| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0434/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/456 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,
улсын яллагч Г.Түвшинбаяр /томилолтоор/
шүүгдэгч Д.О, Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д-ийн О, Х овогт Г-ийн О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000000538 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Х” групп сангийн инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт *** тоотод, *** тоотод тус тус оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, Х овогт Д-ийн О.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “М” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:***/, Х овогт Г-ийн О.
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.О, Г.О нар нь бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” шөнийн цэнгээний газрын караоке дотор иргэн Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь “биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, духанд шарх, дух, хамар, зүүн зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Д.О, Г.О нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчоосоо уучлалт гуйж хохирлоо нөхөн төлсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Хохирогчид Д.О бид хоёр 7.600.000 төгрөгийг тэнцүү хувааж өгсөн. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн бичгийн хүсэлт өгсөн. Дахиж ийм алдаа гаргахгүй.” гэв.
Гурав: Эрүүгийн 2405000000538 дугаартай хэргээс
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э-ын өгсөн: “Би 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн гэр рүүгээ явж байхад 21 цагийн үед манай эхнэрийн үеэл эгч болох Д гэх хүн миний гар утсаар манай эхнэртэй манайд ирж хонох талаар ярьсан, манай эхнэр зөвшөөрсөн. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ хариад байж байхад удалгүй Д хүүхдээ дагуулаад манайд ирсэн. Тэгээд би өрөөндөө унтах гээд хэвтэж байтал Д найз нь дарс уух гээд аваад ирлээ хамт ууя гэж хэлсэн. Тэгээд би тухайн дарсыг эхнэр болон Д-ын хамтаар уусан. Тэгээд сууж байтал Д-ын гар утас руу *** дугаараас залгасан ба “Б байна бид хэд бөөнөөрөө явж байна, уулзъя гэж хэлсэн. Д манайд эрүүл ирсэн. Тэгээд Д пиво ууя” гэж хэлээд гартал дэлгүүрт орж ирчхээд пиво уухаа болилоо би найзуудтайгаа уулзлаа та хоёр гэртээ орчих гэж хэлсэн. Тэгээд Д яваад өгсөн. Эхнэр бид хоёр пиво ууж байхад Д миний гар утас руу “К” бааранд байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тухайн газар нь очиход дөрвөн залуутай ганцаараа сууж байсан. Тэгээд тухайн баарны караоке руу ороод дуулцгаасан. Би тухайн хүмүүстэй юм яриад сууж байгаад Сэлэнгийн Ерөөд хужаа нар их байдаг гэж хэлэхэд тухайн дөрвөн залуу надтай муудалдаж Б гэх залуу над руу пивоны шил аваад шидсэн, гэнэт бужигнаж эхлээд би өрөөнөөс гарсан. Тэгээд тухайн залуу дөрвөн залуу ялангуяа Д-ын таньдаг дүү гэх О гэх залуу бараг эрүүл байсан, тэгээд намайг шууд зодож эхэлсэн. Тухайн О гэх залуу миний хамар руу цохисон. Тухайн газар хяналтын камерын бичлэг байгаа болохоор харагдах байх. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хүртэл Д нөгөө дөрвөн залуутай караокены өрөөнд сууж байсан. Тэгээд караоке дотор ороод пиво уусан. Би нэг шил тал пиво уусан. Миний зүүн талын хавирга хөндүүртэй, ахар сүүл хөндүүртэй, миний хамар далийсан, миний толгой өвдөж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э-ын дахин өгсөн: “Хэрэг болох үед караокены өрөөнд надтай О, О, Б нар маргаан үүсгэж эхлэх явцад Б нь пивоны шил шидээд тэр шил нь миний духыг онож дух шалбарч духнаас цус гарсан. Гэхдээ би духандаа ямар нэг оёдол тавиулаагүй шархыг өөрөөр нь эдгээж байгаа. Духны гэмтэл бол сүртэй том шалбараагүй, харин шинжээчийн дүгнэлт дээр тусгасан байсан дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зулгаралт, нуруунд цус хуралт зэрэг гэмтэл нь О, О нар намайг зодох явцад үүссэн хөхрөл зулгаралтууд юм. Ер нь бол караокены өрөө камергүй байсан ба өрөөн дотроос эхэлж намайг зодож эхэлсэн. Миний хамар болон нүдний ухархайнд үүссэн гэмтлийг О, О нар удаа дараа гараараа цохиж гэмтээсэн юм. Миний биед гэмтэл учруулсан хүн нь О, О нар юм. Ялангуяа О нь зодооны явцад О-д хандаж наадахаа алаад өг цохь гэж уриалаад өөрөө ч намайг олон удаа цохиж гэмтээгээд О тэр үед бас хажуугаар нь намайг маш их цохисон. Тэр хоёр бол дандаа миний нүүр рүү цохиж байсан. О бас нуруу руу өшиглөх үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Б-ын өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн орчимд найз О, О, Д нартай хамт Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” бааранд орсон. Бид нар нэлээн хэдэн пиво авч уусан бөгөөд шөнийн 03 цагийн орчимд найз Д-ын дүү нар нь гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирчихсэн байсан ба бид хэд хамт сууцгааж пиво ууж байгаад тухайн баарны караокены өрөөнд орж дахин пиво уусан. Би 4-5 ширхэг 0,5 литрийн хэмжээтэй пиво уусан бөгөөд нэлээн согтолттой байсан. Караокед байж байгаад нэг харахад О караокеных нь цаг дуусаж байна гаръя гэхэд Д-ын дүү гэх залуу нэлээн согтолттой Сэлэнгийн Ерөөд буриад гэж байхгүй, та нар хужаа нар гэх мэтээр үг хэлээр доромжлоод байхаар нь би “чи тэгж ярьж болохгүй шүү” гэхэд тухайн залуу над руу ширээн дээр байсан пивоны шил аваад над руу шидэхэд нь би бултаад арай оногдоогүй тэгээд тухайн залууг гараас нь бариад байж байтал манай найз О тухайн залуутай зууралдаад караокеноос гарсан. Тэр үед нь би тэр хоёрыг салгаад байж байтал тухайн залуу эхнэртэйгээ гараад цагдаа дуудаж байсан. Цагдаа нар иртэл О О бид гурав тухайн караокеныхоо өрөөнд байж байсан. О бид хоёр тэр хоёрыг салгах гээд зууралдах үед эхнэр нь гэх эмэгтэй манай найз О-ын нүүрийг маажаад цохиод орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Д хаачсаныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.З-ийн өгсөн: “Би 2024 оны 4 дүгээр сарын 02-нд гэртээ байж байхад миний үеэл эгч болох Д нь манай гэрт хүүхдээ дагуулаад ирсэн. Тэгээд Д манайд ирэхдээ нэг шил вино барьж орж ирээд гурвуулаа хуваагаад ууя гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр зөвшөөрөөд уусан. Тэгээд уугаад сууж байхад Д-ын гар утас руу нэг хүн залгаад хүрээд ир бааранд байна гэж хэлсэн. Тэгээд манай эгч гурвуулаа пиво ууя гээд дэлгүүр гараад пиво авч байхад манай эгч би пиво уухаа болилоо, найзууд руугаа явлаа гэж хэлээд явсан. Тэгээд бид хоёр гэртээ ороод пивоо уугаад сууж байтал манай эгч Д манай нөхрийн гар утас руу залгаад манай найзууд “К” гэх бааранд байна хүрээд ир, би ганцаараа дөрвөн залуутай байна гэж хэлсэн. Тэгээд эгчдээ хань болох гээд нөхөр бид хоёр очсон. Тэгээд бааранд байж байгаад баарны хажууд байдаг караоке дотор орсон. Тэгээд караоке дотор дуулж юм ярьж сууж байгаад манай нөхөр та хэдэд ямар ч буриад царай алга, дээхэн үед Сэлэнгийн Ерөөд их хужаагаар их орж ирсэн юм байна лээ гэж хэлэхэд нэг залуу манай нөхрийг пизда минээ гэж хэлээд пивоны шил аваад шидсэн. Тэгээд манай нөхөр зөрүүлээд шил авч шидсэн. Гэхдээ хэн хэнийгээ оноогүй. Тэгээд нэг залуу босож ирээд шууд манай нөхөртэй барилцаад авсан, араас нь нэг залуу үсэрч гарж ирээд хамар руу нь цохисон...Тэгээд тухайн залуус намайг самардсан гэж яриад байгаа учир нь бөөнөөрөө нийлээд манай нөхөр рүү дайраад байсан болохоор нөхрөө өмөөрөөд салгах гэж байхдаа самардсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4584 дугаартай “Б.Э-ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, духанд шарх, дух, хамар, зүүн зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал)
6. Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Б.Э нь караокены өрөөнөөс гарч ирээд гартаа барьсан шилтэй эд зүйлээ бусад руу шидэж байгаа дүрс байв. Бичлэгийг тоглуулахад 2024 оны 4 дүгээр сарын 03-ны 04:28:43 секунд болж байхад хар хөх өнгийн цамцтай доогуураа жинсэн өмдтэй хохирогч Б.Э нь дотуураа цагаан өнгийн майктай, хар бараан өнгийн жинсэн өмдтэй дээгүүрээ хөх өнгийн цамцтай гэрч Г.О-тай заамдалцаж О нь Э-ын нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж байгаа дүрс байв. 04:29:23 секунд болж байхад хар хөх өнгийн цамцтай доогуураа жинсэн өмдтэй хохирогч Б.Э-ыг дотуураа цагаан өнгийн майктай, хар бараан өнгийн жинсэн өмдтэй дээгүүрээ хөх өнгийн цамцтай Г.О нь караокены өрөөнөөс гүйж гарч ирэн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж байгаа дүрс байв. 04:29:31 секунд болж байхад хар хөх өнгийн цамцтай доогуураа жинсэн өмдтэй хохирогч Б.Э-ыг дээгүүрээ саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн цамцтай хөх өнгийн өмдтэй гэрч Д.О нь нүүр рүү нь олон удаа гараараа цохиж байгаа дүрс байв. 04:29:35 секунд болж байхад хар хөх өнгийн цамцтай доогуураа жинсэн өмдтэй хохирогч Б.Э-ыг дээгүүрээ саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн цамцтай хөх өнгийн өмдтэй гэрч Д.О нь нүүр рүү нь нь нэг удаа өшиглөж байгаа дүрс байв. 04:29:45 секунд болж байхад хар хөх өнгийн цамцтай доогуураа жинсэн өмдтэй хохирогч Б.Э-ыг дээгүүрээ саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн цамцтай хөх өнгийн өмдтэй гэрч Д.О нь нүүр рүү нь доороос дээш чиглэлд гараараа өлгөж олон удаа цохиж байгаа дүрс байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 67-69 дэх тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр Г.О-ын өгсөн: “Би 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн орчим найз Б, О, Д нарын хамт Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” бааранд орсон. Бид нар 10 пиво авч уусан, шөнийн 01 цагийн орчим Д-ын хамаатны хүмүүс гэж Э, З нарын хамт ирсэн. Бид нар хамт шөнийн 04 цаг хүртэл хамт суусан, бид нар дандаа пиво авч уусан. Би ариун цэврийн өрөө орчихоод ирсэн чинь баарны үйлчлэгч цаг дууссан хаах гэж байна гэж хэлсэн. Харин Э, З хоёр дуу дуулж байгаад дуусаад ирсэн. Бид нар хоорондоо Сэлэнгийн Ерөөгийнх гэж хоорондоо ярьж, бид нар буриад гэж ярьж байсан чинь Э нь танай Ерөөд буриад байхгүй тэр чинь батлагдсан, та нар бол хужаагийн шээснүүд гэж хэл амаар доромжлохоор нь би Э-тай барилцаж аваад зодолдсон. Би Э-ын нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Г.О-ын өгсөн: “Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын “Баянгол дүүргийн 29 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэртэй караокед 2024 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Э нь бусдад зодуулсан” гэх хэрэгт санаатай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би дээрх яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж байна. Гаргах ямар нэг санал хүсэлтгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ буруу зөрүү санаж ярьсан байна лээ. Сүүлд сайн санахад би Э-ын нүүр хэсэг рүү олон удаа гараараа цохисон үйлдэл хийсэн. Бусад зүйлсийг өмнө өгсөн мэдүүлэгтээ ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед их согтолттой байсан учир өөрийн хийж байгаа үйлдлээ хяналтгүй буруу үг үйлдэл гаргасан байна миний буруу.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал)
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Д.О-ийн өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би дээрх яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж байна. Гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй...Би хэрэг болох үед Э-ын нүүр рүү олон удаа гараараа цохиж, мөн нуруу руу нь өшиглөсөн үйлдэл хийсэн гэдгээ нэмж хэлээд бусдаар бол өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан тул өөрөөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Надад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж ойлгосон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал)
10. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 95, 114 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93, 111 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Б.Э, Ж.З нар нь 2024 оны 4 дүгээр сарын 02-нд Ж.З-ийн үеэл эгч н.Д-ын дуудсанаар Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” шөнийн цэнгээний газрын караокед очиж Д.О, Г.О, Г.Б нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Б.Э нь “Сэлэнгийн Ерөөд буриад гэж байхгүй, та нар хужаа” гэж хэлснээс үүдэлтэйгээр Д.О, Г.О нартай маргалджээ.
Улмаар 2024 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 4 цаг 29 минут орчимд Г.О нь Б.Э-ыг нүүрэн тус газарт гараараа олон удаа цохисон, Д.О нь нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, духанд шарх, дух, хамар, зүүн зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь:
хохирогч Б.Э-ын өгсөн: “...О гэх залуу бараг эрүүл байсан, тэгээд намайг шууд зодож эхэлсэн. Тухайн О гэх залуу миний хамар руу цохисон. Тухайн газар хяналтын камерын бичлэг байгаа болохоор харагдах байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), хохирогч Б.Э-ын дахин өгсөн: “...дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зулгаралт, нуруунд цус хуралт зэрэг гэмтэл нь О, О нар намайг зодох явцад үүссэн хөхрөл зулгаралтууд юм...Миний хамар болон нүдний ухархайнд үүссэн гэмтлийг О, О нар удаа дараа гараараа цохиж гэмтээсэн юм. Миний биед гэмтэл учруулсан хүн нь О, О нар юм. Ялангуяа О нь зодооны явцад О-д хандаж наадахаа алаад өг цохь гэж уриалаад өөрөө ч намайг олон удаа цохиж гэмтээгээд О тэр үед бас хажуугаар нь намайг маш их цохисон. Тэр 2 бол дандаа миний нүүр рүү цохиж байсан. О бас нуруу руу өшиглөх үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч Г.Б-ын өгсөн: “...О тухайн залуутай зууралдаад караокеноос гарсан. Тэр үед нь би тэр хоёрыг салгаад байж байтал тухайн залуу эхнэртэйгээ гараад цагдаа дуудаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), гэрч Ж.З-ийн өгсөн: “Сэлэнгийн Ерөөд их хужаагаар их орж ирсэн юм байн лээ гэж хэлэхэд нэг залуу манай нөхрийг пизда минээ гэж хэлээд пивоны шил аваад шидсэн...Тэгээд нэг залуу босож ирээд шууд манай нөхөртэй барилцаад авсан, араас нь нэг залуу үсэрч гарж ирээд хамар руу нь цохисон...Тэгээд тухайн залуус намайг самардсан гэж яриад байгаа учир нь бөөнөөрөө нийлээд манай нөхөр рүү дайраад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4584 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал), Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 67-69 дэх тал), сэжигтнээр Г.О-ын өгсөн: “...би Э-тай барилцаж аваад зодолдсон. Би Э-ын нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), яллагдагчаар Г.О-ын өгсөн: “Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын “...би Э-ын нүүр хэсэг рүү олон удаа гараараа цохисон үйлдэл хийсэн. Бусад зүйлсийг өмнө өгсөн мэдүүлэгтээ ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал), яллагдагчаар Д.О-гын өгсөн: “...Би хэрэг болох үед Э-ын нүүр рүү олон удаа гараараа цохиж, мөн нуруу руу нь өшиглөсөн үйлдэл хийсэн гэдгээ нэмж хэлээд бусдаар бол өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан тул өөрөөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.О, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.О, Г.О нар нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, духанд шарх, дух, хамар, зүүн зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.О, Г.О нар нь хохирогч Б.Э-тай маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Д.О, Г.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.О, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Э-ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “Дуб” ХХК-ийн толгойн тодосгогчгүй тархины ерөнхий бүтэц гавлын яс, дайвар хөндий хамар гэх 150.000 төгрөгийн, “Долмалин” ХХК-ийн эм тарианы 52.558 төгрөгийн, “Долмалин” ХХК-ийн эмийн 83.000 төгрөгийн баримтууд хавтаст хэргийн 65 дахь талд, “Рашаантун” ХХК-ийн эмийн 29.090 төгрөгийн, “Med Trauma” эмнэлгийн толгойн тодосгогчгүй тархины ерөнхий бүтэц гавлын яс, дайвар хөндий хамрын томографи зураг авхуулсан 150.000 төгрөгийн, “ЭМЖЖ” эмнэлгийн чих хамар хоолойн үзлэгийн 50.000 төгрөгийн баримтууд хавтаст хэргийн 66 дахь талд авагдсан байх ба эдгээр нь нийт 514.648 төгрөгийн үнийн дүнтэй эмчилгээний баримтууд байна.
Шүүгдэгч нараас хохирогчид 7.600.000 төгрөгийг тэнцүү хуваан 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогчийн *** тоот данс руу шилжүүлсэн байх ба, хохирогч Г.Э-аас тус шүүхэд “...миний бие О О нараас эрүүл мэндийн хохирлын төлбөр 7.600.000 төгрөг авсан тул өөр гомдол саналгүй болно...” гэсэн бичгийн хүсэлтийг ирүүлснийг үндэслэн энэ хэрэгт шүүгдэгч Д.О, Г.О нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.О, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О, Г.О нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О, Г.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Д.О, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Долоо: Бусад асуудлын талаар.
Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч Д.О, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Д-ийн О, Х овогт Г-ийн О нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.О, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт шүүгдэгч Д.О, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ