| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0456/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/472 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Анударь |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Э.Анударь,
хохирогч П.Б, түүний өмгөөлөгч П.Анударь,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405004950459 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эх бичиг судлаач мэргэжилтэй, Г хийдэд тарнийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол *** байр, ***
тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т овогт Н.Б /РД: ***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ЭТ" хотхоны орчимд иргэн П.Б-тэй хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, баруун хацар, хамарт цус хуралт гэмтэл" буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Манай аав ээж хоёр өндөр настай харвалт өгсөн хүмүүс байдаг. Тэр өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр байсан. Би ганданд хуралтай байсан. Сүү авчхаад гэр рүүгээ яараад явж байтал байрны дунд талын явган хүний зам дээр гэнэт урдуур машин гарч ирээд тухайн үед цастай байсан болохоор гулгаад, миний хөл дугуйны дор орохоо шахсан би машинд нь хүрсэн. Тэгээд цаашаа явах гэтэл энэ залуу яагаад машин цохисон гэж намайг дуудсанаа ирээд намайг цохиод авахаар нь би баруун талын шанаа чихний орчим нь зөрүүлээд цохисон. Араас нь машинаас гэр бүлийн хүн эхнэр нь гарч ирсэн, өвөл байсан болохоор тэр эмэгтэй зүүсэн байсан ороолтоороо намайг боож, миний тархи толгойноос базаж зодсон. Урдаас залуу нь намайг барьсан байсан. Би өөрийгөө хамгаалахаар аргагүй хамгаалалт хийсэн. Би олон хүнд ном заадаг хүн учир аль аль талаа бодож санаатайгаар ийм үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б: “...Хэрэг гарсан өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 14 минутад эхнэр, хоёр охины хамт гэрийнхээ гарааш руу эргэж орох гэтэл машины ар хэсгийг нэг хүн өшиглөсөн. Би гайхаад машинаасаа бууж очиход архи уусан нэлээн согтуурхсан хүн байсан. Тэгээд та яагаад миний машин руу өшиглөж байгаа юм бэ гэж асуухад яадаг юм пизда минь чи миний урдуур явсан биз дээ гэхээр нь тэглээ гээд та хүний машин руу өшиглөж болдог юм уу гэсэн. Тэгээд чи яах гээд байгаа юм бэ гэхээр нь зүүн гараараа миний баруун гар дээр дараад цохих гээд дайрахаар нь би өөрийгөө хамгаалах гээд зүүн гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход намайг зөрүүлээд нэг удаа цохисон. Дээшээ босоод ирсэн чинь миний хоёр хамраас цус гарсан байсан. Тэр хүн зам гараад зугтааж байхад манай эхнэр машинаас гарч ирээд бид хоёр энэ хүнийг зогсоож дийлэхгүй байсан болохоор замын хажуугаар явж байсан хүмүүсээс энэ хүнийг зогсоож өгөөч гэж тусламж гуйсан. Манай эхнэр араас ирээд энэ хүн бид хоёроос мултрах гээд гар мушгиж 30 минут ноцолдсон. Замын хажуугаар явж байсан хүмүүс тусалсан чөлөө гарахаар нь цагдаа дуудсан. Манай хоёр охин цус хараад нэлээн айж сандарсан байдалтай машиндаа хоёулаа байж байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч П.Б-ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э хотхоны *** байр руу гэр рүүгээ орох гээд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Хонда Си Ар Ви загварын тээврийн хэрэгсэлтэйгээ эхнэр Б-ийн хамт гэрийнхээ гадаа явж байхад машины хажуугаар явж байсан хүн миний машины арын хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгэхээр нь би гайхаад машинаасаа бууж очоод та яагаад миний машин руу өшиглөж байгаа юм бэ гэтэл тухайн танихгүй хүн яадаг юм пизда минь чи миний урдуур явсан биз дээ гэсэн. Тэгэхээр нь би та тэглээ гээд миний машиныг өшиглөдөг нь яаж байгаа юм гэтэл яадаг юм писда минь тэгээд чи яах гээд байгаа юм гээд намайг цохих гээд зангаад байсан. Тэгэхээр нь би нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл тухайн залуу миний хамар руу зүүн гараараа 1 удаа цохисон. Би тухайн залууд цохиулаад доошоо тонгойсон бөгөөд дээшээ босоод ирэхэд хамраас цус гарч байсан. Намайг яг цохиулж байхад манай эхнэр машины зүүн урд талын суудлаас гарч ирж таарсан юм. Би тухайн залууд цохиулчхаад та яаж байгаа юм бэ гэтэл тухайн залуу шууд зам гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Б өгсөн:“...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед би нөхөр П.Б-ийн хамт машинтайгаа гэрийнхээ гадаа явж байхад манай нөхрийн машины арын хэсэг рүү нэг эрэгтэй цохих шиг болсон. Тэгэхэд манай нөхөр машинаа зогсоогоод машинаасаа буугаад тухайн хүн дээр очоод та яагаад миний машиныг цохиж байгаа юм бэ гэсэн. Тэгтэл тухайн эрэгтэй чи өөрөө миний урдуур яваа биз дээ пизда минь гээд манай нөхрийг хараагаад байсан. Тухайн үед машины цонх онгорхой байсан учир сайн сонсогдож байсан. Тэгээд тухайн залуу манай нөхөртэй маргалдаад байхаар нь би очих гээд машины зүүн урд талын зорчигчийн суудлаас дөнгөж буугаад очтол согтуу байрын настай эрэгтэй манай нөхрийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдсан. Тэгээд тухайн залуу манай нөхрийг цохичхоод шууд цаашаагаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1193 тоот: 1. П.Б-ийн биед хамар ясны хугарал, баруун хацар, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-67 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Б нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ЭТ" хотхоны орчимд иргэн П.Б-тэй хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, баруун хацар, хамарт цус хуралт гэмтэл" буюу хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй ч шүүгдэгч худал мэдүүлэг өгч байна гэж үзэж байна. Нөгөө талаас энэ хүнийг зүгээр байхад нь хүн цохисон юм шиг прокурор илрүүлсэн гээд зөрчлийн хэрэг нээсэн үүнтэй маргасан маш их төвөг учруулсанд хохирогч гомдолтой байгаа...” гэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭТ” хотхоны орчимд иргэн П.Б-тэй хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, баруун хацар, хамарт цус хуралт гэмтэл" буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч П.Б: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” *** байр руу гэр рүүгээ орох гээд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Хонда Си Ар Ви загварын тээврийн хэрэгсэлтэйгээ эхнэр Б-ийн хамт гэрийнхээ гадаа явж байхад машины хажуугаар явж байсан хүн миний машины арын хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгэхээр нь би гайхаад машинаасаа бууж очоод та яагаад миний машин руу өшиглөж байгаа юм бэ гэтэл тухайн танихгүй хүн яадаг юм пизда минь чи миний урдуур явсан биз дээ гэсэн. Тэгэхээр нь би та тэглээ гээд миний машиныг өшиглөдөг нь яаж байгаа юм гэтэл яадаг юм писда минь тэгээд чи яах гээд байгаа юм гээд намайг цохих гээд зангаад байсан. Тэгэхээр нь би нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл тухайн залуу миний хамар руу зүүн гараараа 1 удаа цохисон. Би тухайн залууд цохиулаад доошоо тонгойсон бөгөөд дээшээ босоод ирэхэд хамраас цус гарч байсан. Намайг яг цохиулж байхад манай эхнэр машины зүүн урд талын суудлаас гарч ирж таарсан юм. Би тухайн залууд цохиулчхаад та яаж байгаа юм бэ гэтэл тухайн залуу шууд зам гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Б өгсөн:“...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед би нөхөр П.Б-ий хамт машинтайгаа гэрийнхээ гадаа явж байхад манай нөхрийн машины арын хэсэг рүү нэг эрэгтэй цохих шиг болсон. Тэгэхэд манай нөхөр машинаа зогсоогоод машинаасаа буугаад тухайн хүн дээр очоод та яагаад миний машиныг цохиж байгаа юм бэ гэсэн. Тэгтэл тухайн эрэгтэй чи өөрөө миний урдуур яваа биз дээ пизда минь гээд манай нөхрийг хараагаад байсан. Тухайн үед машины цонх онгорхой байсан учир сайн сонсогдож байсан. Тэгээд тухайн залуу манай нөхөртэй маргалдаад байхаар нь би очих гээд машины зүүн урд талын зорчигчийн суудлаас дөнгөж буугаад очтол согтуу байрын настай эрэгтэй манай нөхрийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдсан. Тэгээд тухайн залуу манай нөхрийг цохичхоод шууд цаашаагаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1193 тоот: 1. П.Б-ийн биед хамар ясны хугарал, баруун хацар, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 52-67 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч П.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Н.Б Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 273,000 төгрөг, хохирогч П.Б-д баримтаар учирсан эмчилгээний зардалд 403,086 төгрөгийг тус тус төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэх санал,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх саналыг тус тус саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч П.Б нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Б-гаас Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ