| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02081/И |
| Дугаар | 102/ШШ2021/02254 |
| Огноо | 2021-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Нөхөх олговор, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2021/02254
| 2021 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2021/02254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, З гудамж, тоотод оршин суух, Х овогт Б.Ж /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, З гудамж, тоотод оршин суух, М овогт Г.Л /РД:/-д холбогдох,
Нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Б.Ж нь Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо З гудамж тоот хаягт байрлалтай 622 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Р.Р-с 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авч, улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон. Ийнхүү миний бие өөрийн өмчлөлийн 622 м.кв талбайтай газартаа хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийж Б.А-г 2020 оны 06-р сарын 18-ны хамтран өмчлөгчөөр миний хүү Б.А нэмэгдсэн. Өөрийн өмч болох 622 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээгээ барьцаалан Ү ББСБ-аас 7.000.000 төгрөгийг зээлэн авсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Газрын өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Б дүүргийн хороо З гудамжны тоот хаягт байрлалтай 622 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр иргэн Б.Ж, Б.А нар бүртгэлтэй байгаа талаар гаргасан газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1673 тоот зэргээр хангалттай нотлогддог.
Гэтэл иргэн Ч.Л нь миний өмчлөлийн газраас 100 м.кв талбай бүхий газарт хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин өөрийн хувийн орон сууцны барилга барьсан ба газрын анхны өмчлөгч Р.Р нь энэ газар нь миний өмчлөлийн газар тул энэ газар дээр байшин барилга барьж болохгүй шүү гэж удаа дараа сануулсаар байхад Ч.Л үл тоомсорлон хувийн орон сууцны барилгаа барьсан. Ч.Л нь намайг 100 м.кв газраа надад зарчих гэж санал тавьсан. Би саналыг нь хүлээж аваагүй, газраа зарахгүй гэдгээ хэлсэн. Сүүлд энэ 100 м.кв газраа 1,500,000 төгрөгөөр надад худалдчих гэсэн санал тавихад манайх уг газар дээрээ нарийн ногоо тарьж ашиглах зорилготой байсан тул хүү А бид хоёр газрыг зарахгүй гэж хэлсэн.
Ч.Л нь анх 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 337 м.кв газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн байх ба миний өмчлөлийн 100 м.кв газрыг өөрийн эзэмшилд нэмж газрын хэмжээг 437 м.кв хэмжээтэй болгон өөрчилж, эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрчилгээг засварлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Ч.Л болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн аваад 622 м.кв газар нь Б.Ж. Б.А нарын өмчлөлд бүртгэлтэй, Б.Ж нь 100 м кв газраа Ч.Л-н өмчлөлд шилжүүлэхгүй гэдгээ шүүх хуралд илэрхийлсэн, гуравдагч этгээдүүдээс өөрийн өмчлөлд бүртгэгдсэн газрын эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй байгаа, Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэсэн үндэслэлээр 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0356 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ч.Л нь миний өмчлөх эрхэд халдаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байгаад маш их гомдолтой байна. Хөршийн эрх зөрчсөн тал нь хөршид жил бүр мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр төлөх үүрэгтэй тул Ч.Л-с нөхөн төлбөрт 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Хариуцагчийн төрсөн эгч Ч.Э нь Б дүүргийн хороо З гудамж тоот газрын өмнөх өмчлөгч Р.Р-тэй арван жилийн нэг анги ба байнгын харилцаа холбоотой, сайн найзууд бөгөөд маргаан бүхий 100 м.кв талбай бүхий газрыг 2014 онд Р.Р-с 200,000 төгрөгөөр худалдан авахдаа Худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн.
Гэрээний дагуу уг газрын өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр Б дүүргийн газрын албанд хандахад худалдсан, худалдан авсан талууд хамтдаа ирж бүртгэл хийлгэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ тухай Р.Р-т хэлж, өмчлөх эрхийг шилжүүлж өгөх талаар удаа дараа шаардахад ...найз нь барьцаалаад зээл авсан, зээлээ төлөөд 100 м.кв газраа шилжүүлээд өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн болохоор итгээд хүлээж байсан ч одоогийн өмчлөгч Б.Ж-д уг газрыг бидэнд мэдэгдэлгүйгээр зарчихсан байсан. Ингээд бид тухайн үед нь Р.Р-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлд бичигдсэн хаягт оршин суудаггүй, гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Бид уг газрын гэрээний дагуу үнийг нь бүрэн төлж, худалдаж авсан шударга эзэмшигч учир нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Г.Л-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Ж нь Баянгол дүүргийн 1 хороо З гудамж тоот хаягт байрлалтай 622 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэгдсэн газрыг Б.А-ы хамтаар өмчилдөг болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... миний өмчлөлийн Нийслэлийн Б дүүргийн хороо З гудамж тоот хаягт байрлалтай 622 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 100 м.кв талбайтай газарт хариуцагч нь хувийн орон сууцны барилга барьж 2013 оноос 2021 оныг хүртэл хугацаанд ашигласан тул уг 100 м.кв газрын нөхөн төлбөрт 5,000,000 гаргуулан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийнх нь өмчлөлийн газрын 100 м.кв талбайд байшин барьж, өмчлөх эрхийг нь зөрчиж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар буюу хариуцагч нь нэхэмжлэгчийн газар дээр байшингаа барьсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013 оноос 2021 оныг хүртэл хугацааны нөхөн төлбөрт 5,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ юуг үндэслэж, ямар тооцооллын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болох нь ойлгомжгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Ж-ы хариуцагч Г.Л-д холбогдуулан гаргасан газрын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 137.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ж-ы хариуцагч Г.Л-хд холбогдуулан гаргасан газрын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА