| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/01663/И |
| Дугаар | 183/ШШ2021/01842 |
| Огноо | 2021-08-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2021/01842
2021 оны 08 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2021/01842 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ............ тоотод байрлах “Н”ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод байрлах “Х” ХХК /РД:0000000/-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40.286.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь Баянзүрх дүүргийн ............ хотхоны барилгын ажлын ерөнхий төсөл хэрэгжүүлэгч бөгөөд төслийн гүйцэтгэлийн явцад Х ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А19/58 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр Х ХХК нь нэгж үнэ нь 118.000 төгрөг, нийт 129.800.000 төгрөгийн үнэ үнэ бүхий 1100 ширхэг хөөсөн хавтанг Н ХХК-д худалдан борлуулж, 2019 оны 07 дугаар сарын 24-өөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний хооронд С орон сууцны хотхоны барилгын В, Б блок талбайд тээвэрлэн хүргэх, Н ХХК нь нийт 129.800.000 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөрийг хоёр хувааж урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг нийлүүлэгчийн үүрэг дуусгавар болмогц төслөөс баригдаж буй байрнаас захиалгын гэрээ байгуулж бартераар төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч Н ХХК-ийн зүгээс гэрээний төлбөрийн урьдчилгаа 30.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Х ХХК-ийн Х банкан дахь дансанд шилжүүлсэн. Гэтэл Х ХХК нь гэрээнд заасан 129.800.000 төгрөгийн үнийн дүн бүхий хөөсөн хавтан бэлтгэн нийлүүлэх үүргээ огт гүйцэтгээгүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэх ёстой байсан. Манай компани Х ХХК-д гэрээний хугацаанд шаардлага хангасан хөөсөн хавтан бэлтгэн нийлүүлэхийг, үүрэг зөрчиж хугацаа хэтрүүлсний хойно урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг буцаан олгохыг удаа дараа шаардаж байсан ч бидэнд хариу өгөөгүй, холбоо барилгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 287 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Х ХХК нь А19/58 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд 30.000.000 төгрөг авсан ч хариу үүргийг ямар нэг байдлаар гүйцэтгээгүй, үүрэг дуусгавар болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Мөн талууд гэрээний 12.2-д худалдагч тал бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, суурилуулах ажлын явц дунд өөрийн буруугаас ажлыг тасалдуулан хугацаа алдсан тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс үнийн дүнгийн 0.2 хувиар хоног тутамд алданги төлөх үүрэг хүлээхээр, 16.1.3-д нийлүүлэгчийн буруугаас гэрээ цуцалсан тохиолдолд түүний улмаас захиалагч нь хугацаа хэтрүүлсэн алданги, торгууль, өөрт учирсан шууд болон шууд бус хохирол, олох ёстой байсан орлого, хууль зүйн үйлчилгээний төлбөр зэргийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх талаар харилцан тохиролцсон. Гэрээний тус зохицуулалтын дагуу алдангийг тооцвол 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 99.800.000х0.2%=199.600х34 хоног=6.786.400 төгрөг, мөн тус компаниас гаргуулах авлагад өмгөөллийн О ХХН-өөс авсан хууль зүйн үйлчилгээний төлбөрт төлсөн 3.500.000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна. Иймд Х ХХК-аас А19-58 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 30.000.000 төгрөг болон гэрээний алданги 6.786.400 төгрөг, хууль зүйн үйлчилгээний төлбөр 3.500.000 төгрөг, нийт 40.286.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч “Х” ХХК-ийн захирал Э.Т-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Х” ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40.286.400 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч “Х” ХХК нь нэг бүр нь 118.000 төгрөгийн үнэ бүхий 1100 ширхэг хөөсөн хавтанг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй С хотхоны үйлчилгээ бүхий орон сууцны барилгад нийлүүлэх, нэхэмжлэгч “Н” ХХК нь бараа бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 99.800.000 төгрөгийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч “Н” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний хавсралт 2-д зааснаар урьдчилгаа төлбөр болох 30.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч “Х” ХХК-д шилжүүлжээ.
Гэвч хариуцагч “Х” ХХК нь гэрээний зүйл болсон хөөсөн хавтанг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн, нэхэмжлэгчээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 280 тоот албан бичиг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 287 дугаартай гэрээ цуцалж, хохирол арилгуулах тухай албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 332 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүдээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч “Х” ХХК-аас гэрээний урьдчилгаанд төлсөн 30.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн талуудын хооронд байгуулсан бараа материал худалдах, худалдан авах гэрээний 12 дугаар зүйлийн 12.2-д худалдагч тал бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, суурилуулах ажлын явц дунд өөрийн буруугаас ажлыг тасалдуулан хугацаа алдсан тохиолдолд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрөөс үнийн дүнгийн 0.2 хувиар хоног тутам алданги төлөх үүрэг хүлээнэ заасан байх тул хариуцагч нь бараа нийлүүлэх үүрэг хүлээсэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс гэрээ цуцлахыг мэдэгдсэн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 34 хоногийн алданги 6.786.400 /99.800.000х0.2=199.600х34=6.786.400/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч “Н” ХХК нь Өмгөөллийн О ХХН-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Х ХХК-аас авлага барагдуулахад хууль зүйн туслалцааны төлбөрт 3.500.000 төгрөг төлсөн болох нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний зарлага болон орлогын баримтаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 13 дугаар зүйлийн 16.1.3-т нийлүүлэгчийн буруугаас гэрээ цуцалсан тохиолдолд түүний улмаас захиалагч нь хугацаа хэтрүүлсэн алданги, торгууль, өөрт учирсан шууд болон шууд бус хохирол, олох ёстой байсан орлого, хууль зүйн үйлчилгээний төлбөр зэргийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шаардсан хууль зүйн үйлчилгээний төлбөр 3.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч “Х” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 30.000.000 төгрөг болон гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 6.786.400 төгрөг, хууль зүйн үйлчилгээний төлбөр 3.500.000 төгрөг, нийт 40.286.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Нөгөөтэйгөөр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 359.382 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 40.286.400 /дөчин сая хоёр зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 359.382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР