| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/02175/И |
| Дугаар | 101/ШШ2021/02552 |
| Огноо | 2021-08-30 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/02552
2021 08 30 101/ШШ2021/02552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: С.Э
1,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э , хариуцагч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Г.Э миний бие иргэн Сүхбаатар овогтой Э ийн хүсэлтээр хариуцагч Д.Батсаруулаас 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлбөрийг гаргуулахад өмгөөлөгчөөр оролцуулах тухай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан.
Гэрээгээр үзүүлэх ажлын хөлсийг 1,800,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 500,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 1,300,000 төгрөгийг хожим, шүүх хурлаар хэрэг шийдвэрлэгдэж шийдвэр биелэгдсэн үед төлөхөөр тохирсон. Гэрээний 8 дугаар заалт, нэмэлт нөхцөлд 18,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсэн тохиолдолд 3,000,000 төгрөгийг нэмэгдэл хөлсөнд төлөхөөр гэрээнд тусгагдсан.
Дээрх иргэний маргаанд нэхэмжлэгч С.Э ийн хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох болж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр итгэмжлэл олгогдсон ба уг итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхэд “эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх ... “ зэрэг эрхүүд тусгагдсан болно.
2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал болоход хариуцагч эвлэрэх хүсэлтэй байсан ба нэхэмжлэлийн дүнг багасгах, мөн төлөх хугацааг график гарган тохиролцох болзол тавьсныг зөвшилцөн ярилцаж 15,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр болж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11,200,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3,800,000 төгрөгийг төлөх нөхцөлөөр эвлэрч гэрээ байгуулан шүүх 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 183/ШШ2018/00216 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, эвлэрлийг баталгаажуулсан болно.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие итгэмжлэлд заасан эрх үүргийн хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадаг гүйцэтгүүлэх захирамж гаргуулах хүсэлт гаргаснаар 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 183/ШЗ2018/0592 дугаартай шүүгчийн захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ГХ2018/00459 дугаартай “шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигдсэн болно.
Төлбөр төлөгч иргэн Д.Батсаруулыг удаа дараа төлбөрөө хэзээ, хэрхэн төлөх талаар ярьж зөвлөснөөр тэрээр Форд Эксфлорер маркийн дунд гарын жип автомашиныг С.Э д өгч төлбөрөө барагдуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны намар дуусгавар болж хаагдсан байна.
Өмгөөлөгч миний бие шүүхийн шийдвэр гарснаас эхлэн С.Э ийг гэрээний үүргээ биелүүлж ажлын хөлсөө төлөхийг шаардаж утсаар ярихад татгалздаг байсан ба татгалзаж буй шалтгаанаа төлбөрөө аваагүй учраас мөнгөө төлөх үндэслэлгүй байна, гэдэг байсан. Машин тэрэг өгч авалцаад тооцоо дууссан байна гэхээр үнэ хүрэхгүй муу машин өгсөн төлбөр бүрэн барагдаагүй гэдэг байсан юм.
Д.Батсаруултай ярихад өөрийн 20 сая төгрөгийн машиныг 15,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн хаалгахаар тохирч хүлээлгэн өгснөөр шийдвэр гүйцэтгэлийн хэргийг хаалгасан гэж 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр утсаар ярихад надад тайлбарласан болно.
С.Э өөс нийт 1,300,000 төгрөгийн гэрээний үүрэгт ажлын хөлсөнд гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нийт 1,800,000 төгрөгөөс 750,000 төгрөгийг надад төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,050,000 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмгөөлөгч Г.Э д хууль зүйн зөвлөгөө авахаар болж уулзсан юм.
Тэгээд иргэн Батсаруулаас авах 15,000,000 төгрөгөө яаж хуулийн дагуу авах талаар асуухад надад энэ Батсаруулаас 20-18 сая төгрөг авах боломжтой юм байна. Би үүнийг 100 хувь хуулийн дагуу гаргуулж өгөх зүйлийг мэдэж байна гэж хэлсэн. Яагаад гэвэл хүү алданги гээд олон нөхцөл боломж байгаа болоод би баттай хэлж байна гэж дахин дахин надад бодож тайлбарлаж өгсөн юм. Би эхнэртэйгээ зөвлөлдөж байгаад танд хэлье гээд явсан. 2017 оны 11 дүгээр сарын 08-нд Г.Э дахин миний утас руу залгаж надтай уулзах санал тавьж бид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хаан банкны зааланд уулзахаар санал болж би эхнэр Гэрлээгийн хамт очиж уулзсан. Надад ярьж байснаараа мөн ахин дахин тоо бодож, дүрэм, журам, хууль мэдлэг чадварын талаар ярьсан. Тэгээд надад 18,000,000 төгрөг хамгийн бага хэмжээ нь гэж ярилцаад Г.Э д би өөрийнхөө үндсэн мөнгөө авч байвал болно. Харин та үнэхээр 18,000,000 төгрөгийг авч гаргуулж чадвал 3,000,000 төгрөгийг та ав гэж би хэлсэн юм. Харин Г.Э 18,000,000 төгрөгийн 10 хувь болох 1,800,000 өмгөөлөгч бид нар ажлын хөлсөнд авдаг тийн журамтай учир энэ мөнгийг одоо шууд өгвөл би гэрээний дагуу маргаашнаас шууд ажилдаа орлоо гээд надаас 1,800,000 төгрөг нэхсэн юм.
Эхнэр бид 2 хоорондоо ярьж байгаад 750,000 төгрөгийг данснаасаа шилжүүлээд асуудал шийдсэний дараа үлдэгдэл мөнгөө өгөх тал дээр 2 талаас санал нэг гэрээгээ хийсэн. Би өмгөөлөгч Г.Э д дахин буюу үлдэгдэл төлбөр болох 1,300,000 төгрөгийг өгөхгүй байх хэд хэдэн үндсэн шалтаг тайлбар байна.
Би анхнаасаа л 15,000,000 төгрөг иргэн Батсаруулаас нэхэмжилсэн юм. Харин Г.Э энэ дүнг 18,000,000 төгрөг болгосон.
Ямар ч үндэслэлгүйгээр маш өндөр төлбөр тооцоо хийж сэтгэл санаагаар намайг төөрөгдүүлж худал ярьсан байдаг.
Намайг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн биеэр шүүх хуралд орохоор ирэхэд надад орох шаардлагагүй гэж худал ярьж, надаас нэг ч юм асуухгүйгээр өөрөө дур мэдэн зөвшилцөн эвлэрэх нэрийн доор миний нэхэмжилсэн 15,000,000 төгрөгөөс 3,800,000 төгрөгийг хасаж үлдсэн мөнгийг график гаргаж төлөхөөр тохиролцсон. Надаас асуухгүйгээр энэ үйлдлүүдийг дур мэдэн хийсэнд би гомдолтой байна.
Д.Батсаруултай эвлэрлийн гэрээ байгуулж байж уулзаж цаг хугацаанд гэрээний дагуу мөнгөө өгөх авах, санал хүсэлт нөхцөл байдал гарч байх цаг мөчид өмгөөлөгч энэ тал дээр ямар ч оролцоогүй байсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж би үздэг. Өмгөөлөгч Г.Э гийн энэ хариуцлагагүй үйлдлээс болж би өөрийнхөө хохирлын төлбөрөө 55 хувь болох 7,800,000 төгрөг иргэн Батсаруулаас авсан.
Нэхэмжилсэн мөнгөө 100 хувь авч чадаагүй тул дахин нэг ч төгрөг өгөхгүй гэж шийдсэн. Шүүхийн шийдвэрээр сард 3,800,000 төгрөг төлөхөд ердөө 3 сарын дотор би хохирлоо барагдуулж дуусаж байсан. Харин бүтэн 2 жил шахам хугацаа болсон учир арга буюу Батсаруулын санал болгосон машиныг нь авсан. Тэр машин нь улсын дугаар байхгүй бөгөөд мотор нь цохисон, засварын газар 2 жил 6 сар гадаа сэлбэг байхгүй шалтгаанаар зогсож байсан. Энэ бүх хэцүү нөхцөл байдалд өмгөөлөгч надад ямар ч хуулийн талаар зөвлөгөө үзүүлээгүй байсан бөгөөд маш хариуцлагагүй байсан. Иргэн миний энэ нөхцөл байдал бүгдийг хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт хийж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч С.Э д холбогдуулан өмгөөллийн хөлс 1,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 1,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, өмгөөлөгч Г.Э нь С.Э д хууль зүйн туслалцаа үзүүлэх, С.Э нь 1,800,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрийн урьдчилгаа 750,000 төгрөг төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 750,000 төгрөг төлөгдсөн тухай зохигч талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нь өмгөөлөгч Г.Э гээс эрх зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон боловч түүний хариуцлагагүйгээс хохирол төлбөрийн 55 хувь болох 7,800,000 төгрөгийг авсан гэж маргаж байх боловч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тухайлан заасан нөхцлийг өмгөөлөгч зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00216 дугаартай захирамж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/05092 дугаартай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэргээс үзэхэд, өмгөөлөгч Г.Э нь С.Э ийн нэхэмжлэлтэй, Д.Батсаруулд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, зохигч талуудыг эвлэрэлд хүргэсэн, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандах зэргээр тодорхой ажиллагаа хийсэн болох нь тогтоогдов.
Хариуцагч С.Э нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00216 дугаартай захирамжийн дагуу явагдсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүсэлт гаргаж, 15,000,000 төгрөгийн хохирол 100 хувь барагдуулж авсан тул гүйцэтгэх ажиллагааг зогсоохыг хүссэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18291212 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэх газарт хандаж С.Э ийн гараар бичсэн өргөдөл зэргээр тогтоогдож байх тул өмгөөлөгчийн хариуцлагагүйгээс хохирлоо 55 хувь барагдуулсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар, Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч С.Э нь өмгөөлөгч Г.Э тэй харилцан тохиролцож, хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч С.Э өөс 1,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э өөс улсын тэмдэгтийн хураамж 29,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА