Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 43

 

 

 

Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2018/00503 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ТОСК-ын Б байрны 23 тоотод оршин суух, Ширээт овогт Ганзоригийн Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2016 оны 6 дугаар сард Ховд их сургуулийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгссөн. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт багш гэдэг нь гэрээний хугацаанд магистр хамгаалсан тохиолдолд дадлагажигч багшаар дэвшүүлэн ажиллах учиртай. Би гэрээний хугацаанд багшлахын зэрэгцээ 2017 оны 6 дугаар сарын 9-нд төрийн захиргааны удирдлагын магистр хамгаалсан. Ингээд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Гэтэл Ховд их сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгож миний Монгол улсын үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Би тус сургуульд багшлах хугацаандаа багшийн ёс зүй болон Ховд их сургуулийн дотоод дүрэм, журмыг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг гаргахдаа намайг Ховд их сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр амарч байх хугацаанд ажлаас халсан. Би Ховд их сургуулийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон тул багш сонгон шалгаруулалтад орох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тус сургуулийн Төрийн захиргааны Менежментийн ангид 4 жил суралцаж төгссөн. Гэрээт багшаар ажиллаж байх хугацаандаа төрийн захиргааны менежментийн магистрийн зэрэг хамгаалсан. Намайг авто осолд орж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ач заяа эмнэлэгтт хэвтэн эмчлүүлж байх үед 2017 оны 8 дугаар сарын 23-нд намайг ирж уулз гэж дуудуулсан байсан. Би эмнэлэгт хэвтэж байгаа очих боломжгүй гараад очиж уулзана гэж хэлсэн. Гэтэл Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Г.Номин-Эрдэнэ нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр магистрийн зэрэг хамгаалсан нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрийн зэрэг хамгаалаагүй, их дээд сургуулийн багшид тавигдах шаардлага хангаагүй гэж үзэж байна. Их дээд сургуулийн багш нь багшлах эрхийн үнэмлэхтэй, магистраас доошгүй зэрэгтэй байх ёстой.Мөн нэхэмжлэгч нь ямар нэгэн сонгон шалгаруулалтанд орохгүйгээр Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд авах, сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой заагаагүй учир салбарын яамны сайдын тушаалаар баталсан зааврын дагуу Ховд их сургууль нь өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг Ховд их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарын сонин бусад мэдээлэл түгээх хэрэгслээр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажилд авдаг. Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ өөрт ногдох амралтыг эдэлсэн. Багш шинээр авах асуудлыг Ховд их сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Их дээд сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна., 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүний сонгон шалгаруулалтын оноог үндэслэн, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм. Гэтэл нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь дээрхи хуулийн шаардлыг хангаагүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй юм гэжээ. 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2018/00503 дугаар шийдвэрээр:“ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.11-д зааснаар Ховд их сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас нэхэмжлэгч Г.Номин-Эрдэний ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх нийт 11 сар 14 өдөрт ногдох олговорт 9,298,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Г.Номин-Эрдэний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд үүрэг болгосугай.

4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 233,920 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.  Г.Номин-Эрдэнийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээс аль тохирох заалтыг баримтлан тушаал гаргах, мөн зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан тохиолдолд ажлаас халах тухайгаа ажилтанд мэдэгдэх зэрэг хууль зүйн үр дагавартай байна. Иймд Ховд их сургуулийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул хууль ёсны зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Захиргааны ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуульд зохицуулснаар байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь өөрийн гаргасан шийдвэрийг баталгаажуулсан эрх зүйн актыг хүчингүй болгох эрх нь өөрт нь олгогдсон. Өөрөөр хэлбэл тушаалыг хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохих зүйл заалтыг үндэслэх нь уг тушаалын агуулгатай нийцэхгүй бөгөөд эрх зүйн зөрчилтэй тушаал болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан гаргаж өгөх үүрэгтэй байхаар хуульчилсанаар Ховд их сургууль нь шүүгчийн 1531 дугаар захирамжид заасан хэлбэрээр гаргаж өгсөн. Гэтэл шүүх өөрөө шаардан гаргуулсан нотлох баримтаа үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.             Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь хариуцагч Ховд Их Сургуульд холбогдуулан Ховд Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан  багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг   гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

            Нэхэмжлэгч нь шүүхэд дээрх 4 шаардлагыг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Ховд Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг  даалгуулахаар шаардлагаа өөрчилж тодруулжээ.

            Шүүх, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулаагүй байна. Тодруулбал түүний шаардлагын Ховд Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тодруулаагүй атлаа  уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасныг зөрчжээ. Шүүх Г.Номин-Эрдэний    ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах гэж буй үндэслэл, шалтгаан, зорилго үр дагаврыг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, эсхүл өөрт холбогдолтой хэсгийг хүчингүй болгуулах эсэхийг тодруулах байжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх 4 шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго үр дагавар тус бүрийг нэг бүрчлэн шүүхээс тодруулах нь зүйтэй байна.Энэ талаар өмнөх магадлалд тодорхой дурдсан байгааг анхаарвал зохино.

            Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны үйл баримттай холбогдуулан хариуцагч талаас хоёрдугаар хавтас хэргийн 32-39 дугаар тал дахь баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хэлбэрийн хувьд хангаж ирүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан баримт нь хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтад хамаарахгүй.Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтуудыг “хуулбар үнэн” дардастайгаар хариуцагч байгууллагаас гаргуулж байгаа нь хуульд нийцээгүй байна.

            Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар   хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2018/00503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгч нарын  гомдлыг хүлээн авсугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

  

                                                   ШҮҮГЧИД                                      Д.ЖАМБАЛСҮРЭН 

 

                                                                                                         Б.ДАМБА