| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 186/2020/0433/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1046 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2020/ДШМ/1046
Д.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Анармөнх,
шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, Ч.Ганбат,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/450 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011 00513 0405 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.Б-, 1969 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 оршин суух,
- Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tedy” худалдааны төв дотор гар утасны худалдаа эрхэлдэг Б.Мөнхтөрөөс “Хоёр хүүхдэдээ авч өгөх гэсэн юм, 7 хоногийн дараа төлбөрийг нь өгнө” гэж хуурч, “Samsung Note 9”, “IPhone X” загварын 256 GB багтаамж бүхий гар утаснуудыг залилж, нийт 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-г бусдыг хуурч “Samsung Note 9”, “IPhone X” загварын 256 GB багтаамж бүхий гар утаснуудыг залилж нийт 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-гаас 2.970.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мөнхтөрд олгож, Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Хохирлыг барагдуулсан. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Эрүүл мэндийн хувьд нурууны хүнд хагалгаанд орох заалттай, муу байгаа. Иймд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ч.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б- нь нурууны хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонгон хэрэглэх боломжтой. Иймд шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ч.Ганбаттай санал нэг байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдсан гомдолтой холбогдуулан гаргах тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tedy” худалдааны төв дотор гар утасны худалдаа эрхэлдэг Б.Мөнхтөрөөс “Хоёр хүүхдэдээ авч өгөх гэсэн юм, 7 хоногийн дараа төлбөрийг нь өгнө” гэж хуурч, “Samsung Note 9”, “IPhone X” загварын 256 GB багтаамж бүхий гар утаснуудыг авч, нийт 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Б.Мөнхтөр нь “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр намайг гар утасны лангуун дээрээ байхад Сувдбилэгийн найз Энхжаргал гэх эмэгтэй Б- гэх эмэгтэйн хамт ирсэн. ... Энхжаргалыг надаас гар утас авч байхад Б- гэх эмэгтэй нь “Би бас утас авъя” гэж хэлээд надаас “Samsung Note 9”, “IPhone X” загварын 256 GB багтаамж бүхий 2 ширхэг гар утас авсан. ... Б- нь тухайн үед “Би Энхжаргалтай цуг ажил хийдэг, замын компанитай, удахгүй ажлын мөнгө орж ирэхээр өгнө” гэж хэлсэн. ... Би Б-гаас “Мөнгөө өгөхгүй бол гар утсыг минь аваад ир” гэхэд “Гар утсыг чинь хүүхдэдээ бариулсан байгаа, аваачиж өгч чадахгүй” гэж хэлсэн. Би Энхжаргалаас утасны мөнгөө төлүүлж авсан. Харин Б- нь огт төлөөгүй ба “Маргааш өгнө, нөгөөдөр өгнө” гэж хэлээд явж байгаа. ...” /хх 14-15/ гэж Д.Б-д эд хөрөнгөө шилжүүлэх болсон шалтгаан, өгсөн эд хөрөнгийнхөө тоо хэмжээ, шинж байдал, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
- гэрч Ч.Сувдбилэгийн “...Мөнхтөр над руу холбогдоод “Энхээ гээд хүнтэй хамт ирсэн Болороо гээд хүн нь гар утасныхаа мөнгийг өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “Чи яагаад надад хэлэлгүй өөр хүнд үнэтэй гар утас өгсөн юм бэ” гэхэд “Харин тийм ээ, найдвартай харагдахаар нь би итгээд өгсөн” талаараа хэлсэн. ...” /хх 18-19/,
- гэрч Л.Энхжаргалын “... “Тedy” төвийн гадна Б- эгчтэй таарсан. Тэгээд зүгээр л юм яриад хамтдаа дээшээ гартал Б- эгч дагаад явсан. Мөнхтөр дээр ирээд миний хувьд 500.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг гар утас авах гэж очсон. ... Тэгтэл хажуугаас Б- эгч “Эгч нь бас хоёр хүүхдэдээ утас авчихъя, мөнгө ороод ирэхээр бүх тооцоог нь би хийчихье” гэж хэлсэн. ...” /хх 20-21/,
- шүүгдэгч Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “...тэр залуугаас “Samsung Note 9”, “IPhone X” загварын 256 GB багтаамж бүхий гар утсыг аваад “Удахгүй мөнгийг нь өгнө” гэж хэлээд 7 хоногийн дараа “Montel” гар утасны худалдааны төвийн гадна гар утас зардаг хүмүүст зарсан. ... Одоо зарсан хүнээ танихгүй. Мөнгийг нь бэлнээр аваад өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан. ...” /хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,
- эд хөрөнгийн үнэлгээ /хх 25-26/, Б.Мөнхтөр болон Д.Б- нарын хоорондоо харилцсан зурвас /хх 84-115/ зэргээр давхар нотлогджээ.
Шүүгдэгч Д.Б- нь хохирогчоос дээрх эд хөрөнгийг авахдаа, өөрийгөө зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хэмээн ойлгуулж, “...удахгүй санхүүжилт орж ирэхээр мөнгийг чинь өгнө...” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих боломжгүй байсан бөгөөд тэрээр хуурч бусдын эд хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдов.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Б-г хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон ба шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Дээрх заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч Д.Б- давж заалдсан гомдолдоо өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлээд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх боловч тэрээр урьд залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан атал хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж байсан зэрэгт шүүх дүгнэлт өгч, ял шийтгэл оногдуулжээ.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Д.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч Б.Мөнхтөрөөс гомдол саналгүй болсон тухайгаа бичгээр илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Б-гийн “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж...” өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах журмаар гомдол гаргасан /хх 199/ боловч уг гомдлоосоо татгалзсан тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн /хх 215/ тул түүний давж заалдсан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно.
Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр /хх 170-171/-тээ шүүх хуралдааныг хаалттай явуулахаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын “өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулаагүй” давж заалдсан гомдол гаргасан, уг гомдлоосоо мөн ийм байдлаар татгалзсан тухай хүсэлт зэргийг хэрэгт хавсарган хүргүүлсэн нь мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/450 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...1 /нэг/ жилийн...” гэснийг “...6 /зургаа/ сарын...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН