Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405008820161 дугаартай эрүүгийн  хэргийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, халх, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, *** телевизэд дууны найруулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор *** тоотод оршин суудаг, 

урьд нь: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан,

2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:***/, Б овогт А-ийн Б.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж Баянгол дүүргийн 12 дугаар хороо *** телевизийн хашаан дотор 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 05 цаг 35 минутын үед “Toyota crown” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Хоёр: Эрүүгийн 2405008820161 дугаартай хэргээс

1. Согтуурлын зэрэг шалгасан “...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А-ийн Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар драггер төхөөрөмжөөр үлээлгэхэд 3.91 хувийн согтолттой гэсэн...” тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “…А-ийн Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоодох эрхгүй…” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 10 дахь тал)

3. 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0632631 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар (хавтаст хэргийн 88 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Э-ийн өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны үүрээр 05 цагийн орчимд нисэх рүү дүүгээ гаргаж өгөхөөр явж байсан. Хорооллын Боззоло дэлгүүрийн урд зүүнээсээ баруун чиглэлд Toyota prius маркийн *** дугаартай машинтайгаа явж байтал нэгдүгээр эгнээнээс *** дугаартай Toyota crown маркийн машин дрифт хийгээд ороод ирсэн. Би мөргүүлэх шахаад зүүн тийш зайлаад тэр машины урдуур нь орж цонхоо буулгаад зогсоох гэтэл дотор нь хоёр залуу байсан. Урдуур нь дарж зогсоод хаалгаа онгойлгоод буух гэтэл шууд хөдлөөд миний машины толь буфер хоёрыг шүргээд зугтаасан. Тэгээд зугтаад явахдаа жолооч нь шал согтуу над руу салаавч гаргаад байсан болохоор араас нь дагасан. Дагаж явахад эгнээ сүлжээд урсгал сөрөөд дрифт хийх маягтай яваад байсан. Тэгж явсаар байгаад *** телевизийн хашаа руу орсон. Би араас нь ороод харж зогсож байгаад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхийг хүлээж байх хооронд жолооч болох Б нь машинаа зогсоол руу оруулж чадахгүй байсан. Тэгтэл хажууд нь сууж явсан С гэх залуу нь солигдож суугаад машиныг нь парклаж өгсөн. Тэгээд цагдаа ирж нөгөө хоёр жолоочийг авч явсан. Миний машинд урд буфер зурагдаж жолооч талын толийг хагалсан. Үнэлгээ хийлгэхгүйгээр харилцан тохиролцож 500.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан. Би тухайн үед ганцаараа явж байсан, бэртэж гэмтээгүй...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 05 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар А.Б-ын өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 16-наас 2024 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө хорооллын өргөөгийн хажууд байрлах караоке бааранд ажлын газрын ах С-ын хамт сэнгүр нэртэй 0,5 грамм савлагаатай 3 шил пиво уугаад 03 цагийн сууж байсан нөгөө караоке баарнаасаа гараад ээж А-ийн эзэмшлийн Toyota crown маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон ажил руугаа буюу *** телевиз руу жолоодон явж байгаад Toyota Prius маркийн байх сайн санахгүй байна саарал өнгөтэй машин шүргэсэн. Тухайн үед би тэр машиныг шүргэснээ мэдээгүй ажил дээрээ ирсэн байж байхад нөгөө Toyota Prius маркийн автомашины жолооч нь цагдаатай цуг ирсэн. Тэгээд намайг цагдаа нь үлээлгэж шалгахад 3,91 хувийн согтолттой байсан. Би мөргөсөн машиныхаа жолоочид хохирол болох 500.000 төгрөгийг өгсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдаж Сүхбаатар дүүргийн замын цагдаад жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан. Би тухайн үед Өргөө кино театраас Эх нялхас хүртэл ойролцоогоор 1 км орчим газар согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 3 дугаар сарын 25-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 3.91 хувийн согтолттойгоор 2024 оны 02 дугаар сарын 17-ны өглөөний 05 цаг 35 минутын үед “Toyota crown” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын Боззоло дэлгүүрийн урдаас *** телевизийн хашаа хүртэл жолоодсон болох нь:

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаа (хавтаст хэргийн 10 дахь тал), 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0632631 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар (хавтаст хэргийн 88 дахь тал), гэрч Д.Э-ийн өгсөн: “...*** дугаартай Toyota crown маркийн машин дрифт хийгээд ороод ирсэн. Би мөргүүлэх шахаад зүүн тийш зайлаад тэр машины урдуур нь орж цонхоо буулгаад зогсоох гэтэл дотор нь хоёр залуу байсан. Урдуур нь дарж зогсоод хаалгаа онгойлгоод буух гэтэл шууд хөдлөөд миний машины толь буфер хоёрыг шүргээд зугтаасан. Тэгээд зугтаад явахдаа жолооч нь шал согтуу над руу салаавч гаргаад байсан болохоор араас нь дагасан. Дагаж явахад эгнээ сүлжээд урсгал сөрөөд дрифт хийх маягтай яваад байсан. Тэгж явсаар байгаад *** телевизийн хашаа руу орсон. Би араас нь ороод харж зогсож байгаад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхийг хүлээж байх хооронд жолооч болох Б нь машинаа зогсоол руу оруулж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 05 дахь тал), яллагдагчаар А.Б-ын өгсөн: “...Toyota crown маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон ажил руугаа буюу *** телевиз руу жолоодон явж байгаад Toyota Prius маркийн байх сайн санахгүй байна саарал өнгөтэй машин шүргэсэн. Тухайн үед би тэр машиныг шүргэснээ мэдээгүй ажил дээрээ ирсэн байж байхад нөгөө Toyota Prius маркийн автомашины жолооч нь цагдаатай цуг ирсэн. Тэгээд намайг цагдаа нь үлээлгэж шалгахад 3,91 хувийн согтолттой байсан...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдаж Сүхбаатар дүүргийн замын цагдаад жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл байдаг.

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж,

 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тодорхойлсон.

Энэхүү хэргийн тухайд шүүгдэгч А.Б нь 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400,000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3.91 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Улсын яллагчаас гаргасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ажил хийлгэх ялын санал дээр хэлэх зүйлгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  А.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Хэрэгт А.Б-д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Б овогт А-ийн Б-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  А.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /хоёр/ 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт А.Б-д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ