| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/01549/И |
| Дугаар | 183/ШШ2021/01947 |
| Огноо | 2021-09-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2021/01947
2021 оны 09 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2021/01947 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .............. тоотод байрлах “Б” ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух Б овогт М.Д /РД:000000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух Б овогт М.Ж /РД:000000000/ нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 8.524.544 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Д, М.Ж нар нь тус компанитай 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №000000000000000 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн М.Д-ы өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ................ тоот байрлалтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай №000000000 тоот гэрчилгээтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажуулсан байна. Зээлдэгч М.Д, М.Ж нар нь анх зээлийн гэрээ байгуулахад хийгдсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж яваад 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн биеэр ирж, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цар тахлын үе байсан учраас өөрийн биеэр ирэлгүйгээр бүртгүүлсэн гар утаснаасаа мессеж хүсэлт ирүүлэн өөрийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг боломжтой нөхцөлөөр удаа дараалан өөрчилж өгсөөр байтал зээлээ төлөлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар 202 хоног зээлээ төлөөгүй байна. Энэ хугацаанд зээлдэгч М.Д руу залгахад: -удахгүй зээлээ хийнэ, мөнгө орж ирэхээр хийнэ гэх зэрэг тайлбар өгч байгаад сүүлдээ утсаа авахаа больж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч М.Ж-гийн бүртгэлтэй утас руу залгахад:- төлж чадахгүй, шүүхэд өг гэсэн хариу өгсөн. Зээлдүүлэгчийн зүгээс зээл төлөхийг сануулж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч М.Д-ы оршин суух хаягаар очиж, ээж А-т зээлээ төлөх, төлөөгүй бол зээлийн гэрээг дангаар цуцлах тухай мэдэгдэх хуудас гардуулсан. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр М.Д өөрөө салбар дээр ирж мэдэгдэх хуудас хүлээж авсан ба 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М.Д, М.Ж нарын албан ёсны хаягаар баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 6.837.278 төгрөг, үндсэн хүү 1.661.318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75.946 төгрөг, нийт 8.524.544 төгрөгийг зээлдэгч М.Д, М.Ж нар нь зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу төлөхөөр байна. Үндсэн зээлийн үлдэгдэл болох 6.837.278 төгрөгийг сарын хүү 3.5 хувиар тооцоход нэг сарын хүү 239.304.7 төгрөг болж байна. Уг нэг сарын хүү болох 239.304.7 төгрөгийг 30 хоногт хуваахад нэг өдрийн хүү 7976.9 төгрөг болсныг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 202 хоногоор тооцоход 1.611.318 төгрөг болсон. Нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүү болох 1.611.318 төгрөгийн 20 хувиас тооцоход 75.946 төгрөг болсон. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн бүгд 8.524.544 төгрөгийг зээлдэгч М.Д, М.Ж нараас гаргуулж “Б” ХХК-д олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч М.Д, М.Ж нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч М.Д, М.Ж нараас зээлийн гэрээний үүрэгт 8.524.544 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч М.Д, М.Ж нартай 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх ба мөн өдрөө зээлдэгч нь дээрх зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байрлах 49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бариулж барьцааны гэрээ байгуулжээ.
Энэхүү зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч М.Д, М.Ж нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.
Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус тус хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж, гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзнэ.
Хариуцагч М.Д, М.Ж нар нь зээлийн үндсэн төлбөрт 1.162.721 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.028.324 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19.753 төгрөг, нийт 4.210.800 төгрөг төлсөн байна.
Хариуцагч М.Ж, М.Д нар нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 6.837.278 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ж, М.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6.837.278 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.661.318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75.946 төгрөг, нийт 8.524.544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгөөр хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 151.343 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Д, М.Ж нараас 8.524.544 /найман сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д, М.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 151.343 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР