Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч П.Даваасүрэн,

            Хохирогч Б.Одгэрэл,

           Шүүгдэгч Б.Мэндбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт Бүрэнгийн Мэндбаярт холбогдох эрүүгийн 2418001060026 тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 02-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй дээд боловсролтой, цаг уурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,  нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар баг, Ширээ нурууны .... тоотод оршин суух хаягтай, Сартуул овогт Бүрэнгийн Мэндбаяр РД:(..................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Мэндбаяр нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ...... дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Б.Одгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний үснээс зулгааж доош дарж нүүрэн тус газар нь өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.Мэндбаяр нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ..... дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Б.Одгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний үснээс зулгааж доош дарж нүүрэн тус газар нь өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

1.Хохирогч Б.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17,60,62-р хуудас),

2.Гэрч А.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас),

3.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-3 хуудас),

4.Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.Ганпүрэвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 159 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 27-28-р хуудас),

5.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 292 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 58-61-р хуудас)

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай,  хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч Б.Одгэрэл нь эмчилгээний зардал 635,000 төгрөг авсан. Хохирол төлөгдсөн байна. (хх-ийн 130-р хуудас)

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ял болох таван зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор Б.Мэндбаяр төлж барагдуулахаар тогтоосон болно.

Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Б.Мэндбаярт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мэндбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Сартуул овогт Бүрэнгийн Мэндбаярыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мэндбаярт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ял болох таван зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор Б.Мэндбаяр төлж барагдуулсугай.

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мэндбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА