Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/468

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч Т.Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Тийн Т.Бд холбогдох эрүүгийн 2402002640193 тоот дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хоол үйлдвэрлэл, зоогийн газрын ажилтан мэргэжилтэй, "Мепо аф" ХХК-д оёдлын технологич, масс эсгүүрчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо Цэргийн хотхон гудамж 215 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, Ш овогт Тийн Т.Б /РД:УП0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Т.Т.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хашаатын *** дугаар байрны *** тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан MDMB-4en-PINACA Гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай "Ultra cool" гэх бичиглэлтэй, хуванцар савны хамт 17,4 грамм сэтгэцэд нөлөөт бодис, Делта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 tethrahydrocannabinol) гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, цэвэр жин 1,2 грамм бүхий "өвс" гэх нэршилтэй хогийн олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т.Б мэдүүлэхдээ:  “...Бодис надад байсан. "Ultra cool" гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай бодисыг ажил дээрээсээ цэвэрлэгээ хийж байгаа олсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжээчийн 2245 тоот: 1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн "Т.Т.Б 2024.04.09" гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Т.Т.Б 2024.04.09" гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нелеелех бодис"-ын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Химийн шинжээчийн 2241 тоот: 1. Шинжилгээнд ирүүлсэн "Ultra cool" гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай тосорхог шингэн зүйл, тугалган цаас 2 ширхэг, зиплок уутанд цаасанд боодолтой ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн "Ultra cool" гэсэн бичиглэлтэй хуванцар савалгаатай тосорхог шингэн зүйлээс MDMB-4en-PINACA, тугалган цаас, цаасанд боодолтой ургамал мэт зүйлсээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. MDMB-4en-PINACA, делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. "Ultra cool" гэсэн бичиглэлтэй тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 17,4 грамм, ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 4,4 грамм, цэвэр жин нь 1,2 грамм болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/,

 

- нэгжлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/,

- хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-15 дугаар хуудас/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.Т.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хашаатын *** дугаар байрны *** тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан MDMB-4en-PINACA Гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай "Ultra cool" гэх бичиглэлтэй, хуванцар савны хамт 17,4 грамм сэтгэцэд нөлөөт бодис, Делта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 tethrahydrocannabinol) гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, цэвэр жин 1,2 грамм бүхий "өвс" гэх нэршилтэй хогийн олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Т.Т.Бийг Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Т.Т.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Т.Т.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хашаатын *** дугаар байрны *** тоотод өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан MDMB-4en-PINACA Гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай "Ultra cool" гэх бичиглэлтэй, хуванцар савны хамт 17,4 грамм сэтгэцэд нөлөөт бодис, Делта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 tethrahydrocannabinol) гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, цэвэр жин 1,2 грамм бүхий "өвс" гэх нэршилтэй хогийн олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжээчийн 2245 тоот: 1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн "Т.Т.Б 2024.04.09" гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Т.Т.Б 2024.04.09" гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Химийн шинжээчийн 2241 тоот: 1. Шинжилгээнд ирүүлсэн "Ultra cool" гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай тосорхог шингэн зүйл, тугалган цаас 2 ширхэг, зиплок уутанд цаасанд боодолтой ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн "Ultra cool" гэсэн бичиглэлтэй хуванцар савалгаатай тосорхог шингэн зүйлээс MDMB-4en-PINACA, тугалган цаас, цаасанд боодолтой ургамал мэт зүйлсээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. MDMB-4en-PINACA, делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. "Ultra cool" гэсэн бичиглэлтэй тосорхог шингэн зүйлийн хуванцар савны хамт жин нь 17,4 грамм, ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 4,4 грамм, цэвэр жин нь 1,2 грамм болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн субьектив шинжтэй байдаг.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Т.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Т.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгуулах...” гэх санал,

Шүүгдэгч Т.Т.Б: “...Хорих ялаас өөр төрлийн нийтэд тустай ажил хийлгэх, торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 2 ширхэг ороож бэлтгэсэн өвс мэт зүйл, тугалган цаас 2 ширхэr, Ultra cool rэх бичиглэлтэй дотроо шингэн агуулсан хуванцар сав зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Ш овогт Тийн Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Т.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хураагдсан “2 ширхэг ороож бэлтгэсэн өвс мэт зүйл, тугалган цаас 2 ширхэr, Ultra cool rэх бичиглэлтэй дотроо шингэн агуулсан хуванцар сав” зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч   үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ