Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/01946

 

2021 оны 09 сарын 10 өдөр                        Дугаар 183/ШШ2021/01946                               Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Д аймгийн .............. тоотод оршин суух Б овогт Ж.О /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сүхбаатар дүүргийн .......... байранд байрлах БХЗХТБАА-нд холбогдох

            эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №625 дугаар шийдвэрээр “Х” ХХК-аас 348.559.575 төгрөгийг гаргуулж “К” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу К-д барьцаалагдсан миний өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн .............. тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг БХЗХТБАА-ны 000 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Ө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих зүйл заалтын дагуу битүүмжлэн, хураасан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №0/00 тоот шинжээч томилох тухай тогтоол гарган С ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. С ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөрөнгө үнэлсэн тухай албан бичгийг хүргүүлсэн ба тухайн үнэлгээнд миний өмчлөлийн Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 57.510.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. БХЗХТБАА-ны 000 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Ө нь үнэлгээний талаар тус албаны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №3/0000 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн. Дээрх үнэлгээний компани нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор үзэж хараагүй, ямар аргачлал, үндэслэлээр үнэлсэн нь ойлгомжгүй байгаа нь  өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна. Өмчлөгчийн зүгээс дээрх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №102/ШЗ2021/05292 тоот шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэж явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэсэн заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Иймд өмчлөгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа тул С ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр Х ХХК-аас 385.799.949 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн  дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Уг үнэлгээгээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 21 тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг   57.510.000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар  зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч БХЗХТБАА-нд холбогдуулан Баянгол дүүргийн ............. тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг   57.510.000 төгрөгөөр үнэлсэн

үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00625 дугаар шүүгчийн захирамжаар ”Х” ХХК-аас 384.559.575 төгрөгийг гаргуулж “К” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ГХ2016/00482 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч “Х” ХХК-д мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 140/8 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгө болох Ж.О-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ............ тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17290008/04 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0/00 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоохоор “С” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

“С” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох Баянгол дүүргийн ............. тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 57.510.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Улмаар БХЗХТБАА-ны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3/0000, 3/0001 тоот мэдэгдлээр төлбөр авагч болон төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгч нарт үнэлгээний талаар мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Ж.О нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргаагүй байна.  

Нэхэмжлэгч Ж.О нь төлбөрт хураагдсан хөрөнгийг  бодитоор үзэж хараагүй, ямар аргачлал, үндэслэлээр  үнэлсэн нь  ойлгомжгүй гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн .................. тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 57.510.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь “С ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн .................. тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж үүргээ биелүүлээгүй болно.

Шинжээчээс дүгнэлт гаргахдаа зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг хэрэглэсэн талаар тайландаа дурдаж, зах зээлийн хандлагаар хийсэн тооцооны дагуу үнэлж буй эд хөрөнгөтэй ойролцоо байршил, дэд бүтэц, талбайн хэмжээтэй эд хөрөнгүүдтэй харьцуулан үзэж, дүгнэлтээ гаргасан нь үндэслэл бүхий болжээ.  

Иймд төлбөр төлөгч “Х” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн болон төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгчийн  хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул БХЗХТБАА-нд холбогдох Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг   57.510.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                                                 

                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР