Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч Д.*******

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох эрүүгийн 2415000000071 дугаартай 163/2024/0118/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн Булган суманд 1982 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ** сумын ** тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 42 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.*******ыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт Д.*******той хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж гэртээ байсан заазуураар Д.*******ийн гар болон толгой хэсэгт цавчих, зүсэх үйлдэл хийж, мөн цусыг нь арилгах нэрээр дахин гэмтэл учруулах зорилгоор халуун ус бие дээр нь асгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000071 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.*******ыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт гэртээ хохирогч Д.*******той хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж заазуураар Д.*******ийн гар болон толгой хэсэгт цавчих, зүсэх үйлдэл хийж, цусыг нь арилгах нэрээр халуун ус бие дээр нь асгаж духан дээр, дагзны дээд хэсэг, баруун гарын сарвууны ар, эрхий хурууны ар, баруун ташааны дээд хэсэгт шарх, зүүн чихний доор хүзүү хэсэг, зүүн гарын шууны дотор дээд, дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******ийн өгсөн: Би 70 хувийн группэд байдаг. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр группийн мөнгө авч, үсээ засуулсан. Үсээ засуулсны дараа Үзмээ гэх бүсгүйтэй таарч, эмэгтэйчүүдийн баяр өнгөрчихсөн надад архи аваад өг гэхэд нь би авч өгсөн. Тэр хавьд ямар ч хүн байгаагүй. Гэтэл 4-5 хүн гараад ирсэн. Би дэлгүүр ороод 3 шил архи, 1 ундаа авсан. Бибиш, Хишигбадрах, Үзмээ нар замд гараад Дайчин ван буудлын урд зогсож байхад Амартүвшин гарч ирээд бид хэд авсан архиа хувааж уусан. Гэтэл Т.******* богинохон шар иштэй хутга гаргаж ирэхэд нь би наад хутгаа хая цагдаа харвал мэстэй бүлэг хүмүүс явж байна гээд бөөн асуудал болно гэж хэлсэн. Бид хэд цааш караоке орохоор болж, Нутгийн зоог гэх нэртэй газарт орсон. Караокед 1 шил архи уусан. Гэтэл нэг мэдсэн Т.******* бид 2 үлдсэн байсан. Т.******* манайд очъё гэхэд нь таксигаар гэрт нь очсон. Т.*******ы гэрт очоод бие засчихаад эргээд орж ирэхэд Т.******* миний цүнх, куртикыг маань ухаад групын мөнгийг минь гаргаад хажуудаа тавьчихсан байсан. Би хараад чи хулгай хийж байгаа юм уу, дээрэмдэж байгаа юм уу гэхэд яасан ч яадаг юм гэж хэлээд босоод явсан. Т.******* заазуур авч ирээд гарыг маань зүсэж, толгой руу маань цохисон. Толгойны маань шархыг цэвэрлэх нэрийдлээр халуун буцалсан ус толгой дээр минь асгасан. Түргэн дуудаад өгөөч гэсэн боловч дуудаж өгөхгүй байсан. Би тэр үед ухаан алдаж, нэг сэрсэн өглөө болсон байсан. Т.*******ы охин дүү нь орж ирээд хүн алчихсан юм биш үү гэж хэлээд гараад явсан. Удалгүй түргэн ирсэн. Гэтэл Т.******* цагдаа нар ирэхэд элдэв юм яривал гэр орныг чинь сүйд хийнэ шүү гэж намайг сүрдүүлсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Д.*******ийн өгсөн: 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ гарч Төрийн банк орж халамжийн мөнгө болох 320,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд эгч *******аас салж үлдээд үсээ засуулсан. Үсчний газраас гарч ирээд *******, Хишигээ Бибиш билүү тийм нэртэй гурван хүнтэй уулзаж танилцсан. Тэгээд би дэлгүүрээс “Стандарт” нэртэй архинаас гурван шилийг авсан. Тэгээд гудманд сууж байгаад 1 шил архиа уусан, 1 шил архийг Цэмээ гэх эмэгтэй ирээд аваад явсан. 1 шил архийг Хишигээ хагалсан. Улмаар архиа ууж дуусаад караоке орохоор болж төвөөр явж “Өрнөх” гэх газраас “Хараа” нэртэй архи нэгийг авч уусан. Тэгээд “Нутгийн зоог” гэх газарт очиход *******, Бибиш гэх залуу нар байсан бөгөөд оочиртой байсан учир хүлээж суусан. Хүлээх хооронд Бибиш гэх залуу явчихсан. Тэгээд ******* бид хоёр үлдсэн ба харихаар болоод гарцгаасан. ******* нь “манайд очъё” гээд такси аваад дагуулаад гэртээ авч ирсэн. Мөн гэр рүү орохоос өмнө би дэлгүүрээс 2 билүү 3 шил архи авсан. Гэрт нь ороход аав, ээж нь бололтой хоёр настай хүн байсан. Тэгээд архиа гаргаж ирээд ууж байгаад би гарч бие засчихаад эргээд орж ирэхэд ******* нь миний куртик болон цүнхэнд байх эд зүйлийг тараагаад ухчихсан сууж байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гэхэд чамайг яасан ч яадаг юм гээд гал тогооны шүүгээнээс заазуур авах шиг болсон. Тэгээд над руу дөхөж ирээд заазуураа савчаад хөдөлгөөд байхаар нь яах гээд байгаа юм гээд гараараа хаасан. Тэгтэл баруун гарын сарвуу хэсэгт зүсэх шиг болсон. Тэгэхээр нь гараа бариад тонгойтол миний дагз хэсэг рүү заазуураар зүссэн. Хэдэн удаа зүссэнийг мэдэхгүй байна. Тэгээд ******* нь чамайг дээрэмдэж байна гэсэн үг ойлгохгүй байгаа юм уу? гээд бэлэн мөнгийг маань авсан. /250,000-300,000/. Тэгээд аав, ээждээ хандан гаднаас орж ирэхдээ энэ хүн ийм байдалтай байсан гэж хэлээрэй гэж байсан. Мөн би дахиад цавчих гээд байхаар нь заазуураас нь барьж аваад цааш нь түлхсэн. Тэр үед ******* шалзалж ална гээд миний толгой руу ус хийсэн. Тухайн ус нь халуун ус байсан болохоор түлэгдсэн байсан. Тэгээд би түргэн дуудаад өгөөч гэхэд түргэн дуудаж өгөхгүй байсан ба тухайн үед шөнийн 01 цаг орчим болж байсан. Тэгээд унтаж амраад өглөө нэг эмэгтэй орж ирээд хүн алчихсан юм биш үү юун их цус вэ? гээд гэрээс гарч явсан. Удалгүй түргэн тусламж ирээд эмнэлэг рүү авч явсан. ...Миний хувьд гомдолтой байна. Өөрт байсан бэлэн мөнгийг нэхэмжилж авмаар байна. Мөн сэтгэл санааны хохирлыг хүснэгтийн дагуу нэхэмжилнэ. Мөн хувцасны мөнгө нэхэмжилнэ. ******* гэх залуу нь 200,000 төгрөг өгсөн байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

2. Гэрч Г.*******ын өгсөн: ... Тухайн өдөр 09 цаг 30 минутын үед ******* гэх хүний охин нь манай гэрт эрэгтэй хүн цус алдсан байдалтай байна гэж дуудлага өгсний дагуу 3 дугаар хороонд ******* гэх эгчийн гэрт ороход толгойдоо цус алдсан буюу зүсэгдсэн шархтай баруун гарын сарвуу орчим зүсэгдсэн шархтай эрэгтэй байсан. Мөн *******, нөхөр нь хүү нь гэх залуу, мөн охин нь байсан. Тэгээд юу болсон талаар асуухад *******ийн хүү нь шөнө гаднаас хальтираад уначихсан орж ирсэн гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өөр юу ч болоогүй гэж хэлж байсан. Харин гэмтсэн залуу оёдол тавиулж байхдаа намайг хамт ирсэн *******ийн хүү нь заазуурдсан гэж хэлсэн. Мөн халуун усаар угааж түлэхээ алдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

3. Гэрч Д.*******ын өгсөн: ... 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* нь гэртээ надтай хамт байж байгаад тэтгэмж буулаа гээд надтай хамт аймгийн төв оръё, мөнгөө авъя гэхээр нь би хамт явсан. Улмаар төрийн банкнаас халамжийнхаа мөнгийг ******* өөрөө авсан. Тухайн үед би хэдэн төгрөг авсныг хараагүй. Тэгээд ******* усанд орно, үсээ засуулна гээд надаас салсан. Тэгээд би гэртээ харьчихаад хүлээгээд байхгүй байсан бөгөөд өнөөдөр цагдаагаас надад гэмтэл авсан талаар хэлэхээр нь эмнэлэг дээр очиж дүү *******той уулзахад толгойдоо оёдол тавиулсан баруун гартаа зүсэгдсэн шархтай, мөн нуруу хэсэг нь түлэгдэж цэврүү үсэрсэн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

4. Гэрч Б.*******гийн өгсөн: Тухайн үед би аав, ээжийн гэрт очиход түргэн тусламжийн машин болон эмч нар ирчихсэн манай аавын гэрт байсан нэг хүнийг сугадаад машин руугаа суулгасан. Тухайн хүний толгой болон гарыг нь боочихсон байсан. Тэгээд би эмчээс нь юу болсон юм бол гэж асуухад эмнэлэг авч явж оёдол тавина, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд би аавынд ортол гэр нилэнхүйдээ цус болчихсон хүн харахад аймар болчихсон байсан. Тэгээд аав, ээжээс юу болсон талаар асуухад аав хэлэхдээ *******ыг гаднаас хоёулаа орж ирээд гэрт архи уусан. Аав нь тэгээд хэсэг унтчихсан байж байгаад бөөн дуу чимээ болохоор нь сэрээд хартал зодоон нүдээн хийгээд дуусчихсан цус нөж болчихсон байсан гэж байсан. Тэгээд ээжээс асуутал би унтаагүй байсан гэсэн ба тэгээд нарийн асуух гэтэл аав, ээж хоёрын даралт нь ихсээд байсан учир эмнэлэг явж үзүүлсэн. Одоо хүртэл нарийн асууж лавлаж чадахгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

5. Гэрч Б.*******ын өгсөн: 2024 оны 03 дугаар сарын 15-ны өглөө өөрийн аав, ээжийн гэрт ортол гэрийн хоймор хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон, гэмтэл авсан хүн нь газраар хэвтэж байсан. Манай аав, ээж хоёр сэрүүн байсан ба ******* гэх хүн аав, ээж хоёрын орон дээр унтаж байсан. Цус мэт зүйлээр бохирлогдсон хүнийг хараад айгаад нас барсан байж магадгүй гэж бодоод түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд тэр хүнийг авч явсан ба ******* босоод дагаад эмнэлэг явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

6. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай: Магадлуулагч Дашзэвэговогтой *******ийн биед духан дээр, дагзны дээд хэсэг, баруун гарын сарвууны ар, эрхий хурууны ар, баруун ташааны дээд хэсэгт шарх, зүүн чихний доод хүзүү хэсэг, зүүн гарын шууны дотор дээд, дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Духан дээр, дагзны дээд хэсэг, баруун гарын сарвууны ар, эрхий хурууны ар, баруун ташааны дээр шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний доор хүзүү хэсэг, зүүн гарын шууны дотор дээд, дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлүүд нь унахад үүсэх боломжгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

7. Яллагдагч Т.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яг зодоон хийсэн талаараа санахгүй байгаа бөгөөд тухайн үед манай ээж чи заазуурдчихсан шүү дээ гэхээр нь би өөрийгөө заазуурдсан юм байна гэж бодож байгаа. Түүнээс манай аав, ээж хүний биед гэмтэл учруулж чадахааргүй хүмүүс. Би цаашид хохирлыг барагдуулах арга хэмжээ авна. Эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй учир шууд барагдуулах боломжгүй байна. Одоогийн байдлаар 200,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.*******, гэрч Г.*******, Д.*******, Б.*******, Б.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Т.******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт гэртээ Д.*******той хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж заазуураар Д.*******ийн гар болон толгой хэсэгт цавчих, зүсэх үйлдэл хийж, цусыг нь арилгах нэрээр дахин халуун ус бие дээр нь асгаж биед духан дээр, дагзны дээд хэсэг, баруун гарын сарвууны ар, эрхий хурууны ар, баруун ташааны дээд хэсэгт шарх, зүүн чихний доор хүзүү хэсэг, зүүн гарын шууны дотор дээд, дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 68 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Монгол Улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Гэм буруу гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан өөрийн гэмт зан үйл, гэмт ажиллагаа болох нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршгийг хэрхэн ойлгож ухамсарласан сэтгэхүйн харьцааг хэлдэг бөгөөд оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас хамаарч санаатай болон болгоомжгүй гэсэн хэлбэрт ангилдаг байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Онц харгис хэрцгийгээр гэж “...Олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон. ...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн биед заазуураар гар болон толгой хэсэг рүү нь цавчих, зүсэх үйлдэл хийж, мөн цусыг арилгах нэрийдлээр дахин халуун ус бие дээр нь асгаж түлж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг онц харгис хэрцгий арга хэрэгсэл хэрэглэж хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.*******ы хохирогч Д.*******ийн биед заазуураар гар болон толгой хэсэг рүү нь цавчих, зүсэх үйлдэл хийж, мөн цусыг арилгах нэрийдлээр дахин халуун ус биен дээр нь асгаж биед нь олон тооны шарх, зовиур үүсгэж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Т.*******ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршигт хохирогч Д.******* нь эм тариа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр, эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх хэдий ч иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны шатанл 200.000 төгрөгийг төлжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн өмсөж явсан гэх хувцасны зах зээлийн үнийг 229.600 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгчийн төлсөн 200.000 төгрөгийг хасаж, зөрүү 29,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.*******ид олгож, хохирогчид учирсан олон тооны шарх,  гэмтлийг харгалзан энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Харин сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд: 
           Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах” тухай тогтоолоор батлагдсан нөхөн төлбөрийн жишиг аргачлалын дагуу мөрдөгчөөс хохирогч Д.*******ид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3-р зэрэглэлд тооцсоныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. 
           Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон байх тул хор уршиг учрах үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлэн 8,580,000 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Т.*******гаас хувцасны үнийн зөрүү 29,600 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 8,580,000 төгрөг нийт 8,609,600 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******ид олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг, хохирогч нь улсын яллагчийн саналыг дэмжиж, гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх байр сууринаас, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Т.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Т.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 97-117 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.******* нь ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн *** тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, нэр дээр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.*******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******ыг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 сарын хугацаагаар хязгаарлах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д сануулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.*******гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг өнгийн 27 см урттай, ажлын хэсэг нь 17 см хэмжээтэй заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******гаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,580,000 (найман сая таван зуун наян мянга) төгрөг, хувцасны үнэ 29,600 (хорин есөн мянга зургаан зуу) төгрөг, нийт 8,609,600 (найман сая зургаан зуун есөн мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Зүүн түрүүний усны 2-211 тоотод оршин суух Бэрх овогт Дашзэвэгийн ******* /РД:АС75040914/-д олгож, хохирогч Т.******* нь гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг өнгийн 27 см урттай, ажоын хэсэг нь 17 см хэмжээтэй заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсэн эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ