Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттулга, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,

иргэний хариуцагч Б.Энхтөр,

шүүгдэгч Н.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч С.Дондов нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Тээврийн прокурорын газраас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Наймаахүүгийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 201624001084 дугаартай, 105/2017/0212/э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ЭМСИД ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 гудамж, 738 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг, 09 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-883-3 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигин овогт Наймаахүүгийн Жаргалсайхан, /РД:УМ90102330/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хууль сахиулахын Их сургуулийн урд талын замд Эмсид ХХК-ний эзэмшлийн 1-009 паркийн дугаартай 19-35 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Б.Дашдэжидийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би ажилдаа 19-35 улсын дугаартай автобусаар нийтийн тээвэр хийсэн. Тэгээд шугамын дагуу 2 бүтэн тойрсон. Бааз дээрээ ирээд тормос, болон дугуйгаа янзлуулаад 13 цагийн үед баазаас гараад шугамын дагуу явсан. Цагдаагийн академийн буудал орж хүнээ буулгаад автобусны жолооч талын толинд харахад юу ч харагдахгүй, зөв талын толинд харахад нэг машин ирж байхаар нь өнгөрөөгөөд хөдлөх гэтэл “түг” гэх чимээ гарсан. Би сандраад буугаад очтол нэг эмэгтэй газарт унасан байхаар нь очтол талийгаач амьсгаатай байсан. Би цагдаа, түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 5-6 минутын дараа ирэхэд хохирогч нас барсан байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачийн өргөмөл ганц хүүхэд, бага балчир наснаасаа эхийн гар дээр өссөн. Миний талийгаач ээж сувилагч мэргэжилтэй, насныхаа тэтгэвэрт сууж миний хүүхдүүдийг хардаг байсан. Би хэрэг гардаг өдөр 15 цаг 30 минутын үед утсаар залгатал талийгаач Цагдаагийн академийн буудал дээр зогсож байна гэж хэлсэн. Тэгээд талийгаач ирэхгүй болохоор нь гайхаад байж байтал орой 19 цагийн үед над руу Энхбаяр гэдэг хүн утсаар залгаад ээж чинь осолд ороод нас барсан талаар хэлсэн. Замын цагдаа дээр очиж уулзаад эмнэлэг дээр очиж цогцостой танилцсан. Би маш гомдолтой байна, шүүгдэгч хохирлыг сая бүрэн төлж барагдуулсан учраас хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Б.Энхтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч манай компанид 2015 оны 05 дугаар сард жолоочоор ажилд орсон. Тэгээд хөдөлмөрийн гэрээ хийж, хариуцлагын даатгалд хамрагдаж байсан. Манай компаний хамт олны зүгээс хохирогч талд 2 сая төгрөгийг шүүгдэгчээр дамжуулж өгсөн гэв.

Шүүгдэгч Н.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Буудлын зорчих хэсэг дээр хоёр хүүхэд тоглоод байхаар нь буудал руугаа гүйцэт оролгүй нөгөө хүүхдүүдээс зайлсхийгээд зогссон. Хойноос ирж байсан машиныг дөнгөж өнгөрөөгөөд жаахан урагшаа хөдөлгөөн эхэлтэл гэнэт түс хийх чимээ гарахаар нь би гар тормозоо татсан. Буугаад хартал нэг эмэгтэй хүн автобусны зүүн урд дугуй хэсэгт толгой нь урагшаа харсан байрлалтай хөндлөн хэвтэж байсан. Тэгэхээр нь түргэн, цагдаа дуудаад 10 минут орчмын дараа ирэхэд нөгөө хүнийг нас барчихсан байна гэсэн” гэх мэдүүлэг. /хх 87-92 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр над руу Энхбаяр гэдэг эмч залгаад “Замын Цагдаагийн газраас залгаад байна, танай ээж осолд орсон юм шиг байна” гэж хэлсэн. Ээж маань тэр өдрийн 15:40 цагийн орчимд над руу утсаар залгаад “ээж нь гутлын үйлдвэрээс гутлаа авчихлаа, эргээд гэр рүүгээ харих гээд автобусын буудал дээр зогсож байна” гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /хх 20-24 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Осол хэрэг гарсан тухай утсаар мэдээд 10 минутын дараа очсон. Тэр үед манай байгууллагын автобус баруунаас зүүн тийш харсан байдалтай урд дугуйных нь дор нэг эмэгтэй хэвтчихсэн байсан. Автобусны хард дискийг авч цагдаад шалгуулсан. Жаргалсайханыг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ хийсэн. Ажилд ороод жил гаран болж байгаа байх. Бид ажилчдаасаа хэдэн төгрөг хурааж өгөх гэж байгаа. Мөн даатгалаас мөнгө гарах байх...” гэх мэдүүлэг. /хх 56-59 дүгээр хуудас/,

Гэрч Т.Пүрэвгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Буудлын хавьд ирээд хурдаа сааруулаад явж байхад гэнэт түг хийх чимээ гарсан. Тэгтэл хүмүүс хүн дайрчих шиг боллоо гээд орлилдоод явчихсан ба жолооч нь гүйгээд гарахаар нь араас нь дагаад буусан. Автобусны зүүн урд талын дугуйны урд хэсэгт толгой хэсэг нь урагшаа харсан хөл нь хойшоо харсан байдалтай нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Уг эмэгтэй намайг харахад нас барчихсан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг. /хх 53-54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн ¹94 шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн цогцост цээжний хөндийн болон нуруу нугаламын хавсарсан битүү гэмтэл, сээрний 8, 9-р нугалам болон цээжний зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирга, баруун 2-р баруун 3, 4, 5-р хавирга, хугарал орчмын булчингийн цус хуралт, цээж, дух, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, талийгаач цээжний хөндийн болон нуруу нугаламын хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ…” гэжээ /хх 64-66 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ¹82 дүгнэлтэд “Аэросити маркийн 19-35 УНӨ дугаартай автобусны жолооч Наймаахүүгийн Жаргалсайхан нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Явган зорчигч Банзрагчийн Дашдэжид нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалт “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ /хх 80-81 дүгээр хуудас/,

            Хохирлын баримт /хх 28-36 дугаар хуудас/,

            Жолоочийн согтуурал шалгахад 0.00 хувь гарч согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон магадлал /хх 100 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний хуулбар /хх 95 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 115 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хууль сахиулахын Их сургуулийн урд талын замд Эмсид ХХК-ний эзэмшлийн 1-009 паркийн дугаартай 19-35 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Б.Дашдэжидийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, технийкийн шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Жаргалсайханд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Н.Жаргалсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд 13.814.294 төгрөг нэхэмжилсэнийг шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нь төлж барагдуулсан болно.

Шүүх шүүгдэгч Н.Жаргалсайханд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Н.Жаргалсайханы №689304 дугаар жолоочийн үнэмлэх, ¹0036047 дугаар мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, шүүгдэгч Н.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.