Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/1045

 

Б.Т-, Л.М- нарт холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Л.М-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-, Л.М- нарт холбогдох эрүүгийн 1902006990016 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б.Т-, 1967 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 43а байрны 25 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлснийг Улсын Дээд шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 106 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял болгон өөрчилж, 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            2. Л.М-, 1995 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ам бүл 1, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Elegant own” хотхоны 44а байрны 30 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Т- нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан “Авлига авах, хувийн эрх ашгаар ямар нэгэн зүйл шаардах” зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн байранд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан Л.М-ийн төрсөн дүү Л.Тэнгисийг сургуулийнхаа 4 дүгээр ангид элсүүлэн суралцуулахын тулд шууд 300.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан,

            Л.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 4 дүгээр ангид шилжин суралцуулахын тулд тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Б.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн байранд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан, шүүгдэгч Л.М-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар, Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-гаас 300.000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Л.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М-т оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, Л.М-т оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Б.Т-г цагдан хорьж, Л.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.М- нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажилд орсон гэж огт худал мэдүүлсэн. Тэрээр 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 14-15 цагийн үед сургуульд анх удаа ирсэн. 1 дүгээр ангийн багш нарын ахлагч Ц.Дорждулам энэ багшид 1ё ангийг даалгаж өглөө гэж хэлээд танилцуулсан. Л.М-ийн төрсөн дүү Л.Тэнгис нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шилжиж ирснийг хувийн хэргийн арын шилжилт хөдөлгөөн тэмдэглэдэг талбарт бичсэн болно. Гэрч Ц.Ганчимэг /түүний эх/ нь эхний мэдүүлэгтээ “...охин М- нь Хаан банкны картны нууц дугаар мэддэг тул 300.000 төгрөг авсан нь миний дансны хуулгаас тодорхой харагдана...” гэсэн атлаа мөнгө гараагүйг мэдэнгүүт дараагийн мэдүүлэгтээ “...би бэлэн мөнгө өгсөн...” гэж ор үндэсгүй гүтгэсэн. Багш Л.М- нь ажилд ороогүй, намайг таньдаггүй байхдаа мөнгө өгсөн гэдэг нь хачирхалтай байна. Л.М- нь 28-ны өдөр ажилд орсон бол яагаад багш нарын зөвлөгөөний хурал болон 1 дүгээр ангийн сурагчдыг бүлэг болгон хуваахад ирээгүй байсан юм бэ. 8 дугаар сарын цалингийн цэсэд хоног ороогүй болно. Иймээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү. ...” гэв.    

            Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Гэрч Ц.Ганчимэг эхний мэдүүлэгтээ “...би охин М-т Хаан банкны картаа өгөхөд миний данснаас 300.000 төгрөг авчихсан байсан...” гэж маш тодорхой мэдүүлсэн. Ингээд түүний дансны хуулгыг авч шалгахад 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300.000 огт гараагүй бөгөөд тийм хэмжээний мөнгөний үлдэгдэл байгаагүй болох нь тогтоогдсоны дараа тэрээр “...би охин М-т картаасаа 300.000 төгрөг гаргаж өгсөн асуудал байхгүй. Өөрт бэлэн байсан мөнгөнөөсөө 300.000 төгрөгийг өгсөн...” гэж эрс өөр байдлаар мэдүүлдэг. Энэ нь дээрх мэдүүлгүүд зөрүүтэй, эх сурвалжгүй, худал болохыг харуулж байна. Хээл хахууль өгөх гэмт хэргийн хувьд хахуульд өгсөн мөнгөний эх үүсвэрийг зайлшгүй тогтоосон байхыг шаарддаг.

            2. Тус сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 дугаартай тушаалаар Л.М-ийг ажилд авсан. Гэтэл Б.Т-д 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг өгсөн гэдэг нь хачирхалтай буюу эргэлзээ төрүүлж эхэлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн болохыг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, Л.М-ийн мэдүүлсэнчлэн 2017 оны 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд тус сургууль дээр Б.Т-тай уулзсан эсэхийг тухайн өдрүүдэд хамт байсан хүмүүсээс сайтар тодруулах  шаардлагатай.

            3. Б.Т- нь тус сургуулийн сургалтын менежерийн хувьд сурагчдын шилжилт хөдөлгөөний асуудлыг хариуцаж ажилладаг бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шилжин ирсэн сурагчдын тухай ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд Л.М-ийн хүсэлт тавьсны дагуу түүний төрсөн дүү Л.Тэнгисийг тус сургуульд суралцуулахыг хуралд оролцсон 5 гишүүний 100 хувийн саналаар дэмжиж хүлээн зөвшөөрсөн. Энэ нь сургуулийн дотоод журмын 15.1.10-т “Сургуулийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэж, дэмжих үүднээс тэдний хүүхдийг харьяалал харгалзахгүй суралцуулах” гэж заасны хүрээнд явагдсан асуудал юм.

            Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр орхигдуулсны улмаас шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч Л.М- нь өөрийн төрсөн дүүгээ тус сургуульд шилжүүлэн суралцуулахын тулд Б.Т-д 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг боловч түүний гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийн эх сурвалж тогтоогдоогүй буюу нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь Л.М- “энэхүү мөнгийг өгснийг манай ээж мэднэ” гэж мэдүүлдэг боловч тухайн үед хажууд байгаагүй болох нь түүний эх Ц.Ганчимэгийн мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрч Ц.Ганчимэгийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайлбал “...өөрийн охин М-т 300.000 төгрөгийг өгсөн, гэхдээ энэ мөнгийг бэлнээр өгөөгүй, Хаан банкны картаа өгч кодыг нь хэлж өгсөн, тухайн үед миний дансанд 300.000 төгрөгөөс дээш мөнгө байсан...” гэж мэдүүлдэг ба түүний дансны хуулгыг шалгахад 300.000 төгрөг гараагүй болох нь нотлогдсон. Дахин гэрчээр мэдүүлэхдээ “300.000 төгрөг бэлнээр өгсөн” гэж өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн байхад шүүх үүнд ач холбогдол өгөлгүй, тухайн хахуульд бодитоор мөнгө авсныг нотлох баримтын хүрээнд тогтоолгүйгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Харин Б.Т- нь Л.М-ийн дүү Л.Тэнгисийг тус сургуулийн дотоод журмын 15.1.10-т заасныг үндэслэн сургуулийн захирлаас олгосон эрхийн хүрээнд ажлын хэсгийн хуралд танилцуулж, 4 дүгээр ангид шилжүүлэн сургах шийдвэр гаргасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.М-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Ц.Ганчимэгийг оролцуулж, мэдүүлгийн зөрүүг арилгасан. Шүүгдэгч Л.М- “...8 дугаар сарын 25-ны өдрөөс тус сургуульд дадлагажигчаар ажиллаж эхэлсэн, энэ хугацаанд Б.Т-тай танилцсан...” гэж мэдүүлдэг. Багш ажилчдын хүүхдийг харьяалал харгалзахгүй авч сургах талаар тус сургуулийн дотоод журам байдаг. Гэтэл энэ журмыг Л.М-т танилцуулаагүй. Шүүгдэгч Л.М-ийн хувьд авлига өгч өөрийгөө хэрэгт холбогдуулан байж Б.Т-г гүтгэх шаардлага байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Цаг хугацааны хувьд Л.М- нь 25-ны өдрөөс эхлээд дадлагажигчаар ажиллаж эхэлсэн. Б.Т- багштай уулзаад “дүүгээ оруулах гэсэн юм аа” гэхэд “мөнгө өг” гэсэн талаар мэдүүлдэг. Гэрч Ц.Ганчимэгийн мэдүүлэг зөрүүтэй гэж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанд түүнийг оролцуулж энэ асуудлыг нэг мөр болгосон. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

             Б.Т- нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан Л.М-ийн “төрсөн дүү Л.Тэнгисийг сургуулийнхаа 4 дүгээр ангид элсүүлэн суралцуулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 300.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан,

            Л.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг тус сургуулийн 4 дүгээр ангид шилжин суралцуулахын тулд сургалтын менежер Б.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.      

1. Шүүгдэгч Л.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2 дугаар сургуулийн захирал Цэнгэлмаатай очиж уулзаад ажилд орсон. Тэрээр арын байрны бага ангийн багш нарыг хариуцдаг Т-тай “Шинээр ирсэн багш байна гэж хэлээд уулзаарай” гэж хэлсэн. Т- багштай очиж уулзаад маргааш хэдэн цагт ирэх тухайгаа асуугаад явсан. 29-ний өдрийн өглөө 10 цагаас ажил эхлэх тул үндсэн сургалтад суугаагүй. Харин сургуулийн слесарь ахтай 2 өдөр ширээ, сандал угсарч ангиа хүлээж авсан. Ингээд өдөржин ажил хийсэн юм чинь дүүгээ өөрийн сургуульд сургая гэж бодоод Т- менежерт “Би 4 дүгээр ангийн дүүтэй, сургуульдаа аваач” гэхэд тэрээр “Гаднаас харьяаллын бус хүүхэд авах боломжгүй, харин 500.000 төгрөг өгвөл шууд авна” гэж хэлсэн. Тэгээд 29-ний өдөр гэртээ очоод ээжид хэлэхэд “500.000 төгрөг арай их байна” гээд болихоор шийдсэн. Маргааш нь буюу 30-ны өдрийн 12 цагийн үед слесарь, Мягмарсүрэн багш нарын хамт сандал, ширээ угсарсан. Слесарь ахыг байхгүй үед Т- менежер ангийн хаалга татаад “Яаралтай мөнгөний хэрэг болоод байна, 300.000 төгрөг өгчих, тэгээд дүүг чинь авъя” гэхээр нь шууд гарч яваад ээжээс 300.000 төгрөг авч ирээд өрөөнд нь оруулж өгсөн. Энэ үед багш нар үндсэн сургалтад суудаг тул байгаагүй. Зөвхөн шинээр орсон багш нар байсан... надад өөрөө шийтгүүлэн байж хүнийг гүтгэх шаардлага байхгүй. ...” /1хх-ийн 139, 196, 2хх-ийн 5-6/ гэж Б.Т-д мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөл, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэр, болсон үйл явдлын талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Ц.Ганчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний охин М- надад “Тэнгисийн харьяалал өөр газарт байгаа учраас 500.000 төгрөг хахуульд өгөхийг манай сургалтын менежер шаардаж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “500.000 төгрөг арай их байна” гэхэд миний охин “Сургалтын менежертэй дахин уулзаад 300.000 төгрөгийн хахууль өгөхөөр тохиролцож, дүү Тэнгисийг сургуульд оруулахаар болсон” гэж надад хэлсэн. Би өөрийн охин М-т 300.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” /1хх-ийн 13-14/,

- гэрч Л.Цэнгэлмаагийн “...сургалтын менежер Т- нь М-ийн дүү Тэнгисийг элсүүлэн суралцуулах гэж байгаа талаар ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан. ... Бага ангийн сурагчдын суралцах, элсэн орох, сурагчдыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, сургалтын чанарын асуудлыг бага ангийн сургалтын менежер хариуцдаг. Бага ангийн сургалтын менежерийн хувьд бага ангид элсэн орж байгаа сурагчдыг судлах, харьяаллын хүүхдүүдийн элсэлт, шилжилт хөдөлгөөн, мөн багш ажилчдын хүүхдүүдийг элсэн суралцуулах ажлыг байгууллагын дүрэм журам, холбогдох эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлж, сургуулийн захиргаанд тайлагнадаг. Боловсролын системийн нэгдсэн бүртгэл нь байнга нээлттэй байдаггүй. Тодорхой хугацаагаар нээгддэг. Сургалтын менежер товлосон хугацаанд сургуультай холбоотой бүхий л асуудлыг маягтын дагуу нэгдсэн бүртгэлд оруулдаг. ...” /1хх-ийн 111-114, 191/,

- гэрч Б.Лхаахүүгийн “...Тэнгис нь манай 2 дугаар сургуульд 4 дүгээр ангидаа шилжин ирж суралцсан. Тэнгисийн хувийн хэрэгт мэдээлэл оруулах гэтэл засвартай байсан. Тэгээд сургалтын менежер Т-гаас яагаад засвартай байгаа талаар асуухад өмнө нь анги дааж байсан багш Цолмонгэрэл сурагчдын хувийн хэрэгт мэдээлэл оруулахдаа алдаатай оруулаад зассан юм байна лээ. ...” /1хх-ийн 193/ гэсэн мэдүүлгүүд,

- Л.М-ээс Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 5, 102/,

- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1551 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л.Тэнгисийн шилжилт хөдөлгөөний талаарх лавлагаа /1хх-ийн 29-30/,

- Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотоод журам /1хх-ийн 37-57/,

- Б.Т-г 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд томилсон тухай тус сургуулийн захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-ийн 52-54/,

- Л.М-ийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн багшийн ажилд томилсон болон 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тухай тус сургуулийн захирлын тушаалын хуулбар /1хх-ийн 55, 57/,

- Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 61-62/,

- Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежер нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байгаа болохыг тодорхойлсон Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай албан бичиг /1хх-ийн 151/,

- Б.Т-гийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг /1хх-ийн 152-177/ зэргээр давхар нотлогджээ.

Хахууль авах, өгөх гэмт хэргүүд нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох үүднээс албан тушаалтны шунахай зорилгыг гүйцэлдүүлэх зэргээр хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг агуулдаг.

Өөрөөр хэлбэл, хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар гэмт хэрэг төгсдөг.

Б.Т- нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер болохын хувьд Бага, дунд боловсролын тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу бага ангид элсэн орж байгаа сурагчдыг судлах, харьяаллын хүүхдүүдийн элсэлт, шилжилт хөдөлгөөн, мөн багш ажилчдын хүүхдүүдийг элсэн суралцуулах ажлыг байгууллагын дүрэм журам, холбогдох эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлэх эрх хэмжээтэй бөгөөд тэрээр энэхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлж, тус сургуулийн бага ангийн багш Л.М-ийн төрсөн дүү Л.Тэнгисийг сургуулийнхаа 4 дүгээр ангид элсүүлэхийн тулд түүнээс 300.000 төгрөгийг шаардаж авсан, харин Л.М- нь өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг тус сургуулийн 4 дүгээр ангид элсүүлэх ашиг сонирхлын үүднээс түүний бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан дээрх мөнгийг өгсөн явдал нь тэдний хоорондын ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлжээ.  

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-, Л.М- нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, үйл баримт, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийсэн байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрч Ц.Ганчимэгээс “...би өөрийн охин М-т 300.000 төгрөг өгсөн. Гэхдээ мөнгийг бэлнээр нь өгөөгүй. ... өөрийн Хаан банкны карт өгч, кодыг нь хэлж өгсөн. ... тухайн үед миний дансанд 300.000-аас дээш төгрөг байсан санагдаж байна.” /1хх-ийн 108-109/ гэж,

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “...би өөрийн охин М-т картаасаа 300.000 төгрөг гарган өгсөн асуудал байхгүй. Өөрт бэлэн байсан мөнгөнөөс 300.000 төгрөгийг өгч байсан юм аа. ...” /1хх-ийн 188-189/ гэж тус тус зөрүүтэй байдлаар мэдүүлдэг бөгөөд энэхүү эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор талуудын хүсэлтээр түүнийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахад “...өөрт бэлэн байсан 300.000 төгрөгийг өгсөн...” /1хх-ийн 13-14/ гэж мэдүүлгийнхээ зөрүүг арилгажээ.

Энэ нь шүүгдэгч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “хахуульд өгсөн мөнгөний тоо хэмжээ, эх үүсвэр”-ийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг нотлох ба үүнийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.М-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзсэний сацуу Б.Т-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болон урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулан, уг хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон, Л.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрх бүхий байгууллагад сайн дураар хэргээ илчлэн ирсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, жирэмсэн зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэлээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Т-гийн хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ.” гэсэн хууль зүйн тодорхойлолтыг баримталсан нь буруу болсон тул үүнийг давж заалдах шатны шүүхээс хуульд нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай...” давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                             ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН