. Мөн манай захирал ирж өрмийн техникийг /өрөмдөгч машин/ нь харж байж гэрээг хийнэ гэж байсан. Харсны дараа болж байна гэвэл өрмийн ажил эхлэх байсан. Би тухайн хүмүүсийг ажиллуулах гэж байсан Б******* гэдэг хүнийг таньдаг байсан. Б******* нь 2022 оны 06 дугаар сарын дундуур гэж санаж байна над руу яриад ах нь өрөм авч байгаа ажил байна уу гэж асууж байсан. Тэгээд би манайд өрмийн ажил бол байгаа гэж хэлээд би захирлаас асуухад найдвартай туршлагатай хүмүүс бол техникийг нь харж байгаад ажиллуулъя гэж хэлсэн. Тэгээд би Б******* ахтай утсаар яриад энэ талаар хэлээд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тухайн хүмүүс ирсэн. Энэ үед Б******* ах ирээгүй ажилчид нь түрүүлж ирсэн. Б******* ахтай хувь хүн үү эсвэл компани уу гэдгийг ярьж амжаагүй. Яагаад гэвэл гэрээг байгуулаагүй байсан, мөн ажиллуулах, ажиллуулахгүй шийд гараагүй байсан... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36, 44 дахь тал/

-Гэрч Д.Г “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ХХК-д өрмийн туслах ажилтнаар ажилд орох уу гээд манай найз Бат-Эрдэнэ хэлээд тэгээд ажилд орсон юм. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр аймаг сум “ ” ХХК-ийн уурхайд нүүж ирсэн. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр уурхайн талбайд “Ваге-7” загварын өрмийг байрлуулсан засвар үйлчилгээг хийж дуусгаад өрөмдлөгийн ажиллагааг эхлэхээр ажлаа эхэлж байхад С гэдэг нэртэй өрмийн мастер залуу өрмийн урд талын хошууг сольж байгаад хавчигдаж хөлөө гэмтээсэн асуудал гарсан юм. Би тухайн үед хажуу талд нь байсан өрмийн хошууг өөрөөр нь чангална гэж ярьж байсан. Тэгээд нүд ирмэхийн зуурт өрөм асаж С газунд хавчигдаж газарт унаад баруун талын хөлийн цавь орчмоос маш их хэмжээний цус гарсан. Өөрөө гараараа дараад байсан. Тэгээд Б******* мастер бас ирж гараараа дарсан. Ингээд Заамар сумын Хайлааст багийн эмнэлэг рүү авч явсан юм... Би өөрөө 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд орсон. Намайг ажилд ороход /С/ байгаагүй. 07 сарын 3, 4-ний өдрүүдэд өрмийн мастер ирсэн гээд ирж байсан. Өмнө нь байгаагүй байх аа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38- 39 дахь тал/,

-Гэрч Л.Г “...Би тухайн хүмүүстэй хамгийн анх ирэхэд нь уулзаж байсан, тэрнээс хойш дахин уулзаагүй. 3 хүн байсан намайг уулзаж байхад. Ямар нэг гэрээ бол байгуулаагүй байсан. Намайг анх уулзахад бусад хүмүүс маань ирнэ тоног төхөөрөмж араас ирэх ёстой гэж байсан би цааш нь лавлаж асуугаагүй... Би тэр талаар огт мэдээгүй манай байгууллагын ажил зогссон амарч байсан. Манай байгууллагын баяжуулах үйлдвэр ажиллаад бусад нь амарч байсан. Тэр хүмүүсийг ажиллах гэж байсан эсвэл тест өгөх гэж байсан талаар би мэдээгүй, надад мэдэгдээгүй. Ажилд гарахаа мэдэгдээгүй, би тэр хүмүүстэй уулзаагүй учир аюулгүй байдлын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Мөн манай байгууллагатай гэрээ байхгүй учир аюулгүй байдлыг тэднийх өөрсдөө юм уу манай байгууллагаас хариуцах эсэхийг мэдээгүй ямар ч шийд байгаагүй учраас мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/

-Иргэний хариуцагч М.Б*******ын гэрчээр өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн дүүгээ аваад аймаг руу буцаж яваад бөөгийн зан үйл 3 галын суудал гэх үйл хийхээр аймагт сүлжээгүй газарт очсон. Тэгээд тэндээ 8 хоносон. Харин энэ үед Б******* нь өөрөөсөө гадна 5 хүн олсон байсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улатар хотоос аймгийн сумын нутаг дэвсгэрт “ ” ХХК-ийн талбай руу хөдөлсөн. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би сүлжээтэй болоход О*******, Б******* нар над руу нэлээн хэд залгасан байсан. Би сүлжээтэй болоод залгатал ийм осол болж нас барсан талаар хэлсэн. Би үүрэг чиглэл өгөөгүй байсан. Би рүү зан үйлээ хийчхээд буцаж ирээд “ ” ХХК-ийн захирлуудтай нь уулзаад манай өрмийн ажил эхлэх гэтэл хувийн шалтгааны улмаас ирэх хугацаа 3-4 хоногоор хойшлогдсон. Ер нь бол би ирээд захиралтай уулзаж гэрээ байгуулсны дараа ажил эхлэх байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/

-Иргэний хариуцагч М.Б*******ын “...Урьд нь гэрээ байгуулаагүй байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би дээр очиж нөхөж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр гаргаад хийчихсэн. Тухайн үед төрсөн дүүгийн бие муу, ажил ихтэй байсан учир мартаад энэ тухайгаа яриагүй байна лээ... “ ” ХХК-ны захирал Д хуурай ах дүүгийн харилцаатай. Талийгаач Д.С, Э.Б******* хоёр “ ”-ийн Баазын хашаанаас очиж өрмийн машинаа авахад хүмүүс тэгээд бодчихсон юм шиг байна лээ. Анх ажилд авахдаа “ ” ХХК-ийн ажилтан гэж хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/

-Гэрч Э.Б*******ын “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр О******* эхнэр 3 хүүхдийнхээ хамт ирсэн. Тэгээд тухайн орой техникээ шалгаад 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө ажлаа эхэлнэ гэж ярилцаж байсан. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр цагийг нь санахгүй байна өрмөө буулгаад тороос янзлаад байж байхад Г гүйж ирээд болохоо байлаа гэж хэлсэн. Тэгээд эргэлтэт өрөм дээр гүйгээд очтол талийгаачийн хөлөөс цус гоожоод Б******* мастер гараараа дарчихсан байж байгаад талийгаач маань Булгаа ахаа та яаж байгаа юм бэ гээд байсан. Бид О*******ын машинтай Төв аймгийн Заамар сумын Совын эмнэлэг орсон... Анх О******* 2022 оны 06 дугаар сар над руу залгаад Заамарын тийшээ ажилд гарах уу гэж асуухаар нь би тэгье гэж хэлсэн... Тэгээд шланзтай 1 өрөм биднээс түрүүлж 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хотоос гарсан бөгөөд тэрэнд С, Б*******, Г, Г нар явсан. Араас нь 3 дамп, 1 усны машинтай Бат-Эрдэнэ, О, 1 туслах, тэгээд О******* нь гэр бүлийн хамт бид нар хотоос орой нь гарсан. Тэгээд замд О******* гэр бүлийн хамт Баяннуур суманд үлдээд бид нарыг цааш явуулсан. Араас О******* 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ирсэн бөгөөд бид нар тэр өдрөө “ ” ХХК-ийн цооног тавих газарт, гэр, вагончиг зэрэг ээ янзлаад өнжсөн. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нь бид нар ажлаа эхлүүлсэн... О******* одоо яаралтай ажил аа эхлүүлье гээд өрмийн хүмүүс буюу С, Б*******, Г, Г, туслахуудыг аваад өрмөө угсрахаар гарсан. Би цохилтот өрмөө буулгахаар Бат-Эрдэнэ, О нартай үлдсэн... Би хуучин “ ” ХХК-ийн нэр дээр ажил хийж өгч байгаа л гэж бодсон. Яг ямар учиртай компанийн талбай дээр ажиллах гэж байгаагаа бол тухайн үед мэдээгүй. Сүүлд л “ ” ХХК-ийн талбайд ажиллах гэж байснаа мэдсэн... 2021 онд “ ” ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд 2022 онд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл миний зүгээс байхгүй. Бүгд л байгуулаагүй байх. Ингээд бодохоор бид нар хувиараа л О*******ын удирдлага дор ажилласан юм шиг байна. Бид нар өрөмдлөг хийх гэж очсон бөгөөд Отгон- Очир тэр өглөө бид нарыг босгоод ажилдаа гарцгаая гэж хэлсэн. Энэ нь ер нь бол бэлтгэлээ хангаад өрөмдөж эхэлье гэсэн үг. Том өрмийг С, Б******* нар туслахуудын хамт биднийг ирэхээс өмнө угсраад босгоод өрөмдөхөд бэлэн шахуу болгочихсон байсан болохоор бага сага засвар хийгээд л шууд өрөмдөж эхлэх байсан. Тухайн талбай дээр бидэнд О*******оос өөр ажил эхлэх талаар хэлсэн хүн байхгүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал/,

-Гэрч А.Ц “...Тухайн үед Б******* ах гуйгаад энэ данс руу мөнгө шилжүүлээд өгөөч гүйлгээний утга дээр ингэж бичээрэй гэж хэлж өгсөн. Б******* ах надаас түр зээлээд дээрх данс руу надаар шилжүүлүүлсэн. Би ХХК- тай ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би С, Б******* гэх хүмүүсийг танихгүй..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/,

-Гэрч Г.Н “...Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай уурхайн кемп менежер Т танил тал юм шиг байсан. Би тухайн тээврийн жолооч болон ажилчдаас компани уу, аль эсвэл хувь хүн үү гэдгийг нь асууж байгаагүй. Учир нь өмнө ирнэ гэж ярьж байсан болохоор харуулд хэлээд оруулж байсан. Тухайн үед би яг хэн гэдэг хүнийг нь мэдэхгүй та нар энэ хавьд өрөмдлөг хийх байх гээд талбай харуулсан. Яг тэнд ухна, өрөмдөнө гэдгийг бол хэлээгүй хаана өрөмдлөг хийхийг нь мэдэхгүй учир талбайг зааж өгч байсан. Тухайн хүмүүсийг ажилчдын гэрт байрлуулсан. Манай байгууллагаас өрөмдлөг хийлгэх талбай гэж яг нарийн хэлж яриагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дахь тал/,

-Гэрч Г.Гын “...Тухайн хэрэг гардаг өдөр надтай хамт захирал гэх залуу, өрмийн мастер Б*******, туслах Г, талийгаач бид 5 өглөө эрт 07 цагийн үед өрмийн дизельд засвар хийх гээд ажилд гарцгаасан. Тухайн өрөм байх газарт очоод захирал болон 2 өрмийн мастер энэ 3 засвар хийж байсан. Г бид хоёр туслах, засварын ажил сайн мэдэхгүй учир ойр зуурын юмыг дөхүүлж өгөөд хараад зогсож байсан. Тэгээд 8 цагийн үед захирал талийгаач хоёр хойд зүгт 200, 300 метр зайд зааж тэнд дотроо маслотой сав байгаа аваад ир. Өрөм, штанг 2-н боох хэсэг зэвэрсэн, тос авч ирж тосолно гээд намайг явуулсан. Би маслотой савыг хайгаад явж байтал ард хүн хашхираад намайг дуудсан. Би маслотой сав яаралтай хэрэг боллоо гээд савыг хайсан боловч олж чадаагүй. Тэгээд эргээд хартал хүмүүс цугларсан байсан... Би ямар компани болон хувь хүн дээр ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй ээ. Мастер Б******* над руу утсаар холбогдож миний туслах өрөмчнөөр ажиллах уу гээд надтай холбогдож би очиж ажилласан. Техникүүд хэнийх байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн газарт 26 хоног орчим засвар хийж ажилласан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал/,

-Гэрч Ж.О*******ийн “...Би 2022 оны 07 дугаар сард аймгийн сум 3 дугаар баг “ ” ХХК-ийн талбайд очихдоо хэн гэж хувь хүн дээр ажиллаж байснаа мэдэхгүй. О******* намайг сумын 3 дугаар багт компани дээр техник түрээсэлнэ чи жолоочоор ажиллах уу? тийм бол миний техникүүдийг аваад хүрээд ир гэж хэлсэн. Бид нарын ажиллаж байсан өрмийн машин, техникүүд аль нэг байгууллагынх байсныг би мэдэхгүй байна... О******* нь ажил эхлүүлэх талаар яриад өрмийн машин техникүүдийг угсраад өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал/,

-Гэрч Д.Б “...2022 оны 07 дугаар сарын 12-ны орой О******* нь өрмийн мастерууд болох эргэлтэт өрмийн мастер Б*******, С, цохилтот өрмийн мастер Б******* нарт маргааш өглөө өрмөө угсар, ажилд бэлд гэсэн үүрэг чиглэлийг амаараа өгсөн байсан ба ингээд тэнд байсан ажилчид 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нэг их сүйдтэй ажил хийгээгүй байж байгаад амраад 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө өрмийн мастерууд тус тусынхаа өрмийг ажилд бэлдэхээр ажиллаж байгаад дээр миний мэдүүлсэн С гэмтсэн асуудал болсон юм. С яг гэмтэл авч байхыг болон гэмтэл авахаас өмнө юу хийж байсныг би нүдээр хараагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн дахь тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “… Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хайгуулын талбайд болсон байна... Уг талбай ертөнцийн зүгээр урд талбай ар хэсэгт хар өнгийн том газарт өрөмджээ... Өрөмний урд хажуу хажуу хэсэгт чангалах хэсэгт улаан өнгийн чангалагч газуу багаж хэвтэх ба баруун хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна...Үзлэгийн явцад хөндлөнгийн гэрч нар ямар нэгэн санал хүсэлт гараагүй болно...” /1 дүгээр хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “… 180 см урт, толгойдоо 3 см урт хүрэн өнгийн үстэй, махлаг, арьс бор шаргал 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байв... Баруун гуяны урд доод хэсэгт 5:2.5 см, 1:1.5 см, 1:1 см гуяны урд дээд хэсэгт 2:0.9 см баруун шилбэний урд дунд 1.9:1.4 см хэмжээтэй бүдэг хөхөлбөр цус хуралттай... Шархны эргэн тойронд умдагны дээд хэсгийг хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралтай байна...”  /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

- аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан №29 дугаартай:

1.Амь хохирогч Д.Сын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун хөлийн цавь хэсэгт булчинд нэвтэрч гуяны хураагуур ба тараагуур судасны бүрэн тасарсан шарх, цээж, аюулхай орчим, гарын тохой, шуунд зулгаралт, хоёр хөлийн гуя, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн ба баруун хөлийн цавь хэсэгт булчинд нэвтэрч гуяны хураагуур ба тараагуур судасны бүрэн тасарсан шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Цээж, аюулхай орчим, гарын тохой, шуунд зулгаралт, хоёр хөлийн гуя, баруун хөлийн шилбэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

3.Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй.

5.Амь хохирогч нь цогцост үзлэг хийхээс 6-12 цагийн өмнө нас баржээ.

6.Амь хохирогч нь баруун хөлийн цавь хэсэгт булчинд нэвтэрч гуяны хураагуур ба тараагуур судасны бүрэн тасарсан шарх гэмтлээс цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-57,58 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №961 дугаартай:

1.Д.Сын биед гуяны тараагуур болон хураагуур судасны бүрэн тасрал, зөөлөн эдийн булчингийн няцрал гэмтэл учирчээ. Баруун гуяны тараагуур болон хураагуур судасны бүрэн тасрал, зөөлөн эд булчингийн няцрал гэмтлийн үед багийн эмнэлгийн нөхцөлд хийгдэх ёстой анхан шатны тусламжийг зохих ёсоор хийжээ.

2.Багийн эмнэлэгт ирэх үед талийгаачийн амин үзүүлэлтүүд буурсан биеийн байдал хүнд иржээ. Багийн эмнэлэгт байх хугацаанд хийгдэх ёстой анхны тусламж, эмчилгээг цаг хугацаанд нь оновчтой хийж гүйцэтгэжээ.

3.Багийн эмнэлгийн эмч нарын буруутай үйл ажиллагаа тогтоогдсонгүй. 2022 оны 07 дугаар сарын 13-ны 24:00 цагийн эмчилгээгээр цус тогтоох, цусан хангамж сайжруулах, тархи, зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах, үрэвсэл, өвдөлт намдаах эмчилгээг хийсэн байна.

4.Гэмтсэн судасны байрлал, хэлбэр, хэмжээ, ямар судас гэмтсэн, гэмтсэн судасны бүрэн, бүрэн биш тасрал, мөн тухайн хүний бие махбодын онцлог, эрхтэн системийн цусан хангамж, бүтэц үйл ажиллагааны онцлогоос хамаарч харилцан адилгүй тавилантай. Хэзээ нас барах хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

5.Талийгаачийн хувьд том судасны артери венийн судас бүрэн тасарсан, булин их хэмжээгээр няцарсан тул цочмогоор цус алдалт тэр даруй явагдаж амь нас аврах боломж маш багатай байжээ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 227-232 дахь тал/

-Шинжээч Б.Б*******ын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231.А/368 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2.2. өрөмдлөгийн ажил, 59. Өрөмдлөгийн арга (товруут, эргэлтэт, цохилтот, илчийн, хосолсон гэх мэт) тус бүрд зориулан гаргасан аргачилсан заавар, санамжууд болон өрмийн машиныг үйлдвэрлэгчээс ирүүлсэн техник ашиглалтын баримт бичиг, материалыг үндэслэн боловсруулсан заавар, паспортад тухайн үйлдвэр, уурхайн онцлог нөхцөлтэй холбогдсон нэмэлт шаардлагуудыг тусгасан байвал зохино гэж заасны дагуу тухайн ажил үйлчилгээ явагдаагүй байна.

Мөн уг үндсэн дүрэм болон, үйлдвэрээс ирүүлсэн техникийн горим, заавруудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны зааварчилгааг баталж мөрдүүлээгүй байна. ... Машины бүх механизм, эд анги, агрегат, зангилааны цэвэрлэгээ, тосолгоог хийхдээ туслах машинч нь ахлах машинчаас зөвшөөрөл авсан байна зэрэг үндсэн зарчмууд алдагдсан байна.

...Тоног төхөөрөмжийг ажиллуулахын өмнө бүх хамгаалалтын хашлага байрандаа зохих ёсоор байгааг шалгаж, засвар, үйлчилгээний үед хамгаалалтын хашлага салсан байвал түүн дээр ажиллаж, өөрийгөө болон бусдыгаа гэмтээхээс болгоомжилж ажлын байрны үзлэг хийгээгүй зэргээс шалтгаалан дээрх осол гарсан нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; гэсэн заалт зөрчигдсөн байна. ...

 Ажилтан Э.Б******* нь Д.С өрөмний хошууг чангалж байх явцад анхаарал болгоомжгүйгээр редуктор арааг залгасанаар Д.С “газу”-нд гуя хэсгээрээ хавчуулагдан гэмтэж цус алдсаны улмаас нас барсан явдал нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; заалтыг мөрдөж ажиллаагүй ажлын байрын аюулыг илрүүлээгүй өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.

...Ажилтны ажиллаж байгаа тоног төхөөрөмж эргономикийн болон аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаагүй зэргээс шалтгаалан ажилтан Э.Б******* нь редукторыг асааснаас шалтгаалан ажилтан Д.С боолт чангалагч газу-нд гуяараа цохиулж гэмтэн цус алдсаны улмаас нас барсан байна.

... Ажилтан Д.Соронзолд нь Солонгос улсад үйлдвэрлсэн “Ваге-7” загварын өрмийн машиныг угсрах явцад гэмтсэний улмаас цус алдан нас барсан нь ажилтан өөрийн үндсэн ажлын байранд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20., МУ-ын ЗГ-ын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасны дагуу Үйлдвэрлэлийн осолд тооцогдох болно...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 246-247 дахь тал/

 -Ажил олгогч М.Б*******, ажилтан Э.Б******* нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 22/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 6-10 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О******* “...Би Б.О*******, Э.Б******* нарт маш их гомдолтой байна. Тухайн үед амь үрэгдсэн гэдгийг сонсоод яваад очиход хэргийн газар О******* байсан ба Б******* гэх хүн сүүлд гарч ирсэн. Бид нар хөлдүү мөс ачаад тэр мөсөндөө талийгаачийг хийгээд аймаг руу явсан. Тэгээд ажил явдлаа дуусгаад эргээд иртэл Б******* гэх хүн ажил олгогч болж таарсан. Ямар учиртай юм бэ? гэж асуухад өмнө нь ажиллаж байсан “ ” ХХК-ийн хуулийн зөвлөх болж таарсан. Сүүлдээ бүр компани нь бас өөр болж таарсан. Та нар хүний алтан амийг ингэж үнэгүйдүүлж болохгүй ш дээ. Талийгаач бид хоёр 2013 онд танилцаад 2022 он хүртэл аз жаргалтай, сайн сайхан амьдарч байсан. Та нар эхнэр, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн ажил төрлөө эрхлээд сайхан амьдарч байгаа. Харин миний хүүхдүүд надаас өдөр болгон миний аавыг хэн алсан юм бэ?, яасан юм бэ? гэж асуугаад би юу гэж хэлэхээ мэдэхгүй, маш их хүнд хэцүү байна. Тар нар хүнийг амийг тасалчихаад 1-5 жилийн хорих ял дээр бие бие рүүгээ хохирол төлөх тал дээр жийлцээд байх юм. Би наашаа ирэхдээ 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу эх, үрсийн баярын өдрөөр айлд унтуулж үлдээгээд, баярлуулж ч чадаагүй энд ирлээ. Харин та нар бол хүүхдүүдээ баярлуулаад ирсэн байх. Миний иргэний нэхэмжлэлийг бүрэн хангаж, хохирол төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү...” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О*******: “...Мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед ажлаа эхлүүлэхийн тулд гарч өрөм багаж төхөөрөмжүүдээ шалгах талаар хэлсэн. Тийм учраас буруутай гэж үзэж байна гэв...” гэв.

- Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч М.Б******* “...Тухайн үед би яагаад хэргийн газарт байгаагүй вэ? гэхээр зан үйл хийгээд хөдөө сүлжээгүй газар явчихсан байсан. Мөн тэр зан үйл хийгээд явсан дүү маань 2023 онд нас д бурхан болсон. Өнөөдөр бас миний төрсөн эгч элэгний хорт хавдар, уушигны дутагдалтай гэсэн оноштойгоор өнөө маргаашгүй болчихсон байгаа. Одоо би сахиур хийгээд эмнэлгийн гадаа зогсож байна. Энэ хэрэгт хамааралгүй ч гэсэн хэлэх нь зүйтэй байх. Миний хувьд ийм хувийн шалтгаантай байсан учир цахимаар оролцож байна. Энэ олон хүний цаг зав, хөрөнгө мөнгө гаргаад ирж байгаа хурлыг нэг мөсөн шийдүүлье гэж өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд ингэж шийдсэн байгаа юм. Хэрэгт өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл алга байна. Анх талийгаачийн эхнэр О*******тэй уулзсан. Миний нэг таньдаг дүү маань аймгийн Айраг суманд 5 давхар байр барьж байсан ба 2 өрөө байрных нь үнэ 35 сая төгрөгийг нь би гаргая, харин та нар 15 сая төгрөгийг нь гаргачих гэхэд үгүй гээд цааргалсан. Ер нь уулзаад ярилцах гэхээр уурлаад цааргалаад байдаг болохоор өдий болтол холбогдоогүй. Түүнээс биш санаатайгаар хохирол байхгүй...” гэв.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Э.Б*******, Б.О*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******, иргэний хариуцагч М.Б******* нар нь өөрсдийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол…” гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Энэ хэрэгт шинжээчээр томилогдон оролцсон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан дүгнэлтээр:

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”,  “18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтууд тус тус зөрчигдсөн. Мөн машинч буюу техник, тоног төхөөрөмжийг хариуцан ажиллаж байгаа ажилтан машиныг асаахын өмнө эргэлдэгч хэсгүүдийн ойролцоо хүн, гадны ямар нэг биет байгаа эсэхийг сайтар шалгах ёстой”.

Ажилтан Э.Б******* нь Д.С өрөмний хошууг чангалж байх явцад анхаарал болгоомжгүйгээр редуктор арааг залгаснаар Д.С “газу”- нд гуя хэсгээрээ хавчуулагдан гэмтэж цас алдсаны улмаас нар барсан явдал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл: 18.2.1 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх” заалтыг мөрдөж ажиллаагүй, ажлын байрны аюулыг илүүлээгүй өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлж аюулгүй ажиллагааны заавар дүрэм боловсруулаагүй, ажил хариуцан ажиллах, хяналт тавих ахлах ажилтныг томилоогүй.

...Ажилтны ажиллаж байгаа тоног төхөөрөмж эргономикийн болон аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаагүй зэргээс шалтгаалан ажилтан Э.Б******* нь редукторыг асааснаас шалтгаалан ажилтан Д.С боолт чангалагч газунд гуяараа цохиулж гэмтэн цус алдсаны улмаас нас барсан байна... гэх нөхцөл байдлыг тогтоожээ.

Шинжээчийн дээрх дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад  нотлох баримтуудтай харьцуулан судлан шүүх нотлох баримтаар үнэлсэн бөгөөд тус дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх ба шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлттэй талууд маргаагүй, дүгнэлтийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал гараагүй  болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим аймгийн сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хайгуулын талбайд Э.Б*******, Д.С нарт загварын өрмийн машинд завсар үйлчилгээг хийх үүрэг чиглэл өгөхдөө Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2029 оны А/231, А/368 дугаар тушаалаар батлагдсан журамд заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, мөрдүүлж ажиллаагүйн улмаас Э.Б******* нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөрчин, хамт ажиллаж байсан Д.Сын амь насыг хохироосон болох нь тогтоогджээ.

          Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно…”  гэж заасан.

          Шүүгдэгч Э.Б*******, Б.О******* нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон байх тул  дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгч Э.Б*******, Б.О******* нар нь холбогдсон хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

   Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан  дагуу шүүгдэгч Э.Б*******, Б.Отгон-очир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өмгөөлөгч О.Ц*******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж буй энэ хэрэгт М.Б*******ыг эрүүгийн хариуцлагад татах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Үндэслэл нь М.Б******* амь хохирогч Д.Стой хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй хэдий ч ажил Д.С нь бусдаар зуучлуулан түүний заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, М.Б******* нь цалин хөлс олгох талаар харилцан тохиролцсон, ажилтан Д.С нь ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн байх тул М.Б*******, Д.С нарын  хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.15, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн” гэж үзэхээр байна.

Иймд М.Б*******ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж үзэж иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь үндэслэлтэй байх бөгөөд ажил олгогчийн хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсгийн 125.1.2 дахь хэсэгт заасан “ажилтан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан нас барсан бол ажилтны 1 сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг түүний гэр бүлийн гишүүнд 1 удаа олгох”  үүрэг хүлээх үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ үйл баримт “ ” ХХК-ийн эзэмшлийн уурхайн талбайд болсон  хэдий ч тухайн хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлэлтийн  харилцаа үүсээгүй, ажил гүйцэтгэгч  М.Б*******ын ажилтнууд өрөмдлөгийн ажилд бэлтгэх үед үйлдвэрлэлийн осол гарсан байх тул “ ” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гарсан өмгөөлөгч Р.Ц*******ын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас Д.Сын амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох бөгөөд амь хохирогчийг оршуулахад гарсан зардал, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардал, сэтгэл санааны хохирол, амь хохирогчийн авч байсан цалин хөлс зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.

-Амь хохирогч Д.С оршуулахтай холбогдуулан гарсан зардал болох 13,900,000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нар нь төлсөн болох нь баримтаар тогтоогджээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******ийн нэхэмжилсэн өмгөөлөгч авсантай холбогдуулан гарсан зардал болох 2,000,000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 161 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасан зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 82,500,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хангалттай бус байх тул  энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй зааж шийдвэрлэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******ийн шүүх хуралдаанд  оролцохтой холбогдуулан гарсан  замын зардал 983.756 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нараас хувь тэнцүүлэх зарчмаар буюу 497,878 төгрөг тус бүр гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******т олгуулахаар шийдвэрлэснийг уншиж танилцуулахад шүүгдэгч Б.О*******, түүний өмгөөлөгч Б.М*******, шүүгдэгч Э.Б*******, түүний өмгөөлөгч С.П*******, Г.Э******* нараас эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлөхөө илэрхийлэн 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд, тус хугацаанд дээрх замын зардал болох 983,756 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн байна.

Амь хохирогч Б.Сын ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амь насаа алдсан үйл баримт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.20 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолын хавсралтаа батлагдсан “Үйлдвэрлэлийн хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар үйлдвэрлэлийн осолд тооцогдох үндэслэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******, шүүгдэгч Э.Б*******, иргэний хариуцагч М.Б******* нарын мэдүүлэг, ажил олгогч М.Б*******, ажилтан Э.Б******* нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  байгуулсан 22/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” зэрэг нотлох баримтаар амь хохирогч Д.С нь ажил олгогч М.Б*******той 1 сарын үндсэн цалин 3,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Амь хохирогч Д.С нь ажил олгогч М.Б*******той цалин хөлс олгох талаар харилцан тохиролцон, ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн буюу “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн” байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улатар хотоос нэр бүхий бусад ажилтны хамт ажлын байр болох аймгийн сумын 3 дугаар багийн нутагт байрлах талбайд хүрэлцэж ирж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан нас барсан болох нь нотлох баримтаар тогтоогджээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.5-д зааснаар амь хохирогч Д.Сын ар гэрт олгох төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцох боломжгүй, энэ нөхцөл байдал нь амь хохирогчоос буруутай үйлдлээс бус үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан байх тул анх ажил олгогчтой тохиролцсон үндсэн цалин болох 3,000,000 төгрөгөөр тооцон олгох зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсгийн 125.1.2 дахь заалтад заасныг баримтлан түүний нэг сарын үндсэн цалин хөлс болох 3,000,000 төгрөгийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 108,000,000 төгрөгийг ажил олгогч, иргэний хариуцагч М.Б*******оос гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******т олгох зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Э.Гантулга: “...Шүүгдэгч Э.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О*******, Э.Б******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналтай байна...” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Ц*******: “...Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын санал хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирол хор уршиг бүрэн төлөгдөөгүй. Өмгөөлөгчийн хувьд тодорхой ялын санал хэлэхгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П*******: “...Э.Б*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах бүрэн боломжтой байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э*******: “...Шүүгдэгч нарыг заавал нийгмээс тусгаарлаж хорих ял эдлүүлэх шаардлага байхгүй байна. Тиймээс шүүгдэгчид аль болох хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М*******: “...Иймд шүүгдэгч Б.О*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 106 дахь тал/, аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/25 дугаартай “Э.Б******* // нь Дэнж-3 гудамж, 325 тоотод ам бүл-9, эхнэр, хүүхдүүд, ач, зээ нарын хамт оршин суудаг болохыг тодорхойлов” гэх албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/, шүүгдэгчийн охин , нарын төрсний гэрчилгээний хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/, “ б ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3-33/14 дугаар тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Б*******ын, Б.О*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал/, шүүгдэгчийн  хүү О.Т, охин О.Б, хүү О.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 160-162 дахь тал/,  зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.О*******ын хувийн байдлыг тус тус тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******т 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.О*******т 2 /хоёр/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж  дүгнэв.

 Шүүгдэгч Э.Б*******, Б.О******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар хууль зүйн үр дагавартайг тогтоох нь хэсэгт тусгайлан сануулав.

2.3.Бусад асуудал

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Б*******, Б.О******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн 106.5 см урттай “газу” гэх чангалагч багажийг устах, “саарал өнгийн Authentic” гэсэн бичиглэл бүхий саравчтай малгайг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б*******, Б.О******* нь нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э Б*******, ц овогт Б О******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******т 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.О*******т 2 /хоёр/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Б*******ыг аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон ээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг, шүүгдэгч Б.О*******ыг аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон ээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг тус бүр  хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Э.Б*******, Б.О******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсгийн 125.1.2 дахь заалтад заасныг баримтлан иргэний хариуцагч М.Б*******оос 108,000,000 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******т олгосугай.

6.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******ийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох 82,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, өмгөөлөгч авсан  зардал болох 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэрэгт эд хөрөнгө  битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Б*******, Б.О******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Authentic гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг малгай”-г амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.О*******т олгож, “газу” гэх чангалагч  багажийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Азжаргалд тус тус даалгасугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б*******, Б.О******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ